БНХАУ-ын Сичуан мужийн соёлын хүрээлэн түүхийн олдвортой холбоотой мэдээлэл хийлээ. Тус мужийн баруун өмнөд нутагт газар доорх тахилын нүхнээс олон зуун шашны эд зүйлс олсон байна. Тэр олдворын дотор 3,000 жилийн настай алтан баг байжээ. Уг олдворыг Сан Шиндуй археологийн дурсгалт газраас олсон байна.
Багийг өнгөрсөн зургадугаар сард олсон бөгөөд саяхан олон нийтэд сонирхуулан дэлгэжээ. Синьхуа агентлагийн мэдээнд энэ алтан баг 100 гр орчим жинтэй, МЭӨ 1000-аад онд байсан Шан гүрний үеийн олдвор гэжээ. Уг тахилын нүхнээс 500 орчим эд зүйл малтан гаргасны дунд зааны ясан эд зүйл, хаш хутга, ёслолын бумба, хүрэл баримлууд байсан аж.
Хятадын эрдэмтэд Сан Шиндуй археологийн дурсгалт газрыг 1980-аад оны дунд үед анх нээсэн юм. Тухайн үед тахилын зориулалттай ухсан хоёр том нүх олсон ба 1,000 орчим эд зүйлийг малтан гаргажээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа 2019 онд гурав дахь нүхийг, 2020 онд дахин хэд хэдэн нүх олсон байна. Энэ жилийн гуравдугаар сард 500 орчим олдвор олсны дотор өөр нэг алтан баг ч багтсан байжээ.
Сан Шиндуй нь Сичуан мужийн газар нутагт байсан Шу улсын зүрхэнд байрладаг бөгөөд Шу соёлын үнэт олдворууд эндээс олдсоор байгаа юм. Одоогоор уг газрыг ЮНЕСКО-ын Дэлхийн өв соёлын санд хараахан бүртгэж аваагүй ажээ.
Discussion about this post