Капиталист эдийн засгийн хамгийн эмзэг нь эрэлт. Ажиллах хүч, үйлдвэрлэлийн хүчин чадлын ачаалал, улмаар үйлдвэрлэл нь эрэлтээр хязгаарлагдаж, эдийн засгийн хөгжлийг нь нөхцөлдүүлдэг гэдгийг Марксын үеэс бид мэднэ.
Социалист эдийн засгийг хязгаарлагч, хамгийн эмзэг нь нөөц ресурсын хомстол буюу товарын нийлүүлэлтийн мөнхийн хомстол гэдгийг Я.Корнай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Бид хомстлын эдийн засгийг биеэрээ амссан. Эрэлт үгүй (хятад худалдан авахгүй бол) нөхцөлд байдал хэрхэн хүндэрдгийг сүүлийн хэдэн жил мөн амсаж байна.
Төр нийгмийг авч явдаг институц бүрэн бүрэлдэж төлөвшөөгүй мөн зах зээлийн “хуй салхи” зэрэг нь хөрөнгө оруулалтыг дэндүү эрсдэлтэй. тэгээд ч капитал хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн зах зээл нь бүрэлдээгүй. Энэ нөхцөлд панзлалын буюу мөнгөө нэг эргэлдүүлээд гарах хүсэлтэй хөрөнгө оруулалт элбэг болсон.
Уул нь Монголын эдийн засгийн хувьд дотоодын эрэлт, нөөц ресурс нь хангалттай. дутаад байгаа нь капитал хөрөнгө оруулалт түүнийг хангах дэд бүтэц, ялангуяа санхүүгийн дэд бүтэц.
Энэ нөхцөлд Төр эрсдэлийг өөрөө үүрч, бизнес сонирхохгүй байгаа хүмүүн капитал (боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны хавсарга судалгаанд) болон дэд бүтцэд хөрөнгө оруулагч болох ёстой гэж Кейнс гарцыг нь хэлж өгсөн.
Дэд бүтэц, хүмүүн капитал ба шинжлэх ухаан гэсэн тулгын гурван чулуунд тулгуурлан нэг үе Азийн барууд гэгдэж байсан улс орнууд босож ирсэн. Хятад ч мөн иймэрхүү замаар босоод ирлээ. Ингэхдээ хувийн секторын хөгжилд ямар ч саад тотгор болохгүй байх, төр нь манлайлан хэрэгжүүлж буй шинэтгэлд тэд дэм болно гэдгийг итгэл үнэмшлээ болгосон хүмүүс төрөө удирдан залж ирлээ. Ингэснээр “тотальный дефицит” бүхий социалист хэв маягаас, түм бумаар нь гудамжинд хүмүүсийг гаргадаг ажилгүйдлээр хязгаарлагдсан капиталист хэв маягаас сэргийлнэ гэж тэд үздэг.
Өнөөгийн монгол нь дээрх гажиг: монопсони болон дэд бүтцээр хязгаарлагдсан эрэлт, социалист хомстолтой (ялангуяа санхүүгийн) нүүр тулж эхэллээ. Дээр нь популизмд дөрлөгдсөн улс төрчид хүмүүн капиталд гэхээсээ халамжийн тэтгүүлэх сэтгэлгээг өөгшүүлсэн алхмуудыг өрсөлдөн хийдэг боллоо.
Товчхондоо, шийдэл нь ил харагдаад байхад харин эдийн засгийн бараг бүх формацийн хамгийн сул эмзэг зүйлс, хамаг өвчин эмгэгийг нэг дор хуримтлуулсан “үлгэр жишээ улс” болох эрхэм зорилго дэвшүүлсэн улс шиг байх юм.