Баяд ястны гэр нь монгол гэрийн ерөнхий хэв загварыг агуулсан боловч бас онцлогтой. Бургасан хана, уньтай, хусан тоонотой тул нүүж, суухад хялбар байдаг. Баяд гэр голдуу 10-12 толгойтой 6-8 заримдаа 10 ханатай учир бусад монголчуудынхаа гэрээс том байдаг. 12 толгойтой 8 ханатай гэрийн унь 265 см, хананы эрс 225см, тоононы диаметр 180см байна. Цагаан эсгий бүрээстэй бөгөөд дээвэр, туурганы амыг хоёр давхар зээгээр эмжиж, оосрыг нь хос дээсээр хийдэг. Баяд түмэн гэрээ гурван хялгасан буюу хошлон бүслүүрээр бүслэнэ.
Баядууд үр хүүхэддээ шинэ гэр барихад ахан дүүс, айл саахалтаараа хамтран элбэг сайхан уламжлалтай билээ. Хүүдээ гэр барих хүн гэрийн мод, бүрээсний материалыг цуглуулан авч, гэр барих өдрөө тогтож, 7-10 хоногийн өмнө нутгийн ахан дүүст зар хүргэнэ. Шинэ гэрийн найрт ирэгсэд эсгий, даавуу даалимбуу, брезент, оосор, бүслүүр, хошлон утас, мах, айраг, ааруул, тос авчирч, гэрийн бүрээсийг хамжин оёлцож, гэрээ барьж, ерөөл тавьж, найр эхлэнэ. Эдгээр бэлэг сэлтэд үнэ хөлс ер авдаггүй, хожим бусад ахан дүүс гэр барихад мөн тэгж хандана. Энэ уламжлал олон зуун жил үргэлжлэн ирж, заншил болон тогтжээ.
Discussion about this post