Супер модель Жизель Бюндхен, Америк хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин Том Брэди нар 13 жил хамт амьдарсны эцэст гэр бүлээ цуцлуулснаа зарлав. Энэ тухайгаа 45 настай Брэди, 42 настай Бюндхен хоёр тус тусынхаа инстаграм хуудсандаа зарласан юм.
“Эхнэр бид хоёр гэр бүлээ салгаж дууслаа. Бид энэ шийдвэрт хүрэхдээ эв найрамдалтай байж, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа талархалтай хандаж байна. Цаашид бидний ертөнцийн төв хэвээр байх гайхамшигтай сайхан үр хүүхдүүдээрээ бид холбоотой байх болно” гэж Том Брэди бичжээ.
Харин Жизель Бюндхен “Мэдээж хэрэг ийм зүйлийг даван туулах нь хэцүү ч гэсэн би хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаандаа талархаж, Томд сайн сайхан бүхнийг хүсэж байна” гэжээ.
Сүүлийн өдрүүдэд тэднийг салах гэж байгаа тухай яриа гарч, тэднийг гэр бүл цуцлуулах өмгөөлөгч хөлсөлсөн тухай мэдээ тарж байв. Хоёр хүүхдээ өсгөх зорилгоор моделийн ажлаа завсарлаад байсан Жизель Бюндхен салбартаа эргэн ирж буй тухай Elle Magazine сэтгүүлд ярьсан. Тэрбээр “Би ээж, эхнэр хүнийхээ хувьд маш их сэтгэл хангалуун байна. Одоо миний ээлж болсон” гэж тэр ярьж байжээ.
Тэд хоёул спорт, хувцас загварын салбарын хамгийн өндөр орлоготой томоохон од. Том Брэди долоон удаа Супер Боулын аварга болж байсан бөгөөд Үндэсний Хөл бөмбөгийн Лигт 23 улирал тоглохдоо 332 сая ам.долларын орлого олсон гэдэг. Мөн Under Armour, Hertz Global Holdings Inc зэрэг томоохон компанитай сурталчилгааны гэрээ байгуулж байсан юм. Одоо Tampa Bay Buccaneers клубт тоглож буй Том Брэди зодог тайлсныхаа дараа Fox Sports сувагт спортын шинжээчээр ажиллахаар төлөвлөж байна. Түүний 10 жил ажиллах гэрээ 375 сая ам.долларын үнэ хүрч буй тухай New York Post саяхан мэдээлсэн юм.
Бразил гаралтай супер модель Жизель Бюндхены хувьд Chanel, Louis Vuitton, Calvin Klein, H&M зэрэг брэндтэй гэрээтэй ажилладаг. Victoria’s Secret брэндийн сахиусан тэнгэрээр олон жил ажилласан билээ. Спорт, загварын од хос 2021 онд криптовалютын FTX компанид хувь эзэмших болсон юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр сард 32 тэрбум ам.долларт хүрч байжээ.
()
Discussion about this post