Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.
Гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг нэвтрүүллээ. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, энэ сарын 02-ны байдлаар нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжлаа.
Тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд бүрэн шилжүүлээд байна.
Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллароор өслөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгасан, энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ.
Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Үүнд:
1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх
2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх
3. Бүтцийн цогц реформ хийх
4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх
5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах
Энэ зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа тэрбээр танилцуулжээ.
“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.
Товч мэдээ
· Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекстан Улс болон Гүрж Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцэн дэмжив.
()
Discussion about this post