ДОРЖГОТОВ
Ер нь Манж Монголын шашин нэг, хэл заншил төстэйгөөс гадна гол нь нүүдэлч малчин угшил нь арай дотносгож байжээ гэх таамаг ургадаг. Монгол саахалт хөршийн хувьд Манжийн дагуул улс-холбоотон нь болж, буулт хийсэн нь эртний бүдүүлэг нөхцөлд цус асгаруулсан алалдаанаас зайлсхийсэн ухаалаг хувилбар болсноос урвалт биш гэж үзүүштэй.
“Монголын зүүн өмнө орших манж, зүрчид нартай угсаа гарал нэгтэй. Тэд гурван том аймгаас бүрддэг ч дотроо олон жижиг овогт хуваагдаж аж. Нүүдэлчин малчин Зүрчид угсааны хүн ам өсөж, гар урлал газар тариалан хөгжсөөр тэдний үйлдвэрлэл аж ахуйд ахиц гарч ХVII зууны эхнээс хүчирхэгжив. Тэдний дундаас Манж аймаг ХVI зууны сүүлээс давамгайлсан төдийгүй Зүрчидийн бусад аймгийг Мин улсын хараатаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэв”. (Л.Жамсран. “ХVI зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл”. ШУАМ. УБ. 1973. №3). Зүрчидүүд Манж гэх уулын нэрээр өөрсдийгөө нэрлэсэн домог бий гэх.
Манж язгууртнууд дундаас Нурхач баатар (1575-1626) товойж, Зүрчидийн олон аймгийг оройлон захирах идэвхтэй ажиллагаа явуулсан байна. Түүний тухай сурвалж бичигт “Тэр нь ёсонд мэргэн бөгөөд журамтай хүн тул түүнийг даган орогчид маш олон байсан” хэмээн өгүүлжээ. (Жамбалдорж. “Болор толь”. Бээжин. 1984. Тал 474). Монголын өмнөд хэсгээс Хорчин аймаг нутаг ойрын хувьд Манжтай анх харилцсан аж. Хорчины бэйл Онгудай, Мангус, Мянган нарын ноёд Зүрчидийн Ехэ, Хада аймгуудтай хамтран Нурхачийг довтлоод ялагджээ. (“Манжийн үнэн магад хууль”. 1-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Тэрхүү ялагдлын дараа 1594 онд Хорчины ноёд Нурхачид элч илгээн найрамдаж, 1605, 1606 онд Баяд отгийн ноён Энхдара таван отог Халхын элчийг толгойлон Нурхачийн ордонд дараалан очиж адуу тэмээ бэлэглэн “хүндлэлт хаан” гэж магтан өргөмжилжээ.
Тэр үеийн хил залгаа улс гүрэнд тогтсон дэг журмын дагуу Монгол аймгууд хөрш Манжтай элчин солилцох, худ ургийн холбоо тогтоох зэргээр харилцав. 1612 онд Манжийн ноён Нурхач Хорчины ноён Мянганы охиныг хатан болгон авсан бол 1614 онд Нурхачийн хөвгүүн Гүен баатар бэйл, Мангултай бэйл нар Жарууд аймгаас, Нурхачийг залгамжлагч хөвүүн Абахай нь Хорчины Мангус ноёны охиныг тус тус эхнэр болгон авчээ. (“Манжийн үнэн магад хууль”. 4-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Монголын ноёд ч Манжаас эхнэр буулгаж байв. Халхын Баяд отгийн Энхдара Нурхачийн дүү Дархан баатар бэйлийн охиныг эхнэр болгон авчээ.
Монгол Манжийн худ ургийн холбоо Цагаан хэрмийн зүүн хойд талаар нутагтай хоёр улс хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн бодлого байв. Гэвч манж нар хожмоо хөрөнгөжиж, хүч чадал суухын хэрээр монголын язгууртан ноёдод өндөр цол хэргэм, үнэт бэлэг шан гар татахгүй өгч эхэлсэн нь тэднийг татах нөлөө бүхий арга болов. Монголчуудын цол хэргэм, шан харамжинд дурлах муу зан тэр үед бас л байж. Одоо ч нөлөөтэй байгаа энэ өөдгүй зуршил анх хэдий үеэс улбаатай нь сонин. Их л цаашаа түүхийн гүн рүү яргах биз.
1616 онд Нурхач баатар өчүүхэн жижиг Зүрчид аймгуудыг нэгтгэж, Хэтуала гэдэг газар Манж улсыг байгуулж хаанд өргөмжлөгдсөн байна. Тэр бээр улсаа Алтан улс хэмээн нэрийдэж, “Тэнгэрээс заяат” гэсэн оны цол авчээ. Манж Мүгдэнгээр нийслэлээ тунхаглаж худам монгол бичиг, ламын шашинтай улс болов. Тэд удалгүй Мин улсын хараат байдлаас гарч Хятадын хаанд алба төлөхөө зогсоожээ. Манж хүч нөлөөгөө нэмэхийн хэрээр монгол их хаадын жишгээр хөрш зэргэлдээ улсуудыг эзлэн нэгтгэх, нутгаа тэлэх бодлого явуулав. 1618 оноос Манж нар Мин улсын зүүн хойд хил хязгаарыг байлдан эзэлж, 1619 онд Солонгост довтолжээ. Манжийн эхний хаад Монголын бие даасан ноёдтой адил тэгш харилцах ба цэрэг-улс төрийн холбоо тогтооход чиглэж байснаа удалгүй хөрш зэргэлдээ бүх улсыг эзлэн захирах тэнгэрийн эзний тухай Хятадын уламжлалт гадаад бодлогыг баримталжээ.
Монголын сүүлчийн их хаан Лигдэн (1604-1634) өөрийн улсын эв нэгдэл, хүчин чадлыг бэхжүүлэх, Манжийн халдан довтлох аюулаас сэргийлэх зорилгоор Мин улстай найрамдах бодлогоо түлхүү баримтлав. Манжийн эсрэг холбоо тогтоох Монголын саналыг Мин улс дуртай хүлээн авч зүүн хойд хил хязгаараа Манжаас хамгаалахад монголчуудыг ашиглах далим олжээ. Үүний тулд монголчуудтай хилийн худалдаа нээхийг зөвшөөрч Лигдэнд хил сахин хамгаалсны шагнал хэмээн жил бүр мянган лан цагаан мөнгө өгөх болсон аж. Лигдэн Мин улстай холбоо тогтоосноор Манж нарын баруун тийш тэлэх түрэлтийг сөрөн зогссон төдийгүй уг харилцаагаа эдийн засгийн давхар ашигтайгаар гүйцэтгэх болжээ.
Хорчины хөрш Зүрчидийн Үлэ аймаг Манжийн цэргийн довтолгоонд өртөж тусламж хүсэхэд Лигдэн хааны даалгаснаар Хорчины Онгудай баатар ноён, хөвүүн Уубагийн хамт цэрэглэн Үлэ аймгийн цэрэгтэй хамтран Манжийн цэргийг цохин ухруулжээ. Мөн Лигдэн хаан Ехэ аймагт туслуулахаар Хорчины цэргийг илгээж, Манжийн Нурхач баатарын удаахь жанжныг алсан аж. (“Манжийн үнэн магад хууль”. 12-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС).
Гэвч Лигдэн хутагт хааны нөлөө удаан хадгалагдсангүй. Салж сарнисан ханлигийн зарим нь түүнийг ёс төдий хүлээн зөвшөөрч, зарим нь үл тоож, нөгөө нь бүр дайсагнаж байжээ. Жил ирэх тусам Манж амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө, худалдаа эд бараа өсч, монголчууд дараалан дагаар орох нь нэмэгджээ. 1626 онд Хорчины Ууба тайж тэргүүлэн Манжийн хаанд биеэр бараалхан бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтан авч Уубад Түшээт хан цол, Уубагийн ах Түмэнд Дай дархан, дүү Будачид Засагт дүүрэн цол тус тус шагнаж, Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг хүртээж, түрүүлж дагаар орогсдод илүү хүндэтгэл үзүүлэх, монголчуудаар монголчуудыг Манжид нэгдэхийг ятгуулах арга хэрэглэсэн нь Монголын олон аймгийн ноёд Манжийн хааны зүг итгэл хандуулахад чухал хөшүүрэг болов. Хоорондоо алалцаж цус урсгаснаас эвийн бодлогоор зохицсон нь тухайн зэрлэг харгис үедээ дэвшилттэй сонголт гэмээр ч юм шиг.
Лигдэн хутагт хааны алдаа бол өөрийгөө Манжаас хүчирхэг гэж үзэж, биеэ “Дөчин түмэн Монголын эзэн Чингис” гэж дөвийлгөж, Нурхачийг “Усны гурван түмэн Манжийн эзэн” гэж басамжилдаг байв. Манжтай сөргөлдсөн удаа дараагийн тулгаралтад Лигдэн ялагдаж, эцэстээ Түвдийн шашны улааны урсгалтай цэрэг-улс төрийн холбоо тогтоож, Манжаас хариугаа авах гэсэн тооцоо нь эмгэнэлтэй нурсан юм. Нурхач нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч уян хатан алсын хараатай бодлого явуулснаар амжилт олж байлаа. Лигдэн хаан, Цогт хун тайжийн цэрэг Гүүш хааны толгойлсон дөрвөн ойрадын хамтарсан их хүчинд бут ниргүүлж, Хөх нуурын хоёр хадан хушууг цахар халхын гурван түмэн эрсийн цусаар бялджээ.
1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгцөж, түүнийг залгамжилсан Абахай монгол аймгуудын талаар эрчимтэй бодлого явуулав. 1636 онд Зүүн Монголын 16 аймгийн ноёд чуулж, Абахайг Монголын хаанд өргөмжилж, түүнд Хубилайн хас эрдэнэ тамга шилжснээр тэр өвөр Монгол аймгуудаас хальж нийт монголчуудыг эрхэндээ оруулах алсын санаа өвөрлөв. Абахай хаан монголчуудын бүтээсэн том алтан бурхныг Мүгдэнд аваачиж шүтээнээ болгосон байна. Абахай хаан 1636 онд өвөр Монголыг нэгтгэж 1644 онд Бээжинг эзэлж Мин улс унав. Угсаа залгамжилсан манж их хаадын гүрэн даруй 295 жил оршин тогтнож, 1911 он хүрчээ. Энх-Амгалан хаан 16 настайгаас Манж дайчин гүрний төрийг 61 жил жолоодсон цэцэн билэгт хаан бөгөөд Чингис хааны тэнгэрлиг ач Хубилай цэцэн шиг гаргуун улс төрч, дээдсийн үйлсийг гарамгай залгамжлагч байв. Хятад орныг 300 шахам жил захирч чадсан Манжийн үе залгамжилсан хаад, аугаа Хубилайн шийрийг хатаагч цөөхөн атлаа сэргэлэн нүүдэлчдээр түүхэнд тодорчээ.
Энэ зуур Халхын ноёд өөрсдийн хүчинд тулгуурлан Манжийн цэргийг хорьж дийлэхгүй болсноо ухаарч, манж нартай харилцахдаа тусгаар тогтнолоо аминчилж хадгалахын хамт хөрш хоёр улсын ёсоор элч солилцон найртайгаар айлсчээ. Энэ нь амар амгалан амьдрахыг дээдэлсэн бодлого байв. Эсэргүүцэн байлдах чадал хүрэхгүй нөхцөлд Халхын ноёд ингэхээс ч өөр яалтай билээ. 1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөж, найрамдахыг хүссэний хариуд Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байв. Мөн 1637 онд Түшээт хаан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн элч зарж, найрсаг холбоотой явахаа илэрхийлэв. (Ялимгүй л бэлэг юмсанж. Өргөх бэлэг хомс байв уу, улсаа хайрлав уу. Ямартай ч чанга гартай л хаад байж).
Ер нь Манж Монголын шашин нэг, хэл заншил төстэйгөөс гадна гол нь нүүдэлч малчин угшил нь арай дотносгож байжээ гэх таамаг ургадаг. Монгол саахалт хөршийн хувьд Манжийн дагуул улс-холбоотон нь болж, буулт хийсэн нь эртний бүдүүлэг нөхцөлд цус асгаруулсан алалдаанаас зайлсхийсэн ухаалаг хувилбар болсноос урвалт биш гэж үзүүштэй. Монголчууд малынхаа арьс шир ноосыг тэмээн жингээр зөөж, гурил будаа, бөс даавуу, цай тамхи, боов чихэр сэлтээр борлуулж, хэрэгцээгээ хангаж байсан нь тэднийг ойртуулжээ. Ингэхээс өөр илүү боломжтой улс гүрэн тэр үед хил залгаа ойр орчинд нь байсангүй. Хүн гүтгэх нүгэл. Үхсэн хүн гүтгэх бүр нүгэл. Тэр тусмаа босож ирэхгүй болсон дээдсийнхээ намтрыг харь үзэл суртлын шахалтаар мушгин гуйвуулж, гүтгэн доромжилж, цатгалан амьдарсан түүхчид гутамшигтай. Бидний дээдсүүд маань бас ч гэж Манжийн боол болсонгүй, харъяат албатын өвөрмөц эрхтэй вассаль-түшэг улсын хэмжээнд ард олноо авч гарсан гавъяатай. Халхын хаадыг урвагч шарвагч гэж адлах гэм бурууг мунхаг би бээр тэднээс олдоггүй. Тэд миний дээдэс агаад ирээдүй хойч-биднийхээ төлөө чадлаараа зүтгэж, амиа хүртэл золиосолсон удам угсаа. Эцэг өвгөдийнхөө түүхийг бусдын зараалаар зориуд гуйвуулан гүжирдэх нүглийн цаадахь нүгэл бөгөөд мөн худал магтах ч нүгэл. Тиймээс худал магтахыг би бас хатуу цээрлэдэг.
Манжийн хаад өмнөд Хятад, Солонгос, Тайвань зэрэг хүн ам шигүү, урин дулаан уур амьсгалтай, эд агуурсаар баян зах зээлийг эрхшээлдээ оруулахаар бүх хүч анхаарлаа тийш дайчилж байснаас ар талдаа орших малаас өөр хөрөнгөгүй, хахир хүйтэн нутагтай цөөн нүүдэлч монголчуудын талаар тэгтлээ шунах хэрэгцээ гарсангүй. Энх-Амгалан хаан Өндөр гэгээн хоёр олон жилийн уламжлалт найрсаг харьцаатай биесийн оюунлаг увидсыг эрхэмлэсэн багш шавь хоёр явжээ. Монгол ээжтэй шарын шашинт Энх-Амгалан хаан Өндөр гэгээнтнийг цагаан сараар Бээжинд урьж, тусгай хүндэтгэл үзүүлж, Хянганы нуруу зэрэг умард нутагт ан авд мордохдоо Гэгээнтэнг халхаас залж байв. Энх-Амгалан Занабазарын тухайд “Хутагт олон боловч Живзундамба шиг нь үгүй” гэж үнэлсэн эх сурвалж хадаглагдан үлджээ. Нөлөө бүхий энэ хоёр этгээд найртай явсан тухай түүхэнд дурсаагүй. Харин эдүгээ орчин үеийн түүхчид сөхөж, дүгнэж цэгнэж эхэллээ.
Манжийн угсаа залгамжилсан үе үеийн хаадын бодлогод монголчууд хятад иргэдээс дээгүүрт тавигддаг байв. Энэ бол Манжийн хаадын үе дамжсан хатуу зарчим байлаа. Манж нар өөрсдийгөө хятадад уусах вий гэж ямагт сэрэмжилдэг асан агаад монголчуудыг энэ бодлогодоо багтаадаг байсан аж. Манж монгол хоёр гэр бүл болохыг дэмждэг атлаа монгол хятадыг зөвшөөрдөггүй хууль үйлчилж байжээ. Манжийн хаан Нурхач “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн” гэж бичиж түүхэнд үлдээсэн бол Энх-Амгалан хаан бүр анхнаасаа Монголын талаар дотно бодлогыг чадамгай хэрэгжүүлэгч байв. Хятадын цагаач иргэдийг Монголд дураар тэнүүлэхгүй байх, Хиагтад наймааны хэргээр зорчих иргэдийг замаас гарч сэлгүүцэхгүй байх, малын бэлчээрт газар хагалж тариа тарихыг хориглох талаар Энх-Амгалан хааны хууль зарлиг гарч, тэр нь хэрэгжиж ирсэн байна гэж түүхчид бичжээ. Маний үед ингэж заасан багш эсэргүүн болох байв. Залуус түүхээ үнэмшилтэй өнцгөөс хардаг болж буй нь яамай даа.
Хятадад уусахаас болгоомжилсон бодлого манж хаад үе дамжуулан 300 шахам жил явуулаагүй бол манай Орхон Сэлэнгэ Хараа Ерөө Ховд Буянт Булган Хэрлэн Ононгийн үржил шимт ай сав, Хар ус Буйр зэрэг цэнгэг нуурын хөвөөнд хятад тариачдын суурин чигжчих байсныг 1911 он хүртэл саатуулахад цөөн буурай монголчууд хүчин мөхөс байв. Их Хятадын урсгал Монголд нэвтрэхийг манж хаад гурван зуун жил хаасан юм биш үү? Тэгсэн аваас Манжийг түүхэнд учирсан хамгийн аюулт дайсан гэж зүхэхээ одоо болиуштай. Өөрсөддөө хир халдаахгүйн тулд бүх хоцрогдлоо ганцхан Манжид чихэж, уусаад арилсан тэднийг занаж, шүд зуух нь ХХI зуунд эвгүй. Манж дарлаагүй бол нүүдэлч малчин монголчууд хөгжөөд айхтар сүрхий гүрэн болох байсан гэх онолд ухаажсан даян дэлхий итгэхгүй. Хүн төрөлхтөний хөгжлөөс бидний хол хоцорсон шалтгаан бол байгаль цаг уурын хахир хатуу нөхцөл, цөөн хүн ам, ямагт нүүж явдаг ахуй зэрэг нь гар урлал, үйлдвэрлэл хөгжүүлэх бололцоо олгоогүй. ХХI зууны даяаршиж хөгжсөн соёлт хүн төрөлхтөний дунд цөмөөрөө жаахан ухаалаг буйртай байя л даа.
Дундад зуунд техник хөгжөөгүй, зам харилцаа сул доройн улмаас Манж нар ар Монголын зах хязгааргүй нутгийг нэвт шувт эзэгнээгүй. Тийм хэрэгцээ ч тэдэнд гарсангүй. Монголын алс бөглүү эзгүй нутгийн цөөн буурай малчдад Манжийн хаанчлал сураг төдий л байж. Манжийн хоёр зуу гаруй жилийн дааж давшгүй татвар Монголыг сөхрүүлсэн гэж манай нам засаг түүхчидээрээ дамжуулан ухуулж ирсэн. Ертөнцөөс тасархай, харилцаа холбоогүй айл өрхөд татварт өгөх бэлэн мөнгө байтугай тэд эл хуль цөлд уулзаж учрах хүний мөрөөс болж суусан биз. Тэдэнд мал сүрэг л байсан. Булга суусрын үнэт арьсаар шулж байсан гэж хонзогнодог түүхчид бий. Булга суусар нь Монголын өргөн уудам говь талд ширхэг ч байдаггүй. Булга суусартай нутаг Монголд хомс. Тэгэхээр дааж давшгүй олон булга суусрын арьс Манжид төлж байснаас хоосорсон гэх дүгнэлт дэндүү муйхар.
Манжид мал сүргээ жил бүр суурь сууриар тууварлаж байсан эх сурвалж түүхэнд алга. Харин манай хаад ноёд Манжийн хаанд сар шинэдээр есөн цагааны гэх мэт мал бэлэглэж байв. Хэдэн мал өргөх нь монгол ноёдын сайн дурын хэрэг болохоос Манж хаад төчнөөн сая мал өг гэж улаан Орос манай ерөнхий сайд П.Гэндэнг сүрдүүлж байсан шиг албадан шахаж асан ул мөр түүхэнд бас алга. Харц ардууд албан татварт мал сүргээ хаман өгч байсан аваас манжид өстэй ойрад түүхчид уухайн тас дуулиан сэдрээмээр. Тийм сурвалж бичиг тэд олоогүй болтой. Монголын малыг татвараар хамах боломж Манжид гараагүй юм уу эсвэл дундад зууныхан колончлогчид шиг шулах мөлжих шунал, хорон санаа багатай, назгай, уужуу тайван хүмүүс байсан юм уу мэдэхгүй. Монгол ямар орон байв гэвэл ганц хоёр, сайндаа гурав дөрвөн гэрээр айлссан хот айлууд хоорондоо хэдэн саахалтын хол нутагт тарж нутаглана. Энэ нь олон мал сүрэг, тарчиг ургамалтай бэлчээрээс шалтгаалдаг. Дэлхий бөөрөнхий, улс үндэстэн олон гэдгийг мэдэхгүй. Хятад, Орос, Төвд гэх мухар сохор мэдлэгтэй. Азийн их газрын хахир хатуу өндөрлөгт хүн төрөлхтөнөөс зөдгий амь зуух монгол малчдад мянган уулын чанад дахь Манжийн дарлал хүрч ирсэнгүй. Манжид юугаа яаж цөлмүүлж байсныг миний өвөө, миний аав л лав мэддэггүй хүмүүс байв. Өвөө маань 1870 онд төрсөн хүн.
Сонин хачин мэдээллийн мөрөөс болсон малчид малаа хотлуулсны дараа зав зай гардаг орой үдэш нэг гэртээ цугларч, тулгаа тойрч суугаад хуучилдаг. Одоо ч ингэдэг. Ярих юмаа барсан тэд тулганыхаа дөрвөн тотгыг шувууны хушуутай төстэйг ажиглаад “Манжууд монгол айлын гал голомтыг тоншихоор цаг ямагт харуулдаж буйгаар зориуд ингэж хийж өгсөн юм гэнэ лээ” гэх онигоо зохиож зугаацна. Өвлийн жаварт морин дэл дээр сүргээ хариулахдаа гараа хөлдөөхгүйн тулд дээлийнхээ ханцуйд том нударга аргагүйн эрхэнд залгасныгаа “Манжууд монголчуудыг дөрвөн туурайтай мал гэсэн далд утгаар ийнхүү доромжилсон юм гэнэ лээ” гэх дэндүү мулгуу суртал өширхсөн ойрадууд зохиосныг эдүгээ улс төржилт болгоод сонгуульд ялж буй нь ХХI зуунд монголчууд олигтой гэгээрээгүй ч юм шиг.
Монголд отго жинсээр гангарах өрсөлдөөн хүчээ авсан. Мөн хутагтуудыг тамгаар шагнадаг байжээ. Энэ нь татвар гэхээсээ илүү авилгын шинжтэй. Ноёд, хутагтын өргөл барьцаар цугларсан малыг Дарьганга зэрэг зүүн өмнөд нутагт сүрэглэн монгол малчид малладаг байсан агаад сүрэгчдийг Манжийн хаан цагаан мөнгө, хүнс бараагаар хөлсөлдөг байжээ. Манжийн хааны сүргийг маллаж өчүүхэн төдий ч цалин пүнлүү, эд бараа, гурил будаа авч амь зуух, ховор зэвэр ядууст бас ч гэж ашиг байсан нь мэдээж. Тэр үед Монголд цалин хөлстэй малчин байгаагүй тул ядуу зүдүү ардууд сүрэгчин болоход дургүйцээгүй нь ойлгомжтой. Манж дайчин гүрний мөлжлөг гэх өөр дорвитой татвар гувчуур түүхэнд тодорхойгүй үлджээ. Харин өртөө улаа, цэрэг цуухад дайчлах алба ойрадуудын түйвээнээс шалтгаалж үе үе гардаг байсан болтой.
Манж нар Хятадад уусахаас айдаг атлаа Бээжингийн тансаг ордонд гангарсаар нэг мэдэхнээ бүдгэрэн замхарч, харин бид зэрлэг хүйтэн тал нутагтаа таван хошуу малынхаа бэлчээрт удам угсаагаа хадгалан үлдэв. Манж Монголыг дийлсэн ч эцсийн дүндээ муу хүний заяа завагт гэж бид Манжаас танагтай хоцрох хувьтай байжээ. Муусайн манж нарыг зүхээд бид эдүгээ гоё харагдахгүй агаад юу ч олж долоохгүй. Тооцоо бодож сүйтгэл төлүүлье гэхэд ядаж тэд өнөөдөр алга. Гэхдээ тэдний уусч арилсан эмгэнэлт тавилан монголчуудын өмнө сургамжийн бамбар болон асаж буй нь их юм. Манж халхуудыг харгислаагүй. Харин ч Галдан бошигтын аюулаас Түшээт хаан Чихундорж, анхдугаар богд Занабазар нарын амийг аварсан. Манж хаацайлаагүй бол халх өдий анзаатай үлдэх нь юу л бол.
Манж бусдын үймээнд хутгалдахгүй гээд урт цагаан хэрмнийхээ хаалгыг түгжиж орхисон бол Галдан халхуудыг хэрмэнд шахаж, цус нөжөөр нь хэрмийн ханыг бялдаад нутаг буцаж, Төвдийн засгийн тэргүүн десрид Санзайжамцад дайснаа (анхдугаар богд Занабазарыг) дарснаа дуулгаж Гүүш хан Төрбайхыг залгамжилсан биз. Салам цохиулсан халхын үлдэгдэл дөрвөн ойрадын замаар сарнихыг үгүйсгэх аргагүй. Тиймээс халхуудын хувьд манжийг газар дор ортол хараах үндэс бага. Хятадад уусаж үгүй болсон Зүрчидийн гашуун жишээ маньд харин үүрдийн сэрэмж үлдээжээ. Далайд унасан дусал мэт замхарсан Манжийн мөхлийг давтахгүйн тулд монгол хүн өглөө сэрүүт залбирч бай.
Гэхдээ хажууд заяасан асар том эдийн засаг, аварга зах зээл-хэрэглээ, үсрэнгүй хөгжлөөс хэт цэрвэлгүй эвтэйхэн ашиглаж чадвал Монгол дорхноо босоод ирнэ. Энэхүү ховор өгөгдлийг бүү алд. Манжтай харилцсан дээдсийнхээ аядуу бодлогыг “урвалт” гэж үзэн ядалгүй авах гээх сургаалаар ханд. Нүд анихын өмнө үүнийг захья.
Манж гэгч бидний ижил нүүдэлч малчин угшилтай хөршийн тухай түүхч эрдэмтдийн бичсэн номноос иймэрхүү төсөөлөл хүртлээ би. Түүхийг зохиодоггүй, түүхийг судалдаг. Түүх нэг л жимтэй. Түүх хоёр жимээр яваагүй. Тиймээс түүхийн үнэн нэг л байх учиртай. Тэр ганц жимийг, тэр ганц үнэнийг олоход түүхчид минь туслаач. Тэгвэл талцсан маргаан арилна. Молхи толхи өвгөний хүсэл ердөө энэ. Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундаж иргэний хэмжээнд эзэмших-миний үүрэг. Миний бичвэрийг түүхийн номуудаас гэнэн оюутны түүвэрлэсэн конспект хэмээн үзэхийг академич мэргэдээс гуйя. Миний товчлол аугаа түүхийн судалгаа бус залуу түүхчдийн шинэ байр суурийг олонд түгээх оролдлого шүү.
“Бошигт Гэгээн хоёрын хөөцөлдөөн” гэх үргэлжлэлийг дараа тавья.
Discussion about this post