Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Арвайхээрийн 10 жилийн сургууль, Бухарестийн их сургууль, Улаанбаатар хотын МЛИС-ийг төгссөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландын Виктория их сургууль, Каир хотын Олон улсын харилцааны институт, АНУ-ын Нью-Портын Олон улсын эрх зүй судлалын батлан хамгаалахын институтэд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Румын, орос, англи хэлтэй. ГХЯ-нд атташегээс Элчин сайд хүртэл дипломатын бүх шатыг дамжин Монгол Улсаас Канад Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин” цолтой. “Элчин сайд нар дунд ганцаар”, “Нэг гарагийнхан” номыг румын хэлээр гаргахад оролцсон бөгөөд монгол хэлээр “Насан багийн дурсамж”, “Ээдрээт цагийн элч”, “Монголын эмгэнэл буюу элчин сайдын хүүдээ бичсэн захидлууд” ном тус тус бичжээ.
ОРШЛЫН ОРОНД
Монгол Улс ардчилал, эрх чөлөө, зах зээлийн замыг сонгоод, түүгээр замнаад хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны голдиролд ороход аяндаа хөтлөгдөөд явчих юм шиг бодож сэтгэж байсан 30 жилийн өмнөх мөрөөдөл биелсэнгүй. Харин ч улс орон, ард түмний амьдрал улс төр, эдийн засаг, нийгмийн ноцтой хурц хурц асуудалтай алхам тутам тулгарч, түүнээс гарах арга замыг олоход бэрхшээл зовлон чамгүй их тохиолдож байна.
Дангаар захирагч коммунист дэглэмийг халж, олон намын систем, ард түмний сонгуулийн засаг төр тогтоолоо. УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг олон удаа явууллаа. Үр дүнд нь гурван сая гаруй түмэн улс төрийн намуудад хуваагдан, үндэсний хагарал бутрал бараг айл өрөх болгоны хаалга хатавчинд очжээ. Түүхийн үүднээс ойлговол энэ нь Бага хаадын бутарлын үеийг санагдуулж, зүс нь өөрчлөгдсөн ч мөн чанар нь нэг байна.
Өмчийг эзэнтэй болгож, их, бага хувьчлал явууллаа. Гэтэл урьд өмнө байгуулсан аж ахуйгаа бүрэн устгаж, зальтай овсгоотой, шуналтай хэсэг бүлэг хүнд нийгмийн баялагын ихэнх хувь очжээ. Эдүгээ НҮБ-ын тооцоогоор 3 монгол хүний 1 нь нэн ядуу аж төрж байна. Өргөн уудам Монгол орны өнцөг булан, хээр тал эзгүйрч хэнийх болоход нь эргэлзэхэд хүрэх нээ. Эх орондоо бүрэн эзэн суугаагүй, “эрх чөлөөт иргэд” маань амьдарлын хатуу хөтүүгийн аясаар, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу суух газраа өөрөө сонгон хөдөөнөөс хотын зүг хөвөрсөн Их нүүдэл хорин жил лавтай үргэлжилж, эх орон маань хот-улс болоход туллаа.
Монгол улс төрчдийн эрхэмлэн дээдэлдэг шүтээн нь зөвхөн МӨНГӨ, ЭД БАЯЛАГ, НАМ, ЛАМ, ЗООС түүнийг дагасан ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ, авилга хээл хахууль болж, эх орноо луйвардаж тонон, Монгол нүүдэлчний соёл, түүний мөнхийн хэмжүүр болсон ЁС ЗҮЙ бүрэн уналтад оров.
Чухам ийм цаг дор шинээр байгуулагдсан, залуу үеийнхний 80-аад оны төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газар боловсрол, ШУ, соёл, хүмүүжлийн үйлсийг тэргүүн эгнээнд тавьж буй нь хожимдсон ч гэсэн маш зөв шийдвэр хэмээн талархан Ёс зүйн тухай ийнхүү нуршиж буй юм аа. Өнөөгийн залууст шашин, уламжлал гэхээсээ Засгийн газрын оновчтой бодлого, үйл ажиллагаа л нийтлэг Ёс зүйг зөв тогтооход туслана. Засгийн газар орчин үед тийм ч үүрэг бас хүлээдэг.
ЁС ЗҮЙГ /СУРТАХУУН/ СЭРГЭЭН ТОГТООЁ
Хүн төрөлхтөний оршин тогтнох оюун санааны үндэс нь соёл хийгээд ёс суртахуун ажээ. Түүний үндсийг ШУ-ны үүднээс анх тодорхойлсон хүн бол МЭӨ 469-399 онд аж төрж байсан Грекийн Их сэтгэгч Сократ ажээ. Түүнийг Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ гэдэг байна. Хожим үүнийг МЭӨ 384-324 онд амьдарч байсан Их сэтгэгч Аристотель улам хөгжүүлжээ. Аливаа улс орон зөвхөн удирдагч, ард түмэн эсвэл зэр зэвсэг, эд баялаг дээр тогтдог биш юм байна. Улс орныг бие мах бодь нь гэвэл Ethics буюу Ёс суртахуун нь түүний амин сүнс нь ажээ. Эгээ л хүний бие, сэтгэл /сүнс/ хоёр лугаа адил. Эдгээр нь бие биеэс салбал хүний хувьд үхэл, гүрний хувьд мөхөл ирдэг ажээ. Ёс зүй сууж байж л бие хүн төлөвшдөг байна. Тиймээс ч Их сэтгэгчид “Хүүхэд төрж байхдаа бие хүн биш, харин бие хүн болох хүн” буюу “At birth, a baby is not а person, but a potential person.” хэмээн бичжээ.
Тэгвэл энэ ёс суртахуун хэмээгч сүнс, сүр сүлдийг яаж тогтоодог вэ, эсвэл тогтдог вэ гэдэг асуудал гарна. Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах гол онцлог нь сэтгэн боддог. Түүндээ тулгуурлан сайн сайхан амьдралыг л эрж хайдагт байна. Тиймээс Аристотель “People naturally do what is good, if they know what is right – Хүмүүс зөв буруугаа ялгачих л юм бол сайныг нь л хийдэг” хэмээн айлджээ. Ийнхүү сэтгэн боддог хүмүүн төрөлхтөн амьтнаас ялгарах гол гогцоо Ёс зүйгээ л дээдлэн өргөж ирсэн байнам. Энэхүү ёс суртахуун нь хүн төрөлхтөний соёл, ухамсарыг түшин цэцэглэдэг бөгөөд энэ нь эрхэмлэн дээдэлдэг ёс заншил, шашин шүтлэг, сайн юмны эх бүхэнд нь сууж, шингэсэн байдаг ажээ. Тухайлбал, хар, шар, цагаан, улаан арьстан аль ч ард түмний ёс заншилд зөвхөн сайн сайхныг билэгдсэн үйлдлүүд багтдаг бөгөөд тэдгээрийг дээдлэхийг шашин ном нь сургасан байдаг юм. Бүх шашин тэр бүү хэл зарим талаар өрнөд, дорнодод эргэлзээ, шүүмжлэл төрүүлдэг Ислам шашны Sharia law or the divine law буюу куран сударт хүний ёс суртахууны хэм хэмжээг зааж, түүгээр замнахыг хатуу шаардсан байдаг ажээ. Буддын шашинд Ёс зүйн хэм хэмжээг бүр 5, 8, 10 зэрэглэлтэй тогтоосон байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн чанга нь 227 ёс суртахууны дүрэм журмыг багтаасан Винайн ёс буюу лам нарт зориулсан Patimokkha ажээ. Монгол оронд шарын шашин дэлгэрсэн үеэс шашны энэ сургаал ёс зүйн ялангуяа шар орхимжит хүмүүний нэгэн хэм хэмжээ болж ирсэн байна. Гэхдээ шашны энэ сургаалаас гадна өвөг дээдсээс өвлөгдсөн бөөгийн болон хаант ёсны уламжлал Монгол хүмүүст илүү ойр байж, ёстой, жудагтай, намбатай, төрхтэй байлгасан гэвэл үнэнд илүү ойртоно.
ЁС ЗҮЙГЭЭ ГЭЭСЭН ОН ЖИЛҮҮД
Харин Монгол орон социализм байгуулж, улмаар коммунизмд орох гэсэн зөвлөлт маягийн мөрөөдлийн жилүүд буюу дангаар ноёрхогчдын үед шашинтай хамт уламжлалт ёс зүй унаж, түүнийг коммунист ухамсараар орлуулах гэсэн оролдлого ихээхэн хүчтэй өрнөснийг миний үеийнхэн сайн мэднэ. Социалист аж төрөх ёс, түүний шинжүүд гээд л бид бүхэн нэлээд олон жил дагаж явсан ёс зүйн хэм хэмжээ бий. Өнөөдрийнх шиг шууд барьж аваад хүчирхийлэхээс эрэгтэй нь мэхийж, эмэгтэй нь борив нугалан хүндэтгэл үзүүлэх нь сурууштай л соёл биз дээ. Тэдгээрийг хүчээр суулгах гэж оролдсоноос бус муу зүйл байгаагүй. Эдүгээ арга ядаж социалист ёс суртахуунтай Монгол орон, монгол хүн олон үлдсэн бол бидний ололт амжилт байх байлаа. Бид боловсролтой болсноороо бахархахтай адилхан гэхүү дээ.
Монгол орон ардчилал, зах зээлийн буюу хүн төрөлхтөний туулсан хөгжлийн замд эргэн орохдоо хаясан, мартсан ноцтой олон асуудлын дотор хамгийн уршигтай нь ёс зүйгүй болсон явдал юм. Ёс суртахууныг номлох улс төрийн нам, улс төр ч төрсөнгүй. Тэд зөвхөн эдийн засгаа сайжруулж, эрх мэдлийг авах замаар баяжина, сайхан амьдарна гэсэн утопи буюу үл гүйцэлдэх өрөөсгөл үзэлд нэрвэгдсээр өчүүхэн ч завгүй цагийг элээж байна. Тиймээс “ёс зүйгүй монгол” өнөөдөр улс төрийн “манлай” намуудад ямар ч үнээр хамаагүй шигдэж, албан тушаал, эрх мэдлээр далайлган олсон их хөрөнгөөрөө ядуу ард түмний саналыг төртэй нь хамт худалдан авч байна. Төрийн алба, улсын аж ахуйг баяжих хөлжих хэрэгсэл болгон, тэрбум тэрбумаар нь халаасалжээ.
Улс орны эдийн засгийн өндөрлөгүүдийг эзлэн түрэмгийлж, архи спирт, амттан шимттэн төдийхнөөр хуурч, ядуу ард түмнийхээ хөлс хүчийг сорон мөлжиж сууна. Тэд “консервний лаазыг” хийж чадахгүй байж, хоттой хонийг малчин эзний нь араар дамлаж явна. Дэлхийд дансгүй дамжаа сургуулиар мөнгө хүүлж, ардын дуу, хошин шог төдийгөөр шаналсан олны түрүүвчийг хоослон, эх орны ирээдүйгээр тоглоом тохуу хийж байна.
Сая гаруйхан монгол залууст 88 “их, дээд” сургууль ноогдож, эхийн нь сүүний, эцгийн нь ажлын хөлсийг хоосолж байна. Гэтэл НҮБ-ын гишүүн 198 улсын их сургуулийг эрэмбэлсэн жагсаалтын 3000 дотор монгол нэр алга. Тэдэнд Ёс зүй гэж алга. Монгол орон 30 жилд зан заншилаа гээж, ёс зүйн хувьд уналтад оржээ.
ЁС ЗҮЙГ ТОГТООН БАЙГУУЛЪЯ
Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ өнөөдөр хөгжлийн өндөр шатанд гарч дэлхий дахины эрдэмтэн судлаачид түүнийг бүр шинжлэх ухааны үүднээс задлан авч үздэг болжээ. Тэдний судалгаагаар эдүгээ дэлхий дахинд ЁС ЗҮЙН УХААНЫГ доорхи байдлаар ангилж байна:
– Нийтийн /төрийн/ ёс зүй – Public sector ethics
– Улс төрийн ёс зүй – Political ethics
– Ажил хэргийн /бизнесс/ ёс зүй – Business ethics
– Харилцааны ёс зүй – Relational ethics
– Цэргийн ёс зүй – Military ethics гм…бүр цаашлаад мэргэжлийн ёс зүй хөгжин цэцэглэж байна.
Тиймээс монгол ёс зүйн хэм хэмжээг чандлан сэргээхгүй бол хөгжил дэвшил Монгол оронд төлөв төвшин ирэхгүй нь байна шүү гэдгийг л миний бие иргэний хувьд сануулж, уншсан, судалснаасаа хуваалцаж байна.
Боловсролтой хүмүүн хүмүүжилтэй, хүмүүжилтэй бол ёс суртахуунтай байдаг. Нийгмийн оюун санааны үндэс суурь болсон Ёс зүйг Монголын ард түмэн, улс орныг удирдан залж буй улс төрийн хүчин, түүний дотор итгэл найдвар эдүгээ тээж буй шинэ үеийн Засгаас нэхэх цаг нэгэнтээ иржээ.
Дипломат, ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ
Discussion about this post