Богд хааны ордон музейн үзмэрт буй Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон дара эх” шүтээн нь 1706 оны орчим бүтээгдсэн болов уу хэмээн таамаглагдаг. Цагийн ороо бусгааг даван туулж өдгөө бидэнд өвлөгдөхдөө анхны эх төрхөөрөө үе дамжин ирсэн, Дэлхийн урлагийн хойморт зохих ёсны байр сууриа эзэлсэн сод бүтээл юм. Гурван цагийн бурхдын эх болох Ногоон дара эх нь нигүүлсэнгүй бодь сэтгэлт эх хүний сонгомол дүр бөгөөд Монгол эмэгтэйн төгс галбирыг бурхны тигтэй зохируулж, зөвхөн Занабазарын л гэх “төгс” тигийг бий болгосон юм. Мөн уг урлалын чимэглэл болох тэргүүн дэх ригна, мөрөн тушаагаас дэлгэрсэн бадамлянхуа, алтан бумбалыг нь халхалж ядах нимгэн торго, завилгаат суудалтай галбирт нь төгс харьцаа бүхий боргоцойлон тулах бад зэрэг нь зөвхөн нэг цутгалтаар бүтээгдсэн мэт огт гагнаасгүй байдаг нь уг урлалын дахин давтагдашгүй чанарын нэг илэрхийлэл болдог. Дахин давтах, хуулбарлахын аргагүй илэрхийлэл нь зөвхөн Занабазарын л гэх тодотгол бүхий “нэрэх” аргаар цутгажээ.
Энэ нь хүрлийг тодорхой сорьц бүхий есөн эрдэнээр баяжуулж дотроо хөндий цутгаж алтаар шарсан бөгөөд гагцхүү Занабазарын дэг сургууль буюу гарын шавь нарт нь л ингэж цутгах эрдэм чадвар байжээ. Тиймдээ ч орчин үеийн цутгуурын урлаг болоод шинжлэх ухаан ч /шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй ба хийх боломжгүй/ тоймтой тайлбар хийж чадахгүй байгаа нь “Ногоон Дара Эх”-ийн чинад нууц, үнэт чанар нь юм.
Гэтэл цахим орчинд хэн нэгний нэр хүндэд нөлөөлөхийн тулд уг бүтээлийг Занабазарын мутрын бүтээл бус хуулбар гэх ташаа мэдээллийг зориуд тарааж буй нь манай музейн ажилтан албан хаагч, урлаг судлалын эрдэмтэн мэргэд, гадаадын болон дотоодын мянга мянган үзэгч үйлчлүүлэгчдийг илтэд басамжилсан үйлдэл болж байна. Тиймээс тул уг ор үндэсгүй мэдээлэлд автахгүй байх, улмаар түгээхгүй байхыг БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН САН ХӨМРӨГ, БҮРТГЭЛ СУДАЛГААНЫ АЛБА уриалж мэдэгдэл гаргажээ.
Энэхүү зөвхөн ганц бүтээгдсэн сод бүтээлийг үзэх гэж гадна дотны судлаачид, аялагчид олон тоогоор ирдэг нь Монголд аялал жуулчлалыг татах томоохон бүтээгдэхүүн болдог аж. Манай улсын бахархалт шүтээнийг элдэв ховоор гутаан сэвтээхгүй байхыг уриалжээ.
Discussion about this post