Могой их үзэгдээд байхаар газар ус дошгирчээ гэдэг. Могой уг нь хүн мал амьтнаас дааждаг байтал хүн ихтэй хот хороо газарт дөхөөд буй нь лус хилэгнэсэн байх магадлалтай. Үерийн усанд урсаж ирлээ гэцгээнэ. Тийм тал бас бий боловч ийм олноороо урсах нь юу юм бэ зүгээр. Лус дошгирох олон шалтгаантай. Нэгд гол усны эх бохирдох. Загас жараахай гэхчлэн усны амьтдыг олноор хороож хядах. Атар хээр нутагт хэт олноор хэрэн тэнэж тэнд амьдардаг ямарваа амьтдыг үргээж цочоож ая тухыг алдагдуулах. Тарвага зурам болон газрын доорхи ан амьтныг зүй бусаар агнах ба амьдрах орчинг нь тавгүйтүүлж байгалийн тэнцвэртэйг алдагдуулан аюул занал хийх тохиолдолд лусын эзэн уурлаж хилэгнэдэг. Түүнийг “лус хөллөв” хэмээн нэрийддэг. Хүүхэд байхад сахилгагүйтэх тохиолдол бишгүй байдаг. Өндөр уулын уруу чулуу өнхөрүүлэх түүнийг / зууг / тавих гэж нэрлэнэ. Мөн тарвага болж хошхирох, аливаа ан гөрөөсийг дуурайж дуугарч элэглэх зэргийг цээрлэдэг байв. Энэ нь мөн л лусын эзний уур хилэнг хүргэсэн хэрэгт тооцогдоно. Хоёрт гэвэл лус эв тангараг муудсаныг ер анддаггүй гэж үздэг. Өөр хоорондоо эвтэй найртай, сайн сайхныг цогцлоож ихэд ухаалаг байх аваас лус таалдаг гэнэ. Лус таалах юм бол үе удмаараа үйлс нь өөдрөг сайн сайхан амьдардаг юм санж. Тэр хэрээрээ амьдрал ахуй нь дэвжихтэйгээ зэрэг харин хүний ухаан мөхөстөх осолтой тул лус тун амархан дөнгөж орхино. Хүн дээшээ их зүтгэх их осолтойг харуулж байгаа нь тэр.
Лус нэг хөллөх юм бол барагтаа намждаггүй, заавал хариу өш хонзон авдаг юм гэлцдэгсэн. Лусын хорлол болсон хүн үр удмаараа өөдөлдөггүй гэж үнэн. Учир нь лус нүдгүй, зөвхөн үнэрлээд таньж мэддэг ажээ. Лус дошгируулсан хэн хүнийг тэр газраасаа дутаагаад хаа ч хүрсэн гэлээ үнэрлээд байршлыг тогтоож чаддаг санж. Тиймээс зайлах газаргүй. Тухайн этгээдийн амь насыг өлхөн авчихдаг хэрнээ одоо боллоо гэж зогсдоггүй улмаар үр хүүхдүүд, ахан дүүс, хань ижил, тэр ч байтугай түүнтэй хаа нэгтэй “бэлгийн харьцаанд орсон хүнийг” хүртэл олж хор хүргэдэг гэж хөгшчүүл ярьдаг сан. Иймд хүү, охиноо хань ижилтэй болох үед буюу айлын бэр, хүргэн болгохдоо цаад улсуудыг алсаараа лусад хэр зэрэг хандлагатайг нэн түрүүн судалдаг байжээ. Нэгэнт лусын хорлолд оногдсон хүний үр удамтай айл гэр болох нь байтугай, андын журам тогтоох хориотой байсан юм билээ. Монголчууд анд найз болох ёс заншил хүртэл өөр байсан. Ёстой л өнөөх дугуй дугуйгаа олно гэдэг нь тэр. Тааруухан ухамсар чиг хандлага бүхий хүмүүс бол хоорондоо л нөхөрлөхөөс биш өндөр дээд ухаалаг хүмүүстэй нөхөрлөж нөхцөх боломжгүй.
Нөхөрлөвөл өөрийнх нь удмын муу үр дагавар гэмгүй явсан бусдад гай болдог.
Лусын хорлол болсон хүний удам сударт айхавтар нөлөөлж наанадаж оюун санааны хувьд эрүүл бус болдог, цаашлаад ер өвчин зовлон, үгүйрэл хоосрол нүүрлэж барагтаа салдаггүйгээр барахгүй үйлс нь хазайж орхидог аж.
Зарим хүний ааш араншин гэнэт өөрчлөгдөж эвдрээд хамаг амьтны гайхаш бардаг. Тэр нь ердөө л тэнгэрийн гэсгээл хүртэж лусын хорлол болсонтой шууд холбоотой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ХҮН гээч нь энэ дэлхий дээр эмх цэгцтэй амьдрахгүй байгалийн дээд хууль дүрэм зөрчсөн бол аливаа зүйлийн цаана нарийн хуультай торгууль шийтгэлтэй гэдгийг л тодоос тод сануулж буй билээ. Нийтийн үйлийн үр гээч нь хараал идсэн юм шиг улс үндэстнээрээ хазайдгийг бид мэднэ дээ. Тэр тусмаа монгол хүн бол байгаль хамгаалж байхаар бүр цаанаасаа дээд тэнгэрийн зарлиг сонссон ард түмэн. Бусад улс гүрэнд тэрхүү байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс уламжлалынхаа талаараа цаг хором ч алдалгүй ухуулга сурталчилгаа хийж байх учиртай. Гэтэл хятад Солонгос болоод бусад шал өөр үзэл суртал, шашин шүтлэгтэй өөр заяа тавилантай улсуудтай нийлчихээд газраа ухаж төнхөөд таван хошуу малаасаа өөр үл зохилдох амьтны маханд хэт дурлаад түүгээрээ амь зогоогоод байвал мөн л шийтгэлээ амсах л болно. Газар усанд бид нар алхам тутамдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Газар усны гэнүүр ирсэн хувь хүн байтугай ахан дүүс хамаатан садан найз нөхөд гээд ер хамаарч хүрээлэх бүхэнд муу ёр нь халдаж шүгэлдэг гэдгийг манайхан огтоос ойлгохгүй яваад байна. Аливаа зүйлс учиртай сан даа.
Монголчууд усанд явахдаа хувцас хунар цэвэр цэмцэгэр сав суулга нь хир буртаггүй явдаг. Усны хажууд хүнд муу үг хэлдэггүй. Усруу нүүрээ хардаггүй, усаар цацалцаж тоглодоггүй, ус руу чулуу шиддэггүй, усанд явсан хүнийг араас нь дууддаггүй. Хэрэв зээ дуудахаар бол нэрээр нь дуудахгүй “тогоо түлэгдлээ” гэж дууддаг гээд л усанд ихэд болгоомжтой ханддаг уламжлалт соёлтой ард түмэн. Ус амьтайг л илтгээд байна л даа. Гэтэл одоо яаж байна?! Голын усыг бузарлаж гүйцлээ. Ийм байхаар бид яаж эрүүл саруул амар амгалан амьдрах вэ дээ та минь ээ!
Лус савдаг гээч нь тэр ч байтугай хүний дотоод ертөнцийг үзэх мэлмийтэй юм гэдэг шүү.! Иймд бид нар ер нь өөрийгөө өөрөө л засаж ухаарч сэхээрэх нь хууль ёсны хэрэг. Хэн их зөв ухаарч хорвоог танина, тэр хүний үйлс буян заяа нь дэлгэрдэг жамтай. Өнөө маргаашийн хэдэн халтар төгрөгнөөс болж, цаг зуурын дур тачаалдаа хөтлөгдөж бурханы өгсөн хайран сайхан хувь заяаг гудайлгаж орхивол хохь чинь л болно гэж мэдээрэй. Мэдээж хүн мэдэхгүй байж байгаад л мэддэг, чаддаг болдог шүү дээ. Цааш цаашдаа бүгдээрээ тун болгоомжтой амьдарч үр удмаа оршихуйн мөн чанарт зөв нийцүүлж цэвэр ариун байлгах нь зүй ёсны хэрэг мөнөөс мөн.
Хумбагарын Батмэнд
Discussion about this post