Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өвөөгийн ярьж өгсөн Лууван, өндөг, кофены тухай үлгэрийг би Христийн сүмийн пастор буюу сүмийн номлогчид ярьдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдын өвөө нь түүнийг бага байхад “Лууван, Өндөг, Кофе” гэдэг үлгэр ярьж өгсөн гэсэнь олны шүүмжлэлд өртөв.
Сонирхолтой баримт: Үлгэр ч биш юм байна билээ. Success Principle of Jack Canfield гээд 2004 онд гарсан номонд анх энэ түүх нь гардаг юм байна. (2004 онд Л.Оюун-Эрдэнэ сайд 24 настай байсан биш үү!!!)
Гэтэл манай ерөнхий сайд бөөн хүүхдүүдийн урд тайзан дээр гараад ирчихсэн индэр дээрээс ёстой улаахгүй худлаа ярьж байх юм. “Миний өвөө намайг бага байхад надад үлгэр ярьж өгдөг байсан. Би тэрнийг нь тэмдэглэж авдаг байсан… blah blah blah”.
Жич: Гэхдээ бас манай ерөнхий сайдын өвөө тэр Жэк Кэнфилд гэдэг америк нөхөрт энэ үлгэрээ ярьж өгсөн байж болох юм.
Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг сошиал орчинд хэл амны бай болгоод байгаа “үлгэр” -ийг та бүхэнд хүргэе:
Залуу бүсгүй эцэг дээрээ ирэн, хэлж байна:
– Аав аа, би ядарч байна, амьдралд минь үнэхээр хүнд, хэцүү бэрхшээлүүд тулгарч, би цаг үргэлж урсгал сөрж сэлсээр байгаад хүчгүй болчихлоо… Би яавал дээр вэ?
Эцэг нь хариултын оронд устай 3 ижил савыг гал дээр тавиад нэг рүү нь лууван, нөгөө рүү нь өндөг, харин гурав дахь руу нь кофены үр хийв. Хэсэг хугацааны дараа уснаас лууван, өндгийг гаргаж, гурав дахь савтай кофег аяга руу хийв.
– Юу өөрчлөгдсөн байна? гэж охиноосоо асуулаа.
– Өндөг, лууван чанагдаж, харин кофены үр усанд ууссан – гэж охин нь хариулав.
– Үгүй дээ, охин минь, энэ бол аливаа зүйлийг гаднаас нь өнгөц харж байгаа явдал. Хар даа – буцалж буй усанд хийсэн хатуу лууван зөөлөн, уян хатан болж. Эмзэг, шингэн өндөг хатуу болсон байна.
Гаднах байдлаараа өөрчлөгдөлгүй, зөвхөн ижилхэн таагүй нөхцөл байдалд буюу буцалж буй усны нөлөөгөөр өөрийнхөө бүтцийг л өөрчилсөн. Хүмүүс ч бас адилхан – гаднаа хүчтэй хүмүүс нь сул дорой, эмзэг, зөөлөн нэгэн нь хатуурч улам хүчтэй болж болно…
– Тэгвэл кофе? – гэж охин нь асуув.
– Аан, энэ хамгийн сонирхолтой нь! Кофены үр шинэ таагүй нөхцөлд ороод бүрэн уусч, түүнийг өөрчилсөн, буцалж буй усыг анхилам үнэрт ундаа болгосон юм. Нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгддөггүй онцгой хүмүүс гэж бий. Тэд өөрсдөө нөхцөл байдлыг өөрчилж, шинэхэн, гоё сайхан зүйл болгон хувиргаж, түүнээсээ ашиг тус, мэдлэгийг олж авдаг билээ…
Өөр хувилбар
Нэгэн бүсгүй ээж дээрээ очоод, амьдрал ямар хэцүү байгаа талаар гомдоллож гарчээ. Бүх зүйл хүнд санагдаж, туулж гарах арга замаа мэдэхгүй болохоор бууж өгөхийг хүсч байгаагаа хэлэв.
Нэг асуудлыг шийдэнгүүт л дахиад нэг асуудал гараад ирдэг энэ амьдралын төлөө тэмцэх хүсэлгүй байгаагаа бүсгүй ярьж байлаа. Ээж нь түүнийг гал тогоо луу дагуулж ороод, 3 саванд ус хийж, гурвууланг нь плиткан дээр тавив. Саван дахь уснууд буцалж эхэлмэгц эхний саванд лууван, хоёр дахь саванд өндөг, гурав дахь саванд кофены үр хийлээ.
Ээж нь юу ч дуугаралгүй, лууван, өндөг, кофе гурваа чанагдахыг хүлээв. 20 минутын дараа галаа унтраад, луувангаа гаргаж нэг саванд, өндгөө гаргаж өөр нэг саванд, кофегоо том аяганд хийгээд охиноосоо “Одоо чи юу харж байна?” гэж асуулаа.
“Лууван, өндөг, кофе гурвыг” гэж бүсгүй хариулав. Ээж нь түүнийг савнуудтай ойртуулж зогсоогоод лууванд хурууг нь хүргэлээ. “Зөөлөн байна” Дараа нь өндөгнийхөө хальсыг хагалж үзтэл дотор нь хатуу чанагдсан өндөг байв. Хамгийн сүүлд тэр кофегоо ууж үзээд “Сайхан амттай юм” гэж хариулав. Тэгээд “Ингэдэг нь ямар учиртай юм?” гэж ээжээсээ асуулаа.
Ээж нь түүнд энэ гурван хүнсийг гурвууланг нь адилхан усанд буцалгахад өөр өөр үр дүн гарсан тухай тайлбарлалаа. Лууван анхандаа хатуу, хахир байсан. Харин халуун усанд буцалгамагц л тэр зөөлөн, сул дорой болчихсон. Өндөг их эмзэг, хэврэг байсан ч усанд буцалгахад хальс нь доторх шингэнээ хамгаалж, хатуу болгож чадсан. Кофены үр нөгөө хоёроосоо өвөрмөц байлаа. Үрийг буцалж байгаа халуун усанд оруулахад, усыг өөрийг нь зөөллөж, сайхан амттай болгосон байв. “Чи аль нь вэ? Зовлон бэрхшээл хаалгыг чинь тогшиход чи ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Лууван шиг үү, өндөг шиг үү, аль эсвэл кофены үр шиг үү?” гэж ээж нь асуужээ. Энэ асуултыг сонсоод бүсгүй инээмсэглэн дахиж шантрахгүй гэдгээ амлав.
Та ч бас энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Та гаднаасаа хатуу, чанга юм шиг харагддаг хирнээ, бэрхшээлтэй нүүр тулахаараа сул дорой болон хүчээ алддаг лууван шиг үү? Эсвэл дотроо уян зөөлөн сэтгэлтэй байснаа, санхүүгийн хямрал, үхэл, салалт мэтийн хэцүү үе тохиолдоход гаднаасаа хэвээрээ ч зүрхэндээ хатуу, чулуу шиг болж өөрчлөгддөг өндөг шиг үү? Эсвэл кофены үр шиг, харин ч буцламгай халуун усыг өөрчилж, өөртөө ирээд байгаа зовлонг эерүүлээд, жинхэнэ мөн чанар, сайхан амтыг нээж чаддаг нь уу?
Discussion about this post