МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ХООЛЗҮЙ: Техникийн ШУ-ны доктор(Sc.D), профессор Гүррагчаагийн Лхагваагийн “Хонгорзул” сонинд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.
-Монголчуудын хоолзүйн баримтлал гэж бие даасан уламжлал байсан уу?
Г.Лхагваа багш: Хооллох тухайд Монголчуудын шинжлэх ухааны хийгээд ёс суртахууны гол баримтлал нь:
“Хоногт Бурхан багш нэг хоолтой, хүн төрөлхтөн хоёр, араатан гурван хоолтой” гэсэн зарчим юм.
Тэгэхээр өөрийнхөө хэн болохыг хоолоо ажиж шийднэ гэсэн үг. Манай залуусын ихэнх нь бурхад гэдэгт би итгэлтэй байна.
-Хоол бага бол ядаргаа, тураал, ер нь сайн юм болохгүй гэдэг биш үү?
Ядаргаа, тураал, өвчин эмгэг нь сэтгэл санааны хордлого, явдал мөр, тухайлбал идэх, уухын буруугаас болдог болохоос биш хоолны их багаас шалтгаалахгүй. Ухаандаа бага идчихлээ, яана ийнэ гэсэн сэтгэлийн хордлого нь сөргүү энергээр махбодийг тарьсантай ижил хорыг хүний биед бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас хоол хүнсэн дэх тэжээлийн бодисын хийгээд хүний бие махбодийн мэдээлэл- энергийн шинж чанар нь хоорондоо тохирдоггүйгээс хүний шинжийг дортгодог. Энэ санааны дээд гаргалга нь бие махбодид өөрийн нь энерги анхдагч болохоос хоол хүнс анхдагч хэрэгцээ биш гэсэн үзэл юм. Энэ бол бидний шинэ онолын нэг гол үзэл санаа.
-Тэгэхээр хоногийн хоолны заавал авч байх ёстой илчлэг гэдгийг юу гэж ойлгох вэ?
Үүнийг одоо юу ч биш гээд ойлгочихвол болох нь тэр . Өөрөөр хэлбэл дэлхий дахинд тулган хүлээлгэсэн “илчлэгийн онол” гээч нь хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсан байна. Энэ нь илчлэг дутвал үхнэ гэж айлгаж байгаад дэлхийн хүний тэн хагасыг сэтгэл санааны үхэлд хүргэж, ахиухан идвэл сайн гэж номлосоор үлдсэн хэсгийг нь бордооны хоолоор тулгасан үхэлд аваачсан байна. Хүн тэгэхээр энэ онолын тулгасан аль нэг үхлийг л сонгохоос өөр замгүй гэсэн үг. Тэгвэл үхэхийг хүсэхгүй хүн байж гэмээнэ тэр хүнд ямар нэг гуравдагч онол хэрэгтэй болсон байна.
Тэр онол нь биднийхээр “ХООЛ ХҮНС БОЛ ЕРДӨӨ ТУСЛАХ ХЭРЭГЦЭЭ, ТҮҮНГҮЙГЭЭР ХАРИН Ч САЙН САЙХАН БОЛНО” гэсэн баримтлал юм. Энэ теоремийг хүн бүр цээжээр мэддэг болох хэрэгтэй.
-Тэжээлийн болон эрдэс бодис, витамин гээд илчлэгээс бусад хэрэгцээг яах болж таарах вэ?
Монголчууд махыг маш бага, харин сүү, цагаан идээг голлон улирлын онцлогтойгоор хэрэглэж байсан, тэгэхдээ тухайн үедээ (ХIII зуун) европынхноос даруй тав дахин бага хооллож байжээ. Муухан хоолтой монголчууд уруудаж доройтолгүй харин ч дэлхийн эзэн болж явсан байх юм.
Хүнийг одоо хэр жинхэнэ ёсоор таньж мэдэж чадаагүй учраас хүний тухай механик ойлголтыг машинтай төстэйгөөр бий болгочхоод, түүндээ тохирсон механик хийсвэрлэлүүдийг бий болгосны жишээ нь хоол унд, зохиомол илчлэгийн хэрэгцээ, тэжээлийн бодисын хийсвэр тэнцэл, тэгээд одоо болохоор дэлхийгээрээ хөдлөөд ч дийлэх аргагүйд хүрсэн хоол хүнсний зохиомол хэрэгцээ юм. Тэгэхээр өөрийгөө ” араг яс” гэж үзэхээс татгалзсан хэн боловч элдэв илчлэг, тэжээлийн болон эрдэс бодис, аминдэмийн тухай өнөөгийн үхширмэл номлолоос мөн татгалзах ёстой болох нь дээ.
-Хоол гэдгийг тэгэхээр юу гэж ойлгох болж байна ?
Эртний монголчуудын тухайд бодит хоол ихээхэн “бүдүүлэг” зүйл байж л дээ. Өвөг дээдэс маань оюун санааны хоолтой, асар өндөр соёлтой, хоолны асуудалд шинжлэх ухааны гүнзгий сэтгэлгээг бий болгосон аугаа их хүмүүс байж.
Хүн төрөлхтний түүхэнд өөрийгөө ийм түвшинд хөгжүүлсэн ард түмэн гараагүй биз ээ (Хувь хүн бол олон бий л дээ).
Өөрийн тань сураглаад байгаа хоол гэдэг маань энэ л дээ. Өөрөөр хэлбэл “оюун санаагаар хооллох “.
Асуулт: Хоолзүйн шинэ баримтлалыг хүлээж авахад тийм ч хялбар биш байх бололтой.
Юуны өмнө “сэтгэл санааныхаа хордлого”-ыг тайлахаас бүх зүйл эхлэх болж байна.
/”Хонгор зул” сонин №174, 1999 он/
Зураг: Ил хаант улсын үеийн монгол дээл:
Монгол эр хүний бэлхүүс шоргоолж шиг нарийхан, тэд маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй гэж 13-р зууны аялагч тагнуулчид бичиж үлдээжээ.
Discussion about this post