Амстердамын еврей охин Аннэ Франкийг дайны үед бичсэн өдрийн тэмдэглэлээр нь дэлхий нийт мэднэ. Аннэ Франк болон түүний гэр бүл, найз нөхөд гээд нийт найман хүнийг нацистууд 1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр Амстердамд нуугдаж байхад нь олжээ. Түүнээс өмнө тэд хоёр жил шахам хугацаанд аавынх нь ажиллаж байсан компанийн байранд нуугдаж чадсан юм. Гэвч мэдээлэгчдийн уршгаар тэднийг нацистууд олж, бүгдийг нь хорих лагерь руу шилжүүлсэн бөгөөд 15 настай Аннэ охин эгч Маргогийн хамт 1945 оны эхээр нас баржээ.
Тэдний нуугдаж байсан газрын талаар хэн мэдээлсэн нь нууц хэвээр үлдсэн байсан юм. Дайн дууссаны дараа энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох олон арван хүний нэр дурдагдаж, таамаг дэвшүүлж байлаа…
Зургаан жилийн өмнө 20 гаруй түүхчид болон гэмт хэргийн шинжээчид нэгдэж, энэ хэргийг дахин мөрдөхөөр болжээ. Асар их хэмжээний мэдээлэлд, цагдаагийн рапорт, баримт бичигт үндэслэн тэд гол сэжигтнийг нэрлэсэн байна. Тэдний таамаглаж буй хүн нь еврей нотариатч Арнальд ван ден Берг гэгч. Түүнийг өөрийгөө болон гэр бүлээ аврахын тулд ийм алхам хийсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Аннэ Франкийн нуугдаж байсан байшин
1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр Аннэ Франкийн аав Отто найзынхаа хүүд англи хэлний дүрмийн хичээл зааж байх үед шатаар хүмүүс алхаж байгаа нь сонсогдож, германчууд тэднийг олсон байна. Нуугдаж байсан найман хүнээс Отто ганцаараа амьд үлдсэн юм. Тэрээр Освенцимээс буцаж ирээд бүх үнэнийг мэдэхийг хүсчээ. Гэвч Нидерландын эрх баригчид түүнд тусалж чадаагүй. Харин Франкийн гэр бүлд тусалж байсан Мип Гиз Аннэ Франкийн өдрийн тэмдэглэлийг аавд нь өгчээ. Энэ өдрийн тэмдэглэлийг дэлхийн олон хэлээр орчуулж, уран сайхны кино бүтээсэн байна.
Аннэ Франкийн гэр бүлийн талаар мэдээлсэн байж болох Ван ден Берг нь Еврейн зөвлөлийн /юденрат/ гишүүн байв. Юденрат нь нуугдаж байсан еврейчүүддээ тусалдаг байжээ. Жишээ нь еврейчүүд дэлгүүр, зах орох хориотой байсан тул Юденрат хоол хүнс авах гарц хайж олон, сургуульд явах хориотой байсан тул хүүхдүүдэд боловсрол олгож байв. Ван ден Берг Юденратад ажиллаж байхдаа еврейчүүдийн нуугдаж байсан газруудын тухай мэдээлэлтэй болсон байсан тул өөрийн болон гэр бүлийнхнийхээ амийг аврахын тулд германчуудад мэдээлэл өгдөг байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Гэхдээ мэдээлэгч олдсон гэдэгт 100 хувь итгэх эсэх нь уншигчдын сонголт ажээ. Энэ мөрдлөгийн талаар Канадын зохиолч Розмари Салливаны бичсэн “Аннэ Франкийг барьж өгсөн нь” ном худалдаанд гарчээ.
Discussion about this post