Сэтгэлд дулаахан энэ зургийг эрхэм та харж байгаа байх. Жамбын Батмөнх гэхээр сүүлийн үеийнхэн энэ чинь хэн билээ гэж бодож мэднэ. Харин социализмын үеийнхэн түүнийг андахгүй, сайн танина. Энэ хүн бол социалист гэгдэж байсан үеийн Монгол Улсын сүүлчийн удирдагч. Манайхны хумүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм гэж зарлан тунхаглаад байдаг өнөө цагийн нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд ихийг хийж бүтээсэн хүн.
Тэр тусмаа 1980-1990-ээд онд Монголын нийгэм, улс төрийн амьдралд тохиосон эгзэгтэй үйл явдлын төвд байж, үүдэн бий болсон хурцадмал асуудлыг ултай, суурьтай тунгаан бодож, ухаан сийрэг, уужуу тайвуу зан, улстөрийн ноён нуруугаараа үүрч гарсан гавьяатай хүн. Энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ыг Ж.Батмөнх агсны гэр бүлээс бэлтгэлээ.
Ж.Батмөнх бид хоёр 17-той байхдаа өрх тусгаарласан
Өдгөө 80 хүрч буй энэ буурай Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул. А.Дариймаа эгч Ж.Батмөнх гуайтай танилцсан үеэ ийн дурсав. “Өвгөн бид хоёр 16 настай оюутан байхдаа анх танилцсан.Би Хөдеө аж ахуйн техникумд, Ж.Батмөнх МУИС-ийн эдийн засгийн ангид суралцаж, хуучны “Есөнгудамж”-нд оюутны байранд амьдарч байхад нь танилцаж байлаа. Хоёулаа хөтлөлцөн гүйж яваад 17-тойдоо нэг гэрт орсондоо. Өвгөн 1951 онд сургуулиа төгсч Багшийн дээд сургуульд багшаар хуваарилагдсан. Бид 1952 онд Богдын өндөр гэдэг байрны нэг өрөөнд айл болж байлаа.
Би Хөдөө аж ахуйн техникумд суралцаж, малын ахлах бага эмч мэргэжлээр сургуулиа дүүргэсэн. Тухайн үед малын эмч ховор байсан учраас Дорнод аймгийн “Хөдөлмөр” нэгдлийн их эмчийн орон тоон дээр очиж ажиллахаар явж байлаа. Малын эмчийн ажил тийм ч амар байгаагүй. Хөдөө дуудлагаар явж байхдаа би хөлөө хөлдөөгөөд хөглөж явлаа. Тэгэхэд өвгөн маань Хөдөө аж ахуйн сайд Балжинням гуай дээр орж “Манай хүн хөдөө ажиллаж байгаад хөлөө хөлдөөчихлөө” гэхэд нь “Намын дээд сургуулийн багш хүн байж, эхнэрээ хөдөө явуулчихаад сууж байдаг. Ямар сонин хүн бэ. Өөрөө араас нь явахгүй юу” гэж хэлсэн гээд инээж байсан гэдэг. Тэгээд намайг дэргэдээ татаж авсан юм..
“Нэг гэрийн хоёр хоёулаа эрдмийн мөр хөөвөл тэр айл зутарна. Миний охин Ж.Батмөнхийг дэмжээд явж бай”
-Хотод ирээд би ТМС-ийн анхны суурь мэргэжлийн курс гэж байгуулахад тэнд хичээлийн эрхлэгч хийж байлаа. Гэтэл Хөдөө, аж ахуйн яамнаас намайг орон нутагт сайн ажилласан гээд Хөдөө, аж ахуйн дээд сургуульд дахин суралцах эрх олгосон юм. Тэнд гурван жил суралцаж байхад өвгөн хойшоо сурахаар болов. Тэгэхэд аав минь “Нэг гэрийн хоёр хүн хоёулаа эрдмиин мөр хөөхөөр тэр айл зутарна. Миний охин хүүхдүүдээ сайн асарч, гэр орноо сайхан авч яв. Ж.Батмөнхийгөө дэмжээд явж бай. Заавал дээд сургууль төгсөх гээд яах вэ” гэж хэлээд намайг сургуулиас гаргасан.
Сургуулиас гарангуутаа би Намын дээд сургуулийн номын санд түр ажилд орсон юм. Номын санч малын эмчийн хажууд сайхан ажил байлаа. Би их сургуулийн номын санд 33 жил ажиллаж байгаад 1988 онд тэтгэвэрт гарсан. Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа гуай ийн хуучлав.
Ж.Батмөнх агсан хөдөөгийн эгэл жирийн малчны гэр бүлд төрж, өсчээ. Түүх сөхвөл 1926 онд арван баядын нутаг-Увс аймгийн Хяргас суманд төржээ. Ардын сургуулийн босгыг алхахдаа ах Жамбын ам бүлд багтаж түүгээр овоглох болсон байна. Тэрээр төрөлх Увс нутагтаа долдугаар анги төгсч, гэр намраа Улсын их сургуулийн хоёр жилийн бэлтгэл ангид элсэн суралцжээ. Ж.Батмөнх 1947-1951 онд тус сургуулийн эдийн засгийн ангийг дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн байна.
Их, дээд сургуулийн багш, захирлын албыг 20 гаруй жил хашсан энэ профессор төрийн удирдлагын дээд өндөрлөгт ахар богино хугацаанд нэр дэвшин гарч ирсэн юм. Тухайлбал, 1973-1974 онд профессор Ж.Батмөнхийн ажил, амьдралд огцом эргэлт гарчээ. Хамт ажиллаж байсан нөхөддөө “Өндөр мэдлэгтэй, сайн зохион байгуулагч” хэмээн үнэлэгдээд байсан эрдэмтэн багшийг 1973 онд Намын төв хорооны Шинжлэх ухааны боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилон ажиллуулаад, 1974 оны хавар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилж, тэрхүү шинэ албан ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байхад нь 1974 оны VI сард хуралдсан Ардын их хурлын ээлжит чуулганаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын хариуцлагатай албан тушаалд тохоон тавьсан байна.
Энэ тухайд А.Дариймаа гуай “Би 12-р хороололд байдаг гэртээ хоол ундаа хийчихээд хүлээж байтал өвгөн маань ирдэггүй. Гэтэл нэг залуу орж ирээд “А.Дариймаа гуай дарга Их тэнгэрийн аманд урд гэртээ харьчихсан. Сайд нарын Зөвлөлийн дарга болсон болохоор хамгаалалтад ороод гарах аргагүй. Таныг аваад ир гэсэн. Би комиссар нь байна” гэж хэлэв. Тэр комиссарыг дагаад Ихтэнгэрийн аманд очтол үүдэнд буутай харуул байна.
Намайг ороход өвгөний хажууд Чойжинхорлоо гэдэг эмч сууж байна. Би сандраад “Бие чинь яагаа вэ?” гэвэл Чойжинхорлоо инээгээд “Яагаа ч үгүй ээ. Та сандрах хэрэггүй” гээд гараад явчихав. “Өвгөн минь юу болж байна даа?” гэвэл “Улсын их хурлын чуулган намайг Сайд нарын Зөвлөлийн даргаар баталчихлаа. Мэдлэг, чадвар мөхөсдөнө гэдгээ яаж ч тайлбарлаад ойлгуулж чадсангүй” гэхэд нь би ханийнхаа сэтгэл зовж байгааг ойлгосон ч, Монголын иргэн, аль нэг аавын хүүд оногдох ёстой л алба байгаа.
Түүнийг нам, төр маань итгэл найдвараа тавьж чамд минь оноожээ. Нэгэнт гарсан Их хурлын чуулганы шийдвэрийг иргэни йхээ хувьд биелүүлэх учиртайгаас хойно чаддаг мэддэг бүхнээ хийгээд үзэх л тулгараад байна гэж би ойлгож байна. Хоол ундаа идээд эртхэн амар гэж хэлж билээ” хэмээн хуучилж сууна.
Эрчим хүч. Эрдэс баялаг, Уул уурхай, Геологийн хөгжил түүнээс эхтэй
Профессор Ж.Батмөнхийг Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан тэр үе бол их бүтээн байгуулалт. үилдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулж дуусгах уриан дор манай ард түмэн хичээнгүйлэн зүтгэж байсан үе. Өөрөөр хэлбэл 1970-аад оноос манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил эрч хүчээ авч байсан гэж үзэж болно.
Чухам энэ үед л Монгол орны нүүр царайг тодорхойлж буй Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Эрдэнэт хот, Багануурын нүүрсний ил уурхайн цогцолбор, манай улсын хамгийн том эрчим хүчний үйлдвэр болох Улаанбаатарын цахилгаан станц, төвийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээ, Бор-Өндөрийн уулын баяжуулах үилдвэр, Хөтөлийн цементийн үилдвэр гэх мэт томоохон шинэ үйлдвэр, барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан юм.
Үүнээс гадна хөнгөн, хүнс, гурил тэжээл барилгын материал мод боловсруулах салбарын шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орж, хуучин ажиллаж байсан олон арван үйлдвэрт өргөтгөл, шинэтгэлийн ажил хийсэн байна. Үүний үр дүнд манай улсын аж үилдвэрийн хоёр дахь төв-Дархан, Чойбалсан хот бий болжээ. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтанд оруулах талаар Намын төв хороо, Засгийн газар, тухайлбал Ж.Батмөнх гуай өөрөө холбогдох яам, удирдах хүмүүстэй хамтран шаардлагатай арга хэмжээг авч байж.
Засгийн газрын тэргүүний хувьд тэрээр түлш эрчим хүчний үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны эрдэс түүхий эдийн нөөц баялгийг ашиглах, уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах, үндэсний геологийн албыг өргөтгөн бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар санаачилга гарган ажиллаж байжээ.
Түүний хийж бүтээсэн гавьяат үйлсийг тоочоод баршгүй. Түүхийн хуудас сөхвөл, монголчууд бидний идэх хоол, өмсөх хувцсыг бэлдээд өгчихсөн хүн юм гэж харахаар олон сайхан зүйлийг хийж бүтээжээ. Энэ тухай хий хоосон яриад өнгөрөхийг хүссэнгүй. Цөөн хэдэн зүйлийг нь дурьдахыг хүслээ. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот болон төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах манай хамгийн том уурхай Багануурын нүүрсний ил уурхайн цогцолбор, Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинээр ашиглалтанд оруулж, төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын Сибирийн эрчим хүчний системд холбожээ.
Мөн Бор-Өндөрийн жонш баяжуулах үйлдвэрийг ЗХУ-тай хамтран барьж байгуулснаар манай улс жонш олборлох талаартухайн үед дэлхийд тэргүүн байранд орж байв. Түүний удирдаж байсан Засгийн газар 1970-1980-аад онд Монголд үндэсний геологийн албыг хөгжүүлэх талаар онцгой анхаарч, геологи уул уурхайн яамыг бие даалган байгуулж,
Олон улсын геологийн экспедицийг манайд байрлуулан, шинэ ордыг нээн илрүүлэх, тэдгээрийн нөөцийгтогтоох талаар их ажил хийжээ. Түүнчлэн техник мэргэжлийн сургалтын бүхэл бүтэн бие даасан тогтолцоог бүрэлдүүлэн, олон арван мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэсэн байна.
“Өвгөн маань Сайд нарын зөвлөлийн даргыг Южил, Бал даргын бие нь тааруу гээд тэтгэвэртээ гарахад Монгол ардын хувьсгалт намын болон Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргын албыг давхар зургаан жил хашсан” гэж А.Дариймаа гуай ярьж байна. Түүнтэй ярьж суухдаа зургийн цомгийг нь үзэж сонирхлоо. Хувийн болоод албаны зураг олон байна. Хийсэн бүтээсэн зүйлээр нь бараг нэг үзэсгэлэн гаргачихмаар, сонирхолтой зураг цөөнгүй харагдав. Олон зурагны дунд орос, монгол хүн сансарт ниссэн, түүхийн гэрч болсон нэг зураг байна. Түүний тухай бас түүхийн хуудас сөхөж, учир утгыг нь олж харахыг хичээв.
Ж.Батмөнхөөр толгойлуулсан Засгийн газар ЗХУ болон социалист орнуудтай ойртон нягтрах, хамтран ажиллах талаар их зүйлийг хийж байжээ. Энэ ажлын хүрээнд тэрээр ЗХУ-д хэд, хэдэн удаа айлчлал хийсэн байна. Ялангуяа түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед манай улс бусад социапист орнуудын хамт “Интеркосмос” программын дагуу сансар огторгуйг энхтайвны зорилгоор ашиглахад идэвхтэй оролцож байжээ. Үүний үрээр БНМАУ-ын иргэн Ж. Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны ням гаригт олон улсын багийн бүрэлдэхүүнд орол цож, Зөвлөлтийн “Союз-39″ хөлөг, тойрог замын “Салют-6″ станцаар санс-рын нислэг хийхээр эх дэлхийгээс хөөрчээ.
Талын монгол малчны хүү анх удаа сансарт ниссэн мэдээ нь тэнгэр газрын савслага бүхэнд хүрч, дэлхийн чихийг дэлдийлгэсэн гайхамшигт үйл явдал болсон нь түүний хийсэн ажчын үр дүн аж.
“Хүч хэрэглэж хэзээ ч болохгүй”
Ж.Батмөнх гуайн засаг, төр удирдаж явсан үеийг дурсахаар ардчиллын тухай яриа сөхөгдөнө. Монголчууд ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд босч, төв талбай тэр чигтээ бухимдсан олны хөлд дарагдсан 1990 оны цагаан морин жилийг хүмүүс мартаагүй. 70 жил коммунист дэглэмээр явсан иийгмийн тогтолцоог өөрчлөхийн тулд жагсагчид сүүлдээ тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсгөлөнг сонгож авсан юм.
Хэдий гуравдугаар сар гарсан ч гадаа өвлийн хүйтэн өдрүүд дуусаагүй байсан тэр үед ард түмэн хүйтнээс айлгүй Сүхбаатарын талбайг зорьж байв. Өвлийн хүйтэн байтугай бүхнийг өөрийн дур сонирхол, харцаараа удирддаг байсан нэг намын дарангуйллаас тэд эмээгээгүй юм. Тухайн үед ард түмний жагсаал цуглааныг тараах, дарах шиг амархан зүйл эрх баригчдад байгаагүй.
Тийм ч учраас цугласан олныг хүч хэрэглэн тараах бичиг тогтоол үйлдчихээд, ганцхан хүний гарын үсэг хүлээж суужээ. Харин Монголын төр үеийн үед уул шиг нуруутай, ухаант хүмүүсээр дутаж байгаагүйн хүчинд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг цэргийн хүчээр нухчин дараагүй юм. Улс төрийн нөхцөл байдап хурцадсан тэр хүнд үед нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх асуудалд нухацтай буурь суурьтай хандаж “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн хатуу байр суурь баримталж байжээ.
Хурцадмал байдлыг улс төрийн аргаар шийдвэрлэх ганц зам бол МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох явдал гэж Ж.Батмөнх үзэж, Улс төрийн Товчооны хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрүүлээд дараа нь Намын төв хорооны VIIIоүтд хурлаар уг асуудлыг шийдвэрлүүлсэн юм. Зарим хүмүүс Улс төрийн Товчоо гутамшигтайгаар огцорлоо, уналаа, ялагдлаа, бууж өглөө, намыг хунд байдалд орууллаа гэж зэмлэж зүхэх явдал байдаг. Гэтэл энэ нь үнэн хэрэглээ Ж.Батмөнхийн улс төрийн ухаалаг зориг, ардчиллын өмнө байгуулсан томоохон гавъяа байсныг цаг, хугацаа харуулж байна.
“Хэдхэн Монголчууд бие биенийхээ хамраас цус гаргахдаа тулаагүй”
Энэ талаар Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаа гуай “1990 оны гуравдугаар сард шүү дээ. Тэр үед МАХН-ыи Төв хорооны VIII бүгд хурал болох гээд өвгөн маань гэртээ илтгэлээ бичээд сууж байсан юм. Тэгсэн утас дуугараад хэсэг ярьж байснаа “Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй” гээд утсаа тархийтэл шидсэн. Ер нь ингэдэггүй тайван хүн. Тэгээд “Дарга нар цуглаад нэг зүйл дээр намайг гарын үсэг зур гэнэ. Тийшээ яваад ирье” гэсэн. Хувцсаа өмсч байхдаа хажуудаа байгаа зангиагаа харахгүй “Миний зангиа хаана байна” гээд байсан.
Одоо бодож байхад их л сандарч тэвдэж байж дээ. Хоол ч идээгүй, үүдэнд зогсч, аяга цай уугаад гарсан. Гадаа жагсч байсан залуус нь хоорондоо мөргөлдөөд сүйд болсон юм болов уу г эж бодоод дэмий санаа зовоол үлдсэн. Үнэндээ гадаах жагсаал, хөдөлгөөнийг дарах, тараах зорилготой тогтоолд гарын үсэг зүпүүлах гэсэн юм билээ. Манай хүн тэнд очоод ” Би үүнд хэзээ ч гарын үсэг зурахгүй. Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас цус гаргахдаа тулаагүй” гээд ширээгээ цохиод гарсан гэдэг юм.
Орой нь ирэхдээ огцорсон байсан. Надад энэ тухай ч бас тодорхой зүйл яриагүй. Ер нь ажлынхаа тухай олон юм яриад байдаггүй хүн байсан. Их тайван хүн байсан даа хөөрхий” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэв.
Энэ зун нутаг руугаа явах юмсан
Өвгөнөө өнгөрснөөс хойш хүүхдүүдээ л бараадах юм даа. Нутаг усаа бас их санах юм. Энэ зун бие сайн байгаад бас боломж олдвол хүүхдүүдтэйгээ нутаг явах юмсан гэж бодох юм. Зардал, мөнгийг нь дийлэхгүй биз дээ гэж санаашрав.
Би Америкт долоон жил амьдарч байгаад ирсэн. Бага хүү маань тэнд ажил хийж, амьдарч болмоор газар байна гэхээр нь хүүхдүүдийг нь авч очсон юм. Манай хүү том охиноо тэнд аравдугаар анги төгсгөж, их сургуульд оруулсан. Харин дунд охиноо их сургуульд оруулах гэж яваад бусдад хорлогдсон. Ажлынхаа хоёр давхраас унаад бурхан болсон гэж ярьдаг юм.
Бага хүүгийн минь гурван охин байдаг. Хоёр томыг нь манай өвгөн хүн болгосон доо. Юм бичээд суухаар нэг нь өвөр дээр, нөгөө нь мөрөн дээр нь суухад Энх-Амгалан хаан шиг харагддаг байлаа. Би долоон ачтай. Саяхан гучаа үзээд сууж байна. Өвгөний хамаатны хүүхдүүд ирж очдог юм. Би одоо нэг сайн охинтой болчихоод байгаа. Бага хүүгийн минь найзын хүүхэд. Ховдоос ирсэн нэг охин бий. Ганцаараа яаж ингэж байх вэ. Хань болгоод хажуудаа ав гээд авчирч өгсөн.
Хаанаас ирсэн, хэн, юу явуулсныг бүртгэж байгаарай
-Ж.Батмөнх гуайн том өрөө их тохилог юм. Олон сайхан гэрэл зураг жаазлаад тавьчихаж. Мөн бэлэг дурсгалын зүйл элбэгтэй юм. Хэн, юу цуглуулж, энэ өрөөг ийм сайхан тохижуулсныг асуувал, ” Гадаад, дотоод яваад ганц нэг бэлэг дурсгалын зүйл авч ирэхдээ манай хүн чинь ганцыг нь ч салгуулдаггүй юм. Тухайлбал, би нэгийг нь хүнд авч өгөх гэхээр болохгүй. Чи бид хоёрын юм биш. Наадах чинь улсын хөрөнгө. Хаанаас ирсэн, хэн, юу явуулсныгнь бүртгэж ав” гэдэг байлаа.
Энд харагдаж буй ганц нэг заан, энэ тэрийг хүүхдүүд маань л энэ тэндээс өгч явуулдаг. Өөрснөө авчирч тавьдаг юм. Манайх бэлэг, дурсгалын зүйл гэхээсээ илүү ном ихтэй айл байлаа. Их сургуулийн болон Дорлигжав гэдэг хүний номын санд нэг, нэг машин ном өгсөн. Үлдсэн номыг нь охидууддаа хэрэг болж магадгүй гээд хадгалж байгаа. Хятадад байгаа охин “Эмээ энэ номноос хүнд битгий өгөөрэй. Байж байг. Дараа хэрэг болж магадгүй” гэдэг. Өвөөгийнх нь байсан ширээ хүртэл бий.
Манайх зуслангийн байшин байхгүй шүү дээ
А.Дариймаа гуайн хөл муу, босоод явж чадахгүй шахам юм. Тэр нь өөрт нь их л зовиуртай бололтой. Ойр ойрхон ёолно. Энэ тухай асуувал, би бага хүүгээ өнгөрснөөс хойш ийм болчихсон юм. Миний хүү өнгөрөөд дөрвөн жил болж байна. Бид хоёр чинь гурван хүүгээ өргөж авсан юм шүү дээ. Төрснөөс өөрцгүй хайрлаж өсгөсөн. Бид хоёрын анхны хүүхэд дутуу гарсан. Би шатнаас унаж дутуу гаргаснаас хойш хүүхэд гаргаж чадахгүй болсон. Өвгөн тавуулаа байснаас одоо ганц хөгшин бий. Юм гэдэг хачин шүү.
Манайх зургуулаа ч, намайг бага байхад айлд үрчлүүлсэн. Миний төрсөн ах, дүү нар олуулаа байсан. Намайг өргөж авсан ээж таван хүүхэд төрүүлсэн ч тогтоогүй гэнэ лээ. Тэгээд намайг гуйхаар нь өгчихсөн гэсэн. Гадаа дулаараад ирэхээр салхинд гармаар санагдах юм. Маргааш, нөгөөдрөөс хөгшнийхөө ганц ахынд очиж, агаарт хэд хонох санаатай сууна. Манайд зуслангийн байшин ч байхгүй шүү дээ. Зуныг би хотод, гэртээл өнгөрөөдөг юм. Би тэтгэврийн мөнгө гэжсард 300 мянган төгрөг авдаг.
Хамт ажиллаж байсан гурван хүүхэдтэй хүүхний нөхөр нас барахад нь өрөвдөөд өөрийнхөө цалинг тэр хүүхэнд өгч, номын сангийн хамгийн бага цалин 450 төгрөгөөр насандаа сууж билээ. Энэ мөнгө нэмэгдэж явсаар байгаад 130 мянган төгрөг болсон. Арвин гишүүн үүнийг сонсоод миний өмнөх цалин дээр хэдэн төгрөг нэмснээр одоо 300 гаруй мянган төгрөг авдаг болсон. Амьд явахад янз бүрийн юм их үзэх юм даа. Сайхан ч амьдарч үзлээ, саарч явж үзлээ.
1990 оны даалгавраар манайхныг хэлмэгдүүлж ажилгүй болгосон
А.Дариймаа гуайтай ярьж суухад амьдралынхаа ихэнхийг Монголын улс төрд оролцсон энэ хүн албан тушаалаа өгснөөс хойш ар гэртээ, хүүхдүүддээ цаг, хутацааг зарцуулдаг болсон юм шиг санагдав. Тэрээр хүүхдүүддээ “Монгол Улсыг авч явах хүмүүс нь залуучууд та нар юм шүү. Та нар ажил төрлөө сайн хий. Худалдаа наймаа гэж янз бүрийн юм хийгээд хэрэггүй. Монгол Улс тэгж явахгүй” гэж захидаг байжээ. 1990 он тэдний амьдралд ч бас хүнд, хэцүү байжээ. “Том хүү маань орон тооны цомхтголоор ажлаасаа гарч цагаан хоолны газарт төмс арилгадаг байлаа. Дунд хүү нэхмэлийн машин олж цамц, өмд нэхэж, зах дээр борлуулдаг байсан.
Харин бага хүү “Ажнай” хоршоо байгуулан ажиллаж байсан. 1990 оны давалгаагаар манайхныг бүгдийг нь хэлмэгдүүлж, ажилгүй болгосон. Ажилгүй баахан залуучууд ийш, тийшээ тараад явчихсан. Одоо Америкт найман айл бий гэж байв.
“Хань минь талх барьж, би дээл оёж зардаг байлаа”
1990 онд өвгөнийг минь огцроход 500 төгрөгнөөс өөр юу ч өгөөгүй. Бидэнд байр, унаа байгаагүй. Багш байхад нь 12 дугаар микрорайонд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Тэгсэн өвгөн “Хоёулаа улсын байранд орлоо. Хүүхдүүд бага болохоор тэр байрыг тэнд цоожтой байлгаж байхаар хотын захиргаанд гэрчилгээг нь аваачаад өгчих. Нэг ч гэсэн хүн толгойг эхээр үгэнд нь орж, Балжинням гэдэг даргад байрныхаа гэрчилгээг аваачаад өгчихсөн. Ингээд 1990 оны гуравдугаарсард өвгөн ажил, байргүй болж хаашаа ч очих аргагүй болсноор Их тэнгэрийн аманд, энэ байранд ортлоо өвлийн хүйтнийг үзэж байлаа.
Хажууд байсан айлууд бүгд нүүгээд явчихсан. Гэтэл бид хоёр нүүгээд орох байргүй сууж байлаа. Одоо энэ байрнаас өөр юу ч байхгүй. Бид хоёрын мөнгө нийлээд 800-хан төгрөг болдог байв. Байр, цахилгаан, хоолоо авахад хаанаа ч хүрдэггүй байсан. Тэр үед бид хоёр аль олдсон ажлыг л хийж явлаа. Нөхөр талхаа өөрөө барьдаг боллоо. Би буриад гутал хийж, дээл оёж зардаг байлаа. Хүү маань хойшоо, урагшаа явж даавуу авчирч дээл оёж таньдаг хүнээр заруулж хэд гурван төгрөг болгоно.
Намайг гэртээ юм оёод суучихаар өвгөн минь очиж картын бараагаа авдаг байсан. Тэгээд ирэхдээ “Ёстой эвгүй юмаа. Нэг л их урт дугаар байна, Хойно зогссон минь хүмүүс урагшаа ороод ав гээд байх юм. Надтай адилхан хөгшчүүл, хүүхэд гээд янз бүрийн хүн дугаарлаж байхад “Миний юмыг өг” гээд дайралтай нь биш. Адилхан л зогсч байгаад аваад ирлээ гэдэг байсан.
Манайх гурван хүүтэй. Том хүү маань 58 настай. НАХЯ-ны сургууль төгсөөд салбарын яамандаа ажиллаж байлаа. Дунд хүү их сургуулийн төлөвлөгөө, эдийн засаг гэж байхад нь төгсч төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Бага хүү Статистикийн төв газарт ажиллаж байгаад Москвагийн их сургуульд шалгалт өгч, сэдвээ авах гээд ирэхэд аав нь огцорч орох байр ч үгүй хачин юмнууд байж байхгүй юу. Тэгсэн “Толгой ажиллуулж болдоггүй юм бол гар, хөлөө ажиллуулъя” гээд “Ажнай” гэж хоршоо байгуулан оёдол хийн биднийг хоолтой залгуулж байсан даа.
Тэгээд хүү маань 1992 онд Дамбадаржаад газар авч, хашаа хатган аавтайгаа байшин барьж дотор гаднагүй шавардаж билээ. Бид хоёр хашаандаа битүү хүнсний ногоо болон жимсний мод хүртэл тарьсан. Хоёр дахь жилдээ жимсэн гардаг юм билээ. Тэгсэн нэг өглөө сэртэл жимсний модыг маань газартай нь ухаж аваад явсан байсан.
Бид хоёр дэлгүүрээс ногоо аваагүй дээ. Тусгай хангамжид байхдаа идээгүй ногоогоо наадмаар идэж суулаа. Өвгөнөө бухран болтол бид 1997 он хүртэл Дамбадаржаад амьдарсан.
Чамайг албан ёсны айлчлалаар авч явахаар улсаас өндөр зардал гарна гээд гадаадад дагуулж явдаггүй байсан
Энэ бүхнийг сонсоод гайхаж суулаа. Төрийн алба хашиж байсан томчууд тэтгэвэрт гарахдаа улсын тусгай хангамжинд ордог атал энэ хүн яахаараа талх барьж, ногоо тарьж, хүнд хэцүүг туулж явдаг билээ гэж бодов.
А.Дариймаа гуайн ярианаас сонсоход тэдний туулсан амьдрал тийм амар, хялбар байгаагүй байна. Тэгээд элдэв юм сонирхож асуув. Төрийн өндөрлөгүүд гадаадад албан ёсны айлчлал хийхдээ гэргийгээ дагуулж явдаг. Ж.Батмөнх гуай таныг авч явдаг байв уу гэхэд “Чамайг албан ёсны айлчлалаар аваад явахаар улсаас өндөр зардал гарна. Чи өөрийнхөө зардлаар хаашаа ч хамаагүй явж болно” гэж хэлдэг байсан гэнэ. Хамгийн сүүлд тэрээр 1988 онд Ардчилсан Солонгос, Энэтхэг рүү нөхрөө дагаж явжээ.
Манай хүн намайг орон нутгаар ч ховор авч явна. Би Баянхонгор, Завхан, Говь руу явж үзсэн. Өөр газраар яваагүй” гэж хуучиллаа. Ж.Батмөнх гуай амралтын өдөр, чөлөөт цагаараа юу хийдэг хүн байсныг асуувал “Өглөө гараад орой гэртээ ирэхдээ зүгээр ирэхгүй. Бичих юм ихтэй ирнэ. Уулзалт, их хурлын илтгэлүүдийг гэртээ сууж бэлтгэнэ. Заримдаа Батаа гэж туслах нь ирж, хоёулаа юм ярьж суудаг байсан” гэв.
Манай хөгшин гэрэл зураг сонирхдог, сайхан дуулдаг байсан
Ж.Батмөнх гуайн гэргий амьдралынхаа олон сайхан дурсамжаас бидэнтэй хуваалцлаа. Тэрээр ханиа их л үгүйлдэг гэдгээ ярив. Аргагүй бас ганцаарддаг гээд санаа алддаг юм. Зургийн цомогт нь гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай авахуулсан нэг зураг харагдав. Энэ тухай асуувал, “Нэг хэсэг өвгөн бид хоёр хоёулханаа байдаг байлаа. Гэтэл нэг орой хаалга тогшихоор нь очоод тайлтал, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нэг залуутай зогсч байсан. Тэгээд “Орж болох уу” гэхээр нь бололгүй яадаг юм бэ ор гэлээ. Орж ирээд. өвгөнтэй юм ярьж суугаад, гурвуулаа ганц шил юм хувааж уун дуулж байгаад явсан. Манай хөгшин их сайхан дуулна.
Монголыг ард түмэн болохоо байлаа гэж үглэсээр байгаад өөд болсон доо
-Хүн орж ирэхээр их баярладаг байсан даа хөөрхий минь. Миний том, бага эгч нөхөртэйгөө ирэхээр хэдүүлээ нийлээд энд тоглоод суудаг байсан. Яахав дээ, өвгөнийг минь саатуулах гэж ирдэг байсан биз. Ганц боддог зүйл нь “Монтолын ард түмэн болохоо байлаа” гэж үглэсээр байгаад л бурхан болсон доо. .Манай хөгшин хууч өвчингүй цоо эрүүл байсан. Дарга байхдаа ганц удаа ч эмнэлэгт хэвтэж үзээгүй. Амгалан, тайван зантай хүн байлаа. Дотроо бухимдсаар байгаад л бурхан болсон доо хөөрхий.
Ямар сайндаа “Энэ П.Очирбат юу хийж байна” гэдэг байсан. “Хүн хийдэг ажлаа хийж байгаа биз.Чамд ямар хамаатай юм бэ. Хий гэсэн цагт нь хийж, боль гэвэл болилоо. Болоо юм биш үү. Тайван байж үз л дээ” гэж хэлэхэд урдаас харж инээчихээд сууж байдагсан. Хэрэв багшийнхаа.ажлыг хийж байсан Бол өнөөдөр байж л байх байсан гэж дандаа боддог юм.
Энэ Очирбат юу ярьж, юу хийж байна вэ?
Хань минь залуучууд Монгол орныг авч явж чадна. Ганцхан зөв талруу нь залах хүн хэрэгтэй гэж ярьдаг байв. Өлсгөлөн нүүрлэж иргэд картны бараанд дугаарлаж байхад П.Очирбат том бялуу, хийчихээд түүнийгээ үзээгүй юм үзлээ гэж тойроход нь бухимдсан. Хүүхэд талханд дугаарлаж байгаад олны хөлд гишгүүлэн нас барсныг дуулаад их цочирдсон. Энэ мэдээг сонссоны дараа цонхоор харж байгаад “Энэ хүүхдүүд сургууль, соёлгүй. Юу болж байна. Энэ П.Очирбат юу хийж байна” гэж хэлээд хэд дахин ухаан алдаад унаж байлаа.
Хамгийн сүүлд юм даа, “П.Очирбат, Н.Багабанди хоёрын халз ярилцлагыг үзээд өрөөндөө орж ирээд “Энэ Очирбат юу ярьж, юу хийж, байна аа” гээд ухаан алдаж унасан. Тэгээд сэргээгүй. Монголын ард түмэн гэж явсаар байгаад л өнгөрсөн дөө хөөрхий минь. Тэрнийг нь бодохоор би зүгээр байж чаддаггүй. Юм бичихгүй бол болохгүй нь гээд нэг юм эхэлж байснаа дуусгаагүй. Хамт ажиллаж байсан хүмүүсээс нь дутууг нь гүйцээж өгөх болов уу гэж бодоод олон хүнээс дурсамж цуглуулан “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэдэг номыг нь хэвлүүлсэн.
Манай өвгөний төрсөн өдөр гуравдугаар сарын III-нд болдог юм. Жил бүрийн энэ өдөр МАХН-аас (МАН) нэг сая төгрөг өгч байхаар болсон. Ном хэвлүүлэх гэхээр мөнгө хүрдэггүй болохоор хүн амьтнаас зээлээд, үнэхээр хэцүү байсан. Өнгөрсөн сард өвгөний маань 85 насны ой болсон. “Ж.Батмөнх” номыг хүү маань хэвлүүлэхээр бэлдэж байсан ч бурхан болсон доо.
Би материалаа бэлдээд бичих гэсэн ч чадахгүй орхиод байтал доктор, профессор Н.Өлзийбаяр гэдэг залуу “Та материалаа өгчих. Би бичье” гээд гаргасан. Мөн бага насыг нь бичихдээ миний тухай бага сага юм бичсэн байна л ээ. Одоо хоёрдугаар ботийг нь хийх юмсан гэж бодож байна. Чадах юм уу бүү мэд.
Б.Энхтуул, Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ”
Discussion about this post