Рейкийн мастер багш, бариа засалч, галт удган Доржийн Цэцэгжаргалтай ярилцсан юм. Бидний тэр болгон мэдэхгүй далд ертөнцийг алган дээр тавих мэт өгүүлэх, хүн хэрхэн аз жаргалтай амьдарч болохыг ардын ёс, уламжлалт зан үйлээс эшлэн ой тойнд ортол айлдах тэрбээр эгэлгүй нэгэн, ховор авьяастан ажээ.
-Сошиал орчинд таны уншдаг лекц хэрэгтэй мэдээллүүдийг багтаасан байдаг. Дээр нь нийгэмд гэрэл гэгээ түгээж, хүмүүст ухаарал, тайвшрал өгч байгаагаараа онцлог юм. Та хэзээнээс дом заслыг сонирхож, түгээн дэлгэрүүлэх болов?
-Би энэ чиглэлээр судалгаа хийж, ажиллаад 20 жил болж байна. Энэ хугацаанд олон хүнд бариа засал хийлээ. Миний мэргэжил бол кино инженер, орос, англи хэлтэй. Нийслэлийн V сургуулийг 1979 онд төгсөөд ЗХУ-ын Ленинград хотод кино инженерийн дээд сургуульд суралцсан. Төгсч ирээд Монгол кино үйлдвэрт 6-7 жил ажилласан. Хань маань ШУА-ийн микробиологич учраас судалгааны ажлаар манайх гэр бүлээрээ гадаадад олон жил амьдарсан. Монголдоо эргэж ирсний дараа би МОНЦАМЭ агентлагт гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан. Бүх хугацаанд би өөрийгөө чагнаж, сонсож явсан. Энэ мэдрэмж надад бага байхаас бий болсон. Ийм сэдэвтэй ном, сэтгүүл уншиж, телевизийн нэвтрүүлэг байнга үздэг байлаа. Таалагдсан эсвэл сонирхолтой санагдсан зүйлүүдийг туршиж үзнэ. Чадахаараа түүнээсээ кайф авна. Ингэж явсаар өөрийн мэдэлгүй энэ ертөнц рүү орж явчихсан. Сүүлийн 20 жил хүмүүсийг барьж, засал хийгээд явж байна. Миний бариа засалч, бясалгалын багш болох зам зэрэг эхэлсэн. Нэг хэсэг би нойргүй болчихсон байсан, тэр үед залуу ч байж. Эмнэлгээр яваад эмчилгээ байхгүй, эм тариа үйлчлэхгүй. Тэглээ гээд би ядраагүй. Тэр үед “Ухаарахуй, бясалгахуй” гэж сар тутмын сэтгүүл гардаг, түүнд дом заслын тухай их гарна, түүнийг уншдаг байлаа. Нэг удаа аарцаг, нурууны бариа заслыг Монголд нэвтрүүлж, үндсийг нь тавьсан Мягмарсүрэн багшийн ярилцлагыг уншсан. Надад илрээд байсан нойргүйдэх, толгой өвдөх, нуруу өвдөх шинж тэмдгийг аарцаг нурууны бариа заслаар эмчилнэ гэж тэнд өгүүлсэн нь сонирхол татсан. Ингээд Мягмарсүрэн багшийг олж уулзаж бариа засал хийлгэсэн. 2-3 бариулаад нам унтдаг болсон. Ингээд бариа заслыг сурч авъя гээд сургалтад нь суусан. 45 хоногийн сургалтын дараа эмнэлэг дээр нь зургаан сарын дадлага хийсэн. Энэ хугацаанд багштайгаа аман гэрээ хийсэн нь би зургаан сар ажиллая, та харин намайг зургаан сар барьж өгөөч гэсэн. Хүн өөрийнхөө бие дээр их зүйлийг мэдэрдэг. Би ингэж бариа засал хийж сурсан юм. Үүний дараа багшаасаа зөвшөөрөл авч биеэ даасан. Хүмүүс өөр болж, эмчилгээ үр дүнтэй болж байгаа нь хамгийн сайхан санагддаг.
-Лам, бөө, үзмэрч зурхайч гээд янз бүрийн хүмүүс танд ханддаг нь ямар учиртай вэ?
-Тэр, энэ гэж би хүмүүсийг ялгаварлах дургүй. Бүгд ирж үзүүлж, бариулж, засал хийлгээд буцдаг. Анх ирсэн хүмүүс надад танайх угтай юу, та сахиус авах ёстой юм биш үү, нэг л өөр байна гэдэг байлаа. Тэгэхэд нь “Би тийм юм мэдэхгүй. Харин бариа засал, бясалгалыг сайн хийж сурсан хүн. Энэ чадамжаа ашиглан хүмүүст тус болж байгаа юм” гэдэг байсан. Сүүлд нэлээд нэртэй бөө нар “Чи заавал сахиус авч хэц хэнгэрэг дэлдэх шаардлагагүй. Тэртэй тэргүй чи бясалгалаараа холбогдчихсон хүн юм билээ. Чамд гэж зөвлөхөд онгод тэнгэрүүд гэж хүн байсан хүмүүс байдаг. Хүн шиг бодно, сэтгэнэ. Чи уламжлалт аргаар хуяг дуулга өмсөөд хэцээ дэлдчих. Тэгвэл өвгөд дээдэс чинь баярлана, биднийг хүндэлж байна гэж хүлээж авна. Тэд баярлавал чамд шидээ илүү өгнө” гэхээр нь би шидэд жаахан шунасан гэх үү дээ, ном ёсыг нь гүйцэлдүүлж уул усаа тахисан. Чадал орох мэт мэдрэмж өөрт мэдрэгдсэн. Өмнө нь олон цаг зарцуулдаг байсан үйлийг нэг цагт хийдэг болсон. Тэгэхээр бариа засал, бясалгал, далд мэдрэмж гэсэн гурван зүйлээр би өөрийн чадамжийг ашиглан хүмүүст тус болж байгаа юм.
-Бясалгалын олон төрөл дотроос та яагаад зөвхөн рейкийг сонгож авсан юм бэ?
-Хүн хоёр биетэй байдаг. Нэг нь уурагт бие буюу махан бие. Нөгөө нь нүдэнд харагдаж гарт баригдахгүй далд байдаг, үүнийг орчин үед аура гэрлэн бие гэж нэрлээд байгаа юм. Тэгэхдээ аура гэрлэн бие гэх нэршил буруу. Энэ талын мэдлэг ч гэсэн манайханд дутмаг. Дорно дахины анагаах ухаанд үүнийг “Сэтгэл бие” гэж нэрлэдэг. Сэтгэл бие нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, зөвхөн мэдэрч болно. Тэгэхээр хүссэн хүсээгүй, чи түүнийг мэддэг мэддэггүй, итгэдэг, итгэдэггүйгээс үл хамаарч эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хятад, монгол хэн байхаас үл хамаарч энэ замба тивд ирсэн хүн болгон ил, далд хоёр биетэй байдаг. Хүн энэ хоёр биеэ хоёуланг нь тордох ёстой. Гэтэл зөвхөн уурагт бие буюу ил байгаа махан биеэ л арчлаад байдаг. Зөвхөн гоёж гоодож, идэж, унтах, сурч боловсрох дээрээ ажилладаг. Анагаах ухаан ч энэ тал дээр ажиллаж, эм тариагаар эмчилж байна. Гэтэл энэ нь хүний биеийн 10-хан хувь юм. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй сэтгэл бие 90 хувь байна гэхээр биднийг бүрдүүлж байгаа хамгийн их хувь байгаа биз. Иймээс энэ хоёр биеэ хоёуланг нь торддог байх учиртай. Би үүнийг л хүмүүст заагаад байгаа юм. Яагаад бидний амьдрал ахуйд, эрүүл мэндэд хүндрэл бэрхшээл гараад байгаа юм бэ. Гол учир нь энэ. Үүнийгээ мэддэг байх хэрэгтэй. Ажил, амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэнд, ааш аяг ямар байх нь далд биеэс, сэтгэл биеэс их хамаарна. Энэ хоёрыг би засаж өгдөг юм. Анагаах ухаан зөвхөн махан бие дээр ажиллаад сэтгэл биеийг орхичихдог. Лам, бөө нар далд бие дээр ажиллаад үүнийг бас мэдэхгүй. Мэдсэн ч орхичихдог. Тэгвэл уучлаарай, хүн гэдэг чинь хоёр биетэй. Хоёуланг нь засаж байж засал болно. Хоёулан дээр нь ажилласан нөхцөлд тухайн хүний ажил, амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэнд, ааш аяг засагдана. Бариачийн хувьд бясалгалын багшийн хувьд засаад зогсохгүй сахиуслаг чадамжийн хувиар далд биеийг нь засч байна.
-Бясалгал гэдэг нь далд, сэтгэл бие гэсэн үг үү?
-Сэтгэл биеийг засдаг арга нь энэ. Үүн дээр бид дасгал хөдөлгөөн, иогийг нэмж хөдөлгөөнөөр засах арга бас байна. Бясалгал дотроо олон янз. Миний ойлгосноор буурал дээдсээс үүнийг хийж ирсэн байдаг. Бясалгал бол хүн өөрийгөө ухаж ойлгох, өөрийгөө мэдрэх, дээд хүчтэйгээ холбоотой юм. Тэгэхээр хүн байгалийн бүтээгдэхүүн, бүтэц зохион байгуулалтынхаа хувьд дэлхий ээжтэйгээ адил. Нар, сар, од эрхэс, бүх зүйлтэй нь адилхан. Зөвхөн том, жижгээрээ л ялгаатай. Бүтэц нь яг ижил. Эцсийн бүлэгт хэн ч бай өөрөөсөө ямар энерги гаргана түүнийгээ л авдаг. Ямар ч хүн ээж аав гэсэн хоёр хүний хайрын бүтээгдэхүүн. Чи би, бид бүгд адил. Бид бүгд хайрын бүтээгдэхүүн юм бол хайр гаргаж, өөрөөсөө хайр ундруулж байж хайрыг хүртэнэ, тэгж байж аз жаргалтай байна. Хэрэв уурлаад, бухимдаад, гомдоод, цөхрөөд, хэрэлдэж уралцаад байвал муу энерги үйлдвэрлээд байна гэсэн үг. Өөрөөсөө муу энерги гаргавал муу л явна. Хорвоо ертөнцөд бидний мэддэг, мэддэггүй, итгэдэг, итгэдггүйгээс үл хамаарч таталцлын хууль үйлчилдэг.
-Хүмүүс учирч, бас салж байгаа нь ямар учиртай вэ. Учрах нь учирч, салах нь салдаг хорвоо ч гэж хэлдэг дээ?
-Хүн хоёр биетэй гэж дээр хэлсэн. Одоо чи бид хоёр махан биеэрээ уулзаад харилцаад, ярилцаад сууж байна. Үүний тулд далд биеэрээ холбогддог. Чи цахим ертөнцөөс миний уншсан лекцийг олж үзээд, намайг мэдрээд, сонирхоод, судлаад, эрж хайгаад хүрээд ирж байна. Өөрөөр хэлбэл, хүн уурагт биеэр уулзахаас өмнө хамгийн их татагддаг бие нь далд бие. Түүний дараа тухайн хүнтэй хэрхэн яаж харилцахаа шийддэг.
– Үүнийг ойлгуулахын тулд яах вэ?
-Хүн энэ ертөнцөд төрөхдөө хүний төрлийг яаж авдаг вэ. Эхийн улаан, эцгийн цагаан дусал гэж эр, эм хоёр хүний дусал нэгдэж байж хүн бүрэлддэг, бидний уурагт бие ингэж бүрддэг. Энэ уурагт биеийг амирлуулах нь тухайн хүний сүнсэн бие. Ийм гурван юм бүрдэж байж эмэгтэй хүн жирэмсэн болдог байх нь. Ингэж байж бид энэ орчлонд хүний төрлийг авдаг. Тэгэхээр эхийн улаан дусалд ээжийн удмын бүх мэдээлэл сайнтай, муутайгаа багтана. Эцгийн цагаан дусалд аавын талын бүх мэдээлэл байна. Өөрийн авч очиж байгаа сүнсэн бие дээр урд төрөлдөө хийсэн сайн, муу үйлийн мэдээлэл байдаг. Хүн энэ орчлонд 10 мянган жилд 15 удаа хүн болж төрдөг. Хүн болж төрөхдөө сайн, муу янз бүрийн үйл хийнэ, хүссэн хүсээгүй. Тэр нь сайнаараа ч, муугаараа ч тухайн хүн дээр “бичигдээд” байж байна. Тэгэхээр энэ хорвоо ертөнцөд бас далд юм гэж байдаггүй. Нууц юм гэж байдаггүй. Анагаах ухаах, шинжлэх ухаан удмын мэдээлэл байдгийг баталсан шүү дээ. Удмын мэдээлэл, генийн мэдээлэл гээд нэрлэчихээд байна. Ингэж баталсан хэдий ч үүнийг яаж өөрчилдөг юм бэ, яаж нөлөөлдөг вэ, яаж үүн дээр ажиллаж болдог юм бэ гэдэгт мэдлэг алга, шинжлэх ухаанд. Харин үүнийг би хийж байна. Далд ертөнцийн юмыг хийж байгаа хүмүүс үүн дээр л ажилладаг юм. Н.Тесла хэмээх дэлхийн алдартай хүн аль эрт үүнийг хэлж байсан шүү дээ. Хүн дээр ажиллахын тулд 90 хувь буюу далд биеэс нь эхэл. Мэдээлэл дээр нь ажилла гэж хэлсэн байдаг.
– Хүн зөв бодолтой, зөв сэтгэлтэй байвал өөрөөсөө зөв зүйл гаргана. Буруу бодолтой бол буруу хандлага гаргана гэлээ. Бясалгал хийнэ гэдэг тухайн хүн үүнийгээ төвлөрүүлээд байна гэсэн үг үү?
-Зөв хэллээ, яг тийм. Өөрөөр хэлбэл, бясалгана гэдэг бол тухайн хүн өөрийнхөө дотоод руу өнгийж байгаа юм. Хүн ингэж өөрийн сүнстэй харилцаж сурах ёстой. Ээж, аавдаа очсон сүнсэн бие чинь тухайн хүн өөрөө байгаа юм. Уурагт бие буюу махан бие түр зуурын “Гадаад паспорт” гэж ойлго. Чи яагаад энэ орчлонд хүн болж төрсөн байна вэ. Энэ бол чи өмнөх төрлийнхөө алдааг засах гэж байгаа юм. Чи сураагүй зүйлээ сурах гэж ирсэн байгаа юм. Амьдрал гэдэг зүйл “их сургууль”. Чиний урд төрөлдөө хийсэн алдаагаа засах, сураагүйгээ сурах сургууль. Тэгээд 10 мянган жилд 15 удаа хүн болж төрдөг. Ингэхдээ шат ахиад явдаг. Хүн сүнснийхээ боловсролын түвшинг ахиулах гэж эргэж буцан төрөөд байгаа юм. Бидний эцсийн зорилго нь гэгээрэх. Гэгээрэхүйн эцсийн зорилго бол төгс гэгээрэх. Дахиж төрөхгүй, үхэхгүй мөнхийн сүнсний амьдралд очихыг гэгээрэх гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бүх алдаагаа засаж, сурах зүйлээ сурч дуусаад онгод тэнгэр болох нь байна. Тэр бол гэгээрэх гэсэн ойлголт юм. Тэгэхээр орчлонд ирсэн хүн бүр өөрийгөө яах гэж ирсэн бэ, ямар алдааг засах гэж, юу сурах гэж байгаа юм бэ. Яг тийм эцэг эх дээр очно. Өөрийн үйлийн үрээр тийм эцэг эхийг сонгоно. Түүнээс бид эцэг эхээ өөрийн дураар сонгодоггүй. Түүнийг сайнаар нь ч, муугаар нь ч харуулах тийм эцэг эх дээр очно. Тийм ах дүү, амраг садантай болно. Тийм хань ижилтэй, тийм л үр хүүхдүүдтэй болно. Найзлаж нөхөрлөж байгаа хүмүүс чинь хүртэл үүнтэй холбоотой. Тэгэхээр энэ замба тивд тохиолдлын учрал гэж байхгүй. Чиний над дээр ирээд ярилцлага авч байгаа чинь хүртэл чи сүнсний боловсролын түвшинд нэг алхам хийж буй цаг чинь ирснийх юм. Өөрөөр хэлбэл, үүний дараа чиний хандлага, мэдлэг өөрчлөгдөнө. Мэдэхгүй зүйлүүдээ мэдэж авч, ойлгоогүй зүйлээ ойлгож авч байгаа юм. Бясалгал хийхийн учир утга энэ. Хүн бүр яг ингэж дотогшоо өнгий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.27 Баасан № 168 (6645)
Discussion about this post