Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг Итали улсад, тэр дундаа Верона хотод энэ хорвоогийн хамгийн эмгэнэлт бүтээл болох Шекспирийн зохиолын баатар Жульеттагийн төрсөн өдөр гэж тэмдэглэдэг. Дурлалт бүсгүй Жульетта Капулеттын төрсөн өдөрт зориулан жүжиг, багт наадам, фестивали, кино үзвэр үзэсгэлэн гээд баярын олон арга хэмжээ зохиогддог. Мөн энэ өдөр мэргэжлийн зохиолч нарт «Scrivere per amore» хэмээх уран бутээлийн шагнал гардуулах ёслол болдог ажээ. Түүний амьдарч байсан буюу Жульеттын байшин XIII зуунд баригдсан хэмээн үздэг. Тиймээс их засвар хийгдсэний дараа 1997 оноос Шекспирын жүжигт зориулсан музей болгон олон нийтэд үзүүлэх болжээ.
Жуулчид үзэгчдийн анхаарлыг 1972 онд бүтээгдсэн Жульеттын хүрэл хөшөө илүүтэй татдаг. Түүний баруун мээмэнд хүрэх нь дурлалт хосуудад аз жаргал авчирдаг хэмээн билэгшээдэг ажээ. Ингэж “хүрч оролдсоор” байгаад энэ онд барималд гэмтэл гарч, баруун “аз жаргал” бэлэглэгч мээмэнд цууралт үүсэж, баруун гар нь хугарах дөхжээ. Иймд хотын захиргаанаас хөшөөг музейгээс татан авч оронд нь хуулбарыг нь байшингийн орох хаалганы өмнө байрлуулсан ажээ. Мөн жуулчид хайр дурлалаа илэрхийлсэн зурвасаа аркны хэсгийн хананд нь наадаг. Ингэхдээ заавал бохь ашигладаг бичигдээгүй дурэмтэй гэнэ. 2010 онд бүтээгдсэн “Жульеттэд бичсэн захидал” кинонд энэ тухай тодорхой гардаг.
Хэдий тийм ч энэхүү байдал нь хотын захиргааны санаанд нийцээгүй тул 2012 оноос ийм үйлдэлд торгууль тавих болжээ. Мөн хананд нь тусгай захидлын хайрцгийг байрлуулан энэ асуудлыг шийджээ. Үүнээс гадна энэ байшингийн хаягаар Жульеттэд жил бүр 5000 гаруй зөвлөгөө хүссэн, хайр дурлалын эмзэг асуудал, нууцaa дэлгэсэн захидал ирдэг аж. Мөн төдий тооны цахим захидал ирдэг. Сонирхолтой нь, ирсэн захидал бүрийн хариуг заавал эзэнд нь илгээдэг ажээ. Энэхуүү захидлын хариуг нь Giulio Tamassia-н санаачлагаар 1972 онд байгуулагдсан “Club di Giulietta” бүлгийн сайн дур гишүүд хариу бичдэг байна.
Хэрвээ уншигч та захидал илгээмээр байгаа бол хаяг нь: Via Cappello, 23, Casa Di Giulietta, Verona, Italy…
Discussion about this post