Нийслэл Улаанбаатар болон Саппоро хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нүүрстөрөгчийн ялгаралгүй хотын хөгжлийг дэмжих төслийн 2022 оны хоёр дахь уулзалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Уулзалт семинарын үеэр хоёр хотын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм. Түүнчлэн Саппоро хотын туршлага болон Улаанбаатар хотод хийгдсэн байгаль орчны хэмжилтэд тулгуурлан эрчим хүчний менежментийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, нүүрсхүчлийн хийг багасгах төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Мөн энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Саппоро хотын Байгаль орчны бодлогын тасгийн дарга Сатакэ Акихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, нүүрсхүчлийн хийг багасгах төслийн талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дээрх төслийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцлоод эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон бусад ногоон төслийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн Улаанбаатар хотын зүгээс нүүрсхүчлийн хийг багасгах төслийн судалгааны ажлыг дэмжин оролцоход бэлэн гэдгээ илэрхийлэв.
Саппоро хотын Байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Сатаке Акихиро хоёр хотын цаг агаар болон барилга, байгууламжийн онцлогийг танилцуулж, энэ хүрээнд зохих арга хэмжээг авах талаар санал хэлэв. Мөн хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ШИНЭ МЭДЭЭ
()
Discussion about this post