Хэнтий аймгийн Батноров суманд барьж байгаа “Андлалын өргөө” цогцолборыг тойрсон шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Таван тэрбумын төсөвт уг бүтээн байгуулалтыг хийхэд 2,3 тэрбум төгрөг орсон гэхээр хүмүүс шүүмжилдэг. Хийц муутай, гоо зүй байхгүй, уйлж байгаа юм шиг царай муутай гэж өөлдөг. Одоо уг цогцолборын оюуны өмчийг өвөрмонголчууд худалдаж авахаар болсон гэнэ. Уг цогцолборын эх зургийг зурж, бүтээн босгоход гар сэтгэл, оюун ухаанаа зориулж явсан МУСГЗ С.Эрдэнэбилэг агсан бүтээлээ туурвиж байх явцдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тиймээс “Андлалын өргөө” цогцолборын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байна.
Монголчуудын зүгээс асар их шүүмжлэл, гомдол доромжлол гаргасан учраас талийгаач зураачийн ар гэрийнхэн “Андлалын өргөө” бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол Улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэр гаргажээ. Бурхан болооч МУСГЗ уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй ч, дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг зөвхөн өөрийнхөө гараар хийхийг бодож төлөвлөж байсан гэдэг. Харамсалтай нь дуусгаж чадаагүй хувилбарын төсөл нь сошиал орчинд тарж, маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрийнхэн харамсаж байгаагаа илэрхийлэн, оюуны өмчөө ашиглуулахаас татгалзжээ. Талийгаачийн ар гэрийнхэн оюуны өмчөө өвөрмонголчуудад худалдаж байгаа. Энэ мөнгөнөөсөө улсын төсвөөс зориулсан мөнгөө эргүүлэн төлж улсыг хохиролгүй болгож байгаа юм байна.
Хүлэг баатар Боорчи -Андын барилдлага цогцолборын гол хэсэг болох “Андын барилдлага” өргөө газраас доош гурван метр, газраас дээш 18, нийт 21 метрийн өндөртэй. Харьцуулбал зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй. Энэхүү өргөө нь дуулга тулган золгож, тэнгэрийн нэрийг барин андгайлж байгаа хоёр баатрыг илэрхийлсэн билэгдэлтэй цогцолбор босох байсан аж.
Discussion about this post