АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгээр консерватив үзэлтэй улс төрийн тоймч Кэти Захариаг энэ сарын 11-нд томилсон. Уг нь ингээд “Trump Media & Technology Group”-т ажилладаг Захариа ийнхүү Трампын хоёр бүрэн эрхийн хугацааны зургаа дахь хэвлэлийн нарийн бичиг болсон билээ. Гэвч Трамп ердөө 5 хоногийн дараа ажлаас нь халлаа.
Уг нь анх хэвлэлийн төлөөлөгчөөрөө томилохдоо Трамп түүнийг үнэнч гэж тодорхойлж, “MAGA” буюу Америкийг дахин агуу болгох хөдөлгөөний тууштай дэмжигч, Захариаг сонгуулийн кампанит ажлынх нь үеэр савлагаа ихтэй шийдвэрлэх мужуудад ажиллаж, бүгдэд нь ялалт байгуулсан гэж магтсан юм. Гэвч магтсан хүүхэн хуриман дээрээ… гэдэг боллоо.
Трамп ажлаа дөнгөж авсан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөө халжээ
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдоод ердөө тав хонож буй Кэти Закариаг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлжээ. Түүний албан тушаал хашсан богинохон хугацаанд хуульчийн мэргэжил болон Хятад улстай холбоотой асуудлууд гол сэдэв болж байв.
Түүнийг ажлаас нь халсан эсэхийг асуухад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Үгүй, үгүй. Би түүнийг сайн сайхан амьдраасай л гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийнхэн түүн рүү маш их дайрч, хүнд байдалд орууллаа” хэмээн хариулжээ.
Асуудлын гол нь Закариагийн хуульчийн мэргэжил болон Хятад улстай холбоотой ярьсан зүйлс байсан юм. Тэрбээр Пүрэв гарагт консерватив үзэлт тоймч Жек Пособиецийн подкастад ярилцлага өгөхдөө Хятад улсад ажиллаж байсан үеэ дурсаж, тус улсад олигтой бие засах газар ч байдаггүй гэж шүүмжилсэн байна.
LinkedIn профайлд нь түүнийг 2011-2013 оны хооронд Хятадын хамгийн том хуулийн фирмүүдийн нэг болох Zhong Lun-ы Бээжин дэх салбарт хуульчийн туслахаар ажиллаж байсан гэж тэмдэглэжээ.
Сэтгүүлчид түүнээс хуульчийн шалгалтаа хаана өгсөн талаар асуухад “Хятад руу нүүх үедээ. Би Хятадад амьдрахаа мэдэж байсан болохоор хуульчийн шалгалтын дүн надад чухал биш байсан” гэсэн байна. Ерөнхийлөгч Трамп түүнийг “хуульч” хэмээн тодорхойлсон боловч Захариа хуульчийн мэргэжлийн эрх авах шалгалтад тэнцээгүй гэх мэдээлэл гарчээ.
Мөн түүний анхны хэвлэлийн бага хурал бүтэлгүйтсэн. Консерватив үзэл баримтлалтай тайлбарлагч гэдгээрээ Трампын анхаарлыг татсан Захариа мягмар гарагт анхны бөгөөд цорын ганц хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа бэлтгэсэн бичвэрээ уншиж, асуулт хариултын хэсгийг ердөө таван минут 30 секундын дараа дуусгажээ. Захариа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн дараагийн ярилцлагадаа Вашингтоны хэвлэлийнхний өмнө гарахад хангалттай бэлтгэлгүй байснаа тайлбарлан, өөрийгөө өмгөөлсөн ч энэ нь шүүмжлэлийг намжааж чадсангүй.
Хэд хоног үргэлжилсэн хэвлэл мэдээллийн хүчтэй шүүмжлэлийн дараа Трампын захиргаа баасан гарагийн үдээс хойш шийдвэрээ өөрчилжээ. Тухайн үед Дональд Трамп Жоржиа мужид болох завсрын сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцохоор явж байхдаа сэтгүүлчидтэй уулзсан байна. Энэ үеэр тэрээр Захариатай ярилцаж, албан тушаалаа үргэлжлүүлэх эсэхээ дахин бодож үзэхийг зөвлөснөө ярьжээ.
Трамп “Үнэнийг хэлэхэд, би таны оронд байсан бол дахин бодож үзэх байсан” гэж хэлээд, Захариад хандан “Кэти, чамд энэ ажил үнэхээр хэрэгтэй гэж үү? Миний бодлоор чамд хэрэггүй” хэмээн хэлсэн гэжээ.
Ийнхүү Кэти Захариа шинэ албан тушаалдаа ердөө тав хоног ажиллаад ажлаа орхилоо. Кэти Захариа өдгөө 42 настай бөгөөд дөрвөн хүүхдийн ээж. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацаанд Бүгд найрамдах намын улс төрд идэвхтэй оролцсон бөгөөд “Newsmax”, “Fox News” хэвлэлд улс төрийн тоймчоор ажиллаж байжээ.





Discussion about this post