Арван жил орчим агуйд бясалгал хийж яваа монгол залуутай хөөрөлдсөнөө уншигчиддаа толилуулъя. Тэрбээр даруу төлөв нэгэн тул энэ тухай ярихаас өөрөө олны анхаарал татахаас нэлээд цэрвэдэг нэгэн бололтой.
-Эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Санчир гэдэг. Би 36 настай. 1993 онд шашны сургуульд орж суралцан улмаар Түвдэд очиж хэдэн жил буддын шашны сургуульд боловсрол эзэмшсэн. Гэхдээ би одоо хар хүн болж эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч Чингэлтэйн эцэст амьдарч байна. Өмнө нь хийд орон газар шавилан сууж байсан л даа. Буддын шашны гол үзэл санаа бол бусдыг энэрэн хайрлаж зовлонгоос ангижруулах бодь сэтгэлийн тухай байдаг. Бурханы сургаалийг эрдэмт багш нараар хөтлүүлж, уншиж судлахын хирээр ухаан санаа боловсорч ертөнцийг үзэх үзэл гүнзгийрэн тэлдэг. Өөрөөсөө бусдыг буюу хамаг амьтныг энэрэн асрахын тулд энэрэнгүй бодь сэтгэлийг үүсгэх учиртай. Бодь сэтгэлийг төрүүлэхийн тулд өөрийн муу сэтгэлүүдээс хагацан салсан байх ёстой. Өөрөө шаварт шигдсэн хүн өрөөлийг аварч чадахгүй шүү дээ. Тиймээс л сүм хийдэд сууж ном уншсан төдийгөөр бусдад тусалж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод бясалгах замыг сонгосон гэх үү дээ.
-Чухам юуны учир аглагт бясалгах болов?
-Хүн зүгээр хийх юмаа олж ядсандаа юм уу, хэн нэгний мунхруулга болон мухар сүсгээр ч юм уу, эсвэл нэр алдарт дурласандаа аглагт гарна гэж байхгүй. Энэ бол хувь хүний оюун ухаан болоод багш нарын заавар болон Буддын сургаалыг эмх цэгцтэйгээр үзсэний үр дүнд болдог зүйл. Амьдралын утга учир юу юм бэ. Амьдралд зайлшгүй шаардлагатай чухал мэдрэмж чухам юу вэ? Энэ ертөнцөд найдвартай орших зүйл гэж байна уу, аливаа амьд амьтны амьдрал бол зөвхөн өрсөлдөөн, алаан талаан, утга учиргүй байдал ноёрхсон харанхуй хаос төлөв юм гэж үү гэсэн бодол бага наснаас сэтгэлийг минь урдаг байлаа. Гэвч орчлон ертөнцийн элдэв хуурмаг санаа бодлоос ч, танин мэдэхүйгээс ч гэнэт хагацах тохиолдолд хүн өөрийн дотор хэн ч байхгүйг, орчлонд түшиж тулах юм уу шүүрээд авах ганц ч найдвартай махбодь гэж байхгүйг Буддын сонгодог философийг судалбал бага сага ойлгох болно. Хүн бол үүрд цөлөгдсөн азгүй амьтан юм, учир нь тэрбээр бурхадтай тэрсэлснийхээ төлөө гэсгээл шийтгэл амсаж ёроолгүй зовлонд тарчлах Сизиф юм гэсэн Өрнө дахины сэтгэлгээгээр үүнийг ойлгох боломжгүй л дээ.
-Тэгвэл энэ утга учиргүй байдлаас хэрхэн гарах вэ?
-Орчин үед сэтгэл судлал сайн хөгжиж байгаа боловч нийгэмд өгдөг сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийн ихэнх нь Буддын сэтгэл зүйд тулгуурлаж гаргасан загварууд байдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Хүн заримдаа яахаа мэдэхгүй зовлонд бүдчих үе гардаг. Тийм үед сэтгэл зүйн зөвлөгөө уншаад ч юм уу найз нөхдийн зөвлөгөөгөөр туулна гэж байхгүй. Тиймээс өөрийн доторхи зовлон шаналал, утга учиргүй байдлаас гарахын тулд дээдийн номд шамдсанаар л энэ абсурд байдлаас гарна. Барууны нийгмийн сэтгэн боддог хэсэг буюу чөлөөт хэв маягийн залуус технологийн асар хурдтай хөгжил, нийгмээс хувь хүнд үзүүлэх дарамтыг давахын тулд бясалгалыг ихээр сонирхох болсон нь ч үүнтэй холбоотой байх.
-Тэгвэл энэ амьдрал гэдэг тэр чигээрээ зовлон юм гэж үү?
-Тийм ээ. Хүний таван мэдрэхүйд тусаж мэдрэгдэж байгаа бүхэн зовлонгийн шинж чанартай. Сайхан зүйл гэж мэдэрсэн зүйлээ хүн дахин дахин амсахыг хүссэн шунал, тааламжгүй муухай гэж мэдэрсэн зүйлдээ дургүйцэн уурлах хүсэл төрнө. Аль нь ч биш зүйлд дүйнгэ мунхаг сэтгэл үүсэж тоомжиргүй ханддаг. Сайхан гэж бодсон зүйл ч мөн тэр дороо хувирч зовлон болох нь олонтаа. Үүнийг урвахуйн зовлон гэдэг. Тэгэхээр хүн гэдэг чинь тааламжтай зүйлийн араас хөөцөлдөн тачааж, тааламжгүйг устган хөнөөхөөс өөр ид шидгүй амьтан юм гэж үү. Үүнийг адгийн наад захын оготно зурам ч чадна шүү дээ. Амьдралын утга учрын тухай эргэцүүлдэг хүн үүнийг бодох л учиртай.
-Таны яриаг сонсоод одоо цагт төвлөрөх учиртай гэдэг зөвлөгөө санаанд орж байна?
-Тийм шүү. Хүн өнгөрсөн цагт сайн сайхан зүйл мэдэрч байсан бол түүнийгээ ахин дахин эдлэхийг хүсэж, тааламжгүй зүйл учирсан бол түүнийгээ мартахыг хичээдэг. Энэ бол тархины автомат үйлдэл. Тийм ч учраас хүн муу муухай дурсамжуудаа аль болох мартахыг хичээсээр үхэх үедээ өө сэвгүй сайхан намтартай болдог. Мөн ирээдүйд сайн сайхан болно гэсэн хүлээлт үүсгэж хүсэн мөрөөднө. Ингээд л өнгөрсөн ба ирээдүй гэж савласаар байгаад нэг мэдэхэд эрүү өвдөг нь нийлж хүн сүргээс мултрах цаг болдог. Төрөл арилжих бол төгсгөл биш. Дахин өөрийн үйлийн үр, кармад таарсан сав буюу биеийг олж төрснөөр энэ цикл ахин эхлэнэ. Энэ бол тойрог юм, зовлонгийн тойрог, сансарын хүрд. Гэвч бас нэг зүйл бий. Өнгөрсөн үе бол нэгэнт өнгөрсөн, цусаар уйлаад ч эргүүлж болохгүй. Ирээдүй бол ирээгүй байна. Энэ хоёрын хооронд савласаар насыг барснаас одоо цагтаа байж, энэ мөчийг мэдрэх нь илүү бодитой. Харин одоо цаг гэж юу вэ, хамгийн бодитой зүйл мөн үү гэвэл бас үгүй. Одоо цаг гэж яг юуг хэлэх вэ гэвэл бас л хоосонд тулж очно. Яг энэ гэж заах тэр мөчид тэр хором өнгөрсөн лүү нөгчин одно. Хором, мөч, амьсгал, хувь, цэн, чинлүүр гэх мэтчилэнгээр хуваасаар секундыг сая дахин хуваасан ч одоо цаг гэж олдохгүй. Харин түүний оронд өнгөрсөн ба ирээдүй илүү бодитой. Өнгөрсөнд хийсэн үйлийн үр болон ирээдүйд хийж болох үйл ба үр байх нь ойлгомжтой. Энэ бүхнийг зөвөөр ойлгохын тулд дээдийн номыг эндүүгүй сайтар таньж ойлгох ёстой л доо.
-Ярилцлагаа бясалгалдаа эргэн хандуулъя. Танд бясалгал хийгээд суухад бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу, үүнийгээ хэрхэн даван туулсан бэ?
-Мэдээж хэрэг тохиолдолгүй яахав. Олон сараар ганцаар суухад уйдаж гансрах, сэтгэл үймрэх, зовж зүдрэх үе тохиолдоно. Яагаад дээр үед хүнд гэмт хэрэгтнийг зэлүүд буйд газар цөлдөг байсан юм бэ. Яагаад гэвэл хүн гэдэг сүргийн бүтэцтэй, тэр бүтцийг нийгэм гэж нэрлэдэг. Түүнээсээ салбал уснаас хагацсан загас мэт хөөрхийлөлтэй байдалд орж, гансрал гутралд нэрвэгдэн зовдог. Харин ухамсартайгаар энэ нийгмийн эрэг шураг байхаа больж гав дөнгөнөөс салахыг хүссэн хиппи маягийн хүмүүс ч байдаг. Тэд эрх чөлөөт байдлыг хүсэн байгальд эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн дарамтаас ангижрахыг хүсдэг. Гэвч хиппи амьдрал бол бас л нэг зовлонг нөгөөгөөр сольж байгаатай ялгаагүй. Харин Бурханы шашны дээдийн номоор замнах бол маш өөр хэрэг. Маш их тэвчээр зориг, шаргуу байдал, тусгай мэдлэг шаардагдана. Энэ бүхэн цогцлохгүй бол эзгүй газар өөрийгөө тарчлаан зовоох, абсурд хаос мэдрэмжээс болж амиа хорлох байдалд тулж очих тул зохих мэдлэг хэрэгтэй. Бас дээр нь бурханы шашны даяан бясалгалд нэг онцлог буй. Тэр бол дамжлага. Энэ нь багшаас шавьд дамжуулах увидас, түүнийг хэрэгжүүлэх заавар болон эрх юм. Үүнгүй бол мянган бясалгалын гарын авлага байгаад хэрэггүй л дээ. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгч л болно.
-Тантай адил бясалгалд явах гэж буй хүмүүст та юу зөвлөх вэ, чухам яг юуг анхаарах вэ?
-Одоо ч нэг үеэ бодоход бясалгалын тухай ном товхимол элбэг болж бясалгалын төвүүд олноор бий болж байна. Бясалгал бол буддын сэтгэхүй ба танин мэдэхүйн дээд шат байдаг. Энэ танин мэдэхүйн дээд шатыг эзэмшин гэгээрэхийн тулд бурханы шашинтнууд аглагт нямба хийдэг билээ. Аглагт бясалгахын гол учир утга нь хуран үймээн буюу сатааруулагч элдэв нөлөөнөөс өөрийгөө ангид байлгах, чөлөө учрал болон цаг заваа зөвхөн энэхүү үйлэндээ зарцуулах юм. Тиймээс хуран үймээн, хот балгадын үйлэн дэх өөрийн холбогдох хэлхээ холбоо, учиг сэжим бүрийг таслахгүй бол эргэж хоргодох, сэтгэл үймрэх зүйл олонтаа гарч бясалгал бүтээлд саад тотгор болдог гэдгийг сануулах хэрэгтэй байх. Бие болон сэтгэлээ сайтар бэлдэх, шүд болон биедээ идээт үрэвсэлийн голомттой бол сайтар эмчлүүлэх, бөөс хуурсанд баригдахгүйн тулд бүх биеийн үсийг сайтар хусах, мөөгөнцөртөхгүйн тулд биеэ үргэлж хуурай байлгах ёстой гэх мэтчилэн олон зүйл бий. Мөн өөрийн биед хэрэгцээтэй зүйлс болон хоол хүнс, эм тан элдэв хэрэглэл, гарын авлагаа сайтар базааж явахгүй бол санаа нь тэнгэрт, сачий нь газарт гэгч болж аглагт очсон хойноо чанга дуугаар майлах болно. Даанч зовлонт тэр дууг чинь хэн ч сонсохгүй гэдэгт итгэ. Миний өөрийн арваад жилийн туршлага ингэж л хэлэх байна даа.
-Ууланд бясалгал хийх эсвэл гэртээ ч юм уу өөр нэг газар бясалгал хийх хоёрын ялгаа нь юу вэ?
-Зөндөө л их юм хэлмээр байвч сонины нүүр болон цаг хугацаа хоёр хязгаартайгаас хойш товч хэлье. Бясалгагч гэсэн ойлголт бол бие, хэл, сэтгэлээр гэм хорлол бүхнийг арилган, иш онолын эрдмийг төгсгөн ариусаж, бусдадаа туслахаар зориг шулуудсан хүнийг хэлнэ. Амгаланг олох ба түүнд хүрэх арга замыг эрж олохын тулд сэтгэл санаагаа түвшитгэх, тогтоон барих машид гүнзгий дасгал сургууль, бясалган бүтээлийн үндэс болох биеийн аглаг, хэлний аглаг, сэтгэлийн аглагийн үндсэн дээр үнэмлэхүй тод гэгээн гэрэлд хувиран, амгалан хоосон хоёр нэгдэн илбийн биеийг бүтээх учиртай. Үүний тулд анхаарал болон оюун сарних үйлийг хааж, оюунаа нэгэн чигт төвлөрүүлэн сэтгэх чадвар эзэмших нь туйлаас чухал билээ. Хүн өөрийн сэтгэлийн хөдөлгөөн ба үйлдлийг өөрөө залуурдан жолоодохын тулд бие, хэл, сэтгэл оюундаа хат суулгахын зэрэгцээ туйлаас уян хатан байж аливаа зүйлийг явцуу хүрээнд бус маш өргөн дэлгэр харж мэдрэхийг л шаарддаг юм байна гэдгийг хэлэх байна даа. Судар номоос бус бясалгал бүтээлээр төрөх учиртай эрдэм мэдлэгийг эзэмшин хамаг амьтанд туслах бодь сэтгэлийг үүсгэхээр зорин буй энэ цагийн бясалгагч болон ирээдүйн бясалгагч бүрийн буянд даган баясах хэрэгтэй.
-Танд өөрийн гэсэн очдог агуй бий юу. Агуйгаа хэрхэн олдог вэ?
-Мэдээж, олон сар хоногоор суух учраас жирийн нэг агуйнд очоод сууж болохгүй. Агуйн ам нь хаашаагаа харж байна, дулаан нь агуй дотроо хэдэн хэмтэй байх уу, чоно нохой үүрлэдэг агуй юу, эсвэл хүн амьтан мэддэг байвал болохгүй. Яагаад гэвэл анхаарал төвлөрөхгүй, эсвэл бясалгалдаа төвлөрөөд ямарваа нэгэн аюулд өртөж мэднэ. Миний хувьд өөрийн гэсэн агуйтай. Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх агуйдаа очиж бясалгачихаад буухдаа агуйгаа том чулуугаар таглачихна. Тэгэхээр тийшээ хэн ч орж чадахгүй. Харин би очихоороо чулуугаа аваад доод тал нь гэхэд долоо хоног, дээд тал нь 45 хоног бясалгаж, хоосон чанарыг өөрийн биеэр мэдэрч суухдаа таатай байдаг.
СЭТГҮҮЛЧ ДАВААДАШ НАЦАГ





Discussion about this post