МАН-ын олон гишүүн гишүүнтэй, нэг албан тушаалд олон хүн өрсөлддөг. Гэхдээ хүчтэй нь ялж, албан тушаалд очдог болохоор араас нь хэл ам гараад байдаггүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын талаар элдэв хэл ам гардаг ч хэнийг ч сольсонгүй. Х.Бадамсүрэн гэж түмэнд нүүрээ барсан дарга одоо ч суудлаа хадгалаад байж л байна.
Харин өнгөрсөн 8 дугаар сард гэнэтхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг авч хаяад, оронд нь Ц.Бат-Энхийг залав. Д.Дэлгэрбаяр эрүүл мэнд нь муудсан, хоёрт УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай нэг нутаг. Авгай хүүхний асуудалд холбогдож “ядруухан” яваа Ц.Анандбазарын гэх хүнийг албан тушаалаас нь унагах амархан байсан байх. Харин оронд нь очсон Ц.Бат-Энх хүн муутай, жудаггүй эр юм даа гэсэн яриа Эрдэнэтэд ч, МАН-ын байранд ч яригдаад өнгөрсөн.
Ц.Бат-Энхийг “Симба” Батаагийн дүү гэдгээр хүмүүс андахгүй. 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан Ц.Батаа үнэг буудах гээд улсын онгоц унагадаг нөхөр. АН-ын угшилтай ах нь УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн Ц.Бат-Энх 2006-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Харин “Төрийн нарийн” байхдаа ажилтнаа “Сайдад өгөх мөнгөн аяга, хадгийг удаан авчирлаа” гэж шанаадаад ажлаасаа халагдсан намтартай.
Ц.Бат-Энх 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажилласан. Энэ үедээ хийж бүтээснээр маруухан найр наадам, ой зохион байгуулах комисс толгойлж, “Шоу менежер” цолтой болсон. Хажуугаар нь сайн казиночин, Солонгост очин казиноддог гэсэн яриа явдаг. Ямартаа л Ц.Бат-Энхийг “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казинодсон Ц.Чимэдсүрэнгийн “Казиногийн А үсэг заасан багш” гэлцдэг.
Эрдэнэтээс салдаггүй Ц.Бат-Энх 2012-2014 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон. 2015 онд Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөх, 2016-2020 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар, 2021 оны 08 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм.
Тэрбээр 2020 оны цагаан сараар БНСУ-аас эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцээд шүүмжлэлд өртөж байв. Энэ асуудал намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан удаатай. Мөн үүнээсээ болоод Орхон аймгаас УИХ-д нэр дэвших боломжоо алдсан. Уг нь Ц.Бат-Энх Эрдэнэтэд нэр дэвшихээр 20 мянган нүдний дусаалга тараан ажлаа эрчимтэй эхэлсэн ч УОК-ийн шийдвэрийг эсэргүүцэн “Тусгаарлагдахгүй, МАН-ын дарга хүн” гэж хашгирч байгаад нэр дэвших эрхээ алдсан гэх юм билээ. Мөн 2020 оны Эрдэнэтийн Засаг даргаар ажиллах гэж зүтгээд унасан эр. Ийм л намтартай нөхөр нам нэгт, нутагт нэгт Д.Дэлгэрбаярыг эрүүл мэндийн шалтгаантай, ардах “танк” нь асуудалтай үед ажлыг булаах шахуу авчихаад таахалзаж явна.
Discussion about this post