Өнгөрсөн оны зун гарсан хамгийн аймшигт хэргийн нэг нь Ц.Энхбат гэгч нь “Жем Молл”-д эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн юм. Анхан шатны шүүхээс гэмт этгээдэд бүх насаар хохих ялыг гянданд эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Хэрэг гардаг өдөр алуурчинтай ““Жем Молл”-ын хамгаалагч биш харин лангууны худалдагч солонгос залуу тэмцэлдэж хөндлөнгийн хүн болох худалдан авагч сахалтай залуу хутгыг нь булаан барьж хүлэн аюулгүй болгосон аж. Аймшигт хэргийн анхны гэрч нар лангууны эмэгтэйчүүд байжээ. Тэдний мэдүүлснээр алуурчин нь амь хохирогчийг үснээс нь чирэн лангууны мухраас чирж гаргаад хүмүүсийн нүдэн дээр хүзүү, цээж, гэдэс нуруу хэсэгт маш олон удаа дараалан хутгалжээ. Амь хохирогч “аллаа” гэж тусламж дуудсан. Үүнийг харсан эмэгтэйчүүд айж орилолдон нэг нь “энийг болиулах эрэгтэй хүн байхгүй юм уу” гэж хашгирчээ. Төвийн хамгаалагч хэдий эрэгтэй бас тавдах жилдээ ажиллаж байгаа ч ирж харангуутаа айж цочирдон гараад гүйжээ. Тэрээр “… 11 цагийн үед дэлгүүр дотор хүмүүс шуугилдаад эхэлсэн. Би гайхаж дотогш ороход тухайн лангууны ард хүмүүс бужигналдаж байсан. Очоод харахад амь хохирогчийн дээр нөхөр нь гараад мордчихсон хутгалж байсан. Үнэхээр нүд халтирам үйл явдлыг хараад цочролд орж яг юу хийх ѐстойгоо мэдэхгүй болсон. Ямар ч байсан цагдаа, эмнэлэг дуудах ѐстой гэж бодоод гарсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлэг ирсэн байсан …” гэжээ. Аюултай үед хамгаалагч хаяад гарахад амь хохирогчийг эхлээд хажуугийн лангууны солонгос залуу аврах гэж үзжээ. Тэрээр “… Гэнэт амь хохирогчийн лангуу, манай лангууны тавиур хоѐр нийлсэн хэсгийн бараанууд нь нурж орж ирэн эмэгтэйчүүд орилолдсон. Намайг очиход нөхөр нь амь хохирогчийн дээр гараад зодож байсан. Салгах гээд араас нь татаад дийлээгүй. Нөхөр нь над руу эргээд маш аймшигтай царай гаргаж шүдээ зуугаад хутгаараа чичихэд хүмүүс орилолдоод бүгд зугтаасан. Би ухраад туслах эрэгтэй хүн байна уу гээд харахад хамгаалагч утсаар ярьж байсан … “ гэжээ. Энэ үед гэрч нарын мэдүүлснээр тэр хавьд явж таарсан мотоциклийн дуулга малгайтай, сахал өндөр залуу гарч иржээ. Тэрээр “…Эмэгтэйчүүд орилолдоод нэг нь намайг туслаач гэж гуйсан. Би дуулга малгайгаа эхнэртээ өгөөд гүйгээд очиход хутга гартаа барьсан эрэгтэй нэг эмэгтэйн толгой дээр өвдгөөрөө дарж байгаад цээж, хэвлий орчим хэд хэдэн удаа хутгалаад, намайг ойртох гэтэл босоод өөдөөс дайрсан. Эхлээд өөрт хамгийн ойр байсан хар өнгийн урт сандал аваад тэр эрэгтэйн гарыг цохиж хутгыг нь салгах гэсэн ч чадаагүй тул өөдөөс нь шидсэн. Тэгээд босоо хаалтын нэг хөлийг бариад ахиад хутгатай гар луу нь цохиж чичиж тэмцэлдсэн. Энэ үед тэр эрэгтэй эхлээд өөрийнхөө хүзүү рүү хутгалах гээд чадаагүй. Тэгээд гэдэс рүүгээ хоёр удаа дүрээд гуйван эсэргүүцэл нь сулрахад барьж аван доош харуулж хэвтүүлээд гар хөлийг нь скочдож хүлсэн …” гэжээ. Хэрэгтэн амиа хорлох гэсэн ч ухаантай хэвээрээ байжээ. Түргэний эмч ирж үзээд амь хохирогч амиа алдсан байна гэхэд “өө үхчихсэн юм уу” гэж асуужээ. Болсон явдал худалдааны төвүүд хамгаалалтын албаа чадваржуулах шаардлагатайг харуулж байна. “Жем Молл”-ын хамгаалагч хэрэгтэнд ойртохоос ч айснаас үзэхэд сэтгэлзүйн болон хамгаалалтын зохих ур чадвар байгаагүй аж. Хэрвээ хэрэгтэнг дор нь зогсоосон бол тийм олон хутгалж чадахгүй агаад хөөрхий бүсгүй амиа алдахгүй ч байж болох байсан.

Discussion about this post