Д.ДОРЖДУЛАМ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Хонгор нутгийн Эрдэнэсувд гэдэг зөн билэгтэн үзмэрч, бариач бүсгүй нийслэлд ирсэн сурагтай. Нутгийн хүний хувьд та түүнтэй холбоо барьж утсыг нь олж өгч туслаач гэж хэд хэдэн хүн над руу утасдсан юм. Тэдэнд туслахыг бодож нутгийнхнаасаа асууж сурсаар утсыг нь олж Эрдэнэсувдтай уулзаж ярилцав.
Уг удмыг нь сонирхвол 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин ард Гомбын анхдагч охин болж мэндэлжээ. Бага насаа малчны хотонд ээж аавдаа тусалж өнгөрөөсөн. Найман наснаасаа сум, аймгийн бага, дунд сургууль дамжин 1982 онд аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийг дүүргэжээ. Нийслэлд ирж Соёл гэгээрлийн дунд сургуульд суралцаад 1986 онд уг сургуулиа төгсөж нутагтаа ирээд Эрдэнцогт, Баян-Овоо сумдад соёлын ажилтны алба хашиж байв. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж олон хүн ажил, мэргэжлээ сольж бужигнаж эхлэхэд Эрдэнэсувд ч бас амьдралын өөр замыг сонгох болжээ.
Тэр малчин удмын гаралтай ч удам угсаанд нь далдыг хардаг увдистай, энергитэй том лам хуврага нэг биш байжээ. Эрдэнэсувд багадаа далдыг хардаг, дом шившлэгээр амьтан хүнд тус болдог ойрын төрлийн Цэрэнгүртэм хэмээх том лам ахындаа тусалж манж, цавыг нь бэлтгэж төрсөн үр шиг нь хайрлагдаж өссөн байна. Нутаг нугынхан, ах дүүсдээ Даадай хэмээн хүндлэгддэг Цэрэнгүртэм ламтан 1979 онд таалал болж залдаг сахиусаа Эрдэнэсувдад үлдээжээ. Тэр цагаас хойш түүний биед их илч дулаан мэдрэгдэж бас заримдаа алсад байгаа юмс үзэгдэж гурав дахь мэлмий нээгдсэн гэнэ.
Тийм үед өөрийгөө янз бүрээр сорьж сонждог байж. Идэр есийн хүйтэнд хунгарласан цасанд алгаа ойртуулахад алганы нь аясаар цас хайлж гар хөл нь халуу дүүгээд байх болов. Нүцгэн биедээ халбага сэрээ, үзэг харандаа цаас зэргийг ойртуулахад соронзонтой юм шиг татаад тогтоочихно. Айлынх нь Билгээ бүсгүйн хоёр хөх хавдаад орж ирэхэд халуун гараараа илж бариад байтал хавдар нь харьж эдгэрчээ.
Эцэг өвгөд, удам угсаанаас нь өвлөгдсөн өгөгдөл өөрт байгаа нь мэдрэгдээд байсан болохоор тэр бариа заслын дамжаанд сурч бариа засал хийх эрхийн үнэмлэхтэй болсон байна. Бариа заслын үнэмлэхтэй болсон, биед нь бусдаас илүү илч энерги хуримтлагдсан ч цаашид сурч мэдэх зүйл их байгааг ухамсарлаж хүний бие махбодийн тогтолцоо, хүн байгаль хоорондын шүтэлцээг, өвчнийг судсаар хэлээр оношилж эмчлэх, ялангуяа цэгийн бариа засал хийх гээд ардын уламжлалт эмчилгээний арга барилд бие даан уйгагүй суралцсаны эцэст хүн барьж эмчлэх итгэл үнэмшил өөрт нь буй болжээ.
Хөх толгойн бариач. Эрдэнэсувд 2000 оноос бариа заслын ажлаа эхэлжээ. Энэ үеэс л түүний Хөх толгой дахь гэрт хүний хөл тасрахгүй болж нутгийнхан нь Хөх толгойн бариач хэмээн хүндлэн дууддаг болсон аж. Бариа заслаар олон хүнийг өвчин шаналлаас илааршуулахдаа дом шившлэгийн аргыг хослон хэрэглэдэг гэнэ. Түүнээс гадна бариа засал хийхэд ч алдаж гээснийг олох, үрийн болон ханийн заяа дуудах, борлогдохгүй эд хөрөнгийг борлуулахад дом шившлэгийн хүч их чухал гэж тэр ярив. Ээжийнх нь төрсөн ах Мөнхгялхай гэж Ямандаг сахиус залдаг шашны ном эрдэмд гаргуун түүгээрээ хүн зонд тус болдог том лам байж. Тэр 2004 онд таалал болохдоо энэ сахиус манай удмын эмэгтэй талын гурав дахь үеийн есөн улаан мэнгэтэй бүсгүй хүнд өвлөгдөх учиртай юм шүү гэж захижээ. Садангийнх нь Ханд эгч нь уг сахиусын эзэн нь чи мөн гэж хэлээд шашны эд хэрэгслийнх нь хамт Эрдэнэсувдад авчирч өгсөн гэнэ.
Айлган үйлдэгч хэмээх Ямандаг сахиусыг шашны зан үйлийн эд хэрэгсэлтэй хүлээн авснаас хойш шашны холбогдолтой судар номыг уйгагүй судалж эхэлжээ. Өөрийн болон байгалийн эрчим хүчийг ашиглан сахиусаар дамжуулан шидийн бүтээл, махбодийн зурхай, мэргэ сүлдний гүн засал, долоон хүрдний учрыг олж хэрэглэх, арга билэг, үйлийн үрийн хэм тэгшлэх гээд маш олон дом шидэт тарнийн аргад суралцаж сурч мэдсэнээрээ ард олондоо тусалж явна гэж Эрдэнэсувд ярьсан юм. Үүнийг нь шалгаж нягталсан Зурхай судлалын Академи түүнд “Хүндэт засалч” өргөмжлөл, “Хүндэт академич” цол олгожээ.
Эрдэнэсувд доргисон тархи толгой барихаас эхлээд үе мөч, зүрх судас, давсаг бөөрний архаг хуучтай олон хүнийг илааршуулсан байна. Бас нэг сонин зүйл гэвэл нүхэнд унаж бэртсэнээс үүдэн хэлгүй болсон хэд хэдэн хүнийг хэл оруулсан байх юм. Түүний заримаас дурдвал 2003 оны аравдугаар сарын 20-нд “Алтан ус” гэдэг газар шөнө ганцаараа айж яваад нүхэнд унаж хэлгүй болсон Түвшинбаяр Эрдэнэсувдаар гурав хоног бариулаад хэл оржээ. 2012 оны зургаадугаар сарын 6-нд Бүжинлхам гэдэг 25 настай бүсгүй хэлгүй болоод эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд тусыг эс олсон учир Эрдэнэсувдад ирж ганц удаа бариулаад хэл орсон байх жишээтэй. Энэчлэн Эрдэнэсувдаар барьж эмчлүүлээд эдгэж илааршсан янз бүрийн өвчтэй хүмүүсийн нэр хаяг, утасны дугаар, он сар өдөртэйгөө түүний тэмдэглэлийн дэвтэрт тодорхой байна билээ.
Есөн зоосны мэргэч. Дээхэн үед алдуул малаа хайсан Хангай нутгийн залуу хархүү аймаг алгасч, хошуу гулсан явсаар замд тааралдсан айл амьтнаас адуугаа сурсаар яваад говь нутагт ирж эрлээ олжээ. Адууг нь алдаж асгалгүй тоо бүрэн мэнд адуулан маллаж байсан айлын гоо охинд сэтгэлтэй болж говь нутгийн айлд хүргэн орсон тухай манай говийнхон ярьдагсан. Эзэнгүй малыг өөрийн болгочих сувдаг сэтгэлтэнгүй сайхан ч цаг, сайн ч хүмүүс байж дээ тэр цаг. Өнөөдөр бол хоттой хонийг нь шөнө дөлөөр туугаад явчих, бэлчээрт идээшилж буй малыг галт зэвсгээр хөнөөгөөд ачаад явчихдаг хулгайчид захаас аван олон болж улс даяараа тэмцээд ч хүчин мөхөсдөж байгаа биш билүү! Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг.
Мал сүрэг, эд хөрөнгөө алдсан хүмүүс эрэл мухардахаараа Эрдэнэсувдад биеэр очих, утсаар ярьж асуух нь олон. Эрдэнэсувд ч тэр бүхэнд цааргалахгүй. Есөн зоосоо хэд зайлаад л алдсан мал нь аль зүгт, хэдэн км-ын зайд байгааг нүдээр харсан юм шиг л хэлээд өгнө.
Хулгайд алдсан эд юмсыг ч ялгаагүй хэлнэ. Хэлсний нь дагуу яваад очиход яг л байж байна. Байж байхаар үл барам заримдаа эзнийг нь очтол хулгайчийг нь тогтоож байсан удаа ч бий. Хэдэн жилийн өмнө Баацагаан сумын иргэн Дорждагва гэдэг хүн тэрэгний ганц морио алдчихлаа гээд иржээ. Эрдэнэсувд есөн зоосоо хэд зайлаад үзтэл хулгайч нь баруун хойд зүгт өртөө шахам зайд айлын баруун орон дээр хэвтэж байгаа харагджээ. Тэгээд Дорждагва гуай та одоохон тийшээ оч. Би хулгайчийг нь тогтоож байя гэв. Хэлснээр нь яваад очиход “Ботго” хочит Оюун гэгч шилийн сайн эр бөөр татчихлаа гээд Равдан гэдэг айлын баруун орон дээр хэвтэж байв. Унасан морио алдчихаад таны мориор хөл залгаж явсан юм. Уучлаарай гээд хулгайч нь хулчигнаж байжээ.
2013 оны зун Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хэрэгтнээ оргуулж алдаад хэд хоног эрээд эрэл мухардахдаа үздэг хардаг гэсэн болгон дээр очоод эцэст нь Эрдэнэсувд дээр иржээ. Эрдэнэсувд мэргэлж үзээд та нар эрсэн хүнийхээ хажуугаар л өнгөрөөд байна. Тэр хүн чинь нүхэн дотор л хэвтэж байна, дөрөв тав хоногоос илүү тэндээ тэсч чадахгүй гараад л та нарт баригдана гэв. Гэтэл оргодол нь траншейний нүхэнд тав хоноод өтгөн шингэнийхээ үнэрт байж чадахгүй гарч яваад баригдсан гэнэ.
2014 оны долдугаар сарын нэгэнд аймгийн төвийн “Уран хайрхан” ресторанд хуримын цайллагын үеэр иргэн П.Бат-Амгалан үнэтэй хөөрөг, утас, түрийвч зэргээ алдаад Эрдэнэсувдад үзүүлжээ. Эрдэнэсувд зоосоо гүйлгэн бас дом шившлэг уншаад долоо хоногийн дотор хөөргийг гэрт чинь аваачиж өгнө гэв. Гэтэл долоо дахь хоногийн өглөө үл таних залуу хөөргийг нь авчирч өгсөн гэж Бат-Амгалангийн гэргий Б.Тогосмаа саяхан ярив. Энэ мэтчилэн алдаж гээснийг төдийгүй төөрсөн хүн машин, тэр бүү хэл олон жилийн өмнө нутаглуулаад олохоо байсан талийгаачийн цогцсыг хүртэл олоод өгсөн баримт байх юм. Эрдэнэсувдаар олон удаа үйлчлүүлсэн одоо ч үйлчлүүлсээр байгаа тус аймгийн Баян-Овоо сумын малчин Дашравдангийн Шагдарсүрэн гэдэг эмэгтэйтэй саяхан утсаар холбогдож ярилцсан юм.
Тэр ярихдаа 2013 оны Цагаан сарын шинийн таванд гэнэт тэнгэр муудаж цасан шуурга шуурч юу ч үзэгдэхгүй болоод манайх хоттой найман зуу гаруй малаа шуурганд уруудуулаад алдчихлаа. Маргааш нь ойр орчмоороо эрээд олсонгүй. Эрдэнэсувд эгч дээр очиж асуулаа. Есөн зоосоо гүйлгэж үзээд хонь чинь зүүн хойшоо зуслан өөдөө явчихсан байна. Гэрээсээ зүүн хойш арваад км яваад замын айлаас асуу. Нэг ямаа тэдний хотонд үлдчихэж, дөрвөн хонь тасарч айлын ойролцоо хоцорчээ. Бусад нь бүрэн байна гэв. Хэлсэн ёсоор нь зүүн хойшоо найман км хэртэй явтал нэг хот айл байсан. Тэднийхээс асуувал танай хонь өчигдөр зуслангийнхаа нуруу өөд явчихсан. Нэг ямаа манай малд нийлээд үлдсэн гэв. Дөрвөн хонь тэдний ойролцоо байсан. Бусад мал нь зуслангийнхаа нуруунд тухтайхан идээшилж байсан.
Бас 2015 онд манайх айлын адуу маллаж байгаад алдчихлаа. Бас л Эрдэнэсувд үзмэрчдээ очлоо. Мэргэлж үзсэнээ адуу чинь Дээд хангайд уулын оройд модон дотор байна. Нэг адууг нь боохой зооглочихжээ. Хоёр адуу сүргээсээ тасраад алга болсон, бусад нь бүрэн байна гэлээ. Яваад очиход хэлсэн нь яг л таарсан, үнэхээр нэг адууг чоно идсэн байв. Хоёр адуугаа хожим олсон гэв. Ойрдоо төлөгчтэй уулзаж ярьсан уу гэж Шагдарсүрэнгээс асуулаа. Уулзалгүй яах вэ. Энэ жил манай нутагт ган болоод ялангуяа урт хөлийн мал идээшлэх бэлчээргүй болсон. Хэдэн адуугаа хааш нь явуулмаар байна гэж энэ намар Эрдэнэсувд эгчээс асуулаа. Дээд хангайд гаргачих аа. Танайх чинь их бага хээр зүсмийн хоёр азарга адуутай юмаа даа. Бага хээр нь шижээргүй ааштай юм байна гэв. Манайх ямар зүсмийн хэдэн азарга адуутайг огт мэдэхгүй атлаа харсан юм шиг л хэлсэн. Үнэхээр ид шидтэй гайхалтай хүн шүү гэж Шагдарсүрэн ярив.
-Зоосны мэргэ хэрхэн буудгийг нь сонирхож асуухад, есөн зоосоо алган дээрээ дэлгээд нэг эргүүлэхэд гарын хурууны үзүүр, хумсны завсар халуу дүүгээд хүний асуусан юмс аньсганд шууд харагддаг юм. Харин түүнийгээ амжиж түргэн хэлэх л чухал байдаг гэж Эрдэнэсувд итгэлтэйгээр ярив.
Үрийн заяа дуудах увдис. Хүслээр болдоггүй хүний хорвоод идэх уух, эдэлж хэрэглэх, эд хөрөнгөөр дутаагүй ч үнэрлэх үрийн заяа дутаж битүүхэндээ шаналж зовсон хос алийг тэр гэх вэ. Тийм хүмүүст хүслийг нь гүйцээж үнэрлэх үртэй болгодог Эрдэнэсувдын нэрийг хэлэхээс ч цээрлэж “багш” хэмээн хүндэлж явдаг хүн цөөнгүй байх юм. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, эдүгээ нийслэл Улаанбаатарын суугуул Т.Галбаяр гэдэг эмзүйч бүсгүйтэй утсаар холбогдож ярилцав.
Т.Галбаяр хань Алтанхүлэгтэйгээ гэрлээд таван жил гаруй болоход үр заяасангүй. Эмчид үзүүлэхэд хүүхэд олохгүй шалтгаан алга гэдэг байж. Хэн хэн нь үрийн хүслэн болсон хос залуус бие биедээ хайртай ч яваандаа сэтгэл хөндийрч холдож ч болзошгүй болж, бас хадмынхан нь нойтон сормуустай юмны заяагүй гэж ад шоо үзэх янзтай болжээ. Ийм үед эмэгтэй хүний сэтгэл хэрхэн хямрах нь тодорхой. Хүн зоноос сурагласаар 2015 онд Эрдэнэсувдад очиж үрийн заяа дуудуулав. Төд удалгүй анхны үрээ хэвлийдээ тээлээ. Хүсэн хүлээсэн үрээ 2016 онд тосон авч Олддоггүй хэмээх нэрийг баруун чихэнд нь шивнэжээ. Олддоггүйг ойндоо дөнгөж хүрч байхад нь удаах хүү нь мэндлэв. Түүндээ Олдсон гэдэг нэр хайрлажээ. Хоорондоо ганцхан насны зөрүүтэй оонын эвэр шиг хоёр хөөрхөн хүүтэй болсон Галбаяр, Алтанхүлэг нар үрийн заяа хайрласан Эрдэнэсувдыг “багшаа” гэж хүндлэн хамаг бүхнээ даатгадаг, хүүхдүүд минь шуухинаа хүрч халуурч бүлээрсэн ч багшдаа л очиж адис авдаг гэж Галбаяр бүсгүй чин сэтгэлээсээ бахдан ярьж байлаа. Үрийн заяаг Эрдэнэсувдаар дуудуулж үр хүүхэдтэй болсон айл өрх Баянхонгор аймагт тэр дундаа Бөмбөгөр суманд цөөнгүй байдаг гэнэ.
Тус сумын цагдаа Энхбатынхаас эхлээд хэд хэдэн айл байгаа нь Эрдэнэсувдын тэмдэглэлийн дэвтэрт бүгд бичээстэй байв. Тэдний заримаас дурдвал тус сумын иргэн Эрдэнэбат эхнэртэйгээ ханилаад 22 жил, Хүрэлбаатар гэрлээд бас л 22 жил болохдоо үр хүүхдийн хүслэн болсоор байжээ. Энэ хоёр гэр бүл Эрдэнэсувдаар үрийн заяа дуудуулаад Эрдэнбатынх Гансувд гэдэг охин, Хүрэлбаатарынх Хоролсүрэн гэдэг хүүтэй болжээ. /Хүрэлбаатарын хүүд Эрдэнэсувд Хоролсүрэн гэдэг нэр хайрласан гэнэ./
2017 оны зургаадугаар сарын нэгэнд Эрдэнэсувд алс холын Ховд аймгийн Алтай сумаас нэгэн үл таних зочин хүлээн авчээ. Энэ бол үрийн хүслэн болж алс холоос Эрдэнэсувдыг зорьж ирсэн Түмэнцэцэг бүсгүй байв. Түмэнцэцэг Эрдэнэсувдын гэрт нь гурав хонож үрийн заяа дуудуулаад буцжээ. Гэртээ хариад наймдугаар сард жирэмсэлж 2018 оны нохой жилд хүсэн хүлээсэн хүүгээ тосон авсан баярт мэдээгээ Эрдэнэсувдад дуулгасан байна. Эрдэнэсувдаар заяа төөргөө дуудуулан байж хүний хорвоод мэндэлсэн 53 үрийн түрүүч аль хэдийнэ эрийн цээнд хүрч эх орондоо хүчээ үнэлүүлж яваа бол тэдний отгод нь ертөнцөд дуугаа хадаан мэндлэх мөчөө хүлээж эхийнхээ халуун дулаан хэвлийд тухтайхан байх ажээ.
Ханийн заяа дууддаг увдис. Хосоор амьдардаг хорвоод ижил ханиа олохгүй ганцаардахын гачлан болсон хүн цөөнгүй байдаг билээ. Тийм хүмүүс бас Эрдэнэсувдад хандах нь нэг биш байдаг ажээ. 2009 оны намар Баянговь сумын харьяат Мэндээ гэдэг бүсгүй ижил ханиа олохгүй өдий хүрснээ учирлаж ханийн заяа дуудуулжээ. Тэр бүсгүй 2010 онд сэтгэлд нийцсэн халамжтай сайн ханьтай боллоо. Ижил ханийг минь дуудаж ирүүлсэн эгч Тандаа баярлалаа хэмээн сэтгэгдлээ ирүүлжээ. 2005 онд ханийн заяа дуудуулаад тэр жилдээ ханьтай болсон Баянхонгор аймгийн төвийн эмнэлгийн сувилагч Ариунаа, би ийм сайн ханьтай боллоо. Бие биенээсээ төөрч явсан бидэн хоёрыг учруулсан тандаа их баярлалаа гээд ханиа дагуулж иржээ. Энэ мэт Эрдэнэсувдын ачаар хорвоог хосоор туулахын жаргал эдэлж яваа хүмүүс цөөнгүй гэлээ.
Эд хөрөнгө борлуулдаг ид шид. Эрдэнэсувд үзмэрч худалдан борлуулах гээд бүтэхгүй байгаа эд хогшил, хашаа орон сууц, газрыг түргэн борлуулж тусалдаг ид шидтэй гэж хүмүүс ярихыг сонсож заримтай нь уулзаж ярилцав. Түүний ид шидийг гайхшран ярьдаг хүмүүс төрсөн нутгийнхных нь дунд олон байх юм. Тус аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн харьяат Д.Амгаланбаатар Харганын худаг дахь тахианы зориулалттай байр, газраа худалдах гэж хэдэн жил оролдоод чадаагүй гэнэ. Эрдэнэсувдад хандаж түүнийгээ түргэн борлуулж өгөхийг хүсэхэд, хэдэн жил хүлээсэн байр газар нь дорхноо эзнээ олсон гэв. Улаанбаатарт ч байр сууц машин, газраа Эрдэнэсувдаар борлуулуулсан хүн цөөнгүй байдаг ажээ. Улаанбаатар хотын иргэн Жамъянхорлоо эзэмшил газраа борлуулж чадахгүй байгаад улмаар 2016 оны гуравдугаар сарын 20-нд Эрдэнэсувдтай уулзаж туслахыг хүсчээ. Уулзсанаас хойш хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 25-нд удаан хүлээсэн газраа худалдсан байх жишээтэй. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул Ч.Рэнцэнханд гэдэг эмэгтэйтэй уулзаж ярилцав. Түүний ярьсныг дор сийрүүлье. Би Эрдэнэсувд эгчтэй 2015 онд танилцсанаас хойш одоо хүртэл холбоотой байдаг. Ач тусыг нь ч авч үргэлж баярлаж явдаг юм. 2016 онд манайх байраа зарах гээд оны турш хэвлэл мэдээллээр зар өглөө. Хүмүүс үзээд л байсан мөртөө авах эзэн олддоггүй. Би 2017 оны наймдугаар сард Эрдэнэсувд эгч дээр очиж байрыг маань түргэн борлуулж өгөөч гэж хүсэв. Бүтэн жил зар өгөөд борлогдохгүй байр маань зар огт өгөхгүй байтал ганцхан сарын дотор /есдүгээр сард/ танайхыг байраа зарах гэж байгааг хүнээс дууллаа гэж таньж мэдэхгүй хүн ирээд шууд авчихсан. Эрдэнэсувд эгч нийслэлд сууршихаар болсонд нь би их олзуурхаж байгаа юм. Энэ хүн үнэхээр ид шидтэй эмэгтэй шүү гэж ярив.
Шавийнхаа тухай багшийнх нь яриа. Эрдэнэсувдыг соёл гэгээрлийн сургуульд сурч байхад багш нь байсан зохиолч М.Тогмид түүнийг сайн мэдэх хүний нэг нь би гэж өөрийгөө тодорхойлов. Жинхэнэ удам дамжсан зөн билэгтэн. Ертөнцийг харах гурав дахь мэлмий нь нээгдсэн хүн гэвэл би Эрдэнэсувдыг л хэлнэ гэж Тогмид зохиолч шавийнхаа талаар товч бөгөөд тодорхой дүгнэв. Тэр цааш нь ярихдаа Эрдэнэсувд төрмөл авьяас билэгтэй, бусдаас илүү био эрчим хүчтэйн дээр авьяас билгээ хөгжүүлэхийн тулд ардын уламжлалт эмнэлэг, шашны зан үйл, дом шившлэгээс авахуулаад бие даан их зүйлийг сурсан, одоо ч суралцсаар байна. Тэр авьяас зөн билэг, мэдлэг оюуныхаа хүчээр олон түмэнд тус болж яваа буянтай нэгэн. Эрдэнэсувд багын
л ааш зан сайтай, төлөв даруу, нөхөрсөг тусч сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Ер нь хүн хүнээс онцгой байгалиас заяасан өгөгдөлтэй ховорхон хүн гэж шавиараа бахархаж бас хүндэлж явдаг юм. Би ч өөрөө ач тусыг нь авсан тохиолдол нэг биш байсан гэж ярьсан юм.
Энэхүү нийтлэлийг тэрлэгч миний бие зөн билэг, дом шившлэг, ид шидийн тухай өчүүхэн ч мэдлэггүй нэгэн билээ. Уг нь сэтгүүлч хүн мэдэхгүй зүйлээ бичих ёсгүй гэсэн бичигдээгүй хуультай байдаг. Гэвч ийм авьяас билэг, зөн билэгтнийг хайж сурагласан хүн цөөнгүй байдгийг ойлгоод Эрдэнэсувдаар үйлчлүүлж ач тусыг нь авсан хүмүүстэй биечлэн уулзаж, заримтай нь утсаар ярьж амьд яриаг нь сонсоод олон түмэнд тус болуужин хэмээн сэтгээд сэтгүүлч мэргэжлийн маань “өвчин” хөдөлж намайг үзэг, цаас нийлүүлэхэд өөрийн эрхгүй хүргэсэн билээ. Андуу ташаа зүйл энд орсон байх аваас уншигч түмнээсээ хүлцэл өчсүү.
Хэрэв Эрдэнэсувд үзмэрчтэй холбоо барихыг хүсвэл 88118306, 88145909 гэсэн утастай юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)
()
Discussion about this post