Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ залуу, туршлага бага боловч Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, ажилч хичээнгүй хүн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Одоо халамжийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлогод шилжих тухай, нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөлийн чухал ач холбогдолтой асуудлын тухай ярьж байгаа. Энэ зөв чухал бодлого амжилттай хэрэгжих эсэх нь Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өсгөх, ажлын байрыг өргөтгөж иргэдийнхээ хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах болно.

Д. Содном гуай та 1990 оны эх хүртэл Монгол улсын засгийн газрыг тэргүүлж байсан 14 дэх Ерөнхий сайд. Тантай орчин үеийн асуудлаар ярилцах завшаан тохиосонд талархаж байна.

-Улиран одож буй Үхэр жил таны хувьд болон улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн бодлого үйл ажиллагаа хэрхэн явагдаж өнгөрөв?

-Сүүлийн хоёр жил дэлхийн бараг бүх улсад эдийн засаг нь өсөлтгүй, юмны үнэ инфляц өссөн, иргэдийн амьдрал хүндэрсэн жилүүд байлаа. Манай улс мөн тийм зовлонг туулж байна. Цар тахалын халдвар хэзээ арилж хэвийн амьдралд шилжихийг таах аргагүй.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэмээх залуу хүн энэ хүндрэлтэй үед зөв бодлогоор ажиллаж чадаж байна уу?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу, туршлага бага боловч Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, ажилч хичээнгүй хүн. Энэ хүндрэлтэй үед тулгараад байгаа эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөв бодлогоор шийдэж, улсдаа байгаа нөөц бололцоог ашиглан ажиллаж чадаж байгаа Засгийн газрын тэргүүн гэж үздэг.Цар тахлын халдвараас хэсэг хугацаанд хамгаалах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан, аргагүйн эрхэнд халдвар тархаж эхлэх үед бизнес, хөдөлмөр эрхлэлтэд саад болох хөл хорионы дэглэмийг сулруулж, вакцинжуулалтыг өргөн хэмжээгээр зохион байгууллаа.Манай улс вакцинжуулалтад иргэдээ бүрэн хамруулж чадсан цөөн улсын нэг байх шүү.

Засгийн газар маань цар тахалын уршгаар ард иргэдээ хэт ядуурлын аюулд нэрвэгдэхээс хамгаалахын тулд нийгмийн халамжийн арга хэмжээг эрс нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагад тулгагдсан. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо 2020 онд 2,6 саяд хүрч 2016 онд байснаас 2,5 дахин нэмэгдсэн, Халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтүүдийн хэмжээ 2016 онд байснаас 6 дахин өссөн байна. Энэ бол 2020 оноор гараад байгаа статистикийн мэдээ, 2021 оны мэдээ гарах үед дурьдсанаас илүү өсөлт гарах байх.

Одоо халамжийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлогод шилжих тухай, нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөлийн чухал ач холбогдолтой асуудлын тухай ярьж байгаа. Энэ зөв чухал бодлого амжилттай хэрэгжих эсэх нь Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өсгөх, ажлын байрыг өргөтгөж иргэдийнхээ хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах болно.

-Шинэ сэргэлтийн бодлого гэж гаргаж ирсэн. Хэр үр дүнтэй бодлого вэ?

-Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж УИХ-д оруулан хэлэлцүүлж байгааг телевизээс харсан.Шийдэх шаардлагатай гол асуудлуудаа зургаан хэсэгт хувааж, 20 том төсөл болгон боловсруулж байгаа юм билээ.Засгийн газрын энэ санаачилга нь Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх дунд хугацааны тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шинэ чухал ажлын эхлэл болж байгаа учраас би талархан дэмжиж буйгаа Ерөнхий сайд болон УИХ-ын даргад бичиж өгсөн.

Төлөвлөгөө төслийг нарийвчлан боловсруулж УИХ-аар батлуулах ажил 2022 оны эхний хагаст үргэлжлэх байх.

Шинэ сэргэлтийн бодлого – төлөвлөгөөний төслөө дараах арга хэлбэрээр эцэслэн боловсруулвал үр өгөөжтэй болно гэсэн санал бичсэн:

  1. Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх 2022 – 2032 оны Үндсэн чиглэл, 2022 – 2026 оны таван жилийн төлөвлөгөө болгон боловсруулж, тэдгээрт шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдээ он оны хуваарьтай тусгах.

Төсөл, арга хэмжээ нэг бүрээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвхөн эдийн засгийн өндөр үр ашигтай нь баталгаажсан хэсгийг Үндсэн чиглэл, Таван жилийн төлөвлөгөөнд тусган Улсын Их Хурлаар батлуулжхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

  1. Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх 2022-2026 оны таван жилийн төлөвлөгөөнд мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, тухайлбал Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад, эхний ээлжинд 100 суманд байгуулах, Ямааны ноолуур сарлагийн хөөврийг бүрэн боловсруулж зуун хувь ноолууран утас үйлдвэрлэдэг болох, улмаар нэхмэл, сүлжмэл эдлэл болгон экспортод гаргадаг болох, Мөн хорин саяас доошгүй арьс ширийг хамгийн орчин үеийн технологоор боловсруулах үйлдвэртэй болох төсөл, арга хэмжээг нэмэж тусгах санал өгөөд байна.

-Засгийн газрын бүтэц, орон тоо нэмэгдлээ. Энэ цаг үед яг хэрэгтэй яамд байгуулагдав уу?

Миний бодлоор Засгийн газарт яг энэ цаг үед, маш чухал шааардагдаж байдаг хоёр яам байгуулагдлаа. Түүний нэг нь Эдийн засаг, хөгжлийн яам. Дэлхийн бүх улс эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх бодлого төлөвлөгөөтөй, түүнийг хариуцсан яам газартай байдаг. Гэтэл манай улсын засгийн газар 1990 оноос хойших гучин жилдулс нийгмээ ямар бодлого төлөвлөгөөгөөр хөгжүүлэх асуудлыг боловсруулдаг яамгүй,нэг удаа байгуулсан яамыг ажиллуулж чадаагүй. Өнгөрсөн онуудад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нэртэй баримт бичгүүдийг УИХ гурван удаа баталж байсан боловч, эхнийх нь хугацаа 2020 онд дууссан боловч хэрэгжээгүй, хоёр дахийн хугацаа 2030 онд дуусах боловч хэрэгжилт маш хангалтгүй, гурав дахь “Алсын хараа 2050” нэртэй баримт бичгийн төсөл боловсрогдож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс урт хугацаанд баримтлах хөгжлийн бодлоготой болоогүй байгаа. Хөгжлийн бодлого гэдэг бол маш хариуцлагатай, хариуцсан эзэн яам газартай байхад бүтдэг ажил. Гэтэл дээр дурьдсан 3 удаагийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгүүдийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлын мэдлэг, туршлагагүй, боловсруулсан баримт бичгийнхээ хэрэгжилт, зөв буруугаар ямарч хариуцлага хүлээхгүй, алдар нэр мөнгө шагналын сонирхолтой эрдэмтэн нэртэй зарим хүний удирдлагаар боловсруулсан байдаг. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөр зорилт болгосон тоо түвшинг хангах үндэслэл тооцоотой тодорхой төсөл боловсруулдаггүй байсан явдал олон удаагийн үзэл баримтлал хэрэгжээгүйн шалтгаан. Ийм гажуудлыг арилгаж Монгол Улсыг хөгжлийн урт хугацааны ухаалаг бодлогоор, дунд болон богино хугацааны төлөвлөгөөтэй хөгжүүлэхийн тулд шийдэх ёстой тулгамдсан чухал асуудал бол Засгийн газарт энэ ажлыг хариуцсан яамтай болох асуудал байсан.Хөрш ОХУ-д Эдийн засгийн яам, БНХАУ-д Хөгжил шинэтгэлийн хороо гэж байдаг бөгөөд харьяандаа хүчирхэг эрдэм шинжилгээний байгууллагатай.

Шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам юуны өмнө дараах гурван ажилд анхаарал төвлөрүүлвэл зүйтэй:

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах,

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он болон Алсын хараа 2050 хэмээх үзэл баримтлалын төслийг шинэчилж боловсруулах,

-“Шинэ сэргэлтийн бодлого“ төслийг үндэс болгож Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг ойрын арван жилд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2022-2026 оны таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах.

Хорин нэг дүгээр зуунд бусад улс орнуудтай зэрэгцэж амьдрахад мэдээлэлийн технологийн хөгжлөөр хоцрогдоогүй байх зайлшгүй шаардлагаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулж байгаа нь зөв.

-Үндсэн хуулиа дахиад өөрчлөх тухай яригдаж байна. Давхар дээлийн тоог нэмэгдүүлэе гэж байна. Таны хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж давхар дээлийн тоог нэмэх санал байгаа бол би буруу гэж үзэж байна. Ер нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүний албыг нэг хүн хавсран хашихыг нэмэх биш харин цөөлөх хэрэгтэй гэж үздэг. УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн хэмээх өндөр хариуцлагатай ажил үүргийг оронцоглох биш жинхэнэ ёсоор хариуцаж үр бүтээлтэй ажиллахыг эрхэмлэдэг хүн давхар дээл гэгчээс хол байх ёстой. УИХ-ын гишүүн хүн долоо хоногийн ажлын 2-3 өдөрт заавал чуулгандаа оролцоно, бусад өдрүүдэд байнгын хорооны хуралд оролцохын зэрэгцээ хууль санаачлах, хэлэлцэх асуудал нэг бүрээр саналаа бэлтгэх, сонгогчидтойгоо уулзах зэрэг хангалттай ажилтай, зав чөлөөгүй байдаг. Тийм ачаалалтай хүн төрийн сайдын ажлыг яаж амжуулах вэ? Яамныхаа ажилтан нартай хэзээ ажиллах вэ? Аль нэгийг нь оромцоглож таарна. Ер нь ажлын хариуцлагыг жинхэнэ утга, ач холбогдлоор нь ухамсарласан хүн давхар дээл гэгчийг зөвшөөрөхүй. Би төрийн байгууллагад 41 жил ажиллахдаа олон жил сайдын алба хашсан. Амралтын өдрүүдэд ч, өдөрт 12-14 цаг ажиллаж байж сайдын үүрэгт ажлаа амжуулахыг хичээдэг байсан. Тэр үед Ардын Их Хурлын гишүүн байсан боловч жилд нэг хоёр удаа 1-3 хоног чуулганд оролцдог байсан учраас дэвхар дээлэнд халууцаж байгаагүй.

Шинээр байгуулагдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг Улсын Их Хурлын гишүүдээс сонгон томилж болохгүй. Хэрэв УИХ-ын гишүүний үүрэг хүлээсэн хүн энэ яамны сайдаар томилогдвол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай ажлыг чанартай гүйцэтгэх цаг ба биеийн хүчний бололцоогүй байх болно. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны сайд нь Ерөнхий сайдын орлогч буюу ШАДАР САЙДын зэрэгтэй байх шаардлагатай. Шадар сайдын удирдлагад ажилладаг эдийн засаг, хөгжлийн яам байх нөхцөлд төрийн бүх яам, тусгай газар, нийслэл аймгийн удирдлага, төрийн ба хувийн хэвшлийн газруудын хөгжлийн бодлого төлөвлөгөөг уялдуулан зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг зохистой хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ашиг сонирхолыг хангасан нөхцөлөөр татаж байх зэрэг чухал асуудлууд тус яамны хариуцлагад төвлөрөн зохистой шийдэгдэж байх болно.

-Энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой Ардчилсан нам дотроо учраа олохгүй байх шиг. Ер нь улс төрд сөрөг хүчний үүрэг оролцоо чухал уу?

-Манайд төр төвтөй гэхээс нам төвтэй засаглал байгаа мэт байдаг. Сонгуулиар ихэнхийн санал авсан улс төрийн нам УИХ, Засгийн газраа бүрдүүлдэг. Парламентаас ямар хууль шийдвэр гарах нь засгийн эрх авсан улс төрийн намын удирдлага, УИХ дахь бүлэгийн саналаас хамаардаг, Засгийн газрын Ерөнхий сайд нь эрх авсан улс төрийн намын дарга байдаг. Ийм нөхцөлд засгийн эрх асан улс төрийн намын гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алдаагүй, улс нийгмийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг соргог хянаж алдааг засуулж байх үүрэгтэй сөрөг хүчин болж байгаа улс төрийн нам байх нь маш чухал. Тийм учраас би ардчилсан намыг дотроо учраа олоосой, намын нь удирдлага, УИХ дахь намын бүлэг нь ялихгүй жижиг асуудлаар биш улс нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, ядуурлыг арилгах гэх мэт зарчимын асуудлаар судалгаатай, шүүмжлэлтэй хандаж ажилладаг байгаасай гэж хүсдэг.

Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа томоохон хэдэн аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ төр засаг хэрхэн дэмжих ёстой вэ?

Ажилд нь саад болдоггүй болчихвол хамгийн чухал дэмжлэг болно. Би ямар ч хууль журам зөрчихгүй, чадлынхаа хэрээр ажил хийгээд төр засгаас юу ч хүсэхгүй гэр бүлийнхээ амьжиргааг аваад явж болохоор байна. Гэтэл олон байцаагч нар хойно хойноосоо тасралтгүй цувж ирж шалгаад хардаад амар тайван ажиллах, амьдрах аргагүй болгож байна. Яадаг билээ гэж ярих хүнтэй тааралддаг. Миний бүтээн байгуулалтыг ирж үзээд магтаж, дэмжинэ гэж хэлээд алга болдог хэсэг байдаг бол чи их баяжиж байгаа, хөрөнгийг чинь, зөвшөөрөл лицензийг чинь хураана гэж дарамталдаг төр засгийн албан тушаалтан бас байна. Ер нь Монголдоо бизнес хийхэд хэцүү байна гэж ярих томхон бизнес эрхлэгчтэй тааралдаж байна. Чадварлаг залуучууд гадагш гараад байгаа нь бизнесийн орчин хүнд байгаатай холбоотой байх.

Дахин хэлэхэд саад хийгчид, хүнд сурталтай тэмцвэл том жижиг аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг болно.

Үндсэн хууль гэдэг байн байн хөндөөд оролдоод байх хууль биш гэдэг. Гэхдээ таны хувьд Үндсэн хуулийн аль нэг заалтыг сайжруулчихаасай ч гэх юм уу, тэрийг нэмхичээсэй гэсэн хүсэл бодол байдаг уу?

Үндсэн хуульд ганцхан өөрчлөлт, тухайлбал парламентийг хоёр танхимтай болгох саналтай байдаг. Үндсэн хуулийн төслийг 1992 онд хэлэлцэж байхад энэ саналаа хэлж байсан, өнгөрсөн гучаад жил хэлсээр бичсээр байгаа. Энэ саналыг олон жил ярьж байгаа зорилго бол Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах, Төр төвтэй засаглалыг бий болгох, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний хяналтыг бий болгоход юм. Энэ зориолгоор Ардын Их Хурал хэмээх дээд танхимыг бий болгох шаардлагатай гэж боддог.

Монгол улс Эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр ОХУ-ын бүрэн хараат байдалд байна. Гадаад худалдааны хувьд БНХАУ-ын хараанд байна. Бид хоёр хөрштөйгөө хэрхэн харилцвал зохистой вэ?

Хөрш улсууд хоорондоо харилцан хамааралтай, эсвэл бодит нөхцөл байдлаас болж нэг нь нөгөө талын хараат байдаг. Манайх хоёр хөрштөйгөө тийм л байдалд байгаа. Бид харин хараат байдлыг арилгах, эсвэл зөөлрүүлэх боломжийг ашиглахын төлөө ажиллах ёстой бөгөөд түүнийгээ хөршдөө ил тод хэлж шийдлийг олох хэрэгтэй. Харилцааны соёл урлаг чухал.

Миний бодлоор манай улсад Цахилгаан эрчим хүчний хувьд хоёр хөршөөс хамааралгүй болох боломж ирээдүй байгаа. Тавантолгойн эрчим хүчний нүүрсийг ашиглах цахилгаан станцыг байгуулж хэрэгтэй цагт нь өргөтгөх замаар урд хөршөөс хараат байдлаас гарч болно. Эрдэнэ бүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ОХУ-аас хараат байдлаа зөөлрүүлж, улмаар Багануурт цахилгаан станц барих, мөн ОХУ-ын санал дагуу атомын станц барих замаар ОХУ-аас хараат байдлыг үгүй болгох бодлоготой байх нь зүйтэй.Цахилгаан эрчим хүчний нөөц хүчин чадалтай байвал төмөр зам, автотээврийн болон бусад салбарыг цахилгаан эрчим хүчинд шилжүүлж нефть бүтээгдэхүүний хэрэгцээг багасгах болон экологийн асуудлыг шийдэж болно.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хараат байдлаас гарах нь маш чухал. Ямар нэг шалтгаанаар богино боловч хугацаанд цахилгаан эрчим хүч тасалдахад ялангуяа хүйтний улиралд асар их нөхөж барашгүй хохирол амсах эрсдэлтэй.

Харин нефть бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас хараат байдлаас гарах бодит боломжийг эргэн харах хэрэгтэй санагддаг. Саналаа шууд хэлбэл: манай улсын нутаг дэвсгэрт түүхий газрын тосыг хайж олборлож байгаа үндэсний аж ахуйн нэгж бараг байхгүй, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэртэй ч хэрэгцээг нь хангах түүхий эдийннөөцтэй орд илрэх эсэх, олборлож тээвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх ньтодорхойгүй байна.Ийм учраас газрын тос боовсруулах үйлдвэр барих төслөөсөө татгалзаж, хэрэгцээт нефть бүтээгдэхүүнийг ОХУ-аас авч байх удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах нь зүйтэй байж болох.

Өөрөөр хэлбэл, Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр хамааралгүй болох, харин нефть бүтээгдэхүүний хангалтаар бүрэн хараат байдалд байхаас өөр аргагүй гэдгээ Оросын талд ил хэлж тохиролцоонд хүрэхнь зөв санагддаг.

Гадаад худалдааны хувьд БНХАУ-аас хараат байдлаа зөөлрүүлэхийн тулд анхаарах гол асуудал бол уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх ажил.

-Та Монголын эдийн засгийн сэргэлт, улсын хөгжлийг түргэсгэхийн тулд яг ийм ийм зүйл хийвэл зохино гээд нэг хэлээч.

-Энэ хүртэл миний ярьсан бүх зүйл таны энэ асуудалд хариу болох биш үү. Дахин нэг хэлэхэд, эдийн засгийн сэргэлт, улсын хөгжлийг түргэсгэхийн тулд яг юу хийвэл зохихыг хэлж өгдөг, төлөвлөж хэрэгжүүлдэг Эдийн засаг, хөгжлийн яам бий боллоо. Энэ бол том ололт.

-Монголоор дамжих хийн хоолойн асуудлыг та дэмжиж байгаа юу. Бид энэ хийн хоолойноос ашиг хүртэж байх боломжтой юу?

-Манай нутгаар дамжих хийн хоолой барьж ашиглах төслийг би дэмжиж байгаа. Саяхан техник эдийн засгийн үндэслэл нь боловсрогдож дууслаа гэсэн. Чухам ямар эдийн засгийн үндэслэл тооцоо боловсрогдсоныг мэдээлээгүй. Тэр баримт бичгийг нарийн судалж үзэх бололцоо гарвал уг төслийг хэрэгжүүлэх, ашиглалттай холбогдсон гэрээ хэлэлцээрийн төсөлд санал өгөх зүйл гарах байх. Нутгаараа хийн хоолой бариулсан бусад улсын туршлагыг манай нөхөд судалсан байдаг биз.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сэтгүүлч Э.Мөнхтүвшин.

2022-01–27

Next Post

Discussion about this post