Хэн юу тарина, түүнийгээ хүртэнэ гэдэг дээ. Монголчууд сүүлийн сонгуулиар хийсэн сонголтынхоо үр дүнг биеэрээ төлж эхэллээ. Сонгуулийн өмнө тавьсан хөл хорио, хот хөдөөг хамарсан, хавтгайруулсан сурталчилгааны үр дүн гарч коронавирусын халдварын тархалт урьд байгаагүй шинэ түвшинд гарав. Хэрэв сая сонгууль явуулаагүй бол УОК улаан байтугай өөр ямар түвшний бэлэн байдал зарлах байсныг бүү мэд. Нэг үгээр хяналтаас гарсан халдварын тархалтын улмаас Монгол Улс тэр чигээрээ банкрот болоход ойрхон байна. Харин УОК халдварын дэгдэлттэй шинжилгээний цэгүүдээ хааж тэмцэж. Дүүрэг бүрт ганцыг үлдээгээд байсан цэгүүдээ хүртэл хааж нийслэлийн хэмжээнд гуравхан цэг /Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан/ үлдээжээ. Шинжилгээний тоо буурвал халдварын тоо ч гэсэн буурна. Мөн үү?
Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өчигдөр орой бас нэгэн “шинэ” мэдэгдэл хийв. Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд олгож байсан цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт, хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэн олгох эсэхийг ҮАБЗ шийднэ гэв. Өөрөөр хэлбэл, өмнөх хугацаанд УИХ, Засгийн газарт байсан төсөв, эдийн засгийн бодлогыг ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн бус байгууллагад шилжүүлэн авч байгаа юм байна. Товчхондоо У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, ҮАБЗ-ийг толгойлох болсон нь үүний шалтгаан болов. Харин УИХ, Засгийн газар нь түүний хуулийн хэлтэс, хэтэвч маягтай ажиллах юм байна. Угаасаа У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ч тийм хэмжээнд байсан шүү дээ. Ингээд Монгол Улс нэг хүний гарт орлоо. Өмнө “Шүүх эрх мэдэл ҮАБЗ-ийн гурван хүний гарт орлоо” гэж халаглаж байсан түүх хажууд нь юу ч биш болов. Тангараг өргөөгүй байж ингэж байгаа хүн тангаргаа өргөөд тамга атгачихвал бүр галзуурах нь ээ.
Одоо энэ дарангуй байдлыг зогсоох ганц л арга байна. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ нь намын даргаа авч, жинхэнэ Ерөнхий сайд болох. Ингэхэд У.Хүрэлсүх нэг удаа намаараа хамгаалуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ хоёр шатны шүүхээс ял сонсож байсан хүн. Одоо МАН-ын даргатайгаа Ерөнхийлөгч болох гээд байна уу?
Б.ЗАЯА
Discussion about this post