Ярилцсан СЭТГҮҮЛЧ, ЗОХИОЛЧ До.ЦЭНДЖАВ
Өдөр бүр нь учир утгатай өнгөрч, ер бусын амьдралыг туулж амьд гэрч түүх болсон нэгэн эрхэмтэй уулзсан нь надад их завшаантай олзтой хэрэг байлаа. Сэтгүүлчийн хувьд олон сонин хүмүүстэй хөөрөлдөж явсан ч гэлээ туулсан амьдралаараа энэ хүний өмнө гишгэх нь тааралдаагүй нь үнэн. Сонжсон мэт ёжтой инээвхийлсэн, он цагийн эрхээр насажсан мөртлөө тэгшхэн нуруутай, үзэж туулаагүй юмгүй тэр хүний ухаалаг хэрсүү харц 93 дахь он жилийн бударсан цасан дунд намайг хуучныхаар бол дээдсийн амьдардаг “Сансар” хорооллын орон байрныхаа гадаа хүлээгээд зогсч байлаа. Өрнөдийн эрхмүүдийн барьдаг гэмээр хулсан чамин хийцийн таягаа тулсхийгээд, “Esse” тамхиа хааяа сорсноо “Хүүхээ, чи чинь харин овоо цагаа барьдаг бололтой. Яг миний гадаа салхилах цагаар ирлээ. Чамаас болоод өнөөдөр салхилахаа тасалж таарах нь ээ. Би ерөөсөө элдэвт ярилцлага өгөх дургүй. Ийм насан дээр хамаагүй юм бурж болохгүй шүү дээ. Нэг үг ч гай тарина. Би тийм юмтай холбоотой хүн болоод ч тэр үү? Чамайг учирлаад байхлаар яахав зөвшөөрсөн юм. Юу ч гэсэн гэрт орцгооё гэлээ.
-Таны хөл чинь шаасан гадас шиг байх шив? гэхэд
-Аргагүй шүү дээ, морьт цэргийн даргын хөл шүү хө, дөрөөн дээрээ үргэлж өндийж давхиулсаны хүч юмуу даа. Хөл хэвээрээ шахуу… цас мөсөнд хальтрах вий гэхдээ ингэж гурван хөлтэй зогсож байгаа юм гэж нөгөө л ер бусын ёжтой инээмсэглэлээр хариулав. Хэнийг ингэж цоллоод байгаа юм бол? гэж уншигч та гайхаж байгаа биз. Энэ эрхэм хүмүүн бол мөнөөх алдар цуутай “Дандарын хороо” буюу домогт 17-р морьт хорооны штабын дарга, алтан мундирт алдарт офицер, хамаг олноо чимэг болон хайрлагдсан Улсын шалгарсан хошой баатар, маршал Чойбалсангийн дэргэдээс 9 жилийн турш нэг ч өдөр, нэг ч цаг салаагүй туслах, нарийн бичгийн дарга явсан, алба хавсарсантайгаа 11 орны Элчин сайд бөгөөд хүйтэн дайны үед Монгол улсаа НҮБ-д элсүүлэх түүхэн үед Гадаад явдлын яамны сайд, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хэмээх хэргэм зэрэгтэй Пунцагийн Шагдарсүрэн гуай гэхэд таны эргэлзээ тайлагдах байхаа. Энэ эрхмийн өглөө гэрээс гарсан мөр болгон нь түүх, шөнө дүлээр гэртээ ирээд хоолоо идэж амжаагүй шахам шахам байхад залгасан утас болгон нь түүх, энэ хээнцэр бариулт таягны толгой нь ч түүх, өөрөө ч яахын аргагүй амьд түүх юмаа. Түрүүнд хажуугийн мухлагийн худалдагчаас Шагдарсүрэн гуайн гэрийг сураглахад “Мэдэхгүй ээ, мэдэхгүй…тэтгэврийн өвгөчүүдийг алийг тэр гэхэв. Өглөө их л эрт босоцгоодог улс байна лээ. Манай хороо хуучин Төв хорооны дарга сайд нар олонтой гэдэг юм билээ” гэж хөндий өгүүлэв. Ердөө хажууханд нь даруухан боловч давтахын аргагүй амьдралтай агуу суутан чимээгүй өнгөрч, хааяа хүнсний ойр зуурын юмыг аваад гарахад залуу багачууд арай л дайрчихдаггүй бололтой. Гэр орон нь бусдаас ялгарах зүйлгүй ч тохилог, юугаар ч дутаад байхааргүй гурван өрөөтэй айл байв. Монголын цуутай гоё хөөрхөн хүүхний нэг “Бөмбөгөр ногооны” жүжигчин Ренчинноров гуайн том хөрөг зураг нүдэнд тусна. Өвгөн цай хийж өгөөд “Саяхан манай гадаад яамныхан маань хүлээн авч ийм гоё алтан гэрэгэ олголоо” гэж хэлснээ буйдан дээрээ тухлав.
-Та чинь хоёрын хоёр яамны хүндтэй ховрын ховор хүн байж таарна. Уржнан болоод өнгөрөв үү? Халхын голын байлдааны ойгоор Таныг гарцаагүй Улсын баатар цолоор шагнана гэж ярих хүн цөөнгүй байсан. Тан шиг Халхын голын байлдааны эхнээс нь аваад дуустал байлдаж, хороо, дизиз командалж байсан хүн одоо хэнсэн билээ? Төрийн тэргүүн шуудхан зарлигдчихмаар даа? Төрийн нүд төрсөн бидний нүдээс илүү хараатай баймаар юм.
-За дүү минь, би ерөөсөө магтуулах тун дургүй хүн. Хүнийг гомдоомоор энэ хачин жигтэй занг хар багаасаа л авсан байх. Халхын голын байлдаан миний цэргийн амьдралтай яалтгүй холбоотой л доо.
-Хороо, дивиз гэдэг чинь манайдаа бол цэргийн том бүтэц, бүрэлдэхүүн. Түүний штабын дарга гэдэг бол зүрх тархи гэсэн үг. Байлдаан штабын даргын цаасан дээр улаан цэнхэр өнгийн харандаан дээр болдог. Та тэгээд зүгээр ч нэг хороо биш, хэн бүхний мэдэх нөгөө алдарт Дандар баатрын 17-р морьт хорооны хамгийн гол хүн байдаг. Ер нь баатрын команд дор хамтарч ажиллахад ямарав дээ?
-Дандар бид хоёрын хэн хэн нь залуу байж. Хорин хэдхэн настай залуус дарийн утаа үнэртчихсэн, дайн байлдаанд тэр олон цэргийг удирдаад, бас ялаад ирэхлээрээ юу болох вэ? Аяндаа омогшил төрнө биз дээ. Дор дороо л ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй шатаж явж. Дайн байлдаан бол хүний занг эвдэнэ. Дандар үхэхгүй юм шиг лут зоригтой. Чи айгаад байгаа юмуу? гэж ирээд л муухай харна, муухай ч ааш гаргана. Өмнө нь дайсан байна, үхлийн сум тосож байна гэдгийг мэдэхгүй шахаж урагшаа дайраад, урагш явнаа л гэнэ. Цочмог дүрсхийсэн ууртай, тийм үедээ яаж ч мэдэхээр хүн. Ер нь сүржин хүн хэцүү шүү дээ.
-Уурандаа дэлсээд авахаар хүн байсан хэрэг үү?
-Юун дэлсэх…Буудна л гэнэ. Би Дандарт хоёр удаа буудуулах шахсан хүн. Нэг удаа дивизийн дарга болоод удаагүй байхад Дандар дагуулуудтайгаа манай хороон дээр тавиад буучихлаа. Тэр үед хилийн наана, цаана япончуудтай нүүр, нүүрээ хараад хоёр сар шахам нуувчинд хэвтсэн юм. Ямар гай нь таарсан юм, мэдэхгүй тэр үеэр зөвлөлтийн 9 онгоц дээгүүр нисээд өнгөрч байтал сүүлчийн онгоц нь учиргүй шүршиж эхлэв. Дандар орос сургагч, дагуулуудтайгаа нуувч руу сандран гүйж ороход надад багтах зай байсангүй. Би гадаа ил хэвтэв. Энэ явдал бараг хэдхэн секундын дотор болоод өнгөрч байгаа юм. Яг хажууд байсан морь минь арайтай л дээрээс дарж ойчсонгүй, шархдаад уналаа.
-Та мөн азаар амь гарчээ. Дандар баатар яав ийв гээд сүйд болоо байлгүй?
-Юун тэгэхтэй манатай. Дандар нуувчнаас маш ууртай гарч ирээд ”Чи яачихсан амьтан бэ? Агаарын дохионы таних тэмдэг яагаад дэлгээгүй юм бэ?” гээд шууд буугаа сугалахад, хажуугаар орос сургагч арайхийж хорьж зогсоосон. Уг нь яг би хариуцах ёстой биш л дээ, холбооныхон гүйцэтгэх ёстой юм. Тэгэхэд хөөрхий ажлыг хариуцах ёстой холбооны дарга тэр таних тэмдэг дээр сөхрөн суучихаад уйлаад амь гуйж байсан.
-Ер нь буудах байсан болов уу?
-Овлиггүй хүн чинь буудчихад үгүй гэх газаргүй. Бас хорооны даргыг шинэхэн аваад хамаарч байсан намайг шээс алдтал сүрдүүлэх гэсэн болов уу? мэдэхгүй. Тэр хүний өмнөөс таахад бэрх. Би дээш доош нь огт хэл ам гаргаагүй өнгөрсөн.
-Олон түмэн домог шиг зүйл ярьдаг шүү дээ. Дандар баатар зөвлөлтийн баатар хурандааг буудчихсан гэдэг. Тэгээд баатар цолоо хураалгасан ч гэх шиг?
-Зөвлөлтийн баатар, тэгээд хурандаа цолтой хүн бишээ. Зүгээр л зөвлөлтийн цэрэгтэй идэшний үхрээс болоод л маргалдсан гэдэг. Дивизийн дарга тиймхэн юманд оролцоод хэрэггүй л байхгүй юү? дээ. Гэхдээ Дандар Зөвлөлтийн Тамбовт цэргийн ерөнхий сургууль төгсчихсөн, басчиг ясны цэргийн даргын одтой, аргагүй баатар хүн л дээ. Залуу халуун нас гэдэг хэцүү. Би чинь тэгэхэд 21- хэн настай цэргийн ерөнхий сургууль төгссөн басчиг шазруундуу залуу байлаа. Тавдугаар сарын 3О-аас долоодугаар сарын 24 хүртэл 17-р морьт хороог командалсан хүн.
Хааяа нэг зөгийн балтай цай оочлон, харин тамхийг ихэд тамшаалан нэг ч дэл сул үг унагахгүй нь нэгд: цэргийн дарга явсаных, хоёрт: том дипломатчийн зан гуравт: ерөөсөө хар багын хэрсүү чамбай ухаантайнх байх гэж бодож суув. Ер нь даруу талдаа юмаа. Миний үгийг өнгөрүүлээд л бүдгэрүүлээд орхичих гээд сэтгүүлч намайг мухардуулах гээд байв. Та чинь ингэхэд яаж яваад маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга болсон юм бэ?
-Тэр ийм учиртай. Ер нь манай 17-р морьт хорооныхон гарамгай байлдсан гээд их ч сүртэй, нэр алдартайгаар дайнаас буцаж ирцгээсэн. Баатарлаг гавьяа байгуулаад дайны талбараас буцаж ирэх шиг эр хүн бол төрсөний хувьд омог бардам юм хаа байхав. Тэр үед сайд дарга нар нугалаанд өртөөд боловсон хүчин ховор байж дээ. Манай морьт хорооныхоос сайд дарга нар болсон улс ч цөөнгүй. Хожим надад Дамба гуай энэ тухайд дурссан.
-МАХН-ын Төв Хорооны дарга Дашийн Дамба гуай биз дээ. Юу гэж байх юм?
-Намайг Халхын голд 17-р морьт хороон дээр зөвлөлтийн нөхдийн хамт очиход нэг овоо залуу дарга илтгэж байсан даа. Би нэрийг нь санахгүй байна. Түүнийг л би дэргэдээ нарийн бичгийн даргаар авмаар байна гэсэн гэнэ лээ. Ингээд би маршалын дэргэд 9 жилийн туршид өглөө сонин хэвлэл, цайг нь оруулж өгдөг, тухайн өдрийн сайн муу мэдээ дуулгадаг, хамаг бичиг хэргийг эмхэлж цэгцэлдэг, ямар сайд дарга нарыг, хэн гээчийг ямар асуудлаар хэдэн цагт оруулаад хэдэн цагт гаргах ёстойг шийддэг, үнэнээ хэлэхэд маршалтайгаа ёстой л баяр гунигийг хамтдаа туулсан. Шөнө дөл орой болтол хамт байна, ер нь сүүдэр шиг дагана. Алба болоод амин зүйлийн талаар мэдэх хүний л нэг байх гээд намайг энэ юу асуухнав? гэх шиг нухацтай харсанаа тамхиа татав.
-Гучаад оны нугалаа, тэр ч бүү хэл ардын хувьсгалын анхны хамтран зүтгэгчдээ хүртэл хэлмэгдүүлсэн алдаагаа маршал хэр ойлгон гэмшиж, энэ талаар танд үг алдаж байв уу?
-Би энэ тухайд үргэлж ажиглаж, танадаж, чих тавьдаг байсан. Хэлмэгдлийн тухай маш олон захидал, өргөдөл, гомдол ирнэ. Бүр нулимс дусаад бэх нь нялзсан захидал ч байна. Миний нөхрийн тухай энэ ертөнц дээр ганц сайн мэдэх хүн маршал та шүү дээ гэсэн үг өргөдөл гомдол дээр аймшигтай дурайж байдагсан. Миний сэтгэл маш их шаналж зовно. Ийм төр улсдаа хар буруу санаагүй сайхан улсыг ардын дайсан гэдэг яасан ч айхтар юм болоов? дээ гэж шимширдэг байлаа. Яалт байхгүй тэрхүү өргөдөл, гомдол захидлыг өөрийн биеэр маршалд танилцуулна. Үүрэг нь юм чинь яая гэхэв. Энэ үед яг дэргэдээс нь, чамаас ч ойрхон царайг нь их ажигладаг, хардаг байлаа. Ямар нэг үг хэлэх болов уу? гэж горьддог байсан. Маршал тамхиа авч, царай нь улмаа барайж чив чимээгүй дүнсийж байснаа “Бумцэндэд” гэж өөр ямар ч үггүйгээр цохдог байсан. Энэ талаар үнэхээр их гэмшиж, дотроо маш ихээр гашуудаж байсан гэж боддог. Ер нь маршал чинь маш цөөн үгтэй, дүнсгэрдүү хүн шүү дээ. Дарангуйлагч л гэнэ, харин ч дөлгөөн төлөв талдаа.Төрийн ажлыг төмөр нүүрээр хийх ёстой гэдгээ айхтар ойлгосон хүн. Миний хувьд тэр айхтар хэлмэгдлийг засч залруулахыг маршал өөрөө эхлүүлсэн гэж үздэг. Танай чиглэлийн зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын зэрэг нэлээд хүнийг анхаарч үзсэн. Энэ тухай тухайн үеийн намын материалд бий. 1939 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар прокурор, дотоодыг хамгаалах яамны ноцтой алдааг засах арга хэмжээ авсаныг л мань хүн хэлж байна даа гэж бодоод тэр хүний аясаар өнгөрөөв.
-Ер нь маршал ганцаардмал, зожиг талдаа хүн байсан уу?
-Ганцаардмал зожиг хүн бишээ, хөхиүн цовоо үедээ яриа хөөрөөтэй, хөнгөн шингэн, цаанаа сүрдмээр мөртлөө эгэл энгийн ёстой л монгол газар шороон дээр ойчсон монгол үндэсний мод чулуу шиг хүн. Нам, засгийн удирдагч нартай их ойр дотно найзалж нөхөрлөнө гэж бараг байхгүй. Тэд ч жийрхэнэ, хүндэлнэ. Цэдэнбал ойроо, гэхдээ Бумцэнд гуай л илүү түшиг тулгуур болж байх шиг санагддаг. Тэр түс тас ярина. “Чойбалсан байна уу?” гээд л шуудхан асуугаад хариу ч сонсолгүй ороод явчихна.Бүдүүн Сосор гэхчилэн аймаг болгонд малчин найз нартай. Ан авын найз нөхөд ч элбэг. Зөвхөн чонын анд явна, өөр ан хийхгүй.
-Архи их уудаг, уусан үедээ агсан тавьдаг гэсэн яриа мэр сэр яваад байдаг.Бүр болоогүй Зөвлөлтийн элчин сайдыг алгадсан гэлцдэг, үнэн үү?
-Уух нь уунаа. Дайллага цайллага дээр шампанск, хуурай дарс л ууна. Хөлрөөд бие нь овоо тавирах шиг харагддагсан. Төрийн хашир хүн хатуу цагаан архи уувал дэмий юм болно гэдгийг мэдэлгүй яахав. Харин жаахан шартвал гурав, дөрвөн хоног надтай битгий яриарай. Чухал асуудал гарвал Цэдэнбалтай яриад шийдээрэй гээд утсаа тасалчихна. Ингэхдээ гэртээ чөлөөтэй ууж, чөлөөтэй ярьж хөөрч, тааваараа байдаг байсан юм шүү. Орос тогоочтой байгаад, монгол цэрэг тогоочтой болсон. Монгол хоол өөрөө зааж хийлгэж сургадаг байсан. Ажил дээр ер хоол идэхгүй, заавал гэртээ мах, гурилтай шөл хийлгэж иднэ. “Төгрөг” “Бөхт”, “Нисэх онгоц” “Завод” гэдэг папирос татна.
-Зөвлөлтийн элчинг алгадсаны хувьд?
-Дүү хүү ч шуудхан л үг авах гээд байнаа даа. Зөвлөлтийн элчинг алгадаагүй байлгүй дээ. Зөвлөлтийн хүмүүсийг их хүндэлнэ. Харин хэлэхээ хүрвэл зөвлөлтийн байна уу? хэний ч өөдөөс эвгүй үг хэлэхээ мэднээ. Царайгаа барайлгаад л туугаад тавьчихна.
-Та намайг уучлаарай, хэтэрхий довтлоогүй биз дээ. Гэхдээ тантай ингэж ярилцах боломж бусдад маань бараг гарахгүй учраас л …Сүүлийн жилүүдэд Сталинтай харилцаагаа муутгаад тэр агуу удирдагчийн 7О насны ойд Югославын Титогийн хамтаар оролцоогүй нь дургүйцлээ илэрхийлсэн гэж зарим түүхчид бичсэн нь үзэгдэх юм. Энэ хэр ортой вэ?
-Сталин маршалыг урих нь урьсан. Гэхдээ Ю. Цэдэнбалыг төлөөлөгчдийн тэргүүнээр явуулсаны учир нь нэгд: Тэр үед намын удирдах үүрэг хүчтэй болж байлаа. Намын ерөнхий нарийн бичгийн дарга нар төлөөлөгчдийг тэргүүлж оролцох чиглэлтэй байсан Хоёрт: Хоёул хоёулаа яваад яахав. Нэг нь ар талдаа байж ажлаа зохион байгуулья гэж зөвшилцсөн юм билээ. Монголдоо Сталины 7О жилийн ойг маш өргөн тэмдэглэж, бүх юманд нь оролцсон.
-Та маршалд ёстой нэг ч өчүүхэн ч толбо халдаахгүй юм аа.
-Хамгаалах бишээ, үнэн юмыг л үлдээх нь түүхэнд чухал. Цагийн аясыг дагаад түүхийг гуйвуулж болохгүй биз дээ гээд за тэгээд хүү минь маршалын тухай харин ч өмнө нь хэлээгүй бишгүй юмыг хэллээ шүү. Ингээд болох уу? гээд суудал дээрээ займчив.
-Жаахан юм байна. Сталин Чойбалсан хоёрын хувийн харилцааны талаар өчүүхэн ч гэсэн жаахныг ярихгүй юу?
-Сайн нөхөд байсан. Энэ нь Монголд ямар их тус дэм болсоныг хэлээд яахав. Нэг айхтар зөрүүд оросуудыг хараадаг зүхдэг хүн байсан бол улсаа юу ч биш болгоод баллаж орхих байсан нь тодорхой. Чи энгийн жишээ шаардлаа. Ганцхан энгийн юм хэлэхэд, Их тэнгэрийн амны 5О-р байрыг барих үед би өдөр бүр үзэж, юу дутагдаж байгааг маршалд мэдээлдэг байсан. Юм юм дутна. Татагдсан лам нар голдуу барьсан юм шүү дээ. “Би энд суух гэсэн юм бишээ. Хожим хойтууд маань гадаадынхныг нүүр улайхааргүй хүлээн авчихдаг сайхан орд өргөөтэй байх учиртай” гэж ярина. Болор унжуургат том чийдэнгийн бүрхүүл хэрэгтэй байнаа гэж Сталинтай шууд яриад шийдэж байсан юм шүү. Тэр үед манайд хаалганы олигтой бариул ч байхгүй байлаа. Намайг Дотоод яамны орлогч сайд, бас нэг инженерийн хамт Москва руу томилолт олгож зөвлөлтийн аж ахуйн нөхөдтэй уулзуулж, хаалганы бариулаас аваад доторлосон мебель хүртэлийг шийдүүлж байлаа.
-Ёстой сонин сайхан жишээ байна. Сталинтай гадаад дотоодын тэр болгон аавын хүү утсаар яриад ажлаа амжуулна гэж байхгүй дээ.
-Чи шохоорхоод байнаа даа. Бас нэг юмыг нэмж хэлье. Зөвлөлтийнхөн Хятадтай харилцаагаа муутгахад Микоян зохицуулах гэж Бээжинд айлчилсан. Тэгээд дараагаар нь манайхыг дайраад өнгөрөхөд 3О-р харшид буулгасан юм. Тэр ингэж хэлж байсан. “Сталин над руу нэг удаа утасадлаа. Чойбалсан нэг харш бариулж байгаа юм байна. Тэгсэн чинь том люкстер хүртэл дутдаг гэнээ. Чи өөрийн биеэр хариуцаад олигтойхон шиг болор люкстер явуулж үзээрэй гэсэн. Дайны үед чийдэнгийн гоё бүрхүүл хийгээд сууж байдаг юм юу байхав. Ийм үйлдвэрүүд хаагдаад, зөвхөн буу зэвсэг хийж байгааг та мэднэ шүү дээ гэвэл монголчуудын хүсэлтийг биелүүл, энд тэнд баячуудын хуучин орд, харшид гоё чанартай люкстер байвал олж өгөөд явуул гэсэн шүү” гэж манай дарга нарт хэлж байхыг би чихээрээ сонссон. Тэгэхлээр юухан дээр ч оросуудын царай харж байлаа шүү дээ. 5О-р харш чинь дайны үед дан байшин байсан юм. Тэнд маршал Жуковыг байрлуулсан. Жуков орос цэргүүдийг дайчилж, хоёр давхар болгосон. Манайхан оросуудтай нийлээд сайхан харш бариулсан. Одоо хүртэл хэвээрээ гоё л байна. Алийн болгон хүнээс царай алдахав, хүний хийснийг манайх хийх л ёстой гээд маршал өөрөө уран гартай лам нараар, ялангуяа уран Чоймбол гуайгаар хаалганы алтадмал бариулаас авахуулаад бишгүй зүйл хийлгэсэн. Маршал хувьсгалын том ойгоор Зөвлөлтөөс ирсэн том төлөөлөгчдөд харшаа сэтгэл хангалуун үзүүлж, хажуугийн цэцэрлэгийг хүртэл тайлбарлаж байхыг хараад “Овоо доо муу өвгөн минь” гээд хамт баярлаад л зогсож байлаа. Маршал нэг хэсэг хойно байхдаа мод цэцэрлэг яаж тариулахыг сүрхий заалгасан юм билээ. Ер нь Улаанбаатарыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг Чойбалсан санаачилж хийлгэсэн юм шүү дээ. Ажлаасаа тарж ирээд л харшийн хажуугийн ногоон байгууламж цэцэрлэг рүү ороод явчихна. Маршал хөдлөөд байхад бусад нь хөдөлж л таараа. Их тэнгэрийн амны баруун талынхыг Бумцэнд гуай цэцэрлэгжүүлсэн. Энэ хоёр лугар хөгшин харуулын цэргийг үхэр орууллаа, хөөгөөч гээд хашгираад зогсож байхыг бишгүй харж байсан даа, хөөрхий. Одоо энэ бүхэн чинь аяндаа өөрөө босоод ирсэн шиг санадаг бололтой.
-Сонирхолтой сайхан яриа болж байнаа, Чойбалсан гуай нэг хэсэг Москвад учир нь үл мэдэгдэх байдлаар амьдарч байсан байх юм. Энэ цаг үеийг хэн ч мэдэхгүй байна. Таамаг л яваад байгаа. Түүхчид ч анирлахгүй байх юм. Зарим нь архины эмчилгээ хийлгэсэн ч гэх шиг, бүр сүрдүүлж ясанд нь хүртэл мэдрүүлж байгаад КГБ-д элсүүлсэн ч гэдэг. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх баримтгүй болохоор янз бүрээр яриад юу ч болгож болно шүү дээ. Та бол хандыг нь авсан шүү дээ. Одоо үгээ хэлэх болоогүй юу?
-Би яаж мэдэх юм. Миний ажиллахаас хамаагүй өмнө болсон зүйл. Гэхдээ дүү хүү чамд нэг ёстой чиний хэлдэгээр нэг ханд авахуулчихья. Намайг цэргийн ерөнхий сургуульд байхад манай салааныхныг жагсааж, маш чухал зүйлд явуулна, хувцас хунараа янзал гээд хөл хөс болоод явчихлаа. Ингээд Ардын армийн Жанжин штабын дарга Цэрэн биднийг машинд суулгаад Толгойтын чиглэлд аваад явлаа. Хээр хөдөө бэлд одоогоор Толгойтын 52-ын даваанаас нааш хотоос Алтанбулаг орох зам дээр буулгалаа. Төдөлгүй “Америк-8” гэсэн машин давхиад ирлээ. Машинаас Чойбалсан монгол энгийн дээлтэй инээмсэглээд бууж ирэхэд Цэрэн дарга рапорт өргөсөн. Тэр үед маршал тодорхой албан тушаалгүй байсан, ёстой л чиний хэлдгээр чимээгүй байж байгаад Москвагаас ирж байсан нь тэр болов уу? Ингээд бод доо. Жанжин штабын дарга ингэж хөдлөх хүн мөн үү? Юу болчихоод хэн болчихоод ирж байгаа гэдэг төсөөлөл бууж байна уу? Яагаад ингэж түргэн авах болсон? Яагаад бусад Ерөнхий сайд болоод намын дарга удирдагч нар байгаагүй вэ? гэж ургуулбал сонирхолтой зүйл гарах л байх. Удалгүй Ерөнхий сайдын орлогч болсон нь зөвлөлтийнхөний найдврыг хүлээсэн хэрэг.
-Маршалын тухай янз бүрийн зүйлийг асуумаар л байна. Чилж ядарч байвал босож сууж, юм юмаар оролдож болно шүү дээ.
-Харин ч гайгүй байна, өнөөдөр ааш аяг гайгүй байна. Надтай уулзах гэсэн сэтгүүлч, түүхч янз бүрийн улс олон байдагаа. Би төвөг гээд авдаггүй. Ер нь үгэнд орооцолдсноос үхсэн минь дээр гэж гучаад оныхон ярьдаг байсан гэнэ лээ.Чамтай бол харин жаал ярьмаар санагдлаа. Сэтгүүлч залуу зальтай байна шүү, миний дипломачийн ажил хэргийг голлож асууна, тэр талаар ярилцана гээд баахан эгзэгтэй асуултаар буллаа. Асуух юмаа асуу асуу, элдвийг гуйвуулахгүй бол болноо. Би маршалын нарийн бичгийн даргаар 6 жил, Ерөнхий сайдын цэрэг, дотоод яамдыг хариуцсан туслахаар 9 жил ажилласан. Зөвлөлтөд сургууль төгсөөд ирсэн Ширэндэв, Төмөр-Очир, Цэвэгмид гээд эрдэм боловсролтой, орос хэлээр ус цас шиг ярьдаг шижигнэсэн залуусыг хараад атаархдаг байлаа. Тавьдаггүйгээ. Нэг өдөр маршал “За чиний сургуулийг шийдэж өгье. Ямар сургуульд явья гэж бодож байна” гэхээр нь “Цэргээр миний амьдрал эхэлсэн болохоор Цэргийн Академид сурмаар байна гэлээ. Чи Олон улсын харилцааны дээд сургуульд явбал сайн байна. Манай улсын гадаад харилцаа их өсөх нь ээ. Гадаад яамаа ч өргөжүүлнэ” гэлээ. Ингээд хэдий дотроо би цэргийн хүн шүү дээ гэж бодсон ч гэлээ маршалын үгийг дагасан нь миний амьдралын гайхамшигт үүд хаалга нээгдэж байгааг тэр үедээ ойлгохгүй байсан. “Дийлэх болов уу? гэж бодсоноо хүний сурсныг яагаад сурч болдоггүй билээ” гэж өөртөө цэрэг ёсоор тангараг тавьсан. Чойбалсан намайг зэмлэхдээ зэмлэж, хайрлахдаа хайрладаг ёстой эцэг шиг минь байсан. Тиймээс ч би маршал, анд нөхөр Ю.Цэдэнбал хоёртоо хир халдаах ёсгүй хүн. Тийм эрх ч байхгүй. Хувь гэхээсээ илүү хувьсгалын хэрэгт амь биеэ зориулсан улс. Намайг сургуульд явахын орой маршал гэртээ хүлээж аваад цаанаа л сэтгэл дундуурхан байсан. Ажлаа, өөрийгөө бодьёо гэвэл чамайг явуулмааргүй байна, гэвч алс холынхоо улсынхаа ирээдүйг бодоод энэ том сургуульд явуулж байгаа юм. Бусдыгаа бодвол арай настайд орох байх, сурах хэцүү ч байж магад. Гэвч тэднээс нэг л зүйлээр илүү. Үзсэн, харсан туулснаараа хэнээс ч дутахааргүй, хүн нэрээ гэдэг юм шүү. За хүү минь бүү шантраарай. Та нарт мөн ч сайхан ирээдүй байна даа гээд жаахан санаа алдаад эцэг ёсоор үнсэж, мөнгөн аягатай сүү барьсан нь өчигдрийн юм шиг санагдана.
-Та Ш.Сүрэнжав гуайн маршалын тухай зохиол “Тусгаар тогтнол” кино үзэв үү? Ямар санагдаа бол?
-Сүрэнжав ирж надтай уулзсаан. Бас ч ойр зуурын юм хэлж, хоёр номоо өгсөн. Сайхан аятайхан амьдрал, зураг дүрс харагдаад байна лээ. Даанч үг яриаг нь бүрэн сонсоогүй, тэгэхлээр юу хэлэхэв дээ.
-Алтан Москваг зорих завшаан аавын хүү, ээжийн охинд олдохгүй хувь зохиол гэж ярьдаг байлаа шүү дээ.
-Үнээн. Би Сибирийн их ой хөвчийн дундуур галт тэргээр утаа оргиулан зүтгэлж явахдаа ч маршалын үгийг санаж явсан юм. Манайхны “МГИМО”гэж нэрлэдэг тэр үеийн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэглэм чанга, багш нар маш хатуу. Дан томчуудын төдийгүй 1О-р ангийн онц төгсөгчид орно. Бид сургуулийнхаа дээврийн жижиг өрөөнд амьдарна. Хийх юм уул овоо шиг, шөнө орой болтол сууна. Миний амьдралын нэг хэсэг шөнө орой байсан болохоор түүнд дасах гэж зовохгүй, гэвч манайхны зарим нь гэрэлд унтаж чадахгүй болохоор санаа зовоод хэцүү байдагсан. Юм ховор тарчиг. Килограмм төмс 1ОО рубль байсан гээд бод доо. Элчин сайдаар Н.Ядамжав ажиллаж байсан, хуучин танина л даа. Чиний маршалын дэргэд ямар байсныг мэднээ, тэр хэдэн хүнтэй жижиг өрөөнд шахалдаж байснаас манай элчингийн дээврийн жижиг өрөөнд ганцаараа байвал оросоор чанга чанга хашгираад давтаж байсан ч зовох юмгүй шүү дээ гэлээ. Би ч баярласан гэдэг жигтэйхэн. “Илүү оймс элээнэ” гэдэг энэ л дээ гэж бодож байв. Элчингийн байранд шилжиж орсон туайгаа маршалд захидал бичлээ. Хариу иржээ. Элчингийн байранд орсон чинь буруу байна. Ямар л зовлон байна, бүгдийг үзэж туулах ёстой гэсэн утгатай зэмлэсэн захидал ирүүлжээ. Туйлбаргүй хүн тугалган жад шиг гэдэг үнэн шүү. “Болд хэрхэн хатаагдсан нь” романы Павел Корчагин гэж ямар хүн байлаа даа гээд л өөрөөсөө асуугаад, ичих шиг болж эргээд л нөгөө муу байрандаа эргээд очлоо. Манайхан надад хэлээгүй ч “Голсон юм голд орно гэж энэ дээ” гэж цаанаа даапаалангуй харц бүгдэд байсан шүү.
-Нэг мэдэхэд төгсөө биз дээ.
-1953 оны зун төгслөө. Төв хороо намайг Гадаад явдлын яамны хэлтсийн орлогч даргаар шууд томиллоо. Би тэгэхэд МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан юм. Энэ чинь манайхаар бол том “гэрэгэ” шүү дээ. Би чинь будаг нь ханхалсан шинэ хүн, гадаад яамныхаа ёстой будаг нь ханхалсан шинэ сайхан байранд ажлаа эхлэх нь тэрээ.Манай сайд Б.Жаргалсайхан, орлогч сайд нь Ж.Самбуу гуай байсан. Их ноён нуруутай улсууд даа. Их ч сонин үе байсан. Ганцхан ЗХУ-тай дииломат харилцаатай байсан улс чинь европын ардчилсан долоо, найман орны элчин бие биеэсээ өрсөөд л жуух бичгээ бариад холбоо тогтоож байв. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай. Москвад элчингээр сууж байсан Адилбиш гэхэд л тав, зургаан орны тэргүүнд итгэмжлэх жуухаа барьж байлаа шүү дээ. Хоёр хөрштэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг дээрээс зорьж байв. Удсан ч үгүй намайг яамны Ёслолын хэлтсийн даргаар томилж, тэргүүн шадар хэмээх дипломат зэрэг цол хүртээв. Дороо гуравхан хүнтэй. Тэгэхэд төрийн ёслолын алба байсангүй. Энэ албыг аваад ер удаагүй байтал 1954 оны долоодугаар сард дээд хэмжээний айлчлал болж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Жоу-Энь-Лай албан ёсны айлчлал хийлээ. Намайг айхтар шалгасан. Ю.Цэдэнбал, Б.Жаргалсайхан сайд бид шөнө оройгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Даанч туршлага байхгүй, төрийн ёслолын талаар би багш нарынхаа лекцийг уншаад л нэг санаа гаргана. Бие даасан тусгаар Монгол улс энэ том зочны өмнө юу байдгаа нэр төртэй харуулах хэрэгтэй болов. Харин чамд хэлэхэд, Жоу-Энь-Лай гуай маш сайхан зантай, эгэл энгийн, элэгсэг, ухаалаг хүн байсан. Энэ нь ажлаа аваад удаагүй мань мэтийн амьтанд их дотно санагдаж билээ. “Танайх урд өмнө Хятадын дарлалд байсан, өнөөдөр сайхан харилцаа тогтлоо. Бүх талаар дэмжиж тусална” гэж байлаа. Айлчлалын ард нэр төртэй гарсан. Тэр үеэс л Хятадын талын тусламж дэмжлэг орж ирж, хэдэн зуун барилга байгуулалт, үйлдвэр бүтээн босголт эхэлсэн.
-Та хэн гэдгээ харуулж чадсан юм чинь албан тушаал дорхноо ахисан байх даа?
-Тийм гээд хэлчихэд болох байхаа. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад Элчин сайдаар томиллоо. Өмнө нь Ж.Самбуу, Б. Равдан генерал элчин сайд байсан. Ардчилсан Солонгосын ард түмэн ямар агуу тэвчээртэй, эрэлхэг зоригтой хүмүүс вэ? гэсэн гайхал төрүүлж байсан. Аяга усан дээр хэдэн будаа загасны жаахан үртэс цацаад л хоололчихно, өдөржин хүрз бариад тариалангийн талбайд ажиллана, нөгөө гартаа буутай. Ингэж л улс орон өөрийн тусгаар тогтнолыг хамгаалдаг юм байна гэдгийг айхтар мэдэрсэн. Манай монголчууд чадлаараа тусалсан. Хятад, ЗХУ-тай харьцуулахад бага байх л даа. Гэхдээ чанарын хувьд сайн. Адуу, үхэр, хонийг хэдэн мянгаар нь амьдаар нь гаргаж тусалж байсан. Адуутай харьцаж байгаа солонгосуудыг хараад манайхан инээлдэж байсан. Аргагүй шүү дээ, мал бараг байхгүй юм чинь. Манай адуучид болохоор дэлдэж, сүүлдэж ардаг догшны нуруун дээр эмээлгүй мордох зэрэг нь тэдэнд адал явдлын кино шиг санагдаж байжээ. Хонь, ямааны аж ахуй ч байгуулж өгсөн. Манай яамныхан хоол ундны хувьд ялгаагүй хэцүү байлаа. Зах дээр нохойны мах зарна. Үхрийн мах зарахыг хориглосон байлаа. Манайхан инээдэмтэй юм ярьдагсан. Нэг авгай үхрийн махыг өмдөн дотуураа хийгээд нууцаар зарж байхад нь авчирлаа гээд цээрлэх ч үгүй гурилтай хоолоо хийгээд бүгдээрээ хөлсөө гартал идэж байлаа. Ингээд Ю.Цэдэнбал Ким-Ир-Сенийг хооронд нь айлчлуулсан. Ер нь Төрийн тэргүүнийг харилцан айлчлуулна гэдэг элчин сайдын хувьд томоохон зүйл л дээ. Ингээд хоёр жилийн дараа дуудагдсан. Миний амьдрал ер нь нэг хэсэг хоёр жилээр товчлон дээшээ явж байлаа даа гээд цонхоор харснаа “Гадаа жавартай байнаа, гэсэн ч хө маргааш цагтаа салхинд гарна шүү” гэж өөртэйгөө яриад тамхиа таатайхан соров. Энэ нь чи өнөөдрийн салхинд гарахыг тасалдууллаа шүү гэдгийг дипломат аргаар эвтэйхэн ойлгуулж байна даа гэж бодоод “Хоёулаа энэ сайхан кофеноос ууя даа” гэлээ.
-Яриагаа үргэлжлүүлэх үү? Тэгээд дараа нь ямар албанд очсон бэ?
-Энэтхэгт элчин сайдаар явлаа. Эртний уламжлалт сайхан харилцаатай орон, тэгээд НҮБ-д элсэхэд ийм том гүрний тусламж хэрэгтэй гэдгийг Ю.Цэдэнбалаас авахуулаад дотроо тооцоолсон хэрэг. Төрийн ухаан гэдэг нэг юм ч байдаг шүү дээ,хө. Шинэ Делид Элчингийн байрыг аваад анх байгуулсан. Яамыг шинээр байгуулна гэдэг бол шинэ гэр барихтай адил. Эхдээд нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Хосбаярыг “Очоод нэг байр олоод төвхнөх аястай болоод бай” гээд явуулсан юм. Сар хөөцөлдөөд хямдхан байр сав олоогүй байсан. Манайд валютын нөөц байхгүй. Ганц онгорхой данхтай хоосон өрөөнд ажлаа эхэлж байлаа. Ёстой л авгай хүүхнүүд гэр гэрээсээ халбага сэрээ, данх сав нийлүүлээд эд хогшлоо болгож, хоёр давхар байрыг түрээсээр авсан. Гэсэн ч их баяртай байцгааж билээ. Хямдхан байр олоход тэр үеийн Засгийн газар их дэмжиж байв. Неру гуай “Монгол бол эртний түүх соёлтой хүчирхэг улс байсан. Хоёр орны соёлын өргөн харилцаатай. Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд өөрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан нь биднийг ёстой магнай хагартал баярлуулсан даа. Уран зураач Н.Цүлтэм тэргүүтэй урлагийнхан ирж тоглосон. Энэтхэгт төдийгүй дэлхийн нэрд гарсан удирдагч Неру маш элэгсэгээр хүлээн авч, жүжигчдийг гэртээ урьж дайлж цайлсан. Манайхны концертыг охинтойгоо суугаад үзсэн. Би тэнд хоёр жил болохдоо Неру гуайг бусад орны тоглолтыг үзэж байгааг хараагүй. Ер нь энэтхэгчүүд Монголд чин сэтгэлээсээ сайхан хандаж ирсэн юм шүү.
Энэ үеэр П. Шагдарсүрэн гуай жаахан завсарлага аваад, надад зураг үзүүлэхээр ажлынхаа өрөө рүүгээ явав. Надад дээрхтэй холбогдуулан НҮБ-д элсэхэд орчуулагчаар оролцож байсан О.Дамдиндорж гуайн наяад онд дурсаж ярьсан нэгэн зүйл санаанд орж ирэв. Энэ хүн тэндээс ирээд учир утгагүй хэл ам гаргасан хэргээр намаас шийтгэл хүлээж явсан тухайгаа бас цухас хуучилж байсан санагдана. Неру гуай НҮБ-ын чуулган дээр манайхныг дэмжиж хэлсэн үгийг сонсоод нулимс унагаамаар болсон шүү гэсэн дээ. “Бид НҮБ-д зөндөөн орныг оруулж байна шүү дээ. Түүний гадаа талд яагаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг үлдээгээд байгаа юм бэ? Эгэлгүй номхон даруухан, энхийн төлөө зүтгэдэг орон тэнд байдаг юмаа. Монгол Улсыг энэ байгууллагад оруулахгүй байгаа нь туйлын буруу гэж би үзэж байна. Үндэстнүүдийн дэлхийн чуулганд Монголыг хүлээн авах ёстой гэж би чин сэтгэлээсээ зөвлөх байна” гэж сэтгэл догдлом хэлсэн гэж дурссаныг санаад өвгөнийг хүлээв.
Тэр үг санаанд орж манай ахмад дипломатчид ёстой л төрийн алтан аргамж гэдэг нь энэ байх даа гэж бодоод “Та мөн их гавьяа байгуулжээ” гэж хэлбэл “Аан юу гэнээ” гээд чихээ наахад би энэ хүн өөрийгөө магтуулах дургүй гэсэн шүү дээ, аягүй бол дургүй нь хүрээд ярилцлага тасалдах байх гэж санаад “Зүгээрээ, дараа нь та хаана ажлласан бэ?” гэж чанга хэлэв.
-Бас л хоёр жил болоод дуудагдлаа. Ирэнгүүтээ л жинхэнэ сайдыг хамаарсан Гадаад яамны орлогч сайд боллоо. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо сайд С.Аварзэдийг авч хаяад томилж байгаа хэрэг.
-Аварзэд гэснээс ямархуу хүн байсан бэ? Тувагийн залгаа Давст нуур орчмын газрыг зөвлөлтөд өгчихсөн нь даанч харамсамаар санагддаг шүү. Бал дарга өөрийнхөө төрсөн нутгийг хамгаалж авч үлдэж чадаагүй юм байх даа?
-Аварзэд бүх талын боловсролтой шижигнэсэн сайхан залуу байсан. Бүр соёл хариуцсан Ерөнхий сайдын орлогч байсан хүн шүү дээ. Манайхаас Тувад шилжүүлэх газар дээр Зөвлөлтийн элчин сайд Молотовтой ам зөрсөн юм билээ. Газар нутгаа хамгаалсан эх оронч зоримог үг хэлсэн нь улс төрийн асуудал болжээ. Энэ тухай зөндөөн л яриа биз дээ. Би мэднэ л дээ. Намайг маршалын туслах байхад Тувагийн газар нутгийн асуудал хааяа хааяа орж ирдэг байсан. Ер нь Янжмаа гуайгаар хилийн асуудлыг хариуцуулдаг байсан. Маршал хааяа дурссан болоод тэгэсхийгээд зориуд мартагнуулна. Ингэж явсаар байгаад гай болж тэр асуудал хүчтэй сөхөгдөөд тэр шуурганд нь мөн сайхан залуу дипломатч хомрогонд өртсөнд одоо болтол харамсаж явдаг. Цэдэнбалын нутаг гэдэг нь ч үнэн, тэр хамгаалчихвал хамгаалчихаар л байсан байх. Жаахан газраас болоод Монгол улсынхаа том ашгаа унагаад яахав гээд хэлээ хазаад л үлдсэн болов уу? Цаана нь улсын эрх ашигтай холбоотой том юм зөндөөн харагдаа биз. Тэртээ тэргүй зарлагад гарчихсан Молотовоор л энэ эгзэгтэй асуудлыг шийдүүлэх гэж цаанаас нь Хрушев шахсан юм билээ.
-Молотов манайд сайд байхдаа ямархуу янзын хүн байсан бэ? Сталины дараачийн байранд байсан хүн биз дээ?
-Томоо том. Би байнга уулзана. Олон үггүй, яриа хөөрөө өрнүүлэхэд хөндий сонин хүн. Ер нь аймшигтай цохилт авчихсан, дэлхийн хэмжээний асуудал шийдэж явсан том хүн яаж ч сэтгэл санаа тогтвортой байхав дээ. Сталины даалгавраар дайны үеийн хамаг хүнд гэрээ хэлэлцээрүүдийг хийж явсан агуу түүх намтартай хүн. Хрушев түүнийг төвөөс хол байлгах гээд манайх руу ирүүлсэн юм. Тэгэхдээ ч том үүрэг өгөөд түүгээр нь барьж байсан ч байж магадгүй. Би Архангайд тав, зургаан хоног дагаж явсан. Найрсаг дотно яриа хөөрөө байхгүй. Хааяа мал аж ахуйтай холбоотой бага сага юм асууна. Бүхнийг дотроо хэд эргэлдүүлсэн хүн юугаа ч асуух, юугаа ч ярих билээ. Энэ нь надад урам муутай байсан. За энэ яахав.
-Монголыгоо НҮБ-д элсүүлэх үед та Гадаад явдлын яамны сайд байсан болохоор ихийг хэлэх байх. Ачаа ч үүрэлцсэн байж таарна. Яахын аргагүй, Монголын маань удаан жилийн мөрөөдөл дөө.
-Намайг сайд байхад гадаад харилцааны өрнөлийн үе байлаа. Африкийн шинэ орнуудтай харилцаа тогтоосон. Энэ бүхнийг ярьвал нэг хэсэг манай гадаад бодлогын түүх болно. НҮБ-д Монголоо элсүүлэх явдал юу юунаас чухал байсан. НҮБ-д элсэхэд намайг Гадаад явдлын яамны сайд байх үе таарч, энэ их хэрэг үйлсэд биеэрээ оролцсондоо баяртай байдаг. Үүнд зөвлөлтийнхөний гавьяа их шүү, мартаж болохгүй. НҮБ-д элсэхийн тулд улс орноо гадаадын олон оронд ихээхэн сурталчлах хэрэгтэй байсан. Хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс олигтой юм хийж чадахгүй байсан нь үнэн. Ер нь социалист орныхоо хэмжээнд шахуу байсан, бусад оронд бол хаалттай байлаа. Барууны орнууд хаалгаа нээхгүй, бид ч олигтой нээхгүй байсан. Хоёр өөр ертөнц гэдэг ёстой л хоёр өөр юм байна даа гэж дотроо харамсах үе гарна. Чойбалсангийн дотроо бэтгэртлээ санаж явсан маш чухал юмны нэг болох бүрэн эрхт улс болсноо дэлхийд зарлуулах явдал байлаа. НҮБ-д гишүүнээр элсэх гэж 4О-өөд оноос бүхэл бүтэн 2О-иод жилийг зарцуулсан. Ямар ч үеийнхэн мартаж болохгүй юмны нэг гэвэл энэ юм шүү.
-Та чинь тэр үед жинхэнэ сайд байсан байтлаа яагаад НҮБ-ын Чуулганд оролцоогүй юм бэ? Дондогийн Цэвэгмид гуайд НҮБ-ын индэр дээрээс аргил бүдүүн хоолойгоор нэн бахархалтайгаар цогтой халуун үг хэлж байсан ганцхан хором л баримтат кинонд үлдсэн байдаг. Өөр мэдээлэл байхгүй.
-Тэгэхэд Д.Цэвэгмид гуай миний нэгдүгээр орлогч сайд байсан. Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчдийг ажиглагчаар оролцуулсан. Түүний илтгэлийг Улс төрийн товчоогоор сайшаасан. Харин орчуулагчаар явсан О.Дамдиндорж, Б. Ванчиндорж нар төлөөлөгчийн тэргүүн сул хүчгүй байсан тухайд яггүй шүүмжлэлтэй хандаж голж байсан. За энэ өнгөрсөн зүйлийг яриад яахав. Тэр хоёр намаас донгодуулаад өнгөрсөн. НҮБ-д авах ч юмуу, үгүй ч юмуу гээд жаахан хаширлаад жинхэнэ сайд ард үлдсэн юм. Манайхыг Мавританаар аятайхан наймаа хийсэн дээ.
-Харамсалтай юм даа, та бүх хүнд ачааг үүрчихээд өөрөө ард нь үлдэж байдаг. Тэр бүр учрыг мэдэхгүй хүмүүс Цэвэгмэд гуайг л Монголыг НҮБ-д элсүүлэхэд голлосон гэж өнгөц ярих хүн тааралдаж байсан шүү.
-Дүү минь өвгөн ахыгаа хальт гишгүүлж үг авах гээд байнаа даа. Яалаа гэж…Ю.Цэдэнбал гэдэг удирдагч байсан биз дээ. Хэн нэгэн энэ гавьяаг өөр дээрээ авахын аргагүй асуудал. Ер нь хоёулаа удаан ярилцлаа, ингэсхийгээд больвол яасан…
-Сонирхолтой яриаг таслах нь дүүд харамсалтай байна. Гэхдээ удахгүй ээ. Зөвлөлтийнхөн Чан-Кай-Ши-гийн төлөөлөгчдийг бие засуулах гэж авч гараад, тэр хооронд араар нь санал хураалт явуулаад НҮБ-д батлуулчихсан гэх яриа байдаг?
-Тийм юм яаж байхав Ёстой юм ёсоороо л болсон.
-Яагаад таныг Гадаад явдлын яамны сайдаас чөлөөлсөн юм бэ? Ямар нэгэн асуудалд орооцолдсон юмуу?
-Би хийх ёстой ажлаа чадлынхаа хэрээр хийж явлаа. Даалгасан бүхнийг хийсэн. Зөв явсан гэдгээ хэлнээ. Ямар ч шийтгэл байхгүй. Намайг сайдаас чөлөөлж өгөөч ээ гэж Ю.Цэдэнбалаас мөн ч олон удаа гуйсан. За яахав, хүлээж бай гэнэ. Ардын хувьсгалын 5О жилийг тэмдэглээд чөлөөлж өгнө гэсэн амлалтдаа хүрсэн.
-Ямар ч үнээр хамаагүй, сайд болно гээд л зүтгэдэг болохоос тан шиг чөлөөлж өгөөч гээд гуйдаг нь бараг л байхгүй баймаар?
-Хүн хэрээ мэдэх хэрэгтэй. Өөртөө хяналт тавьж байхгүй бол болохгүй. Гадаад хэлний болоод гадаад харилцааны өргөн мэдлэг боловсролтой залуучуудаас тавих хэрэгтэй. Жишээлбэл, М.Дүгэрсүрэн сайд болоход дэнхийтэл аваад явчихна гэж хэлсэн. Харин сайдаас буугаад бүүр хүнд ажил өгсөн гээч. МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга чинь сайдаас ч илүү өргөн хүрээтэй хэцүү ажилд томилчихлоо. Хүч чадал мөхөсдөх үе байсан. Гэсэн ч гэлээ хүнд албыг найман жил хашсан. Бас Цэдэнбалаас үргэлж гуйсан. Ядаж авгай маань зүрхний өвчтэй, түүнээ эмчлүүлж сувилуулья гээд европын аль нэгэн оронд явуулж өгөөч гэсэн. Ингээд муу өвгөн чинь Унгар, Югослав, Афганистан, Хятадад Элчин сайд байлаа. Бас олон орныг хамаарч байсан. Энэ бүхнийг ярьвал үлгэр болно.
-Ю.Цэдэнбал даргыг янз янзаар л ярьсаар ирлээ?
-Би худлаа хэлэхгүй ээ, үнэхээр мундаг удирдагч байсан. Надаас хоёрхон насаар ах. Хувийн дотно сайхан харилцаатай. Жил бүрийн есөн сар түүний төрсөн өдөр. Би есөн сард төрсөн өдрөөр нь заавал Монголдоо ирнэ. Намайг амралтаа тааруулаарай гэнэ. Мань хүн гэртээ аваачих дуртай. Энэ үеэр авгай, хүүхэд нь Зөвлөлтөд амраад явчихна. Жаахан чөлөөтэй байх завсар зай гарч байгаа нь тэр. Бид хоёр жилдээ нэг удаа уулздаг юм. Алив комиссараа, та архи авчир гэх. Би угийн архи ууж чаддаггүй юм. Арай гэж гурван хундага ууна. Үүнийг Бал маань мэднэ. Комиссарыг гарангуут надад хийж өгсөн архийг бушуухан аваад татчихдаг байж билээ. За даа мань хүн архинд дуртай болж байгаа юм байна даа гэж дотроо бодоод далд дамаар сануулах ухаантай юм хэлж л байлаа. Дайллага цайллага болоход Ж.Самбуу гуай, Д.Моломжамц бид хэд түүнд бараа болж үлдэнэ. Дэндүү овоорсон их ажилтай байсан даа. Тэр үеийн Улс төрийн товчооныхон буруутай. Хамаг ажлыг дарга мэднэ гээд Цэдэнбал руу түлхчихнэ. Ингэсээр байгаад мэдрэлийн ядаргаа дээд цэгтээ хүрсэн. Нэг удаа Монголдоо хамгийн сайхан газраар чөлөөтэй амруулсангүй. Өсч төрсөн нутагт нь гэр бараа бариад тааваар нь сайхан амруулаагүй. Өвс ногоо зүлгэн дээрээ хөл нүцгэн явсан шигээ тааваар нь байлгасан бол юутай аштай юу. Эмч нь өдөр бүр даралтыг үзэж л байсан даа. Гэхдээ олигтой сувилгаа эмчилгээ хийж байсан юмуу? Ажлын дарамт их, дээрээс нь авгайн дарамт маш их. Энэ хоёр дарамт дор хүн яаж олигтой байхав дээ. Би ер нь ингэж удаан ярьж үзсэнгүй гээд гэрэл зургийн цомгоо үзүүлэв. Монголын түүхтэй холбоотой дэндүү ховорхон агшны алт шиг зургууд байлаа. Бүгд түүний авсан зураг аж. Хянганы давааны орос монгол цэргийн их цуваа, маршалын цэргүүдийн дунд байгаа зураг, маршал Жуковтой хамт гээд бидний мэдэх харсан мөнөөх түүхэнд орсон, нүүр тахалдаг ганц алдарт зургууд чинь Шагдарсүрэн гуайн бүтээл юм байна. Дэндүү даруу явж иржээ. Нэг удаа миний авсан гэрэл зураг гээд хэлчихэж байсангүй. Түүний гурав дахь ажил хөдөлмөр гэхэд л юугаар ч үнэлшгүй санагдав. Монголд гэрэл зураг үүссэний ойг тэмдэглэдэг л байх, бие даасан холбоо бий. Түүнийг мартаж болохгүй юм байнаа. Маршал хэдий зураг авдаггүй ч хорхойтой байжээ. Тэрбээр цүнхэндээ “Лейк” аппарат байнга авч явдаг байсан гэнэ. 1943 онд “Контекс” гэдэг германы маш чанартай сайн аппаратыг Шагдарсүрэн гуайд дурсгасан юм байж. Тэр Чойжилням гэдэг буриад өвгөнөөр заалгаж зураг авч сурчээ. Маршал түүний авсан зургийн хальсыг Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн гэрэл зургийн лабораторт угаалгаж нэг хувийг аваад, бусдыг нь хүрээлэнд үлдээдэг байжээ. Цэрэн гуайг ШУА-ийн Ерөнхийлөгч байхад Шагдарсүрэн гуай гэрэл зургийн архивт зориуд ороход бүх хальс нь ёсоороо байсан гэнэ. Би үүнийг авсан юмаа, хэдийг ч болохноо хувьдаа авья гэж хэлж чадаагүй орхижээ. Одоо байгаа болов уу? үрэгдсэн болов уу? Уг нь маш түүхэн дурсгалтай ховор зураг юмсан гэж харамсангуй хэллээ. ШУА-ын одоогийн удирдлага үүнийг үзэж хараад, хамгаалалтдаа даруй авах хэрэгтэй юм билээ гэдгийг энэ ярилцлагаараа хэлээд авьяа. Гэхдээ миний хувийн архивт ховор зургууд бий. Үүнийгээ МАХН-ын баяраар 3-р сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонг бүрэн хэмжээгээр нээхэд өгнө дөө, дарга нартайгаа ярилцсан. Надад жаахан цаг үлдээ биз дээ, муу Цэдэнбалынхаа тухай дурсамжийг яг үнэн бодитоор нь бичиж үлдээхсэн гэж бодох юм. Тэгээд миний зорилго ханана. Залуус юм мэдэхгүй, гологдоод байнаа. Хүүд зав байвал өвгөн ахдаа тусалбал сайн байна гэлээ. Одоо болно шүү дээ, бүх юм болно гэж хэлээд санаа алдав.
Монголын нэгэн цаг үеийн гэрэлт сайхан бүсгүй, хүн бүхний бишрэл, харааг булааж явсан нэрт жүжигчин Рэнчинноров гуайн хөргийг томоор зуруулж ханандаа хаджээ. Бас сүүлд гэрлэж суусан “Өглөө” урансайхны кинонд тоглодог жүжигчин Нямаагийн зураг ч харагдсан. Дандаа Сүхбаатар жанжны гэргий болж тоглодог гоё хөөрхөн хүүхнүүдтэй тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбож явсан их эр юм даа гэж бодоод түүнийг инээвхийлэн харвал “Дүү хүү юу гээд л жуумалзаад байна даа” гэлээ.
Жич хожим өгүүлэх нь: Дээрх ярилцлагыг 2О11 оны өвлөөр хийсэн. Түүнээс хойш 8 жил өнгөрч, Монгол Улсын баатар цолоор шагнуулаад эдүгээ 1О1 насыг наслаад энх тунх яваа сурагтай. Ярилцлага маань тус болоогүй юмаа гэхэд ус болоогүй болотой дог шүү. Нэг удаа над руу ярьж “Чиний ярилцлагыг “Өнөөдөр” сониноос уншсан, ёсоор нь хийжээ. Чамайг баатрынхаа цайллагад урьж байна. Дотнын цөөхөн хүнтэй хамт өдрийн цай ууя л гэж байгаа юм, 5О гаруйхан хүнийг урьсан гэхэд тэр олон алдартны дунд өчүүхэн намайг багтаасанд ихэд бэлгэшээн баярлаж билээ. Улсын баатрын тэмдэгтэй урилгынхаа эхний хуудсанд Хайрт эх орныхоо дархан хилийг хамгаалахад
Халуун амь бүлээн цусаа хайрлаагүй
Хатан зоригт дайчин үрсийг түүх мартах ёсгүй гэсэн үгтэйгээр 2О14 оны 1О-р сарын 29-ний 13.00 цагт “Элит“ зоогийн газарт 4-р ширээнд урьсан байлаа. Ерөнхий сайд явсан, ардын жүжигчин, генерал, элчин сайд зэрэг дан алтан үеийн домог бологсод цугларсаны дотор хамгийн залуу нь мань мэт нь болж таараад санаа зовосхийн, энэ юун хүн суугаад байнаа гэж улсууд гайхаж байгаа байх даа гэж эмээж билээ. Шагдарсүрэн гуай өнөө жил 1ОО гаруй настай боловч хоёрдугаар эмнэлэгт дажгүй явна лээ дуулдсан, үнэхээр амьд домог болсон хүн дээ. Архивын газрын дарга асан Хоролдамбын хүссэний дагуу хоёр дахиа уулзахдаа, “Дуртай үедээ надтай яриарай, нөгөө Цэдэнбалынхаа материалыг чамд үзүүлэхсэн гэсэн.Энэ залуус юу ч мэдэхгүй юмаа гэсэнсэн. Түүнээс хойш охин МУИС-д багш байсан Туяатай нь ярихад үгүй бол эмнэлэгт байгаа, өөрөөр бол ханиадтай гэсэн хариу л авна. Ер нь баргийн хүнтэй уулздаггүй байсан, уулзуулдаггүй ч байсаан. Цэдэнбал гуайн тухай дурсамжийн номонд тус нэмэр болж чадаагүйдаа өнөө хүртэл харамсаж явдаг. Их л сонинг дуулах байсан даа. Өвгөний чинээндээ тултал мэрийж байсан тэр үнэ цэнтэй ном гарсан эсэхийг мэдэхгүй.
2О11, 2О19 . О3. 16
()
Discussion about this post