Хүүхэд гэдэг эрхэм нандин зүйл зарим нэгэнд нь хүсээд ирдэггүй бол зарим эхчүүдэд нь хоёр, гурваараа заяадаг нь дэндүү азтай бас үнэхээр бахархмаар. Хорвоод мэндлээд удаагүй байгаа тэдгээр бяцхан үрс хүн болох гэж, мөн бусдыг баярлуулах гэж ээждээ заяаж, Монголын үрс гурваар нэмэгдэж, хоёр хүү, нэг охин мэндэлжээ. Одоо эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа ба бяцхан үрс эсэн мэнд бойжиж байгаа юм байна. Бид гурван ихрийн ээж Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Д.Цогмөнхтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө эсэн мэнд амаржиж гурван ихэртэй болсонд баяр хүргэе. Хэр хүндрэлтэй төрөв дөө. -Баярлалаа. Төрөөд удаагүй байна. Хоёр хүү нэг охинтой боллоо. Хүүхдүүд маань 2,4 кг, 1,9 кг ,1,7 кг төрж эсэн мэнд амаржлаа. Төрөхөд хүндрэл гараагүй шүү. Харин төрөхийнхөө өмнө бараг долоон кг гаруй хүүхэд гэдсэндээ тээсэн болохоор нэлээн ядарлаа. Сүүлийн нэг сар бүтэн нойртой хоноогүй болохоор надаас маш их тэсвэр тэвчээр шаардагдсан. Анх хийсвэрт орно гэж байгаад өөрөөрөө төрөөд гурван хүүхэд маань гурвуулаа бөгсөөрөө гарсан. Одоо эсэн мэнд бойжиж байна. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ? -Намайг Дагвасамбын Цогмөнх гэдэг. Би Өмнөговь аймгийн Номгон сумын Зэвсэгт хүчний 104 дүгээр ангид ахлагч радиустын ажил хийдэг. Ангийнхаа нийт албан хаагч, дарга офицер нартаа байнга тусалж дэмжиж байсанд нь баярлалаа гэж дамжуулъя. Ангийнхаа даргад маш их баярлаж байна. Намайг төрөн төртөл тусалж, сэтгэл санаагаар дэмжиж байсан.
-Аймаг, сум орон нутгийнхан чинь яаж хүлээж авсан бэ?
-Гурван хөөрхөн хүүхэд төрүүлээд ирсэн болохоор гэр бүлийнхэн маань маш их баяртай байгаа. Сум орон нутгийнхан маань ч их сайхан хүлээж авсан. Намайг Өмнөговь аймагт онгоцноос буухад манай сумын засаг дарга болон, манай цэргийн ангийн захирагч нар тосож хүлээж авсан. Тэгээд сум руугаа явсан. Сумын ИТХ-ын дарга Буянхишиг, Халамжийн байцаагч Алтанчимэг, мөн ажлын хамт олон маань бөөнөөрөө гэрт ирж баяр хүргэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу, мартын 8-аар намайг баярын хуралд урьж “Ижий говь” гэдэг медалиар шагнасан. Мөн сумын эмнэлгийнхэн байнга ирж хүүхдүүдийн биеийн байдалыг үзэж байгаа. Ирснээсээ хойш хүний хөлд дарагдаад амрах завгүй л сууж байна даа.
-Гурван хүүхэд асарч тойлох хэцүү байгаа байлгүй. Хүүхдүүдийн чинь ах эгч нар нь тусалж байгаа биз дээ.
-Гурван ихрээ төрсөн цагаас нь эхлээд суух ч завгүй маш их ачаалалтай ажиллаж байна. Би чинь уг нь гайгүй тарган цатгалан байсан ш дээ. Одоо ч гурван хүүхэд хөхүүлээд их турж байх шиг байна. Нэг нь сэрвэл, нөгөө хоёр нь дагаад сэрчихнэ. Гурвуулаа зэрэг унтаж, зэрэг сэрнэ. Бие биенээ дагаад уйлчихна. Гурвууланг нь хуурайлж, хөхүүлээд унтуулхад хоёр цаг 30 минут гаруй цаг зарцуулдаг. Мөн гурван хүүхдийн даавуу их гарч учраас байнга угаах шаардлага гарна. Мөнгө төгрөг муутай болохоор байнга живх хийгээд байж чадахгүй юм. Тэгээд ч нялх хүүхдийн бие эмзэг байдаг болохоор хааяа живх хийхээр улайчих юм.
-Анх гурван ихэр гэдгээ хэдэн сартайгаас нь мэдсэн бэ. Мэдээд яаж хүлээж авав?
-Би анх мэдээгүй байсан болохоор сумын эмнэлгийн хяналтанд орохгүй хэнэггүй явж байгаад таван сартай байхдаа Өмнөговь аймгийн эмнэлэгт очиж ЭХО-д харуулсан чинь гурван ихэр байна гэж хэлсэн. Анх сонсоод итгэж чадахгүй байсан шүү. Тэгээд ажлаа хийж байгаад нэгдүгээр сарын эхээр амралтаа аваад Улаанбаатар явсан. Хотод долоон сартай эх нялхаст очиж хэвтээд найман сар гаруйтай нэг сараар дутуу төрсөн. Уг нь 3 сарын 8-нд сүүлийн хугацаа гэж байсан боловч 2 сарын 7-нд амаржсан. Ихэр хүүхдүүд чинь сараа гүйцээдэггүй төрдөг юм билээ. Батхуяг гэдэг эмч хүүхдүүдийн маань эх барьж авсан. Эмч нар намайг их тэсвэр тэвчээртэй, сайн эх байна гэж магтаж байсан. Би гурван сартай байхдаа гурван километрт гүйж, буудлага хийгээд ажлаа хийж явж байгаад үзүүлсэн чинь таван сартай болчихсон байсан. Би ер нь их бие сайтай л даа. Түрүүчийнхээ хүүхдүүдийг төрүүлэхэд урьд өдөр нь бүжиглэж явж байгаад л маргааш нь төрчихдөг. Одоо хүүхдүүд маань ямар ч өвчин зовлонгүй өсөн торниж байна. Одоо агаарын бохирдлоос үүдээд гурван хүүхэд мэндэлсний нэг нь өвчтэй төрж байгаа гэж байна лээ. Гурван хүүхдийн маань эрүүл, саруул амаржсан гэж эмч нар маш их баяртай байсан. Долоон сартай байхад миний гэдэс ганц хүүхэд тээсэн хүнийхээс жижиг байсан. Өндөр биетэй хүний гэдэс нь нуруундаа шингээд, араас нь харахад хав дөрвөлжин харагддаг юм билээ. Төрөөд удаагүй байхад УИХ-ын гишүүн Оюунхорол, тухайн үед ЭМ-ийн сайд Хүрэлбаатар нар ирж баяр хүргэсэн. Бас Батлан хамгаалахын сайд байсан Ж.Энхбаяр манай салбарын хүн байна гээд хоёр сая төгрөг өгсөн.
-Хүүхдүүдээ хөхнийхөө сүүгээр хооллож байгаа юу? Нэмэлт тэжээл өгч байна уу?
-Сүү гайгүй болохоор хүүхдүүд маань одоохондоо хөхөөрөө хооллож байгаа. Ер нь цаашдаа нэмэлт тэжээлээр хооллохгүй бол болохгүй байх. Зарим шөнө нь нойр хүрээд хөхний сүү сайн ивлэхгүй бол нэмэлт тэжээл өгч таарна. Гэхдээ аль болох хөхөөрөө хооллох бодолтой байгаа. Хүүхдүүдээ хооллохын тулд би өөрөө хонины мах, шөл гээд аль болох тэжээллэг хоол идэж байгаа. -Хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэг талаас нь ихрийн удамтай биз дээ.
-Манай аавын тал ихрийн удамтай. Гурван ихэр хүүхдүүд төрж байгаагүй. Харин хоёр ихэр хүүхдүүд зөндөө байгаа. Ээжийн маань талд ихрийн удам байхгүй.
-Улсаас гурван ихэр хүүхдийн тэтгэмж олгох талаар яригдсан уу? -Тийм зүйл огт байхгүй юм билээ. Уг нь хуучин ихрүүдийг улсаас харж хандаж, тэтгэмж олгодог байсан юм билээ. 1990-ээд оноос хойш хуулиндаа хэрэгжихгүй болсон гэсэн. Ямар ч харж, хандах тэтгэмж байхгүй. Гурван хүүхдээ төрүүлэх гэж сая гаруй мянган төгрөг зарцуулсан. Уг нь халамж өгдөг юм болов уу гэж нэлээн явсан. Ихрүүдийн холбооний тэргүүн Үржинбадам гэдэг хүн над руу залгаж баяр хүргээд, бид нарыг “хэд хоног хотод байж байгаад бичлэгэнд орчихоод явахгүй юу” гэсэн. Би нутаг руугаа явах гээд яарч байсан болохоор “цагаан сараас өмнө гэртээ харих хэрэгтэй” гэж хэлсэн. Үржинбадам гуай хэлэхдээ “ихрүүдийг улсаас харж хандах талаар хэрэгжүүлнэ” гэж хэлж байна лээ.
-Та одоо хэдэн настай вэ. Гурван ихэртэйгээ нийлээд хэдэн хүүхдийн ээж болж байна?
-Би 33 настайдаа найман хүүхдийн ээж боллоо. Зургаан хүү, хоёр охинтой. Нэг хүүхэд маань ээж дээрээ байдаггүй ч гэсэн төрүүлсэн нь үнэн болохоор найман хүүхдийн ээж болж байна.
-Таныг амьдралын боломжгүйгээс болоод гурван хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа гэж байсан. Уг нь гурван ихэр хүүхэд тэр болгон эх хүнд заяадаггүй. Та сайн бодож үзсэн үү?
-Би өөрөө үрчлүүлье гэсэн бодолтой байсан ч ар гэрийнхэн, хамаатан садан, найз нөхөд маань хэдэн талаас ятгаад миний бодол өөрчлөгдсөн. Хамаатны маань хүн үрчилж авна гэж байсан юм. Хүүхдүүдийг маань гэдсэнд байхад л надад мэдэгдэхгүйгээр үрчилж авах талаар аавтай маань ярилцаж байсан юм билээ. Тэгээд намайг төрсний дараа надад хэлсэн. Би хүүхэдгүй хүмүүсийг өрөвдөөд хоёр хүүгээ үрчлүүлээд, охиноо авч үлдье гэсэн бодолтой байсан. Намайг дөнгөж төрсний дараа, хотод байхад өргөж авна гэсэн чинь манай аав болон, ээжийн эгч ямар бараа таваар биш гэр орон, нутаг усандаа ирж байгаад ёстой төртөй өг гэж хэлсэн. Анхандаа хамаатан садан болохоор өгөхгүй гэж хэлж чадахгүй, их хэцүү байсан. Би өөрөө ч шийдэж чадахгүй, нэг хэсэг хэцүү байлаа. Уг нь хүнээс хүн харамладаггүй юм гэнэ лээ. Үргүй хүн гэдэг ямар хэцүү байдгийг би сая л ойлголоо. Үр садангүй хүмүүсийг баярлуулаад, гэр орондоо ирж нэр ус өгөөд үрчлүүлье гэж байсан. Өргөж авах хүмүүс маань ч бага дээр нь авна гээд, би ч удах тусам өөрөө дасчих юм болов уу гэж бодоод өгөх гэж байснаа гэнэт сэтгэл хувирсан.
-Үрчлүүлнэ гээд шийдчихсэн байсан хүн яагаад гэнэт бодлоо өөрчлөхөд хүрэв. Таны шийдвэрт нөлөөлсөн гол зүйл нь юу байсан бэ?
-Ихэр хүүхдүүд чинь амь нэгтэй байдаг болохоор салгаж болдоггүй гэдэг утгаараа их хэцүү юм билээ. Ламд үзүүлсэн чинь “ихрүүдийг салгаж болохгүй, үрчлүүлэхээр болвол гурвууланг нь өг” гэж хэлсэн. Гурвын гурван хүүхэд тээж төрүүлчихээд өөрөө хүүхэдгүй хоцорно гэдэг их эвгүй шүү дээ. Зарим нь хүнд “өгнө гээд хэлчихсэн юм бол өгөхгүй юу даа” гээд янз янзын л юм ярьж байсан, би ч өөрөө өгсөн нь зөв юм бол уу, яасан дээр юм бол гээд сүүлдээ бараг шийдэж чадахаа больсон. Тэгээд ер нь энэ хүмүүс ирээд өсгөөд өгөх биш, аав бид хоёр л шийдэх асуудал юм байна гээд аавынхаа шийдвэрийг дагасан. Ээж маань өөд болчихсон болохоор аавынхаа л амыг харж байсан. Ихэнх хүмүүс өргүүлэх дургүй байсан. Бүхэл бүтэн амьд хүнийг хүнд өгнө гэдэг зүгээр ч нэг шийдчихдэг зүйл биш. Сайн бодох хэрэгтэй юм билээ. Анхандаа ч үр хүүхэдгүй хүмүүсийг бодоод, амьдралын бололцоогүйгээс болоод шийдчихсэн байлаа.Мөн дээрээс нь гурван хүүхэд өсгөнө гэдэг тийм амар биш шүү дээ. Сарын цалин хаана ч хүрэхгүй болохоор гурван хүүхдэд нэмэлт тэжээл, хүүхдийн живх авах, наана нь бас өчнөөн хүүхэд сургууль цэцэрлэг гээд өсгөх гэж хэцүү санагдаж байлаа. Би төрөхийнхөө өмнө бүтэн жилийн цалингийн зээл авчихсан юм. Ажилдаа орох болоогүй болохоор цаашдаа яахаа мэдэхгүй л сууж байна.
-Сум орон нутгаас чинь гурван хүүхэдтэй болсон гэж тусламж дэмжлаг үзүүлсэн үү?
-Сүртэй тусламж дэмжлэг үзүүлээгүй ээ. Нэг удаа дуулиан шуугиан болоод л өнгөрнө биз. Орой болгон ирээд нэг хүүхэд тэвэрч өгөөд, нэг хүүхдийн даавуу угаагаад өгөхгүйгээс хойш тусламж дэмжлэг хараад байх дэмий гэж бодож байна.
-Таныг олон хүүхэдтэй өрх толгойлсон гээд сумынхан чинь бүрэн тавилгатай гэр барьж өгсөн гэж байсан. Уг нь гайгүй харж үздэг юм биш үү?
-Манай сумын засаг дарга, албан хаагч нар ярилцаад “Зүүд биш л байгаа даа” гэдэг аянд намайг оролцуулж гэр барьж өгсөн. Нэг их сүртэй ч биш л дээ. Жаахан дэмжлэг үзүүлээд өнгөрсөн. Гэхдээ манай сумын хүмүүсийн сэтгэл нь надад сайхан байсан.
-Хүүхдүүддээ нэр өгч амжсан уу?
-Өгсөн. Том хүүдээ Баяржавхлан, дараачийн хүүдээ Идэржавхлан, охиндоо Баяржаргал гэдэг нэр өгсөн. Нэр өгөөд бүх юманд нь хамруулаад үрчлүүлнэ гэж байсан болохоор үрчилж авах хүмүүс нь ирж нэр бичиж сугалаанд хийсэн. 30 гаруй нэрнээс үрчилж авах гэж байсан аавынхан нь нэрнүүд таарсан. Их сонин тохиолдол байгаа биз.
-Хэрвээ та үрчлүүлсэн бол сүүлд нь харамсахгүй байсан уу?
-Нэгэнт өргүүлнэ гэж байсан болохоор харамсаад ч яах билээ дээ. Намайг төрсний дараа хотод байхад үрчилж авах хүмүүс маань хэд хоног хүүхдүүдийн хажууд хамт байсан болохоор дасчихсан байсан байх. Анхнаасаа өгнө гээд тэр хүмүүсийг баахан мөнгө төгрөгөөр шатаагаад ажил, төрлийг нь ч алдагдуулаад хүнд баахан дараа болчихлоо. Тэд хүүхдүүдийг маань авна гээд тэжээл, живх бэлдчихсэн байсан юм билээ. Өгөхөө болилоо гэсэн чинь уйлж унжаад, уурлаж нэг үзээд ёстой хэцүү юм билээ. Сүүлдээ эвтэйхан ярилцаад асуудлыг шийдсэн.
-Хоорондоо их адилхан юм аа.
-Бие нь том жижиг болохоос их адилхан шүү. Ялангуяа хоёр хүү нь маш адилхан. Охиныгоо эмэгтэй болохоор нь зориуд цэцэг навчтай, тод өнгийн өлгийд өлгийдсөн юм. Ихрүүд том болохоороо бүр ч адилхан болдог гэсэн. Гурван хүүхэд чинь хүний хайрыг их татдаг юм байна. Намайг гурван хүүхдээ тэврээд онгоцны буудал дээр онгоц хүлээгээд сууж байхад бараг 100 гаруй мянган төгрөг цугларчихсан байсан. Хүмүүс гүйж ирээд “гурван хүүхэдтэй таарлаа, ямар азтай юм бэ” гээд мөнгө тавьчихаад явна. Зарим нэг нь үр хүүхэдгүй байдаг юм уу яадаг юм хүүхдүүдийн маань тэврээд, өлмийд нь хүртэл мөргөж байсан. Намайг хотоос нутаг руугаа буцахад нэг хүн надаар Өмнөговь руу бичиг өгч явуулсан юм. Тэгээд Өмнөговьд очоод нөгөө хүнийхээ бичгийг нь өгсөн чинь тэр хүн “миний юм гурван хүүхдээр ирсэн байна шүү дээ” гээд сандраад 100 мянган төгрөг өгчөөд явсан. Гурван хүүхэдтэй таарлаа гээд билэгшээж байгаа хүмүүс олон байсан шүү.
-Хүүхдүүдийнхээ аавыг танилцуулахгүй юу?
-Би хүүхдүүдийнхээ эцгийн талаар яримааргүй байна. Тэр талаар ярих дургүй. Тэртээ тэргүй салаад явчихсан хүнийг ярих шаардлага байхгүй байх. Ямар эргээд ирэх биш. Эцэг нь одоо Оюутолгой, Тавантолгойгоор л явж байгаа биз.
-Хүүхдүүдээ эцгээр нь овоглосон уу?
-Үгүй ээ. Өөрөөрөө овоглосон. Цогмөнхийн гэж явдаг.
-Таныг жирэмсэн болсныхаа дараа хүүхдээ авхуулах гэж байсан гэж сонссон. Тэгэхээр таныг хүүхдээ төрүүлэхийг хүсэхгүй байсан гэж ойлгож болох уу. Зарим эмэгтэйчүүдэд хүсээд ч хүүхэд заяадаггүй. Харин танд гурвын гурван хүүхэд заяалаа шүү дээ.
-Би эхэндээ гурван ихэр гэж мэдээгүй байсан. Бага байхад нь авахуулъя гэж бодож байсан чинь мөнгө төгрөг бүтээгүй томруулчихсан юм. Тэгээд аймагтаа очоод үзүүлсэн чинь гурван ихэр гэдгийг нь мэдээд юун авахуулах манатай болсон. Эмч нар загнаад хурдан эмчийн хяналтанд ор гэж хэлсэн.
-Таныг уртын дууг маш сайхан дуулдаг, хэд хэдэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байсан гэж сумынхан чинь ярих юм билээ?
-Тийм ээ. Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байлаа. 1999 оноос хойш Уртын дуучдын улсын уралдаанаас таван удаа алтан медаль авч байсан. Өмнөговь аймгийн Ардын дууны уралдаанд оролцож алт, мөнгө, хүрэл зэрэг медалиудаар шагнуулж байлаа. Мөн спортод хөнгөн атлетикаар хэдэн удаа амжилттай оролцож байсан. Аав маань Улсын тэргүүний уран сайханч, аймгийнхаа ерөөлч магтаалч “Алтан од” шагналтан хүн бий. Мөн холын зайны гүйлтийн спортын дэд мастер. Их хөнгөн шингэн хүн байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Монголын үрс маш олон болтугай!
WWW.TAIZ.MN 2012 ОН
Discussion about this post