О.Цогтгэрэл даргатай Ардчилсан Намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Б.Ган-Очир: “Сүүлийн 7 хоног бид бүгд цочирдмоор, бүтэлгүй бүтээн байгуулалтын мэдээ харлаа. МАН-ын бүтээн байгуулалтууд зөвхөн сонгуульд зориулсан, ямар бүтэлгүй бүтээн байгуулалт болж байгаа талаарх мэдээнүүдийг харж байна. “Андлалын өргөө” бол мөсөн уулын зөвхөн орой. Цаана нь МАН-ын засаг барьсан 6 жилд маш олон бүтэлгүй бүтээн байгуулалт бий. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, Замын Цагдаагийн шинэ гүүр, Налайхын зам, Газрын тосны үйлдвэр, хотын захиргааны барилга, Сүхбаатарын талбайн усан оргилуур, цэвэрлэх байгууламж, Богд хан уулын төмөр зам гэх мэт. Нэг жишээ хэлэхэд “Андлалын өргөө”-г тойрсон 6 бүтээн байгуулалтын төсөл бий. “Андлалын өргөө”-рүү 200 сая төгрөгөөр эрчим хүч татсан. Гэтэл одоо юу ч байхгүй, нураасан. Нэг сонирхолтой зүйл нь “Андлалын өргөө” мөнгөө буцааж төлж, улсыг хохиролгүй болгосон гэх яриа. Тэнд орсон бүх материалыг Монгол Улс доллараар л авсан байх. “Их хуралдай” гэдэг төсөл 2018 онд 4 тэрбум төгрөг, 2019 онд 600 саяыг улсын төсвөөс авсан. Ашиглалтанд орох хугацаа нь 2019 оны 8 сарын 10. Энэ өдөр гэхэд дууссан байх ёстой. “Шихихутаг-Их засаг” хөтөлбөр 2 тэрбум төгрөг улсаас авсан. 2019 онд эхэлсэн төсөл. Одоог хүртэл дуусаагүй байна. “Монголын нууц товчоо” төсөл 1,5 тэрбум төгрөг авсан хэдий ч дуусаагүй л байна.
Чингис хаан аялал жуучлалын цогцолбор 1,5 тэрбум төгрөг авсан хэдий ч одоо хүртэл дуусаагүй байна. “Монголын далд уул уурхайн музей” гэдэг төсөл 3,6 тэрбум төгрөгийг авсан. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд 400 сая жуулчин зорьж ирэхгүй. Энэ 6 төсөл үндсэндээ дампуурсан.
2020 онд ашиглалтанд орно гэсэн Дарханы зам одоог хүртэл ороогүй. Энэ зам дээр хичнээн хүний амь нас, эд хөрөнгө гарздав? Замын цагдаагийн шинэ гүүр 120 тэрбум буюу Дархан хүртэл нэг эгнээ зам тавьчих мөнгөөр баригдсан. Гэтэл ус зайлуулах хоолойгүйгээс болоод үер болоход доогуураа цуураад, нураад байна гэж хэл ам гараад байдаг. Дуусаагүй байхад нь сонгуульд зориулаад нээчихсэн.
Ер нь сүүлийн үед хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд ажилладаггүй, бэлгэдлийн болчихсон. 97 тэрбумаар барьж дуусаад нэг жил болж байгаа хотын захиргааны байр руу хотын захиргаа нь нүүж ордоггүй. Цагаан өнгөтэй шавар овоолго болчихсон. Сүүлдээ эмнэлэг болгоно ч гэх шиг. Хотын зхиргааны байрыг эмнэлэг болгож болох юм бол “Андлалын хөшөө”-г ч гэсэн эмнэлэг болгочих л доо. 711 тэрбум төгрөгийн өртөгтэй цэвэрлэх байгууламж 2022 онд ашиглалтанд орно гэсэн боловч өнөөг хүртэл ажлаа эхлээгүй байна. Хамгийн сүүлд Богдхан төмөр зам 600 сая доллар буюу 1,7 их наяд төгрөг. Зураг төсөл, ТЭЗҮ тодорхойгүй. Хэзээ ашиглалтанд орох нь мэдэгдэхгүй. Энэ төсөл Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд зориулж хийж байгаа шоу юу? Мөн Газрын тосны үйлдвэр. Асар өндөр өртөгтэй.
УИХ-ын 2020 оны сонгууль гэхэд нефтээ үйлдвэрлээд эхлэх юм шиг ярьсан. 1,2 тэрбум долларын өртөгтэй. 2023 онд ашиглалтанд орно. Ингээд харахаар “Андлалын өргөө” бол МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалтын мөсөн уулын орой хэсэг нь л юм. Сонгуульд зориулаад хагас дутуу орхисон, бүр дампуурсан зөндөө төслүүд байна. Монгол Улсын Ерөнхий Сайдын сонгуульд зориулж тоглодог юм уу, хүүхэд байхдаа Хэнтий нутгаараа явахдаа мөрөөддөг байсан мөрөөдлийг нь биелүүлэх гэж Монголын ард түмний хөрөнгийг нэг нураагаад, нэг босгоод байж болохгүй. Мөн Хэнтий аймагтай холбоотой төслүүд дээр сайд нар, тэдэнтэй холбоотой ашиг сонирхолтой компаниуд ордог. Ингэж бүлэг, фракц болж улсын хөрөнгийг идэж болохгүй. Хэрэв шаардлагатай бол энэ хөрөнгийг иргэддээ шаардлагатай зүйлд зарцуулах хэрэгтэй.” гэлээ.
Discussion about this post