Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалж, өөртөө эзэн байхыг бусдад үлгэрлэдэг загвар зохион бүтээгч Вера Ванг зургаадугаар сарын 27-нд 72 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
72 настай хэдий ч гучин настай юм шиг харагддаг гэдгээрээ алдартай Вера Ванг инстаграмд 2.8 сая дагагчтай. Тэрээр цаг хугацааг зогсоосон мэт үргэлж үзэсгэлэнтэй харагддаг хэмээн түүнийг дэмжигчид нь цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ.
Женнифер Лопезоос эхлээд Челси Клинтон гээд алдартнуудын хуримын даашинзыг тэр л урлаж байсан. Холливудын одод, баян чинээлэг хүмүүсийн тансаг хуримын даашинзыг гардан урладаг тэрээр жирийн эмэгтэйчүүдэд ч амьдралынхаа дахин давтагдашгүй хуримын өдөр мөрөөдлийн даашинзаа өмсөх боломж олгодог учраас түүний нэр өнөө үеийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн дунд бичигддэг болжээ. Тиймээ тэр бол Вера Ванг. Өдгөө 72-тай ч наснаасаа хэд дахин залуу харагддаг, өргөж авсан хоёр охинтойгоо нас чацуу мэт хувцасладаг тэрээр загварын ертөнцийн нэгэн содон дүр төрх билээ. Шанхайгаас АНУ-д цагаачлан ирсэн баян чинээлэг Хятад гэр бүлд мэндэлсэн Вера Ванг хүүхэд ахуйдаа мэргэжлийн уран гулгагч болохоор хичээллэж байсан ч 1968 оны олимпод оролцох мөрөөдөл нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүйгээс нуржээ. Тэгээд тэшүүрээ Парис нисэх онгоцны тасалбараар сольсон юм. Сорбоннд хоёр жил урлагийн түүх суралцах хугацаандаа тэрээр багынх нь сонирхол болох хувцас загварт нэг мөр орчихоод Нью-Йоркт ирсэн гэдэг. Америкт эргэн ирснийнхээ дараа “Yves Saint Laurent”-ий дэлгүүрт худалдагчаар ажилд оржээ.
Вера Вангийн эцэг шаггүй амжилтад хүрсэн эмийн компанитай, ээж нь НҮБ-ын орчуулагч байсан бөгөөд чинээлэг амьдрал нь хүссэн үедээ “Yves Saint Laurent” шиг үнэтэй брэндийн дэлгүүрээр хэсэх боломж олгодог байж. Тийм ч учраас дэлхийд нэртэй энэ брэндийн салбар дэлгүүрт хэсэгхэн хугацаанд ажиллахдаа загварын мэдрэмжээрээ “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн хараанд өртжээ. Дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүлд ажиллах урилга хүлээн авснаасаа хойш тэрээр төд удалгүй тус сэтгүүлийн хамгийн залуу /23 настай/ загварын эрхлэгч болсон юм. “Vogue” сэтгүүлд 16 жил ажиллаад ерөнхий эрхлэгч нь болж чадаагүй учраас тэрээр сэтгүүлээ орхижээ.
Удалгүй алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорены загварын ордонд ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд Калвин Клейнээс эхлээд загварын ертөнцийн хамгийн мундаг дизайнер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Ингээд загварын ертөнцийн хамгийн дээд түвшинд 20 гаруй жил бэлтгэгдсэний эцэст тэрээр 1990 онд өөрийн хувийн бизнесээ эхлэх хангалттай туршлагатай болсон. Энэ нь өдгөө түүнийг нэр алдарт хүргэсэн хуримын даашинзны дэлгүүр байв.
Вера Ванг Мэдисоны өргөн чөлөөнд нээсэн дэлгүүртээ эхлээд Европын дизайнеруудын хуримын даашинзыг худалддаг байснаа аажмаар өөрийнхөө загварын даашинзуудыг ч хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ. Ингээд түүнээс хойшхи 30 жилийн хугацаанд Вера Ванг хуримын даашинзны хамгийн алдартай дизайнер болсон билээ. Үүнд 2000 оноос “David’s Bridal”-тай хамтран ямар ч түвшний худалдан авагчид авах боломжтой загвар гаргаж эхэлсэн нь түүний орлого ашгийг үлэмж нэмэгдүүлж чаджээ. Ингээд хуримын даашинзны ганцхан дэлгүүрээс эхэлсэн түүний бизнес өдгөө жилдээ нэг тэрбум ам.доллар эргэлдүүлдэг болжээ.
Discussion about this post