Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй бүжгийн наадамд хоёр улсын 500 гаруй бүжигчин оролцож буй юм. Бүжгийн наадмыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хамтарсан “Сүүн зам” соёл урлагийн наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж манай хоёр орны нандин хэлхээ холбоог бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ танд гүн талархал илэрхийлье. Түүхэн 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, өвөрмөц нандин өв уламжлалыг хуваалцан дэлгэсэн найрамдалт нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Энэхүү наадам нь Япон Улсын өв соёл, үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг монгол үндэсний болон орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан үзүүлэх, үүх түүхээ таниулах, хоёр улсын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдахад нэн таатай байна. Цаашид Монгол Улс, Япон Улсын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, улам бэхэжнэ гэдэгт Улаанбаатар хотын зүгээс итгэлтэй байна. Аливаа улс орны ард түмэн хэл соёл, түүх, шашин, зан заншлаар ялгардаг хэдий ч соёл урлагаар дамжин дуу бүжиг хэмээх нэг хэлээр ярьж, ойлголцож чаддаг” хэмээн онцоллоо.
Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ “Сүүн зам наадам нь Япон улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Японоос зорин ирсэн бүжигчид та бүхэнд болон энэ наадмыг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хоёр орны холбогдох хүмүүст талархал илэрхийлье” гэв.
“Сүүн зам” бүжгийн наадмын үеэр төв талбайд үзэсгэлэн, яармаг худалдаа гарснаас гадна хоёр орны үндэсний бүжиг толилуулж байгаа юм. Ийнхүү Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийн урлагаас танилцуулж, Япон, Монгол орны бүх уран бүтээлчид хамтдаа бүжиглэснээр наадам өндөрлөх юм. Японы үндэсний бүжиг “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг аж.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Discussion about this post