Манайхан сонгуульдаж, наадамдаж, амарч, олимпдож, корона тарааж тарааж одоо л нэг ухаан орох шинжтэй. Энэ зун Улаанбаатараас зориудын зохион байгуулалттай гэмээр корона вирусын цар тахлыг аймгуудад “нэгдсэн журмаар” тараав. Одоо аймгууд нь бүсийн наадам хийж, коронаг сумдуудад тарааж эхлэв. Манай баагийнууд улс орны улс төр, эдийн засгийн төлөв байдлыг бай гэхэд хадлан тэжээл, намрын ажил, ургац хураалтыг бол ёстой түй ч сонирхохгүй байна. Тэрний оронд аймгуудын наадамд хэн түрүүлж, үзүүрлэснийг сонирхох нь хамаагүй дээр. Харин “энэ зун төр засагт ямар өөрчлөлт гарсан бэ ?” гэж асуувал хариулах хүн нэг олон гарахгүй.
Энэ хооронд Монголын нам төрийн шинж чанарт асар их өөрчлөлт гарч, улс төрийн талбай цоо шинэ хэлбэрт оров. Системийн нуралтын шинжүүд ил тод болж, МАН иргэний дайны байдалд оров. Ямар ч гэсэн ганц нэг аналитик өгүүлэл бичвэл эл асуудлыг эрхбиш анхаарах болов уу гэж санана…
Улс төрийн шинэ талбай
Саяхан болтол Монгол Улс улс төрийн олон намтай, тэдгээр нь өрсөлддөг ардчилсан тогтолцоотой байв. Ямар ч гэсэн сайн муу, зөв буруу нь хамаагүй эрх баригч намыг “хүүе хаая” гэж шүүмжилдэг, альтернатив санал дэвшүүлдэг намуудтай байв.
Гэтэл УИХ-ын 2020 оны парламентын болон орон нутгийн сонгууль, улмаар 2021 оны Ерөнхийлөгчийг сонгуулиар МАН дараалсан луйвар хийж “дархан ялалт” байгуулав. Сонгуулиуд ямар болсныг энд дүгнэх нь илүүц. Хамгийн сүүлд Х.Баттулгыг зайлуулснаар МАН-ыг “хүүе хаая” гэх ганц ч субъект Монголд үлдсэнгүй. Монголын улс төрийн талбайд МАН гэсэн ганцхан нам үлдэв.
Монголын улс төрийн талбайд жинтэй байр суурь эзэлдэг АН бүрэн устаж, МАН-ыг дагасан С.Эрдэнээгийн болон түүнийг эсэргүүцсэн 2 хэлтэрхий үлдэв. Энэ 2 хэлтэрхийг АН гэж нэрлэх ямар ч боломжгүй. АН-ын 2 хэлтэрхий эргэж нэгдэн нэг нам болох үлгэрийн далай. Би АН 2 жижиг хэлтэрхий болсонд уурлаад байгаа юм биш, харин АН сүүлийн 2-3 жил улс төрийн тулхтай шүүмж дүгнэлт, үйлдэл хийх чадвараа бүрэн алдсанд дургүйцээд байгаа юм. АН-ын хувь заяаны талаар жич ярьж тайлбарласан нь дээр гэж санана…
МАН-ын эсрэг хүчтэй үйлдэл хийх боломжтой МАХН-ыг хувийн амбицдаа сохорсон Н.Энхбаяр МАН-д зүгээр “бэлэглэв”. Бусад наманцаруудыг тооцоонд авах ямар ч шаардлага байхгүй.
Үүнийг 2 янзаар тайлбарлаж байгаа. МАН болохоор энэ бүх ялалт амжилт бол “ард түмний сонголтын үр дүн” гэж дүгнэж байгаа. Харин маш олон хүн МАН-ын “луйврын үр дүн” гэж үзэж байгаа. Аль нь зөв бэ ?! Гэвч гол асуудал ялалтын зөв буруу, үнэн худалд байгаа юм биш.
Асуудлын гол нь одооноос эхлээд МАН улс төрийн бүх хариуцлагыг өөртөө хүлээж, бүхий л алдаа оноог ганцаараа үүрэх болсонд байгаа юм.
Нэг талаасаа МАН бүрэн бөгөөд туйлын ялалт байгуулж, бүх эрх мэдлийг гартаа авснаар бүр ч амар болж, төрийн болон эдийн засгийн удирдлагыг ганцаараа хэрэгжүүлж, сайн муу үр дүнг нь дангаараа үүрэхэд амар болсон мэт. Нөгөө талаасаа МАН-ын удирдлага, зохион байгуулалт, ажлын дадаж сурсан арга барил, системийн дотоод зөрчлөөсөө болж үүнийг хийж хүчрэхгүй болсон мэт. Аль хандлага нь илүү давамгайлах вэ ?! Чухам энэ бол бидний зайлшгүй шинжлэн үзэх ёстой гол асуудал мөн. Өөрөөр хэлбэл МАН-ын дотоод нөхцөл байдлыг сайтар шинжлэхгүйгээр өнөөгийн улс төр, түүний хандлагыг ойлгож, дүгнэх боломжгүй.
МАХН Н.Энхбаяр хоёрын ичгүүргүй наймаа
МАН, МАХН хоёр нэгдэх үед Н.Энхбаяр дараах хэдэн ноцтой тоо хэлэв: МАХН-д 30%-ийн “албан тушаалын” квот өгсөн. Тухайлбал, Удирдах Зөвлөлд 8, Бага Хуралд 110, нийслэл, аймгийн тэргүүлэгчдэд тус бүр 6, сум хорооны тэргүүлэгчдэд тус бүр бүр 4 хүн “очно”, ингээд улсын хэмжээнд МАХН 2200 албан тушаал “авна” гэдгээ ил тод тунхаглав.
МАХН-ын “авсан” 30%-ийн квот 2200 хүн болж байгаа бол пропорц хийж бодоод үзвэл МАН нийтдээ 7333, буюу ойролцоогоор 7400 боловсон хүчин ажиллуулдаг аж.
Өнгөц харахад намын боловсон хүчин ярьж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ сум хорооноос эхлээд нийслэл, дүүрэг, аймгийн иргэдийн хурлын боловсон хүчнийг МАН, МАХН хоёр “хуваан” авч байгаа хэрэг юм.
Тун удахгүй МАХН 30%-даа тохируулж ЗГ-т 2-3 сайд авна, мөн агентлагуудын 30%-ийг авна гэж зүтгэнэ.
Эндээс Монгол төрийн бүх албан тушаал намуудын арилжаа наймааны хэрэгсэл болж, монголын улс төр шууд утгаараа зах зээл болж хувирсан гэсэн цорын ганц дүгнэлт гарна.
Харин МАН “амласан” 30%-ийн квотдоо хүргэж, МАХН-д “юм амсуулна” гэж санаж байвал ёстой гонжгор нь. Өөрийнх нь “цүнх баригчид” багтаж ядаж байхад юу боллоо гэж МАХН-д албан тушаал өгч байдгийм ?! Зарим мэдээллээс үзэхэд энэ асуудлаас болж намын аль ч түвшинд “ёстой алалцаж” байна. Энэ зөрчил удахгүй томорч ил гарах нь дамжиггүй.
Томорч ганцаардахын зовлон
Эдүгээ МАН томорч ганцаардахын зовлонг амсаж байна. Энэ талаар би аль 2019 онд “Ялсан нь бүхнийг хамна” гэсэн аналитик өгүүлэл бичсэн нь одоо ч миний блогт бий.
(https://ganaa.mn/2019/12/19/jsoioyrydgc/).
Тэнд: “Алив системийн дэд хэсгүүд үндсэн системтэйгээ тэнцүү буюу түүнээс том болох боломжгүй гэсэн онолын хөдөлшгүй үндэслэл бий. Энэ нь улс төрийн аль нэг нам бүлэг эрх мэдэл авч, улмаар томрон тэлж болох боловч хэмжээ нь хэт том болбол задрал гарцаагүй гэсэн хэрэг юм. Ухаандаа нэг нам тэлж томорч болох боловч нийгмийг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Түүнчлэн нам доторхи аль нэг бүлэг томрон тэлж болох боловч намтайгаа тэнцэх буюу түүнээс том болох ямар ч боломжгүй. Энэ бол нийгмийн хөгжлийн хууль юм” гэж дүгнээд тодорхой тайлбарласан. Манайхан намайг ямар тоох биш, гэхдээ энэ дүгнэлт хөдөлбөргүй бөгөөд тун удахгүй батлагдана…
Юу нь томорч ганцаардсан гэж ? Эхлээд сүлжээ. МАН өөрийн сонгуулийн сүлжээтэйг хүн бүр мэднэ. Хэд хэдэн сонгуулийн дараа энэ үндсэн сүлжээн дээр МАХН-ын сүлжээ, АН-ын сүлжээ нэмэгдэж ирэв. Энэ нь багцаа тооцоогоор монголын нийт сонгогчдын 1/3 болно. МАН-ын үндсэн сүлжээн дээр АН-ын сүлжээ, МАХН-ын сүлжээг нэмэхээр “дийлдэшгүй лаг том сүлжээ” болох нь ойлгомжтой боловч энэ нь зөвхөн сонгуулийн үед ажиллана уу гэхээс бусад үед буюу “ажил хийх” болохоор лай болох нь гарцаагүй. МАН-ын энэ аварга сүлжээг зөвхөн мөнгөөр угжиж ажиллуулж болно. Гэвч МАН-д сүлжээгээ зөвхөн сонгуулийн үеэр угжих мөнгө байдаг болохоос 4 жил “тэжээх” мөнгө байхгүй. Эдүгээ МАН-ын засаг төр ямар ч ажил зохион байгуулж чадахгүй байгаагаас үүнийг хялбархан нотолж болно…
Дараа нь боловсон хүчний томрон ганцаардалт. Улс төрийн талбайд МАН орь ганцаараа үлдсэнээр боловсон хүчний шахцалдаан нь дайн дажин болон хувирав. МАН-ын боловсон хүчний сүлжээ дотроо: авилгын мөнгөний, нэг нутгийн, хамаатан садны, бизнес эрх ашгийн, явцуу бүлгийн гэсэн хэд хэдэн дэд системээс бүрдэх ба эдгээр нь өөр хоорондоо холилдон хачин замбараагүй хольц үүсгэдэг. Энэ сүлжээг хөдөлгөгч цорын ганц сэдэл нь эрх мэдэл, тодруулбал төрийн албан тушаал юм. Энэ нь МАН-ын боловсон хүчний системд байнгын эвдрэл гамшиг тарьдаг.
Цаашдаа аль нэг салбар, байгууллагын ажилд дутагдал доголдол үргэлжлэн, улам нэмэгдэн гарах нь дамжиггүй. Үүний улмаас нэг буюу хэд хэдэн албан тушаалтныг шийтгэлээ гэж бодоход энэ нь МАН-ын “нэг бүлэг” боловсон хүчнүүд МАН-ын “нөгөө бүлэг” боловсон хүчнээ шийтгэж буй хэрэг мөн. Энд МАН буруугүй юу, хамгийн их буруутай. Учир нь МАН боловсон хүчний систем бүрдүүлэхдээ хүний мэдлэг боловсрол, ур чадвар, мэргэжлийн шалгуурыг оргүй хаяж, зөвхөн намд үнэнч, мөнгө өгсөн гэх шалгуураар үнэлдэг хамгийн адгийн бөгөөд тэнэг систем бүтээсэн юм. Одоо түүний лай эргэж ирж байгаа бөгөөд түүний балаг мөддөө арилахгүй. Наад зах нь НАМЗХ буюу МАН-ын залуусын зөрчилдөөн даамжрах ноцтой аюул бий…
“Онолын” хувьд эл гаж тогтолцоог засах гэвэл эсвэл МАН дотроосоо цэвэрлэх байдлаар хийж болно, эсвэл гаднаас нь МАН-ыг тарааж байж хийж болно. Алийг нь ч хийхгүй бол МАН сөнөх нь гарцаагүй…
Эрх мэдлийн шилжилт
Одоо би хамгийн гол хүчин зүйл буюу төрийн эрх мэдлийн шилжилтийг ярина. Үүнийг анзаарч ажигласан, судалж шинжилсэн хүн бараг үгүй…
1992 онд анхны ҮХ баталж байхад засаглал хуваах онолын дагуу УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн хооронд эрх мэдлийг хуваасан юм. Чингэхдээ парламент буюу УИХ-ыг хамгийн их эрх мэдэлтэй байхаар тооцсоныг олон баримт нотолдог. Сайн хууль хийгээд байвал хууль шууд амьдралд хэрэгжээд явчихна гэж бодсон байх. Гэвч УИХ энэ найдварыг биелүүлж чадсангүй, харин ч улс төр-эдийн засгийн өрсөлдөөний шууд талбар болон хувирав. Үүнийг УИХ-ын бүрэлдэхүүнээс хялбархан ажиглаж болно. Хуучин УИХ-д нийгмийн янз бүрийн төлөөлөл ордог байсан бол одооны УИХ бүхэлдээ бизнесийн шууд болон дам нөлөөний этгээдүүдээр дүүрэв. Харин ч УИХ ЗГ-ийг бүрдүүлэх, түүнийг огцруулах хуйвалдааны үүр болов. УИХ “үй түмэн” ЗГ-ийн толгой залгих болж энэ хэрээрээ өөрөө сул дорой болов.
УИХ-ын энэхүү сул дорой байдлыг эхлээд Н.Энхбаяр, дараа нь Ц.Элбэгдорж нар өөрт ашигтайгаар эргүүлэв. 10-аад жилийн нөр их тэмцлийн явцад эрх мэдлийн хүндийн төв УИХ-аас Ерөнхийлөгчийн мэдэлд шилжив. Үүний улмаас манай улс ҮХ-иараа парламентын засаглалтай боловч үнэндээ Ерөнхийлөгчийн засаглалтай улс болов. Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгч УИХ-ыг цуглуулж байгаад хүүхэд шиг загнах хэмжээнд хүрсэн билээ. Энэ шилжилт аажим болсон учраас олон хүн анзаараагүй юм.
Энэ хэлбэр МАН-ын олигархуудад огт таалагдсангүй. Яагаад ? Учир нь олигархууд засгийн эрхийг хэн нэгэнд өгдөггүй, харин ч олигарх бүлэглэл “хамтарч” эрх мэдлийг барьдаг юм. УИХ бол хэт замбараагүй, удирдахад түвэгтэйгээс гадна хүний тоо маш олон. Ерөнхийлөгч бол хэдийгээр ганц хүн боловч хэт их эрх мэдэлтэй болбол удирдах, нөлөөлөхөд бас л түвэгтэй. Харин ЗГ бол 10 гаруйхан гишүүнээс бүрдэх учир хамгийн тохиромжтой тоо. Үгүй ядахдаа ярьж байгаад хэдэн сайд шургуулчихад болоод явчихна. Явж явж мөнгө санхүүг хэн барьдаг билээ ? ЗГ-аас өөр хэн байх билээ…
Ингээд МАН аман дээрээ парламентын засаглал гэж орилсон атлаа “ЗГ-ийн засаглал” бүрдүүлэхээр шийдэв. Энд ганцхан зүйл саад болж байв. Тэр нь ҮХ. Ингээд ҮХНӨ хийх ажилд ханцуй шамлан оров. Агуулга нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн танах, парламентын эрх мэдлийг ёс төдий болгох, улмаар бүх эрх мэдлийг ЗГ-т шилжүүлэх явдал байв. Харин ЗГ-ийг хэн бүрдүүлэх, хэн хянах вэ ? Мэдээж хэрэг МАН, түүний Удирдах Зөвлөл.
Өөрөөр хэлбэл МУ-ын засгийн бүх эрх мэдэл төр талаасаа ЗГ-т, нам талаасаа МАН-ын мэдэлд бүрэн шилжив. Үүнийг ямар ч утгаар ардчилал гэж нэрлэх боломжгүй.
Гадаадаас хэн тоохгүй, хэн ч мэдэхгүй “зөвлөлдөх ардчиллын онол” гэгчийг авчрав. Энэ нь дэлхий дахинаа мухардалд орсон төлөөллийн ардчиллыг аврах туршилтын олон санаануудын нэг төдий. Үнэндээ бол ердөө л нэг хувь хүн санаачилж, Монгол мэтийн 29 оронд санал асуулга явуулж туршиж үзсэн төсөл юм. Энэ хөгийн төсөлд “онол” гэсэн нэр зүүж Монгол Улс өөр дээрээ туршиж, практик хэрэгжүүлэхээр шийдэв. Улмаар “зөвлөлдөх ардчилал” гэсэн жүжиг тавьж, “зөвлөлдөх санал асуулгын хууль” хүртэл гарган ҮХНӨ-ийг хийсэн юм. Харамсалтай нь “зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулиа ҮХ өөрчлөхөд ганцхан удаа хэрэглээд хойтохийг нь уншаад мартаж орхив.
Энэ луйвар, хүчиндэлтийн үр дүнд МУ Засгийн Газрын болон МАН-ын давхар засаглалтай улс болон хувирч, төрийн бүх эрх мэдэл “үүрд” МАН-ын олигархуудын гарт бүрэн шилжив.
Тохируулга, зүгшрүүлэхэд тулгарсан гацаа
Нэгэнт ҮХНӨ хүчиндээд хийчихсэн юм чинь хэд хэдэн сонгууль явуулж, маш хурдан тохируулга, зүгшрүүлэлт хийх хэрэгтэй. Гэтэл хүсэхэд хясна гэгч болов. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хэл амтай ч гэсэн аргалж орхив. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таагүй үйл явдлууд өрнөв. Нэг. Коронагийн цар тахал гарав, хоёр, Х.Баттулга гэж “нэг хар гай” МАН-ын олигархуудын гол зохицуулагч Сү.Батболд руу хүчтэй дайралт хийж илчилсэн нь МАН-д тун хүнд цохилт болов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эсвэл Сү туучийг зайлуулах, эсвэл Х.Баттулгыг гүтгэх 2-хон сонголттой үлдсэн ба хувь хүний хувьд Х.Баттулгыг гүтгээд, ЕС-аас зугтаж, Ерөнхийлөгч рүү зүтгэх нь түүнд хялбар байв. Тэгээд тэр хялбарыг нь сонгов. Л.Оюун-Эрдэнийг ЕС-ын суудалд “түр тавив”. Гэтэл МАН өөрсдөө зүтгүүлж батлуулсан ҮХНӨ-ийн дагуу Л.Оюун-Эрдэнийг ЕС-ийн суудлаас хуучнаараа хуйвалдаж байгаад “зүгээр нэг” түлхээд унагачихдаг хялбархан ажил огт биш юм.
Эндээс л МАН-ын гацаа эхлэв. Гацаа ч юу байхав, МАН-ын дотоодод “иргэний дайн” эхлэв. Энэ дайны олон үзэгдэл ил тод байгаа боловч сонгуульдаж, амарч, наадамдаж, олимподсон монголчууд огт анзаарахгүй давхиж явна.
МАН-ын гол тоглогчид
МАН-ын гол тоглогчдод: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга бөгөөд ЗГ-ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар орох нь мэдээж хэрэг. Гэхдээ гол тоглогчид үүгээр дуусахгүй, МАН дотроосоо бол наад зах нь Сү туучий болон М.Энхболдын бүлэг байна. МАН-ын гаднаас бол С.Эрдэнээгийн АН-ын хэлтэрхий болон жижиг, наманцарууд, ТББ-ууд байна. Өөр нэг мартаж болохгүй хүчин нь Х.Баттулга юм. Гэвч би энэ талаар дараа жич ярина…
Одоо Монголын улс төрийн талбайг шинжилнэ гэвэл эдгээр бүлгийн өрсөлдөөн тэмцэл, найрсал зохицол, эвдрэл хагарлыг шинжлэх ёстой. Яваандаа ийм аналитик шинжилгээг цуврал байдлаар хийж, уншигчдад хүргэнэ гэдгээ амлаж байна.
Харин энэ удаад гол тоглогчид У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн байрлал, нөхцлийн талаар маш товч өгүүлье. Энд би “олон түмний дургүйцэл, эсэргүүцэл” хэмээх маш том хүчин зүйлийг зориуд орхисноо онцлон дурдаж байна…
У.Хүрэлсүх – “допингтой Ерөнхийлөгч”
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын тулд ямар их хүч чармайлт гаргасныг монголчууд бүгд мэднэ. Гол өрсөлдөгчдөө устгахын тулд тэр ҮХ, ҮХЦ, Дээд Шүүх, СЕХ гээд бараг бүх байгууллагыг хүчиндсэн. У.Хүрэлсүхийн анхдагч рейтинг маш нам түвшнөөс эхлэв. Зүйрлэвэл тэр допинг хэрэглэж байгаад баригдсан бөхийн аваргаас ялгаагүй болов. Допингтой аваргыг хэн тоох билээ ?!
Ядаж байхад ҮХНӨ-ийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн таначихсан. Улс төрийн өргөн бөгөөд далайцтай маневр хийх боломж нэн хомс. У.Хүрэлсүхэд стратегийн 2-хон боломж бий. Нэгдэх нь юу ч хийхгүй, тэнэг царайлж суух. Энэ нь хялбар зам боловч нийгмийн тэмцэл хөдөлгөөн түүнийг зүгээр суулгахгүй нь мэдээж хэрэг. Удаах нь МАН доторхи дэвшилтэт чиглэлийг барьсан бүлгийг дэмжих, үүний тулд улс төрийн шинэ холбоотон олох…
У.Хүрэлсүхийн сайн тал гэвэл тэр бусдыгаа бодвол МАН болон түүний систем, механизмын сайн муу талыг хамгийн сайн мэднэ, бас чамгүй туршлагатай гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. МАН-ын хуучин механизмын боломж шавхагдсан гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Тэгээд юу хийх ёстой гэж ?! Энэ асуултад одоогоор тодорхой хариулах боломжгүй. Ямар ч гэсэн У.Хүрэлсүх МАН-аас өөр улс төрийн хүчинтэй тэмцэнэ гэвэл бүтэх ажил хэдий ч үнэхээр явцгүй.
Өнөөгийн улс төрийн ямар ч зүтгэлтний зориглож хийсэн дурын үйлдэл их бага хэмжээгээр хуучинсаг МАН-ын эсрэг шинжтэй байх нь гарцаагүй. Өөр хэнтэй байлдах гэж ?! Ямар салхин тээрэмтэй байлддаг Дон Кихот байгаа биш…
Г.Занданшатар – онол нь дууссан онолч
Гаднаас “зөвлөлдөх ардчиллын онол” авчирч сурталчлан, ҮХНӨ-ийг зүтгүүлж байх үе нь Г.Занданшатарын “алтан үе” байлаа. Үүгээр түүний “онол” дуусав. “Зөвлөлдөх ардчиллын онолоо” ахин хэрэглэх боломжгүй. Учир нь түүнийг нь тоодог улс Монголоос өөр байхгүй. Ингээд Г.Занданшатар тун хүнд байдалд орж “цэгцрэх хөдөлгөөн” гэх мэт хачин чамин “онол” гаргах гэж оролдох авч тэр нь нэр томъёоноос цааш ахидаггүй.
Уг нь Г.Занданшатар юмны арга эв олох, зохион байгуулах ажилд муугүй нэгэн. Г.Занданшатар “онолч” болох гэж зүтгэлгүй, зүгээр л УИХ болон УИХ дахь намын бүлгээ илбэн тохинуулах ажил хийвэл чадна л даа. Гэвч үүнээс үл хамааран Г.Занданшатарыг МАН-ын зүгээс хүчтэй шахаж, айлгаж байгаа нь тодорхой байна. Ийм нөхцөлд Г.Занданшатарт эсвэл зүгээр сууж байгаад унах, эсвэл нам доторхи шинэчлэлийг эхлүүлээд азаа үзэх гэсэн 2-хон зам байгаа…
Л.Оюун-Эрдэнэ – салаа замын уулзварт
У.Хүрэлсүхийг дагаж гарч ирсэн “нэг муу пацааныг” МАН-д сүрхий тоож байгаагүй юм. Гэтэл Сү туучий хүнд байдалд орж, У.Хүрэлсүх зугтсаны улмаас үйл явдал асар хурдан өрнөж, бодох зав гарсангүй. Шинэ ЕС-ийг “тохиролцоход” чамгүй хугацаа хэрэгтэй. Тэгээд ч энэ хүнд үед “жинхэнэ” Ерөнхий сайдааил гаргачихаж яагаад ч болохгүй. Яахав, Л.Оюун-Эрдэнэ “түр” байж л байна биз, яваандаа унагах арга олдоно. Ингээд Л.Оюун-Эрдэнийг унагах төлөвлөгөөг маш олон хувилбараар бэлтгэж эхлэв. Гэхдээ “төрөлх” МАН-ын зүгээс шүү дээ…
“Намайг хэзээ унагах бол ?!” гээд хүлээгээд сууж байдаг ЕС гэж дэлхийд байхгүй бөлгөө. Ингээд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдээр эхэлж оролдохоор шийдэв. Олон хүн: “шал тэнэг юм”, “хэт жижиг юмаар оролдлоо” гэж шүүмжлэв. Үгүй л дээ. Монголын ямар ч том олигархи наймаа арилжаагаа Замын-Үүдээр дамжуулан хийдэг, тэнд төлөөний хүмүүсээ суулгадаг. Ингээд бүр сурчихсан, амташчихсан, бараг ёс заншил болсон эд л дээ. “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” гэснийг хэт сүржин гэж бодож болохгүй. Учир нь үнэхээр мафийн гол зангилаа тэнд байдаг. Л.Оюун-Эрдэнэ нэг их байлдах гээгүй боловч ямар ч гэсэн шинэ ҮХ-иар өөртөө олгосон байр суурь, сүр хүчээ үзүүлэхээр шийдэв.
Ердөө л “сайтар бэлтгэсэн” тушаал уншаад Замын-Үүдийн гаалийн Д.Зоригоо, хилийн Б.Нямбаатар, тээврийн А.Хатансайхан, мэргэжлийн хяналтын С.Цогбадрах нарыг ажлаас нь хусч, хойтохийг нь уншив. Эд бол МАН-ын Том Мафийн Замын-Үүд дэх салбарын толгойлогч, гардан гүйцэтгэгчид юм.
Улмаар Х.Нямбаатараар ахлуулсан Авилгатай тэмцэх комисс байгуулав. Юмны учрыг үл ухах манай манай олон баагий ахиад л шүүмжлэв: “Шал тэнэг юм”, “АТГ байж байхад давхар комисс байгуулж үхснээ хийнэ” гэх мэт. Уг комисс цаасан дээр л “авилгын индексийг бууруулна” гэсэн болохоос үнэн хэрэг дээрээ АТГ дээр хав дарсан, дарагдсан олон хэргүүдийг татан авч авилгын гэмт хэргийн “арвин баялаг” мэдээллийн сантай бэлэн болов.
Май Та нар, надаар их оролдвол би яавал ч яаж чадна шүү !!! МАН-ын луугарууд айгаагүй ч гэсэн ихэд цочив. Гэвч ийм үйлдлийг цаашид эрчимтэй үргэлжлүүлэх боломж хомс. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө МАН-аас төрж гарсан, МАН-ын системийн нэг зангилаа юм. Нөгөө талаас ЗГ нь холимог буюу шахааны учраас бүрэн найдах аргагүй, мөн яам агентлагууд ЕС-ийн мэдэлд бүрэн ороогүй. Нийслэл, дүүрэг, аймгуудын удирдлага хаашаа ч хөрвөж мэднэ.
“Авилгатай тэмцэнэ гэдэг бол бид намынхаа журмын нөхдүүдтэйгээ тэмцэнэ гэсэн хэрэг.” Энэ бол ЕС Л.Оюун-Эрдэнийн 2021.07.19-нд хийсэн дүгнэлт юм. “Журмын нөхөд” гэдэгт МАН эгэл жирийн гишүүн ороогүй нь мэдээж…
Аль ч улсын Ерөнхий сайдын “мөнхийн зовлон” гэж бий. Манай тохиолдолд Ерөнхийлөгч “зүгээр суугаад” байж болно. Мөн УИХ-ын дарга ч гэсэн “бараг зүгээр сууж” болно. Харин ЕС заавал “юм хийх” ёстой, хийх хийхдээ тов тодорхой “юм” хийх ёстой.
Л.Оюун-Эрдэнийн хувьд “хийх юм” хэтэрхий олон, бүр толгойтой үснээс их. Ядаж байхад системийн нуралт, коронагийн цар тахал давхцаад байдаг. Асуудал Л.Оюун-Эрдэнэ бусад ЕС-аас илүү юмуу дутуу ажилласанд байгаа юм биш. Зүгээр л цаанаасаа олон арван жил шийдэлгүй байсаар хуримтлагдсан хур асуудлаас болж системийн нуралт болж байгаа юм. Харин системийн энэ нуралтыг ганц Л.Оюун-Эрдэнэд тохож, түүнийг огцруулах гэж оролдох шиг амархан юм байхгүй. Энэ оролдлого МАН-ын зүгээс үргэлжлэн гарах нь дамжиггүй. Сайд нараас нь “сугалах”, огцруулах бичиг өргөх гэхчлэн юу эс мундахав ?!
Иймээс Л.Оюун-Эрдэнэ “юм хийнэ” гэж бодож байвал огт ажиллахаа байсан хуучирсан системийг эвдэх ёстой. Хуучирсан систем гэдэг нь МАН өөрөө юм. Өөр хэн, юу байх гэж ?! МАН-ын өгөрч муудсан хуучин системийг эвдэн өөрчлөхгүйгээр Монголд ямар ч шинэ, дэвшилтэт ажил хийж болохгүй, улмаар ямар ч шинэчлэл болохгүй.
Харин үүнийг хийж зориглох эсэх, чадах эсэх нь Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь хамаарна. “Цайзыг хамгаалж бөхөлсөн аварга том гинжинд заавал нэг сул цагираг буй. Тэрийг л олж гөнжиж чадвал гинж хэчнээн бат бөх байсан ч бүхэлдээ тасран унана.” Энэ санааг би биш, Ленин багш хэлсэн юм…
Энэ удаад бидний төлөөлөл болгон авч үзэж буй У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурвуулаа маш хүнд бөгөөд гүн зөрчилд байна. Нэг талаас, тэд МАН системийн эвдрэлд орсон, цааш хуучнаараа явж болохгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Нөгөө талаас, гурвуулаа МАН-аас төрөн гарсан МАН-ын бүтээгдэхүүн учраас намаа “алахгүйг” хичээж байна. Энэ тохиолдолд улс төрийн лидер хүн хувьсгалт реформ хийдэг, мэс засалч бол хагалгаа хийдэг…
Ямар ч гэсэн МАН-ын дотоодод “иргэний дайн” нэгэнт эхэлжээ. Иргэний дайн ердийн дайнаас хавьгүй хүнд бөгөөд зовлонтой байдаг. Ялах амархан, ялалтаа ашиглах хэцүү…
х х х
Ингээд энэ зун Монголын улс төрийн талбайд гарсан өөрчлөлт, улс төрийн гол тоглогчдыг албан тушаалын байдлаар нь 3-хан хүнээр төлөөлүүлэн авч үзлээ. Зүй нь энэ 3-аас өөр гол тоглогчид, тухайлбал, Д.Амарбаясгалан, Сү туучий болон М.Энхболдын бүлэг, улмаар С.Эрдэнээ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг оруулан улс төрийн талбайг гаргавал бүр ч сонирхолтой болно. Цаашлаад С.Баяр, Н.Алтанхуяг, З.Энхболд зэрэг бусад маш олон тоглогчдыг багтаавал бүр ч янзтай сайхан болох авч нэг өгүүлэлд багтаах боломжгүйгээс гадна хангалттай баримт одоохондоо алга. Дараагийн өгүүллүүдэд “МАН доторх иргэний дайны” талаар өгүүлэх боломж, цаг зав хангалттай гарах нь лавтай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 08 дугаар сарын 16.
Discussion about this post