Дэлхий нийт 1990-ээд оны үе Синди Кроуфорд, Клаудия Шиффер, Линда Евангалиста, Эль Макфорсон, Ева Герцогивна, Наоми Кемпбел, Стефани Сеймур тэргүүтэй моделиудыг супер моделийн эрин гэж нэрлэдэг. Энэ үед олон сайхан загвар өмсөгч гарч ирж, дэлхийн бүх брэндүүдийг эдгээр бүсгүйчүүд сурталчилж, тэр үеийн хит дууны клипэнд тоглож, бүх сонинууд эдгээр бүсгүйчүүдийн тухай уралдан бичиж, эдний тарьсан дуулиан дэлхийн чихийг дэлдийлгэж байв. Тэд киноны урилгад дарагдан, зарим нь дуулж, дуучид жүжигчдийг ажилгүй болгох дөхөж байв. Тэр цагаас хойш эсрэгээрээ загвар өмсөгчид байр сууриа алдсан. Харин кино жүжигчид загвар өмсөгчдийн орон зайг эзэлж, дэлхийн нэртэй брэндүүдийг кино жүжигчид, дуучид сурталчилж байна. Алдарт “Шанел” брэндийг Натали Портман, “LV”-гийн цүнхийг Анжелина Жоли сурталчлах жишээтэй. Женнифер Лопесийг захын ямар ч загвар өмсөгчдөөс пүүс компаниуд илүүд үздэг. Хөл бөмбөгчин Девид Бекхем, Криштиан Рональду хоёрыг хөөрхөн модель охидоос хамаагүй дээгүүрт тавьдаг. Одоо ерээд оны супер моделийн жишигт ажиллаж чадаж байгаа нь Жизель Бундхен. Нэг үе Кейт Мосс жаахан дөхөж очсон. Одоо Ирина Шейк хэмээх бүсгүй нэр алдар нь түгж байгаа. Гэхдээ алдартай хөл бөмбөгчин Рональдугийн тусламжтайгаар… Рональдутай учрахаас өмнө хэн ч таньдаггүй байсан. “Виктория секрет”-ийн сахиусан тэнгэр бүсгүйчүүд байна. Гэхдээ тэд ганц ганцаараа үзэгчдийн нүдийг удаан тогтоон барьж чадахгүй. Хорь гучуулаа ээлжлэн гарч ирж, гуя хасаа гялалзуулан, эрээн мяраан хувцсаар гангарсны хүчинд л үзэгчдийн нүдийг татаж, загварын ертөнцийг түр ч атугай гэрэлтүүлж байгаа. Ерээд оны үед хэвлэлүүд “Синди гэж наран мандаж, Клаудийг халхалж эхэллээ” гэж бичдэг байсан. Харин өнөөдөр дэлхийн загварын ертөнцөд хэн гээч “наран” мандаж байна гэж загварын өлгий болсон Франц, Итали тэргүүтэй барууныхан харамсан ярилцах болсон. Харин Монголд ямар нар байдаг билээ. Загвар өмсөгч Д.Болормааг “Топ” гэж нэрлэж, Э.Одгэрэлийг Мөнхийн залуу нас гэж хөөрөгдсөөр явж байгаа. Сингапурт Батцэцэг, Сүүгий хоёр загвараар гайгүй явдаг. Топ Болормаа дүү Сүүгийгээ рекламдаж, “Манай дүү загвараар Азид надаас илүү амжилт гаргасан” гэдэг ч монголчууд эгч Д.Болормааг нь илүү үзсээр.
Discussion about this post