“Бидний нэг” Бид энэ удаагийн дугаартаа MCS Property LLC-ийн тэргүүн дэд захирал Я.Пүрэвсүрэнг онцолж байна.
MCS Groupт 20 гаруй жил санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Ярилцлагадаа урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе.
Уламжлал ёсоороо таны ажил мэргэжил, ажлын гараа тань хэрхэн эхэлж байсан тухай ярилцлагаа эхлэе ээ.
Би Нийслэлийн 5-р дунд сургуулийг төгссөн, сурагч байхаасаа тооны талын хичээлд илүү сонирхолтой хүүхэд байлаа. 1994 онд Санхүү Эдийн Засгийн Коллеж буюу одоогийн СЭЗИС-д элсэн орж, бизнесийн удирдлагаар суралцан төгссөн. Тухайн үед Aнгли хэл, маркетинг, менежементийн хичээл ордог, шинэлэг хөтөлбөртэй сургууль гэж сонгосон юм.
1998 онд ажлын гараагаа УПА Трейд ХХК-д маркетингийн менежерээр эхэлж, тухайн компанидаа 1 жил ажиллаад, дараа нь 1999 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод үйл ажиллагаагаа явуулдаг Спирт Бал Бурам ХК-д эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Ингэж л анх М-Си-Эс Групп-тэй холбогдсон доо. Шинэ ажлаа баахан бор “Дело” хавтастай тооцоонууд хүлээн авснаар эхэлж байсан маань мартагддаггүй юм. Тэгээд захирлаараа шинэ компьютер авхуулан, ажлаа эхэлж байлаа. Ингээд 2001 онд М-Си-Эс Кока Кола ХХК байгуулагдаж би эдийн засагчаар нь ажиллахаар болов. Энд ажиллаж байхдаа М-Си-Эс Группийн хувьд анхных гэж хэлж болох гадаад захирал буюу дэлхийн Кока Кола-ийн системд олон жил ажилласан туршлагатай Basil Kleu захирлын удирдлага дор ажилласнаар их зүйлийг сурч авсан гэж боддог. Монголчуудын сайн мэдэх Кока Кола 150 (150MNT) хөтөлбөрийн бүх санхүүгийн тооцооллыг хийж байлаа. Ер нь төсөл, хөтөлбөрийг амжилтанд хүргэхэд санхүүгийн тооцооллоос гадна зах зээлийн судалгаа, маркетингийн оновчтой хөтөлбөр, бүтээгдэхүүний чанар, оролцогч багуудын уялдаа холбоо, гүйцэтгэл маш чухал юм байна гэдгийг тэр үед ойлгож авсан даа.
Хэзээнээс М-Си-Эс Проперти ХХК-д ажиллах болсон бэ?
Групп компанид ажиллах нэг давуу тал нь дотроо бизнесийн салбараа солин ажиллах боломж байдаг. 2005 оноос Зүүн Хараа Трейд ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2010 оноос М-Си-Эс Холдинг ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дэд захирлаар ажиллаад, 2011 оноос М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК байгуулагдаж Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр, 2014 оноос М-Си-Эс Проперти ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. М-Си-Эс Групп-д 20 гаруй жил ажиллахдаа эхний 10 жилийг нь FMCG буюу өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, борлуулалтын салбарт ажиллаж байсан бол үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбартаа ажиллаад хэдийн 10 жил болсон байна.
Таны хариуцан ажилладаг албадууд, тэдгээрийн ажлын онцлогийн тухайд?
Юуны түрүүнд маш чадварлаг баг хамт олныг удирдан ажиллаж байгаадаа талархаж явдаг. Миний хувьд компанийнхаа Back-Office буюу арын албыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл компанийн мөнгөөр илэрхийлж болох бүх л зүйлийг бүртгэж, төсөвлөж, хянаж суудаг Санхүүгийн газар, байгууллагын боловсон хүчний бодлогыг авч явдаг Хүний нөөцийн алба, бизнесийн үйл ажиллагаа, гэрээ хэлцэлийг хууль журмын хүрээнд хийж явуулдаг Эрх зүйн алба, компанийн аливаа дотоод зохицуулалтын ажлыг түргэн шуурхай явуулдаг Захиргааны алба надад харъяалагдаг. Эдгээр албадууд маань өөрсдийн үндсэн чиглэлээс гадна бусад алба нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг ба компани дотроо болон гадагшаа олон оролцогч талуудтай холбогдож ажилладгаараа онцлогтой.
Та өөрийн багаа хэрхэн удирддаг вэ?
Өөрийн шууд удирдлагад байгаа албадын дарга, менежерүүдэд аль болох бие даан ажиллах боломжийг олгох, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ оролцогч талуудыг бүгдийнх нь саналыг сонссоны эцэст шийдвэр гаргахыг хичээдэг. Мөн нээлттэй байж, багт үл ойлголцол үүсгэхгүй байхыг хичээж ажилладаг.
Ажиллагчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
Ажилтан бүр ажлын байран дээрээ сурч хөгжих, өсөж дэвшдэг байх нь өөрөө М-Си-Эс Группийн үнэт зүйлс, баримталдаг зарчимд байдаг зүйл юм. Ажил мэргэжил бол хүний амьдрал, карьерийн хувьд чухал байр суурь эзэлдэг зүйл учраас дэмжих, хөгжүүлэх нь хамгийн чухал, манай компанийн хувьд энэ онд “Мэргэжлийн зэргийг дэмжих журам”-ыг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ журам нь ажилтанд өсөж дэвших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг олгоод зогсохгүй, түүнийг дэмжих, урамшуулах боломжийг олгосон журам болсон байгаа.
Шинэ залуу үе ажиллах хүчин болж орж ирж байна? Хамтран ажиллах талаар таны бодол?
Залуу үе маань эрч хүчтэй, өөрсдийн гэсэн зорилготой, мэргэжилдээ эзэн болох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг тал дээр их анхаардаг болсон нь ажиглагдаж байгаа. Мөн миний анзаарсан нэг зүйл бол залуучууд бүх зүйлд яараад байх шиг санагддаг, нэг жил ажиллаад тухайн ажлыг хийгээд сурчихлаа болчихлоо гэж бодон карьер ахих хүсэлтэй байдаг, гэтэл карьер өсөх үйл явц зөвхөн мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаггүй. Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд дор хаяж 4-5 жил тогтвор суурьшилтай ажиллаад, энэ хугацаандаа мэргэжлийн болон бусад ур чадвараа хөгжүүлээсэй гэж хэлмээр байна.
Карьерийн өсөлт хийхэд мэргэжлийн ур чадвараас гадна бусад ур чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай гэж ойлголоо, энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
Карьерийн өсөлт гэдэг тухайн хувь хүндээ ч тэр, бизнесийн байгууллагадаа ч тэр үр өгөөж өгдөг зүйл байх нь зүйтэй санагддаг. Нэг талаас байгууллагын хэрэгцээ шаардлага, нөгөө талаас хувь хүний ур чадвар тухайн шалгуурт тохирох гэсэн хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг л даа. Зөвхөн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхээс гадна Soft Skill гэж нэрлэдэг хувийн ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй, хүнийг сонсож сурах, өөрийн үзэл бодлоо бусад хүмүүст ойлгомжтой зөв илэрхийлэх, багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч, нийцтэй байх, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь өөрөө тодорхой цаг хугацаа шаарддаг. Мөн карьерийн өсөлт гэдэг нь тодорхой хэмжээнд хүн удирдах түвшинд очих үйл явц байдаг, тэгэхээр хүнийг удирдан ажиллах, чиглүүлэх, сургах гээд цаанаа үүрэг хариуцлагатай байх шаардлага үүсдэг. Ер нь хүнээр юм хийлгэнэ гэдэг чинь өөрөө хийхээс хэцүү эд шүү дээ. /инээв/
М-Си-Эс Группийн байгууллагын соёл гэдэг зүйл яригддаг, соёл сайтай гэдэг үзүүлэлтээр залуучууд сонгон ажиллах, ажлын гараагаа эхлэх сонирхолтой гэсэн яриа байдаг. Таны бодлоор байгууллагын соёлыг хэн тээж явдаг вэ?
Тухайн байгууллагын соёл нь удирдлагаас нь шууд шалтгаалдаг гэж боддог. Байгууллагын соёл ажилтан ажилдаа сэтгэл хангалуун байх, ажлын бүтээмжтэй ажиллах зэрэгт чухал нөлөөтэй мөн залуусын төлөвшилд тодорхой нөлөө үзүүлдэг зүйл юм. Ажлын ярилцлагад орж буй олон залуусаас М-Си-Эс Группийг яагаад сонгож байгаа талаар сонсоход сайхан байдаг.
М-Си-Эс Группийн компаниуд хөдөлмөрийн зах зээлд тодорхой хэмжээний ажиллах хүчин бэлтгэн гаргахад оролцож байгаа, хэр чадварлаг ажиллах хүчин бэлтгэж байна гэж та боддог вэ?
Зөвхөн М-Си-Эс Групп гэлтгүй Монголын томоохон компаниуд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчин бэлтгэх, сургах тал дээр маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Туршлагатай боловсон хүчин бэлтгэх нь урт хугацааны хөдөлмөр байдаг, харин Start-Up компаниуд шинэ төгсөж буй залуусыг ажилд авч сургах боломж хомс байдаг. Нягтлан бодогчоор жишээ авахад гадуур зөвхөн тайлан гаргах чадвартай туршлагатай ня-бо л хайж байдаг. Харин дээр дурьдсан компаниудын хувьд сургууль төгсөөд ирсэн шинэхэн залуусыг авч ажиллуулаад, сургаад тайлан гаргах чадвартай, туршлагатай ня-бо болгодог гэсэн үг.
Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
Нээлттэй байх, үнэнч шударга зарчим, ажлыг чин сэтгэлээсээ хийхийг, багаар хамтарч шийдвэр гаргах зэрэг зарчмуудыг баримталдаг.
Үлгэр дууриалал авдаг хүн бий юу?
Анх М-Си-Эс Группт ороод удирдлагад нь ажилласан Л.Элдэв-Очир захирлаас их зүйлийг сурсан гэж боддог. Аливаа асуудлыг олон талаас нь хардаг, хүмүүсийг маш сайн сургадаг, ажиллуулж чаддаг, шаардлага өндөртэй, зарчимч хүн байдаг.
Залуучууддаа хандаж хэлэх таны үг?
Өмнө дурьдсанчлан карьерийн тал дээр хэт их яарахгүйгээр ажлаа гүйцэтгэл сайтай, чин сэтгэлээсээ хийдэг байгаарай, мөн аливаад ул суурьтай хандаж, олон талаас бодож тунгааж, хувийн ур чадвараа байнга хөгжүүлж байгаарай гэж хэлмээр байна. Хичээл зүтгэл, зөв сэтгэлийг амжилт, сайн сайхан үргэлж дагадаг.
Хамт олондоо хандаж хэлэх таны үг…
Компани үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хамт олондоо хүргэе. Ямар ч цаг үед хамт байж, бүтээн байгуулалт бүрээсээ суралцан, өсөж хөгжсөөр өнөөдрийн М-Си-Эс Проперти ХХК-г бий болгосон хүн бүрт талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ сайхан хамт олны маань ирээдүйн ажил үйлс гэрэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.
***
Discussion about this post