Орчин үеийн пентатлоны төрөлд тамирчнаа өрсөлдүүлж байгаа Германы дасгалжуулагчийг олимпын наадмаас хөөх болсноо өчигдөр тус спортын холбоо зарлажээ. Германы тамирчин Анника Шлеу морьтой харайлтын үзүүлбэрээр өрсөлдсөн юм. Тамирчид санамсаргүй хуваарилсан морьтойгоо 20 минутын турш бэлдээд энэхүү тэмцээнд оролцдог дүрэмтэй.
Гэтэл Шлеуд оногдсон “Saint Boy” нэртэй морь шинэ эзэндээ удирдагдалгүй, саадан дээгүүр харайхыг эсэргүүцсээр байжээ. Энэ үеэр дасгалжуулагч Ким Райснер зангидсан нударгаараа “зөрүүд” морийг цохин сургаж байгаа нь камерт бичигдсэн байна.
Тэр бас Шлеуд морио цохих заавар өгч байжээ. Уг дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж, амьтны эрхийн асуудал хөндөгдсөн байна. Тэмцээний дараа Шлеу “Би хэчнээн хичээсэн ч морь маань явж өгөөгүй. Аргаа бараад би уйлж эхэлсэн” гэжээ.
“Би тамирчиндаа цохих заавар өгсөн. Гэхдээ морины биед хор хохирол учруулах хэмжээний цохилт байгаагүй. Морио ташуурддагтай л адил үйлдэл” гэж Райснер өөрийгөө өмөөрснийг Германы хэвлэлээр мэдээлсэн байна.
Харин орчин үеийн пентатлоны холбоо UIPM-ээс гаргасан мэдэгдэлд “Манай удирдах зөвлөл Германы багийн дасгалжуулагч Ким Райснерт хар карт өгч, үлдэж буй өдрүүдэд олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахдаа тэмцээний үеэр Анника Шлеугийн унасан Saint Boy нэртэй морийг нударгаараа цохиж буйг харуулсан Райснерын дүрс бичлэгийг шалгаж, нягталсан болно” гэсэн байна. “Өнөөдрийн үйл явдал морь болон тамирчныг аль алиныг нь хамгаалахын тулд тэмцээний дүрмийг яаралтай шинэчлэн сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэж Германы Үндэсний Олимпын Хороо мэдэгджээ.
Discussion about this post