Дэлхий дахинаа хот суурин газар амьдрах хүмүүсийн тоо 2050 он гэхэд эрс нэмэгдэх төлөвтэй бөгөөд ялангуяа Ази, Африкийн орнуудад 70 хувиар нэмэгдэх эрдэмтдийн тооцоолол байна. Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий зархирал Qu Dongyu Ази, Африкийн 30 орны 90 хотын ойролцоогоор 500 000 га талбай буюу 5000 ам километр газарт мод тарих төлөвлөгөөг гаргаад байна. Өөрөөр хэлбэл нэг хотод Улаанбаатрын \4,7ам километр\ газар нутгийг 10 дахин томсгосонтой адил газар мод тарих нь. Модыг ялангуяа хотод тарьж хотын ногоон дэд бүтцийг бий болгосноор нэгт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж; хоёрт, хүн амын амьдрах орчин, эрүүл мэнд сайжирч; гуравт, нийгмийн сайн сайхан байдал, амьдралын чанарт ахиц гарч; дөрөвт, хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, боловсролын түвшин дээшилж; тавт, эдийн засаг тогтворжиж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 15-ыг нь биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоод байна. Дурьдсан таван чиглэлээр ямар ахиц гарсан талаар судалгаагаар нотлогдсон олон баримтуудаас дурьдаж болох юм. Мод нь агаарын бохирдлыг асар их хэмжээгээр арилгадаг. Зөв байрлалд зөв тарьсан зөв сонгосон нас бие гүйцсэн 3 мод агааржуулалтын зардлыг 50 хувь бууруулдаг байна (Новак нар, 2006). Дундаж хэмжээтэй нэг мод жилийн дотор дөрвөн ам бүлтэй гэр бүлийн амьсгалах хүчилтөрөгчийг хангалттай гаргадаг байна. Жижиг бут сөөг нь том модыг бодвол анхдагч ашиг тус өгөх нь ховор харин хоёрдогч буюу дуу чимээ намсгах, орон зайг тусгаарлах үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй, технологийн дагуу тарьсан мод эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна хүнд эерэг бодол төрүүлэх, бухимдал, депресс, стресс, хүчирхийлэл, айдас түгшүүрийг бууруулах, амьдралаас таашаал авах сэтгэгдэлд илүүтэй нөлөөлдөг байна (Berman et al., 2012; Bratman, Hamilton, Hahn, Daily, & Gross, 2015; Li, Deal, Zhou, Slavenas, & Sullivan, 2018; Lohr & Pearson-Mims, 2006).
Сургуулийн орчинд мод тарих нь сурагчдын сурлагын дүн, анхаарал төвлөрөлт сайжруурах, хамт олонч, өөдрөг үзэлтэй, хувь хүн болж төлөвшихөд эерэгээр нөлөөлж, төгсөгчдийн их дээд сургуульд орох дүнгийн түвшин сайжирсан нь судалгаагаар тогтоогдсон байна (Kuo, Browning, et al., 2018; Kweon, Ellis, Lee, & Jacobs, 2017; Matsuoka, 2010). Цэцэрлэг, сургуулийн орчинд мод тарьж тарьмал ойг үүсгэх нь чанартай боловсролыг дэмжиж, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилт 4-ийг хэрэгжүүлэхэд түлхэц болж байгаа талаар улс орнуудын тайлангаас харж болох юм.
Мод тарьснаас гарах эдийн засгийн үр ашгийг тооцоолсон олон судалгаа байна. Зөв тарьсан мод нь эрчим хүчний хэрэглээ, зардлыг бууруулж, бохирдлыг арилгах (Новак & Гринфилд, 2018), үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмждэг талаар олон судалгаа байна (Nesbitt, Hotte, Barron, Cowan, & Шеппард, 2017). Зөвхөн АНУ тарьсан модноосоо жилд 18.3 тэрбум долларын ашиг олдог гэсэн тооцоо байдаг (Новак & Гринфилд, 2018). Иймд мод тарих үйл явцыг тогтвортой хөгжлийг бий болгох бодит хөрөнгө оруулалт гэж үздэг байна. Наад захын жишээ гэхэд замын хажуугаар тарьсан мод хатуу хучилттай замын насжилтыг уртасгадаг байна.
Агро ойн аж ахуйг хөгжүүлснээр хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх арга зам юм (Гаррити, 2004). Нью-Йорк хотод одоо байгаа модны 88% нь хүн болон, орчинд ээлтэй эм, хоол хүнсэнд хэрэглэж болох мод байдаг байна (Hurley & Emery, 2018). Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хотын дэд бүтэц, эдийн засгийн тооцоололтой уялдуулж зөв газар байгуулж, тариалах модны сонголтод шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал.
Felix Finkbeiner герман хүү 9 настай байхдаа “Plant-for-the Planet” Мод тарих, байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагыг санаачилж, тэрээр “Нэг их наяд мод” тарих хөдөлгөөнийг 2018 оноос эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 13,96 тэр бум мод таригдаад байна. Тус байгууллагын судалгаагаар дэлхий дээр зөвхөн 2020 онд тарьсан модны тоогоор нь улс орнуудыг жагсаахад хамгийн их мод тарьсан эхний оронд БНХАУ 2 тэрбум 407 сая 149 мянга 493 мод, БНЭУ 2 тэр бум159 сая 420 мянга 898 мод тарьсан үзүүлэлттэй байна. Нэн ядуу оронд тооцогдох Этиоп 1,7 тэр бум, ядуу буурай оронд тооцогдох Пакистан нэг тур бум мод тарьснаар гурав, дөрөвдүгээр байранд орж байна. Монгол Улс 2020 онд 1,04 сая мод тарьж 87-р байранд эрэмбэлэгдэж байна (World tree map, Plant for the Planet). Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэр бум мод” үндэсний хөдөлгөөнийг бид жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадвал 13 сая тонн хүчил төрөгчөөр манай хүн ам нэмэлтээр хангагдаж, дэлхийн уур амьсгалыг сайжруулах үйл явцад нэг хүнд ногдох тарьсан модныхоо тоогоор тэргүүлж, эхний хорьд жагсах боломж бүрдэнэ. Жишээ нь хамгийн их мод тарьсан манай хөрш орон болох БНХАУ 2020 онд тарьсан модныхоо тоог бууруулахгүй 2030 он хүрэхэд нэг хүнд ногдох модны тоо хүн амын өсөлттэй нь уялдуулан тооцоход ойролцойгоор 16 байх юм. Харин манай нэг хүнд ногдох модны тоо жилд 3, арван жилд 28 мод тарихаар ногдож байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26 дахь уулзалт КОП-26-д оролцож “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг 27,2 хувиар бууруулж, дэлхий нийтийн уур амсьгалын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц болно, мөн бага дунд орлоготой орнуудад чиглэсэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ онцлон тодорхойлсон нь Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд Монгол Улсын манлайлах байр суурийг бэхжүүллээ. Дэлхий нийтээр өрнөж байгаа Эх дэлхийгээ аврах хүмүүний нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэн бүр дэмжиж, энэхүү үйлсийг улс төржүүлэн ганхуулахгүйгээр өөрийн орны уур амьсгал, цаг агаар, эдийн засгийн нөөц бололцоон дээр тулгуурласан дээр дурьдсан таван чиглэлд бодит үр дүн гарч өгөөжээ өгөх, тавьсан зорилгодоо хүрэх шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, хуваарийг гаргах нь зүйтэй. Энэ үр дүнд хүрэхэд ямар ч хамаагүй мод хаа ч хамаагүй дур мэдэн тарьж тооны хойноос хөөцөлдөх нь эдийн засгийн давхар хохирол амсахад хүргэдэг гашуун туршлагууд бас байна. Манай тохиолдолд тоо нь чанараа баталгаажуулах нь нэн чухал.
Ж.ЦОЛМОН
АУ-ны доктор, профессор
Discussion about this post