Хүүхдийг ивээх сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм. Тэрээр 120 гаруй улс оронд хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Манай аймагт болсон байгалийн гамшгаас үүдсэн хохирлыг барагдуулах, даван гарах ажлын хүрээнд аймгийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлын талаар тус санд мэдээллийг цаг алдалгүй хүргэн хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн 05 дугаар сард Хүүхдийг ивээх сангийн “ШУУРГАНД ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” төсөл Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Адаацаг сумдад хэрэгжин 14 өрхөд иж бүрэн гэр, 210 айл өрхөд эрүүл мэндийн багц, 100 айлд мөнгөн тусламж үзүүлсэн.
Тус сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай төслийн ажилтнуудын хамт Дундговь аймагт хүрэлцэн ирж, төслийн 2 дахь удаагийн тусламжид Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Луус, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил зэрэг 10 сумыг хамруулан 41 өрхөд 5 ханатай гэр, 160 өрхөд эрүүл мэндийн багц, 170 өрхөд мөнгөн тусламж тус тус үзүүллээ.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг Япон улсын Платформ сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 04 хүртэл хэрэгжих юм.
Discussion about this post