УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй.
Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ.
“УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг шалгах хүсэлт ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй.
Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан” гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох тайлбарлав.
Discussion about this post