Оросын олимп, паралимпын медальтнуудыг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ.
Кремлийн ордонд болсон арга хэмжээний үеэр тэр Бээжингийн өвлийн олимпын үеэр сэргээшийн дуулианд холбогдож байсан уран гулгалтын залуу од Камила Валиеваг онцлон магтсан байна.
“Бүх улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс уран гулгалтын хөгжөөн дэмжигчид Камилагийн талаар санаа зовж байлаа” гэж хэлсэн Путин “уян хатан байдал, гоо үзэсгэлэн, хүч чадал зэрэг уран гулгалтын бүх нарийн төвөгтэй элементүүдийг өөртөө шингээж, спортыг урлагийн оргилд хүргэсэн” гэж түүнийг магтжээ.
“Ийм төгс төгөлдөрт нэмэлт эм тариа, заль мэхний тусламжтай хүрэх боломжгүй юм” гэж Путин хэлсэн байна.
Энэ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Валиева 16 нас хүрсэн юм. Төрсөн өдрийг нь тохиолдуулан Путин түүнд баяр хүргэж, төрийн одон медаль гардуулжээ.
Discussion about this post