Хосуудын учрах тавилан хийгээд хамтын амьдралд нь тохиолдох саад тотгорыг давж туулахын учир шалтгаан, уялдаа холбоог бурхны шашинд хэрхэн авч үзэж, тайлбарладаг талаар “Бусдад туслахуй” анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч лам Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Зөвхөн гудамжинд зөрөөд нэгхэн секунд харц тулгараад зөрсөн хүмүүс урьдын зургаан төрөлдөө ойр дотно байсан гэж бурхны шашинд үздэг юм билээ. Гэтэл харц тулгарахаар барахгүй эхнэр, нөхрийн барилдлагатай тэр хүмүүс урьд төрөлдөө яг ямар учрал ерөөл, эсвэл ямар үйлийн үртэй байсан байдаг юм бол. Эр, эм бололцож байгаа тэр шүтэн барилдлагын учир юу байдаг юм бол?
-Буддын ухаанд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээх онолоор үүнийг тайлбарлана. Орчлон ертөнцөд зургаахан зүйлийн амьтан байна. Өөрөөр хэлбэл, бие биенийхээ ээж болсон зургаан зүйлийн төрөл байна гэсэн үг. Тоолшгүй их цаг хугацааны өмнөөс энэ зургаан зүйл төрөл өөр хоорондоо дамжсан байдаг. Ингэж дамжих явцдаа тэд бие биедээ ээж, хүү хоёр болох, эхнэр нөхөр хоёр болох, эсвэл хамаатан садан болох гэх мэтчилэн бүх барилдлагаар дамжсан байх нь албатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд төрөлдөө эхнэр, нөхөр хоёр болоогүй, ээж, хүү хоёр болоогүй ганц ч амьтан энэ орчлон дээрх “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” гэдэг онолын үүднээс байхгүй.
Тэгэхээр эхнэр, нөхөр болсон хүмүүс үйлийн шалтгаанаар барилдаж байдаг. Үйлийн шалтгаан гэдгийг жаахан тааруу муу үйлийн барилдлага, эсвэл сайн ерөөлийн хүчээр эхнэр, нөхөр болж байгаа гэх мэтчилэнгээр тайлбарлаж болно.
Үүний логикийг төвдөөр цадма буюу учир шалтгааны ухаанаар тайлбарладаг.
–Тэгэхээр хань ижил маань надад ерөөлөөр, эсвэл тааруу үйлийн үрээр ирж байгаа хүн мөн эсэхийг мэдэх арга байж болох уу?
-Хувь заяагаа тэгж бүгдийг нь далдын хүчтэй шууд холбож ойлгож болохгүй л дээ. Яагаад гэхээр, хүн төрлийг олсноос хойшхи ямар үйл үйлдэж байгаа, ямар зан ааш араншинтай юм, багаасаа ямар ерөөлийг тавьсан юм, ямар ажил үйл хийж байсан, ямар зүйл бодож байсан гэдгээсээ хамаараад хань ижил нь тэр хүнд нөлөөлж учирч болно.
Нөгөө талаас тэр хоёр хүний зан чанар, байгаа байдал, өсч төрсөн орчин, харилцаа хандлага гэх мэтээр гадаад шалтгаанаасаа болж эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо татагддаг юм шиг санагддаг.
Би энэ дээр нэг л үгийг хэлэх дуртай. Тэр нь юу вэ гэхээр, “Дугуй дугуйгаа олно оо” гэж. Эхнэр, нөхөр хоёр өөрийнхөө өрөөсөн дугуйгаа л олж байгаа хэрэг. Бурхны шашинд үүнийг “Доголон, сохор хоёр” гэдэг юм. Нэг нь нөгөөгөө нөхнө өө л гэсэн үг.
Хүмүүс надаас, “Миний заяаны хань байгаа юу, хаана байна, ямар шинжтэй байх вэ, би түүнийг яаж таних вэ?” гэж асуудаг. Энэ бол утгагүй хэтэрхий бэлэнчилсэн асуулт. Түүний оронд хүн өөрөө өөрийгөө ажиглан засаж өөртөө сайн ерөөлөө тавьж байх ёстой.
-Ерөөл тавина гэж юуг хэлж байна вэ?
-Эхлээд өөрийгөө таньж мэднэ. Би ийм зан чанартай, ийм дутагдалтай байна. Энэ дутгадлаа жаахан засъя. Өөрийнхөө сайн зан чанарыг дэвжээж, сайжруулъя. Ингээд эхлэхээр өөрийн муу дадал хэвшлийг багасгаж эхэлдэг. Тэр хүний юманд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл нь зөв болоод ирэхээр өөрөө зөв замаар явж эхлэх нь. Зөв замаар явж байгаа хүн зөв хүнтэй л учирна.
-Хосууд хуримаа төлөвлөхийн өмнө зурхайн талаасаа юу, юунд анхаарах ёстой вэ?
-Зурхайн талаасаа хоорондоо таарахгүй байсан ч сайхан амьдарч байгаа хүмүүсийн олон жишээ бий. Бүр маш сайн зохилдлогоотой хэрнээ хагацаж, салсан тохиолдол олон байдаг.
Тэгэхээр миний зүгээс тэдэнд, “Хэрэв чи энэ хүнтэй суугаад цаашдаа амьдарна гэж үзэж байгаа бол та хоёр амьдралынхаа явцад зовлон бэрхшээл, саад тотгор, хэцүү хүнд зүйлтэй учрах уу, үгүй юү гэдгийг үзэж өгч болно оо” гэдэг.
Үүнийг нь мэнгэ, махбодь, нууц жилийн харшийн тохироо гэсэн гурван зүйл мөн тэдгээр хосуудын төрсөн жилийн амь, бие, эрхтэн, хийморь, сүлд махбодуудыг харгалдуулан мэдэж болно. Эдгээрийн аль алин дээр нь сайн юмуу тааруу байна вэ гэх мэтээр. Тааруухан байх асуудлаа анхаараад түүндээ тохирсон засал номыг жил болгон уншуулчихдаг байвал саад тотгорыг нь арилгаж болдог.
-Засал, ном, тарни гэж юу вэ. Тэдгээр нь бодитойгоор үйлдчилдэг гэдгийг хамгийн энгийн жишээгээр тайлбарлаач?
-Засал, ном дотор ерөөл л байдаг. Бүх төвөд номыг монголоор орчуулаад харахад тухайн тухайн асуудалд нь зориулаад, “Энэ ийм сайн байгаасай, ингэж засагдаасай, ингэж сайжраасай” гэсэн байдаг.
Ерөөлийн хүч гэж бий. Хараалаас бид нар маш их айдаг гэтэл хараалаас илүү хүчтэй гээд боддоо. Үгийн хүч л дээ. Монголчууд эртнээсээ ерөөлийг бэлгэшээж ирсэн ард түмэн.
Энгийнээр тайлбарлавал, монголчууд хүүхдийг төрөхөд нь нэр өгөхдөө хүүхдийн дэмбэрэл буюу төөргийг нь зуруулаад, “Энэ хүүхэд ийм сайхан зан чанартай, ийм сайхан амьдралаар амьдрах юм байна” гэдгийг нь хардаг. Ингээд жаахан дутагдалтай тал байвал түүнийг нь дарсан нэр өгдөг. Тэр нь сайн зан чанар, сайхан амьдралыг бэлгэдсэн байдаг. Хүний нэр яг үнэндээ ерөөл юм шүү дээ. Тэр ч утгаараа хүний нэрийг бүтнээр нь дуудаж бай гэдэг.
Бүтэн нэрээр нь дуудах болгонд тэр хүнд ерөөл, ном засал нь уншигдаж байдаг юм.
-Бурхны шашинд хүүхэд өөрөө эцэг, эхээ сонгож ирдэг гэдэг?
-Бурхны шашны тэжээхүйн ухаан буюу анагаах ухааны дөрвөн үндэс сударт үр хүүхэд хэрхэн олддог тухай номлосон байдаг. Хүүхэд анх тогтохыг европ анагаах ухаанд эр, эм бэлгийн эсийн нийлэмж гэж үздэг. Гэтэл уламжлалт анагаах ухаан буюу буддын шашны таван их ухааны онолд, намшэ буюу сүнс, лай буюу үйл, нисванистай холбон тайлбарладаг.
Намшэ буюу хүүхдийн сүнс нь урьд төрөлдөө хураасан үйл, бас эцэг, эх хоёрын үйлийн үр, учирсан ерөөл болон орчлонгийн нисванис болох хүсэл, шунал, уур, мунхаг тэргүүтнээр татагдан хөтлөгдөөд ирж байгаа юм. Зүйрлэж хэлбэл, соронз шиг. Хүүхдийн сүнс ингэж татагдаж ирээд таван махбодь эхийн умайд цугларч үр тогтоно гэж уламжлалт анагаах ухаанд үздэг юм.
-Хүүхэд төрүүлэхэд сайн эсвэл муу, өөрөөр хэлбэл хүүхдийн хувь заяанд тустай, эсвэл халтай жил гэж байдаг уу?
-Эмэгтэй хүүхэд эр жилд төрөх нь жаахан асуудалтай байдаг. 12 жил дотроо зургаан эр, зургаан эм жилтэй. Хулгана, бар, луу, морь гэх мэтээр сондгой жилүүд дээр эр, үхэр, туулай гэх мэтчилэн тэгш тоон дээр эм жилүүд таарч байгаа юм.
Зургаан эр жилээс гадна таван бүр хатуу жил байдаг. Тэр нь бар, луу, морь, нохой, гахай. Энэ таван жилд төрсөн эмэгтэй хүмүүст хань ижлийн тал дээр жаахан хатуу байх гээд байгаа юм. Тиймээс хүүхдийг төрөхөд дэмбэрэл буюу төөргийг нь зуруулаад хий настайгаар 13, 16, 18 насанд нь шинийн 8-н юмуу, 15-нд ханийн даллага уншуулж ирээдүйн хань ижил, нөхрийг нь тэгшлэх засал ном уншуулж ерөөлийг нь сайн тавьж байвал их сайн. Хүүхдийг багаас нь төөргийг нь гаргуулчихаад ямар мэргэжилтэй, ажилтай болохыг нь хараад, “Чи ийм ажил мэргэжилтэй болно” гэдгийг нь өөртэй нь ярилцаад ерөөл тавьж байвал тэр хүүхэд тийм зам, ажил мэргэжилд аяндаа чиглэдэг юм шиг санагддаг.
-Хүүхдийн Дэмбэрэл зурхайн талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?
-Дэмбэрэл зурхайд тухайн хүүхдийн авъяас чадвар, ааш зан, дутагдалтай зан чанар, хэд, хэдэн насан дээр нь барцадтай байх юм, ямар ажил мэргэжил сонговол илүү зохимжтой юм гэх мэтчилэн бүх зүйл нь гараад ирнэ. Энэ маш ач холбогдолтой. Яагаад гэхээр хүүхэд бага байхдаа зовлон бэрхшээл саад тохиолдоход, “Би ер нь ямар хүн юм бэ?” гэж өөрийгөө эрж хайж олох, таньж мэдэх боломжтой болно.
Нөгөө талаас эцэг, эх нь хүүхдээ багаас нь таньж мэдэх, чиглүүлэх, авъяас чадварыг нь нээх, хоорондоо зүгээр нэг ярилцах төдийгөөр ерөөх гэсэн хоёр талын ач холбогдолтой. Энэ бол манай Монголын уламжлалт зурхайн ухааны ёс. Орчин үед энэ алдагдчихаад байгаа учраас үүнийг дэлгэрүүлэх юм сан, хүмүүст хэлэх юм сан гэж хичээж явж байгаа.
-Ханийн зурхай буюу бэрийн зурхай гэж юу вэ?
-Бэрийн зурхай шүү дээ. Ханийн зурхай гэж байхгүй. Бэрийн зурхай гэж зурхайн ухаанд маш том салбар бий. Дээр үеэсээ маш нарийн дэг жаягтай, нарийвчилж гаргадаг зүйл.
Энэ зурхайгаар эхнэр, нөхөр хоёуланг нь хооронд нь харгалдуулж үздэг тал ч бий. Бэрийг яагаад чухалчлаад байна вэ гэхээр, өгч болох болохгүй жил, хурим хийх жил, хийхгүй жил гэдгээс эхлээд илүү ч нарийн зүйлс гарч ирдэг.
Бэрийн хуриман дээрээ өмсөх дээлний өнгө, аль зүгт гарах вэ, хэрхэн аль зүгээс хадмын гэрт орох вэ гэх мэтчилэн маш нарийн дэг жаяг заасан зурхай учир үүнийг дэлгэрэнгүйгээр гаргавал маш сайн.
Энэ уламжлал орчин үед ихээхэн мартагдаж байна. Хэлэх ёстой хүмүүс нь ярихаа больчихсон, асууж байгаа хүмүүс нь мэдэхээ больчихжээ.
-Бэрийн зурхайг хэзээ гаргах ёстой вэ?
-Хүүхэд байхаас нь эхэлж гаргуулж болно. Эмэгтэй хүүхдийг, “Тийм насанд нь хань нөхөрт гаргана. Тийм жил гаргаж болохгүй” гэх мэтчилэнгээр нарийн зурхай гаргачихсан байдаг. Их ач тустай.
Эр, эм болох гэж байгаа хоёр хүний мэнгэний тохироог нь хардаг юм. Мэнгэний тохироо нь есөн хүрдээр буюу дээд, дунд, адаг, тэгээд дээд дотроо гурав, дунддаа гурав, адагтаа гурав гээд есөн хүрдээр үздэг. Дээдийн дээд, дээдийн дунд, дээдийн адаг гэх мэтчилэн.
Монголын эм зурхайн ухааныг үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцан . Түүний ёсоор бол эрэгтэй хүний мэнгийг урвуулахгүй хэвээр нь тавиад, эмэгтэй хүний мэнгийг өөр мэнгэнд урвуулан үздэг ёс байдаг. Ингэж мэнгэний тохироог нь үзэхээр тухайн хоёр хүний санаа сэтгэл нийлэх юм уу, цаашдаа амьдрахад саад тотгор хэр гарах юм, ажил үйлс нь бүтэмжтэй байх юм уу, үр хүүхэд нь өвчин зовлон ихтэй байх юм уу гэдэг талаар дэлгэрэнгүй гарч ирдэг.
Энэ чиглэлээрээ хэрэв сайн байвал сайн л биз. Тааруу байвал тохирсон мэнгэний заслыг нь хий гэж байгаа юм. Хоёрдугаарт, махбодийн тохироо гэж бий. Махбодийн тохироо гэдэг нь тухайн хоёр хүний жилийн махбодууд /мод, төмөр, шороо гэх мэт/-ийг эрхтэн махбодтой нь хооронд нь харгалдуулаад түүнээсээ нэг шинжээ гаргаж ирэхийг хэлдэг.
Түүгээр тэр хоёр хүн эхнэр, нөхөр болоход үр хүүхэд гарах уу, үгүй юү гэдэг нь гарч ирнэ.
Үүнээс гадна нууц жилийн харш гэж нэг ойлголт зурхайн ухаанд бий. Бид хүнтэй суух, хань ижлээ сонгохдоо гадаад жилээрээ, жишээлбэл, хулгана, луу хоёр ивээл, хулгана, туулай хоёр бага харш, хулгана, морь хоёр их харш гэж үзээд байдаг.
Гадаад жил нь тийм ч чухал биш гэсэн үг. Хүмүүс тэр гадаад жилдээ ихэвчлэн илүү ач холбогдол өгөөд байдаг. Мэдээж, сайн, муу үйлчлэл нь бий. Гэхдээ нууц жилийн харшыг илүү үздэг ёстой. Нууц жилийн харш гэдэг нь зурхайн шүн номд хулганыг туулай хөөх харш, үхэр бар хоёр тэмцэлдэх харш, луу могой хоёр ороолдох харш, морины тагалцгийг тахиа тонших, хонины толгойг бич хуулах, нохой гахай хоёр тус харш гэх мэтээр хоёр хоёроороо л тодорхой заасан байдаг. Тиймээс жилийн засал дээрээ нэмээд энэ нууц жилийн харшийн заслаа мөн хийлгээд л явах ёстой.
-Гэр бүлийн хоёр эв нэгдэлтэй байхын үндэс нь юу вэ?
-Би үүнд зүгээр сэтгэл зүй талаас нь хариулъя. Хамгийн анх учир болсон, хамгийн анх тэр хоёр хүн бие биедээ татагдах болсон тэр шалтгаан. Тэр шалтгаан л тухайн гэр бүлд хамгийн их нөлөөлнө гэж би боддог.
Тэр нь юу вэ гэхээр, тэр хоёр хүн анх учрахдаа мөнгө төгрөг, эд баялгаар бие биедээ татагдсан уу, эсвэл царай зүсээр, зан аашаар, бие биенийхээ хүндлэлтэй талаараа татагдсан уу гэдэг асуудлууд бий. Үүнээс хамаараад тухайн гэр бүл цаашаа явах уу, үгүй юу, амьдрал нь сайхан байх уу, үгүй юу асуудал шийдэгддэг гэж би ойлгодог. Чиний хамгийн ойрын сайн анд найз бол чиний эхнэр юм уу, нөхөр байх ёстой.
Хоёрдугаарт, итгэл үнэмшил байна. Тэр хоёр хүн нэг үзэл бодолтой, нэг итгэл үнэмшилтэй байх нь тухайн гэр бүл илүү сайхан амьдрах, цаашдаа илүү сайн байх үндэс нь. Тиймээс итгэл буюу үнэмшилтэй, нэг зорилго, санаа бодолтой байж л тэр зүйл гарч ирж байгаа юм. Хүндлэл, хайр ч мөн үүнд орно.
-Хайр гэж юу вэ?
-Хайр гэдэг бол бусдын тус. Өөрөөсөө илүү бусдыг гэх тэр сэтгэл юм даа. Хайр байгаа л бол хүн өөрийгөө боддоггүй юм. Үүнээс өөр хайрын төгс тодорхойлолт байхгүй.
ЭХ СУРВАЛЖ: “Хүслийн хурим” сэтгүүл
Discussion about this post