…Утга уянгын их хорвоод уйтай, шуутай мэдээ сонсдоод хэцүүхэн л байна. Ядахнаа, бусдаасаа арай ойр, ааг амьсгаа дотно явсан авьяаслаг, увдислаг ах, дүү нөхдөө алдахад хэцүү. Дуу хөгжмийн дөрөө хангинуулж явсан МУГЖ Н.Чулуунхүү ах тэнгэрийн хөшиг татаад удаагүй байтал, дэлгэц, сэтгүүл зүйн тайзнаас дэндүү эрт одсон МУСГЗ, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт дүүгээ чимээгүйхэн явчихсанд итгэж ядан сууна.
Хэнтий нутгийн чуулгын хөгжмийн удирдаач Шагдаржав том хүүгээ хөтлөөд МРТУХ-ны босго давуулж, нэвтрүүлэгч болох хүслийн морины цулбуур атгуулснаас хойш бүрэг ичимхий атлаа бүхнээс тод содон дуу хоолойт хүү Бямбацогт аргагүй л Монгол Улсын дуу хоолой болж чадсан юм. Монголын радио, телевизийн том дуу хоолойтон дунд орж ирээд тэрбээр торохгүй л эфирийн эхэнд суух болсон юм. Мөн ч сайхан дуу хоолойтой шүү. Оросын дуу хоолой болсон Юрий Левитан л гэсэн үг. Монголын Левитан болсон сайхан нэвтрүүлэгчид бий л дээ. Одоо ч дуу хоолой нь тодхон, содхон МУСГЗ Чулуунбатын ханхийх дөрөөнд ойртож нэг, зэрэгцэж нэг хавирч, давирч явсан юмсан! Тэгэхдээ л даруухнаар телевиз, радиогийн нэгэн нээлттэй өдөрлөгөөр ” Ай даа, энэ агуу Чука ахын дэргэд бол бид нэвтрүүлэг хөтөлж, дуу гаргах гэж ёстой гурилддаг байсан байна” гэж дуу хоолой нэгтнүүд, үзэгчид, урлаг соёлынхноо инээлгэж байж билээ.
Радиод их нухлуулж, ориг, ариг цээл хоолойгоо их ч өнгөлсөн. Кинонд дуу оруулж ур чадвараа ч их ахиулсан. Гэхдээ л гудамжинд хөдөлгөөн зогсоож, хот хөдөөгийн айлууд дэлгэцдээ ялаа шиг шавдаг байсан “Халтар царайт”-ын Мигел Ангелийн дуу хоолойгоор бол үнэнхүү цоорсон доо. За тэгээд 1000 гаруй гэнэ үү 10000 ч гэнүү кино, нэвтрүүлэгт дуу оруулсан гэхчив. Уншсан мэдээг бол тоололтгүй л дээ. Цэнхэр дэлгэцэнд бол хожуухан л гарч ирсэн. Мэдээг бол царгиж харгиж биш, аргиж аагилж, амтархаг тостой уншина даа!
Тиймээс мэдээгээ, нэвтрүүлэг бүхнээ дотоод сэтгэл рүүгээ нэвт оруулж уншихыг хичээдэг гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байна.
Бид дуучдын тайлан тоглолтыг шавж үздэг. Харин нэвтрүүлэгчдээ тайлан тоглолт хийвэл тоож очих бил үү? Уг нь нэвтрүүлэгчид тайлан тоглолтоо хийвэл тайз багадаж, дуу хоолой нь эх орондоо багтахгүй л сагахсан! Гэвч нэвтрүүлэгчид эфирийн торон дотроо л , тайзны ард л нууцхан хөлсөө шударч суудагсан!
Хааяа таарахаараа ” Ах аа сайн уу” гэж л асуух мэндлэх хоршуулж ёсолно. Илүү үг байхгүй. Нүдээрээ л бусдыг гүйцээх мэт эгц ширтээд дөлгөөн харцаараа л чимээгүйхэн ярих мэт. Ер нь одоо бодоход үгээр биш нүдээрээ л яриад байж дээ!
Нүдээрээ инээгээд, зүрхээрээ л яриад байж…Бид мэдсэнгүй! Мэдсэн ч тоосонгүй!
Үүнийг нь цуг олон жил хамт ажилласан, ажигласан нэвтрүүлэгч нөхөд нь надаас илүү мэдэх биз. Дотроо би хэдэн шүлгээ сайхан уншуулж авч үлдэхсэн гэж боддог, хааяа түүнийгээ цухуйлгахад ” Тэгнээ, боддог бодол шүү” гээд нүдээрээ инээж хариу өгч байв. Даанч ийм хурдтай, гэнэт явчихна гэж яаж санахав. Явуухулан найрагчийн 90 жилийн ойгоор Завханд таарахдаа харин “Зургаа цуг татуулья, зураг хэрэгтэй, үлддэг юм байна лээ, ахаа наашир” гээд хамт патиардсан л үлдэж!
Тэгээгүй бол зураг ч үгүй үлдэх байж.
” Ах аа, наашир, хаа нэг уулзах яах вэ, хааяа нэг таарах яах вэ? Зураг л үлддэг хорвоо…зуун граммаас илүү зураг үлдэнэ, хоёулахнаа нэг сүүдрээ босгоодохьё” гэсэн нь халамцуу надад хайр үнэртүүлж, хямгатай байхыг л сануулсан байж.Тэр ер нь нэг иймэрхүү ёжтой үгтэй, донжтой харцтай л даа. Тэр зураг нь ч үлдэж. Тэр үг нь ч үлдэж. Ай, хайран дуу хоолой!
Бямбацогтын тоглосон киноноос Их Нацагдоржийн дүр нь л надад яг буудаг. Хараад байж байхад Бямбацогт бус Нацагдорж л ийм байсан байх гэж буугаад байдаг. Би ч ” Хөөе, Их Нацаг” гэхээр “Чишш” гээд жуумганана. Тийм их даруухан. Өөр хүн бол онгироод л, өөш хүүш гээд л мань мэттэй өрж, арсаж байхсан.
Монгол ах дүүс, уран бүтээлч нөхөд минь бид ч зэрэгцэж суусан, дэргэдээ байсан зэргийн хүнээ оройтож л үнэ цэнийг нь ярьж, алдсан хойноо л амаа барьж үлддэг болж дээ.
Нэн ялангуяа тоотой хэдэн “Монгол дуу хоолойгоо гамнаж, хайрлаж” явах учиртайг Бямбацогтыг дурсахдаа л санав. Бид түүнийг тийм ч сайн хайрлаж чадсан уу?
Дотроо ярьдаг, дуугай нь дэндсэн түүнийг уудалж, нээж амжсан уу?
Чадсангүй дээ. Нээг их сайхан нээлттэй ярилцсан сэтгүүлч бидэн дунд байв уу? Алга…бид ингээд л алдаад байдаг.
Оросууд нэвтрүүлэгчдээ их сайхан хайрладаг юм билээ. Тэр нь ч дайны үед Левитанаа хамгаалахаас үлдсэн школ. Гитлер Левитаны дуу хоолойноос дандаа цочдог, “Энэ муу новшийн дууг таслаад өгөөч” гэж гараа чичиргэн, хоолойгоо шахруулан хашгирдаг байсан гэдэг. Тиймээс ч Сталинаас түрүүлж алах хүн, толгойг нь авчирвал их мөнгөөр шагнана гэж байсан юм. Орос орноос бус Левитанаас айхдаа л ” Хэлийг нь сугалаад авчраад өгөөч, лаларууд аа” гэж хашгирсаар Гитлерийн зүрх муудсан байх. Тиймийн тул оросууд Левитаныг тусгайлан хамгаалж, нэвтрүүлэг хийх, дуу хоолойг нь бичиж авахдаа дандаа нууц байрнаас, өөр өөр газраас бичлэг хийж германы тагнуул, хорлон сүйтгэгчдээс нууцалж байсан гэдэг. Орос орны дуу хоолой болсон Левитаныг хайрлаж байсан шигээ нэвтрүүлэгчдээ одоо ч хайрладаг. Нэвтрүүлэгч бол Улс орны дуу хоолой , өмч болохоор тэр!
Бид үүнийг бодох л ёстой! Телевиз, радиогийнхон ярьдаг л байх! Гэхдээ ярихаас хэтрэх биш.
Бямбацогт дүү зүрх муухан, хүнд хагалгаа хийлгэсэн хүн. Тэр л олон жилийн их ачаалал дунд нөлөөлсөн байх. Түүний зүрх шөнө дунд 02:31 цагт зогссон байна.Зүрх нь л гэнэт зогсож…Зүрх нь юу гэж хэлээ бол…? Олон жил зүрх нь өвдсөн байтугай цоо шинэхэн зүрх ч эмзэглэхүйц хүндхэн цаг үед бид амьдарч байна!
Айхтар хэцүү өвчин хаалга тогшиж, хана нүдэж, улс эх орон муу чимээ ихтэй байхад эрүүл чанга зүрхтэй хүн ч халширмаар л байна шүү дээ!
Нүдээрээ ярьж байсан дүү минь зүрхээрээ ч их ярьж байж дээ? Зүрхээ зогстол их л тэвчиж байсан байх. Хайран ч дуу хоолой! Монгол Улсын л дуу хоолой!
Түүний архивт үлдээсэн дуу хоолой л бидэнд үлдлээ!
Харин шинэ мэдээ, шинэ нэвтрүүлэгт л дуу хоолой нь сонсдохгүй болов!
Хайран дуу хоолой!
2021.08.02…23:23 цагун дору… Batsaikhan Jigmed
Discussion about this post