АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ажлаа авснаас хойш анх удаа Аляскад Хятад улстай дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Уулзалтын эхэнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хонгконг, Тайвань, Шинжаанд баримталж буй Хятадын бодлогыг буруушааж буйгаа илэрхийлэхэд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи 18 минутын турш байр сууриа илэрхийлэн ярьжээ. Түүний урт яриаг алдалгүй, шуурхай орчуулж чадсан орчуулагч Жан Жиний царайлаг төрх олны анхаарлыг татаж, цахим орчинд эрэлттэй байна. Түүнийг “Хятадын хамгийн хөөрхөн орчуулагч” гэжээ. Хятадын цахим хайлт Weibo-д Жан Жиний нэр тэргүүлэх болсон байна.
Хуралд оролцсон албан тушаалтан Яны урт, албаны яриа орчуулагчийн хувьд маш хүнд сорилт байсан хэмээжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Орчуулагчийнхаа цалинг нэмэх хэрэгтэй юм байна даа” гэж нөхөрсгөөр хэлсэн нь тухайн үед үүсээд байсан таагүй уур амьсгалыг зөөллөжээ.
Орчуулагч Жан 2013 онд Үндэсний Ардын их хурал, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх бага хурал зэрэгт орчуулагчаар ажилласан, чадварлагч орчуулагч юм байна. Орчуулагч бүсгүй Хятадын Жэжян мужийн нийслэл Ханжоу хотын уугуул бөгөөд хотынхоо гадаад хэлний сургуулийг 2003 онд төгсөж, Хятадын гадаад хэргийн их сургуульд элсэн орсноор англи хэлийг эзэмшсэн аж. Тэрбээр 2007 оноос эхлэн Хятадын Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлжээ.
Discussion about this post