-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Төрийн айлчлалд зориулав-
Вьетнамын хөгжил гэрлийн хурдаар явж байна, манайх хоцрогдсон, гэхдээ 50 жилийн зөрүүтэй хэмээн би 10 жилийн өмнө бичиж байснаа эргэж update-лэн толилуулах нь зөв болов уу. Эхлээд дэлхийн хэвлэлийн ил тоонуудаас эшлэе.
2023 оны тооллогоор 100.1 сая хүн амтай, дэлхийд хүн амын үзүүлэлтээр 16 дугаарт яваа, ДНБ нь ковидын өмнөх дүнгээр 1 триллион ам.доллар буюу дэлхийд 28 дугаарт, хүн ам тутамдаа хуваавал дэлхийд 111 дүгээрт буюу нэг хүнд 10.5 мянган ам.доллар, яг номинал ДНБ нь 329.5 тэрбум ам.доллар, хүн тутамдаа 3416 ам.доллар гэсэн тоонууд википедиад байна.
Манай улс хэдэд вэ, аль зиндаанд яваа вэ, хэддүгээрт вэ гэдэгт өмнөх нийгэм хариулт өгч болдог байсаан. Социализмын материал-техникийн бааз гэдэг онолоор нийгмийн формацаа олоод тогтоочихдог байсан тул ихээхэн хялбар байсан. Ялангуяа ЭЗХТЗ-ийн (орос нэршлээр СЭВ гэе) хүрээнд бид хэн бэ гэдэгт тун түвэггүй хариулахаар, Монгол, Вьетнам, Куба гурав нэг зиндаад, нэг түвшинд гэж ойлгогдоод байлаа. 1990 он хүртлэх түүх ярьж байгаа хэрэг шүү дээ. ЭЗХТЗ-ийн хүрээнд Монгол, Вьетнам, Кубад түлхүү туслах гэдэг ойлголтоор бол бид гурав СЭВ дотроо зэрэгцэн сүүл мушгиж яваа юм байна гэж дүгнэж болж байв. Мэдээж хөгжлийн оргил нь 1) хөгжингүй социализмыг байгуулсан СССР; 2) дараагийн эгнээнд мөн ийм аж үйлдвэржсэн хөгжингүй социализм байгуулсан БНАГУ, Чехословак; 3) эдний араас элдэж явсан Польш, Унгар дараагийн зиндаанд; 4) хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон байснаа байрыг нь сольж буй Болгар, Румын; тэгээд 5) манай гурaв гэхчлэн 10 улсыг нэрлэж байв. Яг ийм ялгаралаас СЭВ тарж, бид ч бас тарж мөр мөрөө хөөсөн дөө.
Монгол Улс хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон гэдэг хаягтайгаа 1990 онтой золгосон ба одоо яг тийм гээд хэлээд тавьчих формацгүй, гэхдээ уул уурхайн баялгаар толгой цохиж яваа гэх шатандаа байна. Харин одоо СЭВ-ийн нөгөө хэд маань хаа явна вэ? Финландын Kauppalehti гэдэг сонинд финийн эдийн засагчдын 2050 он хүртлэх прогноз нийтлэгдсэнийг олж үзээд би нөгөө хэдээ “Хэн нь хэн бэ?” гэдгийг танихтайгаа болж авлаа. Хуучин СЭВ-д байснаа эдүгээ Европын Холбоонд элссэн манай хуучин андууд суга үсэрч, гэрлийн хурлаар хөгжсөн ч, жишээ нь СССР-аас тасарсан лав Балтийн гурав 2050 он хүрч байж ЕХ-ны хууччуултай зуузай холбох тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл 27 жилийн дараа эстон, латви, литвачууд нь англи, франц, немцүүдтэй адил тэгш аж төрөх аж. Дэндүү удаан, урт хугацаа юм биш үү?
Гэхдээ муугүй үр дүн бас байна. Словен, Чех, Эстон нь хөгжлийн түвшин, хангалуун аж байдлаараа Португалыг гүйцэж иржээ. Данийн Danske Capital хэмээх фирмээс захиалж хийлгэсэн финланд эрдэмтдийн эл судалгаагаар бол Дорнод Европын энэ хэсэг улсын ДНБ-ий өсөлт ойрын жилүүдэд гэрлийн хурдаар явна. Өрнөд Европын орнуудын жилийн дундаж өсөлт буурч харин Дорнод Европынх өсч, Финландын эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгийн тооцоолсноор эдэн дотроо Балтийн орнуудынх бүр илүү хурдтай өсч байгаа аж. 2050 он гэхэд Эстон, Литвагийн хүн ам тутамдаа ногдуулсан ДНБ нь тэр үеийн Европын Холбооны хөгжингүй орнуудын түвшингийн 95 орчим хувьд хүрсэн байх гэнэ. Ингээд 2050 он гэхэд Дорнод Европын хамгийн баян орнуудад Эстон, Латви, Литва, Унгар, Словен бичигдэх болох нь.
Европын орнуудын хөгжлийг шууд өөрийнх рүүгээ татаж авчран харьцуулах санаа энд байхгүй. Гэхдээ бид нэг саванд явсан шүү гэдгийг бас мартаж болохгүй. Хүн амын тоо, эдийн засгийн багтаамж зэргээрээ бол Монгол Улсаа Эстон, Латви, Литва, Словентай харьцуулахад бас ч буруугүй.
Одоо үндсэн сэдэвтээ оръё. СЭВ дотроо зэрэгцэн туслуулж явсан Вьетнамыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү гарч ирж магадгүй. Дайнд нэрвэгдсэн тэр улсад манай улс туслаж, хүмүүнлэгийн хандив өгч байсан цаг бий. “Муусайн төлөгүүд” гэж манайхны өгсөн хоч нэр бол цаанаа тэр улсын ядуу буурайн илэрхийлэл болж байлаа. Гэтэл одоо яасан бэ? Дайнд сүйдсэн энэ 100 сая хүнийг өлсгөлөн гуйланчлалаас эгнэгт салгаж дөнгөсөн төдийгүй, хүн ам тутамд ногдох ДНБ нь огцом өсч, хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаараа Зүүн өмнөд Азидаа хошуучилж, АСЕАН, АПЕК, Зүүн Азийн саммитын бүрэн эрхт гишүүн хүчирхэг Вьетнам болон босч ирж чаджээ.
Баялаг амьдрал, бодит орлого, худалдан авах чадвар ба үндэсний нийт орлого гэхчлэн хэмжүүрээр авч үзвэл, орлого нь тэргүүнд тавигддаг байна. Энэ хэмжүүрээр дэлхийн улс орнуудыг гурав ангилдаг.
1. Жилдээ нэг хүнд нь 1000 ам.долларын орлого ордоггүй бол ядуу
2. 2000 ам.доллар болоод ирвэл хангалуун
3. 3000 ба түүнээс дээш ам.долларын орлоготой бол боломжийн хангалуун гэсэн гурван шатлалтай.
Дээшээ тогтоосон хязгаар байхгүй. Энэ хэмжүүрээр бол дээшээ ба доошоо 15:1 гэсэн харьцаагаар дэлхийн хамгийн баян, ядуу улсуудыг жишиж болох хэмжүүрийг Дэлхийн Банк саяхан болтол тавьдаг байв. Энэ хэмжүүрээр бол манай улс ядуугаас дээгүүр, Вьетнам хангалуунаас дээгүүрхэн гэж бүтэн нэг үе манайхаас тасарсан байна. Дэлхийн Банкны жил бүрийн судалгаанд манай улс: Үндэсний нийт орлогоор дэлхийд эзлэх байр, Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр, Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр дэлхийд эзлэх байр, мөн дэлхийд аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индекст гэхчлэн ямагт 100-аас цааш бичигдиж ирсэн бол олон үзүүлэлтээр Вьетнам нь 100-ын дотор өлхөн орж ирсэн төдийгүй АСЕАН-ы дундаж хөгжилтэй орон гэж явна.
Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манай үзүүлэлтэд сэтгэл дүүрэн ханддаггүй. Хар Африкийнхнаас биднийг илүү сайнбайна гэж магтдаггүй, Монгол Улсын эдийн засаг сул, ядуурал, ажилгүйдэлтэй байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна хэмээцгээдэг. Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад Африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй.
Харьцуулъя. Вьетнамыг хар даа. Далай хөвөөлсөн гэхгүй л бол нарийхэн урт зурвас нутаг, 330 мянган км.квадрат жижиг нутагт 100 сая хүн шахцалдан амьдрана. Манайх бол Вьетнамын дэргэд далай шиг их газартай, дэргэдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй, хүн амаасаа олон арав дахин их мал сурэгтэй байж яагаад гэдэг асуултыг бид өөрсөддөө эргүүлэн тавьж, сул дорой байгаагийн шалтгаан өөрсдөд маань байна шүү хэмээн би байнга бичдэг.
Вьетнам яаж босч ирсэн бэ? Нэг зуун сая хүнд даан ч өчүүхэндэх жижигхэн мал аж ахуйтай, тариалах газар нутаг байнга гачлантай явж ирсэн ч хүн амаа хоол хүнсээр 100% найдвартай хангаад, бас экспортлоод ирсэнийг би “Хүнсний хувьсгал”-тайгаа холбон тайлбарлах нь зөв байх.
Вьетнамд хөдөө аж ахуй болбаас эдийн засгийнх нь зонхилох, тэргүүлэх салбар. Аж үйлдвэр тасралтгүй хөгжиж байгаа ч хүн амын 50% хөдөө аж ахуй, ялангуяа газар тариаланд ажилласаар байна. Хүнс тэжээл бол экспортын ба үндэсний орлого, улсын төсвийн гол бүтээгдэхүүн. Учир нь хураасан нийт ургацынхаа 70%-ийг гадаадад худалдчихдаг. Боловсруулаагүй онгон дагшин газар шороо гэж үлдээгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулсан. Ер нь ажил орлогогүй хүн ардаа хөдөөд ажиллуулдаг олон жилийн хур туршлагатай. Хот суурин газар ажилгүй, мөнгөгүй байвал шууд хөдөө, газар тариалан руу гарагтун гэсэн уриатай. Энэ бол хөгжил дэвшлийн чинь гэрэлт ирээдүй гэх Төрийн бодлоготой.
Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшжээ. Хэвших ч юу байхав, Ази маань яг тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсч байна. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна. Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мъянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй нь мэдээж боловч юуны өмнө энд хөгжлийн нэн их ялгааг арилгахад эдийн засаг, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх, гол нь дотооддоо түүнд бэлтгэх, мөн өөр олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй хэмээн гадаадын эдийн засагчид сургадаг, зааварладаг, зөвлөдөг. Нэрс дотор уг нь 100 сая хүн амтай, хүн ам ба байгалийн нөөц баялгийн хэт зөрүүтэй Вьетнам алга байгаа нь “Зүүн Ази”-ийн хөгжлийн цагариг дотор Вьетнам түрүүлж хөгжөөд өөр дээд шатны ангилал руу орчихсны нотолгоо юм.
Манай улсын хувьд хүнс тэжээлийн үйлдвэрлэлээр, ялангуяа ядуурлыг арилгах талаар Вьетнамаар баримжаа хийчихэд нэг хэсэгтээ буруу болохгүй хэмээн би үздэг. Хуучин СЭВ-ийн социалист анд тэр улсаас суралцах нь юуны буруубилээ. “Тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлийн төлөөх эрчимтэй хамтын нийгэмлэгийг байгуулахуй” гэсэн уриатай Вьетнамын жишгээр бий болж буй Зүүн Азийн чөлөөт худалдааны бүс, араас нь залган гарч ирэх Зүүн Ази дахь иж бүрэн эдийн засгийн түншлэлд Монгол Улсыг нэгтгэж, улмаар эцэст нь бүрэн төлөвших Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн Монголын эдийн засаг ба Монгол Улсыг би мөрөөдөн бичиж байна л даа.
Тэгэхлээр Вьетнамаас шууд суралцая. Нийт ургацынхаа 70%-ийг гадаадад худалддаг гэдэг дээр бид дотоодынхоо хэрэгцээг хангаад үлдсэн нь хэдэн хувь ч юм ердөө хоёр хөрш рүүгээ гаргаад үзье гэвэл яадаг бол? Тэгэхлээр ургацыг (хүнсний ногоо ч орно) экспортын чиглэлтэй болгон хөгжүүлнэ гэсэн үг. Боловсруулаагүй онгон дагшин газар шороо Вьетнамд үлдээгүй бол манайд ашиглах, боловсруулж тарьж ургуулж барахгүйгээр их сул газар байна. Хангайн ба говийн (өндөр уулсыг би хэлээгүй) бүх аймаг суманд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэгснээрээ аймаг сумын төв, нийслэлд буй ажил орлогогүй хүн ардаа хөдөөд ядаж улирлын чанартай (хавраас намар) ажиллуулдаг болбол нэн сайнсан. Хот суурин газарт хувийн хашаатай айл өрхүүдийн сул газар гэж яндашгүй их нөөц байна. Мөнгөгүй байвал шууд хөдөө, газар тариалан руу гарагтун, энэ бол хөгжил дэвшлийн чинь гэрэлт ирээдүй гэх Вьетнамын Төрийн бодлогыг бага зэрэг зөөлрүүлээд, гэхдээ хуулбарлаад зүтгүүлбэл манай хүнсний хувьсгал маань өлхөн бүтчих юм биш үү? Бодогтун, сэтгэгтүн!
Д.Баярхүү /baabar.mn/
()
Discussion about this post