Ард түмэндээ дахиад гомдоорой!

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

БАЯРХҮҮ  

Энэ удаа ялагдал хүлээсэн Ардчилсан Нам ба түүний гишүүд дэмжигсэд, нэр дэвшигч, түүний багт хандан харамсалтайгаар хэлж байна. Ард түмэн АН-д ёстой хатуу дүн тавилаа даа гэж.


-Энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих!

Жилийн өмнө яг ингэж бичиж байсан. УИХ-ын сонгуулийн дүн тоологдож эхлэхэд бичээд шөнө дунд “Засгийн газрын мэдээ” сонинд илгээж, сонин үүрээр хэвлэлд шилжиж, ажил цуглахад сонин уншигчдын гарт очно гэж тооцсон. 2020 оны сонгуулийн дүнд дүн шинжилгээ хийсэн анхны улс төрийн нийтлэлийг би шигтгэж тэрхүү сонин ба baabar.mn дэх нийтлэлчийн сайтдаа гаргаж тэр нь цаашаа дамжиж хоёр ч чухал сайтад тавигдсан шигээ энэ удаа зориглоод үзье.

Миний нийтлэл монголын хамгийн их уншигчтай baabar.mn; gogo.mn; sonin.mn гурван сайтад тавигдах тул монголын ихэнхи уншигчдад хүрэх болтугай!

Монголын ард түмэн сонголтоо хийчихлээ. Зургаа дахь Төрийн тэргүүнээ санаснаас харин ч зөв шударга, хурдан, зардал чирэгдэл багатай, гомдол хохиролгүй сонгочихлоо. Ёстой ард түмэндээ баярлалаа гэе. Цагаан сонголт нь даваад дахиулна, хэн нь ч “50+1” авч чадахгүй тул дахина, намар хүртэл хойшлоно гэж цуурч, таамаглаж, хүсч байснуудыг бодохул энэ удаа ингэж огцом хурдан, зардал чирэгдэлгүй, тэр дундаа ковидын хүнд нөхцөлд ухаалгаар шийдсэнд нь талархахаас аргагүй.

Гомдоорой гэсэн нь ёж үг шүү дээ. Ялагдагсдад зориулсан ёж үг. Ноднин бол ухаантнууд дүүрчихсэн, “Бид л байхгүй бол эх орон сөнөлөө!” гэсэн малгай уриатай улс төрийн бүх намд (ялсан МАН-аас бусдад нь) хандаж хэлсэн ухаантай юм. Ялагдсаныг нь тавласан ухаантай юм.

Энэ удаа ялагдал хүлээсэн Ардчилсан Нам ба түүний гишүүд дэмжигсэд, нэр дэвшигч, түүний багт хандан харамсалтайгаар хэлж байна. Ард түмэн АН-д ёстой хатуу дүн тавилаа даа гэж.

Ноднингийн УИХ-ын ялагдлаас хойш намрын адаг сараас эхлэн өнөөг хүртэл нам дотроо шившиг шидээ тарин бужигнасан АН-д ард түмэн бараг эцсийн дүн тавьчихсан биш байгаасай!

УИХ-д ганц суудалтай ХҮН-ын ганц гишүүн (Т.Доржханд) одоо Та нарыг захирах, адаглаад үг хэлүүлэхгүй байх бүрэн эрхээ олоод авчихлаа. Та нараас зарим нь тийшээ гүйж очих ч байх. Хагарсан чигээрээ “хоёр АН” УИХ-ын 2024 оны сонгууль хүргэлтэй биш.

Хэрэв “босоо” хэмээх С.Ганбаатар МАХН-аас хөөгдөөд АН руу гүйж очихыг нь амдаад ХҮН-ынхан тосч аваад өөрийн нэрээр (цаана нь “Зөв хүн-Электорат эвсэл”) түүнийг дэвшүүлчихсэн бол харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд эсрэгээр, эгзэгтэй нөлөөлөх байсан байж болно. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн амжилтаар нь би тэгж ургуулж тааж байна.

Гэхдээ тэгээгүй юм чинь одоогийн үр дүнг дүгнэе. МАН-ын засгийн эрх барьж буй ерөнхий дүр зураг, ерөнхий сэтгэгдэл муугүй яваа нь харагдлаа. Хамгийн том дэвшил нь хоорондоо таарч тохирохгүй хагарчихаад хоёр салчихсан байсан МАН, МАХН хоёр 100 жилийнхээ ойгоор нэгдэн нийлж, нэг нам болж, тэр их хүчийг нэг дор зангидсаны гавьяа, үр дүн энэ сонгуулиар гарлаа. Монголын ард түмэн эв нэгдлийг хүсдэг юм байна. Хоёр намын эв нэгдлийн энэ үйлсийг зориглон хийсэн (харилцан буулт хийсэн) улс төрчид түүхэнд мөнхрөх болтугай.

Харин энэ сонгуулийн үр дүнгээс хүртэж чадаагүй хуучин МАХН-ын зарим хэсэг нь дахин сэргээх гэж хуйвалдаад явж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын багтаамж хэр билээ. Ерөнхийлөгч хэдэн хүнийг хоолонд хүргэх билээ, тооны хязгаартай тул МАН ба тийшээ нэгдэж орсон МАХН-ын гишүүд тооцоолсон л байдаг байгаа?

АН-ын хувьд эцсийн цэг тавилт л биш байгаасай. Дотоод зодоонд нь гишүүд нь бүү хэл эрүүл саруул ухаантай монгол хүн бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа гээд ойлгочих! Гучин жилийн өмнө моод байсан, 30 жил ярьсан ардчиллын тухай тэр ухуулгад монголчууд үндсэндээ цадсан байна. Дарангуйлал тогтоно гэсэн айдсаар айлгаад нэмэр алга. Төрийн гурван өндөрлөг МАН-ын гарттөвлөрнө гэдгээс ч монголчууд огт айсангүй. Ганц л зүйлийг хүслээ. Тэр нь эв нэгдэл ба тайван амгалан амьдрал нь.

Монголд гуравдагч хүчний орон зай байгаа юм байна гэдгийг “Зөв хүн-Электорат эвсэл”, түүний нэр дэвшигч Д.Энхбат нотлож чадсанд ёстой баяр хүргүүштэй. Дотроо хагарсан, хэмлэлцсэн, Дээд Шүүх дээр шившгээ дэлгэсэн, тэгээд дэвшүүлсэн нь авсан саналынхаа тоогоор цоо шинэ нэр дэвшигч Д.Энхбатаас 2-3 дахин доогуур орчихоод явж байгаа, энэ бүхэн юу хэлнэв?

АН-д маш том сургамж, дахин сургамж, шинээр төлөвшиж ариусах, өвөр хоорондын тэмцлээ эгнэгт гээх ухаан хайрлах сонгууль болж өнгөрлөө л гэдгийг харуулж байна. АН энэ ёозоороо үзэлцээд дуусвал юун 2024 оны УИХ-ын сонгууль, түүхнээс арчигдахын даваан дээр ирлээ гэдэгтээ дүгнэлтээ хийгээд парламентын дорвитой, тулхтай, сөрөг хүчин болохыг чин сэтгэлээсээ уриалан дуудъя.

Гарчигт өгүүллээ. “Энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих” гэж. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялж 62 суудал авахад ард түмний таньж мэдэхгүй олон шинэ улс төрч тодорсны цаад фон нь ганц энэ нөхөр байсан юм шүү дээ. Тэр нүүрээрээ энэ удаа яалт ч үгүй гараад ирлээ!

-o0o-

Next Post

Discussion about this post