Нийслэлийн хэмжээнд коронавирусын хамгийн их тархалттай байгаа дүүрэг бол Баянзүрх дүүрэг. Тиймээс Баянзүрх дүүрэгт эмнэлгийн эмч, сувилагч, асрагчид хүрэлцэхгүй асуудал үүсээд байна. НОК, УОК-ийн шийдвэрээр тус дүүрэгт хэд хэдэн удаа хатуу хөл тогтоож байсан ч цар тахал өнөөдрийг хүртэл хумигдсан шинжгүй, харин ч өндөр үзүүлэлттэй гарсан хэвээрээ байна. Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой. Бүх хороо дүүргийн эмч нар коронавирустэй иргэдийг дархлаажуулалт болон шинжилгээнд хамруулж байгаа.
Тус дүүргийн эрүүл мэндийн төв дээр 340 гаруй эмнэлгийн ажилтнууд амаргүй нөхцөлд ажиллаж, хүнд хэцүү байдалтай нүүр тулж байна. Үүнээс гадна эмч эмнэлгийн ажилчдын хүрэлцээ дутмаг байгаа тул сургуулийн эмч нарыг хамруулан ажиллаж эхэлжээ. Баянзүрх дүүрэгт тандалт, явуулын 75 цэг иргэдэд үйлчилж, харин дархлаажуулалт дээр 95 эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Баянзүрх дүүрэгт Улсын нэгдсэн эмнэлэг байхгүй тул хувийн эмнэлэг дээрээ үйл ажиллагаа явуулдаг. ЭМЯ тус дүүрэгт нэмэлт хүч гэж 100 резидент эмчийг хуваарилаад байсан боловч энэ сарын 10-ны өдөр буцаан татан авсан. Үүнээс үүдэн эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй тус дүүрэгт сайн дурын ажилчдыг татан ажиллуулж эхэлжээ. Энд эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй иргэдийг ажиллуулна. Тухайн иргэд коронавирусаар халдварлан гэртээ эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг утсаар холбогдон асуух ажлыг гүйцэтгэж байна.
Discussion about this post