Цагдаагийн байгууллагад “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40.000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл уржигдар ирж, тус дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, өмнө нь нэгээс хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан 20-40 насны найман этгээдийг Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилсан байна. Мөн дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дээрэмдэх гэмт хэргийн зүйл анги:
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Discussion about this post