Тайвань дахь Хааны орны музейд хадгалагдаж буй Манж Чин Улсын Тэнгэр тэтгэгч хааны дуулга. Найралт Төв хааны хүү Тэнгэр тэтгэгч хаан (Чиэнлүнг) маш хээнцэр ганган хүн байжээ. Энэхүү ланз (соёмбо?!) үсгийн тарни бүхий дуулгыг монголчууд хийж Манжийн эзэн хаанд тал засаж өргөсөн гэж зарим судлаачид үздэг. Учир нь энэ хар өнгөөр маажиндсан (лаакдсан) дуулгыг зөгийн буцалгасан тосонд хирсний ширийг чанах аргаар нягтруулдаг эртний монгол аргаар хийжээ. Нэлээд хэдэн жилийн өмнө манайхан нэг ийм аргаар улаан өнгөөр маажиндаж хийсэн усны үхрийн ширэн хуягийг дэлхийн том дуудлага худалдаан дээрээс үнэ цохин худалдан авч эх орондоо ирүүлсэн. Зургаан түмэн монголчуудын магтаалд “Монголын шир уран, Хятадын ваар (шавар) уран, Сартуулын хээ уран, Тангадын балба (дарх) уран” гэж бий. Энэ үг тун ортой санагддаг. Мөн Найралт төв хаан нь Энх-Амгалан хааны оршуулганд ирж оролцсон Халхын Занабазар хутагтын нэр сүр асар их байсны улмаас түүнээс нь эмээж, тус оршуулгын үеэр Өндөр гэгээнийг хордуулж алсан тухай домог яриа байдаг. Энэ дуулга бол монголчууд Манжид дагаар ортлоо цэргийн зэр зэвсгийн өөрийн гэсэн лут технологитой байсны нэгэн баримт болно.
Discussion about this post