БАЯРХҮҮ
Шийдэж чадахгүй үй түмэн асуудлын өмнө Монголын төр паг суулаа. Гаднаас нь харахад өндөр өндөр барилга байшин нэмэгдээд, шинэ шинэ хорооллууд босоод ярайгаад байдаг, “зовлонгийн далай” яг хэвээрээ.
УИХ-д Н.Алтанхуяг гэж аугаа шүүмжлэгч байнаа. Аль л болохгүй бүтэхгүй, буруу, эмзэг бүх асуудлаар хэлдэг ярьдаг ийм нэг хүн УИХ-д сууж байх нь нэн таатай. Би ч бас дутахгүй шүүмжлэн бичигч, гэхдээ миний нийтлэлд зөв санаа сэдэл өгдөг, би байнга амтархан сонсдог нь Алтанхуяг гишүүн болчихоод байна.
Гарчиг болгон авсан хоёр өгүүлбэрийг тэрээр УИХ-ын байнгын хорооны хурал дээр ярьcaн даа. Бүгдийг эшлэлтэй биш, тавьсан сум байгаа онох болов уу гээд хоёрыг нь л авчихлаа.Даян дэлхийн соёлтой хотуудад, нийслэлүүдэд тавигддаг бүх шалгуур Монголд нэвтрэхдээ бүгд лөөлөө болжээ? Одоо яах вэ?
Ядуурлын их хот
Нэгдүгээрийн нэгдүгээр асуудал. Энэ хотыг чинь зовлонгийн далай болгож буй нэгдүгээр асуудал ба шалтгаан нь энэ их ядуурал юм. Ингэж бичихтэй зэрэг л буруутныг тодруулаад баахан улс төрчдийг нэрлэх ба тэднийг шүүж яллаж шоронд хатааж байж хот нь цэгцрэх, ядуурал нь арилах аятай юм манайхан боддог, хүсдэг, бичдэг, илэрхийлдэг.
Үгүй юм аа, бүгд буруутай, бултаараа. Монголчуудыг нийслэл рүү ньхуйгаар нь албадан хөөсөн, заавал гэр хороололд аж төр гаж албадсан, ядуу дорой амьдар гэж дарамталсан, албан хүчээр ядуурал руу хөөж оруулсан, ажилгүйдлийг хүчлэн өөгшүүлсэн улс төрийн шийдвэр ба тэгсэн гэх нэг ч алхмыг бид олж үзээгүй, нотолгоо баримт нэгээхэн ч байхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт гэр хороололд ажилласан нэг шавь маань (шинэхэн улс төрч) гайхшаа баран ярьж байнаа. Гэр хорооллын ядуурал, гол нь арчаагүй заваан амьдрал нь нүднээ ил, нүд хальтирмаар. Бараг 100 хувь өөрсдийнх нь буруу байтал арчаагүй амьдралынхаа бурууг шал өөр хөндлөнгийн хүмүүс рүү, улс төрчид рүү заачихаад хэнэггүй сууж байх юм гэнээ. Нийтээрээ шүү.
Үнэн л дээ. Монголчууд ба нийслэлчүүд өөрсдөө өөрсдийгөө XXI зуунд авч яваа царай зүс нь энэ. Хэний ч албадлагагүй, гадны (дайсны) оролцоогүй, элдэв хорон санаатны зориудын бодлогоос болоогүйгээр өөрсдөө зөнгөөрөө ядуурчихаад нийслэлээ муухай харагдуулаад байж байгаа царай нь энэ.
Ядуураад салахгүй байвал; нийслэлд ирээд огтоос өөдлөхгүй, бүр дордоод байгаа бол албан хүчээр нүүлгэж шинэ газар сэлгүүлж амьдруулах, тэгснээрээ өөрсдийнх нь хүчээр өөрсдийг нь ядуурлаас гаргах, түүнд нь төр дэмжлэг үзүүлэх, урамшуулал, хуулийн аргыг хослуулан хэрэглэх тухай өмнөд хөршийн туршлага байна гээд би амаа цангатал ярьж, үзгээ мохтол бичсэн дээ.
Ердөө ганц л арга үлдсэн нь нутаг сэлгүүлэн нүүлгэж ядуурлаас нь аврах. Шинэ газар сэлгүүлж амьдруулах гэж байгаа иргэдээ “илгээлтийн эзэд” гэж нэрлээд урлаг уран сайхан, одон тэмдэг, шагналыг тэдэн рүү нэг хэсэгтээ шилжүүлчихмээр санж.
Цаашдаа хот эрүүлжих үндсийн үндэс нь (эцсийн аврал биш биз?!) тэр болно.
Замын там
Улаанбаатар хот 130 мянган автомашины илүүдэлтэй байна гэж ирээд л нийслэлийн хурал дээр ярьж байв, саяхан даа. Сэтгүүлчид олзуурхаад л нөгөө тоог нь өлгөж аваад нэлээд мөлжих шиг болно лээ. Тэгээд л таг. Бүр таг. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар байнга хурал хуй. Нэг их хүнд том сэдэв. Хөмсөг зангидсан баахан улс амаа цангатал ярилцаад шийдэл байхгүй.
Явж явж авто замын сүлжээний даац хэтэрлээ гэх харуусал л үлдэнэ. Иргэд автомашин худалдаж авахаасаа хэзээ ч татгалзахгүй. Авчихсан одоо давхиж яваа нь сайн дураараа түүнээсээ татгалзана гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас тэр “130 мянга” гэдэг бол зүгээр л хоосон тоо. Зогсоох, хориглох, явуулахгүй байх гээд үз дээ. Дайн дэгдэнэ шүү. Барьцах мөчөөрхөх, элдэв хорлонтой арга хэрэглэх, шүүхдэх, хэвлэлд бичүүлэх, тэмцлийн хурц хэлбэр, бүр хор уулгах хэмжээнд ч үзэлцэж магад. Тийм аймшгийг үзэхгүй гэвэл тэг зогсолтыг нийтээрээ нийслэлээрээ тэвчин өнгөрөөхөөс өөр аргагүй.
Үүнтэй холбоотой “Идээлчихсэн нийгмийн ёзоор” гэх гарчгаар 2019 оны хавар бичиж байснаа дор дахин буулгая. Төр нь төр шиг байгаач ээ, “Төрийн төмөр нүүр”-ээ гаргах юман дээрээ гаргаач ээ гэсэн уриа дуудлага минь тэр нийтлэлд шингэсэн юм.
Автозамын түгжрэлтэй өнөөг хүртэл төр-засаг нь хувийн тэргэтэнгүүдийн толгойг нь илэх, гуйж гувших, ятгах, бага зэрэг хүчлэх (дугаарын хязгаарлалт), зөгнөх, мөрөөдөх аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Гурван сая хүн нэг сая хуучин машинтай болоод авсан, нэг сая гаран жолооч бэлээхэн байж байна. Жолооны курс, замын цагдаа тооны хувьд өссөн, машины худалдаа, шатахууны худалдаа ёстой цэцэглэсэн, машин засварын газруудад ажлын байр нэмэгдсэн. Эсрэг үр дүн: Нийслэлд нь хэзээ ч арилахгүйгээр зам түгжирсэн, агаарын бохирдол ихэссэн, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа алдаж гүйцсэн. Замын осол эндэгдэл ихэссэн.
Автозамын түгжрэлтэй эрс тэс, эргэж хургахгүй, өршөөлгүй тэмцэх цаг нь болсон. Нийслэлд давхиж яваа машины тоог 2-3 дахин хорогдуулж байж тэмцэл үр дүнд хүрнэ. Өөр зохицуулалт байхгүй. Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлээд үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз. Яахнав харъя. Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гарга. Яахнав харъя. Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз. Монголд орж ирж буй машины рэ-экспортыг дэмжье. Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг. Яахнав харъя. Ерөөсөө хувийн машины нэр хүндийг унагаж байж монголчуудын машины шуналын дэвийг зогсоож чадна. Эсрэгээр нь нийтийн тээврээ сайжруулаад уран сайхандаад нэр хүндийг нь өсгөе.
Төвлөрөл–тэнэглэл
Энэ их хотын даацыг яаралтай аврахгүй бол мөдхөн хөмөрлөө! Нийслэл рүү хөдөө орон нутгаас нүүдэллэн ирэх их цуваа ардчиллын 31 жил саарсангүй. Баяр бахдал гэхээсээ эмгэнэл болтлоо үргэлжилжээ. Хөгжиж өгдөггүй хөдөөгөөс болоод уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа монголчууд бүрэн залхсан аятай. Хөдөө хэдэн малтай амьдын там болж байснаас нийслэлд ирээд таван ханатаа босгоод ядуу гуйлгачин ч гэсэн аж төрөх нь хамаагүй дээр гэсэн сэтгэхүй бат суужээ. Ахан дүүс, нутгийн хэн нэгнээ бараадахад баараггүй. Тэднээсээ илүүчлүүлээд мөлжиж амьдрах нүүдэлчний шинэ сэтгэлгээ (эсвэл соёл?) төлөвшжээ.
Улаанбаатарыг “зовлонгийн далай” болгосон үндсэн шалтгаан нь энэ их нүүдэл юм. Энэ гучин хэдэн жилд аль ч Их Хурал, аль ч Засгийн газар, аль ч Засаг дарга, аль ч ЗДТГ-ын шийдэж чадаагүй нэг юм нь энэ байна.
Хотод хүн амын хэт их төвлөрөлийг дагалдсан нийгмийн сөрөг эмзэг асуудлууд шил даран хуримтлагджээ. Ядуурал, ажилгүйдэл, байгаль орчны бохирдол, авто замын түгжрэл, эрүүгийн гэмт хэрэг, эко гэмт хэрэг, архидалт, бие үнэлэлт, золбин тэнэмэл амьдрал… Одоо эх орноосоо урвалт л үлдлээ.
Таванзуун мянган хүн амтай хот байна гэж төлөвлөсөн, угаасаа 4 уулынхаа хонхорт, Туул, Сэлбэ голоо хөвөөлөөд сууж байхад таарна хэмээн соц төлөвлөлт, байгаль дэлхий хоёр нь хатуу заагаад өгчихсөн. Харин одоо гурав дахин давуулчихаад нэвсийгээд байж байгаа нь энэ.
Дүгнэе
Шийдэж чадахгүй үй түмэн асуудлын өмнө Монголын төр паг суулаа. Гаднаас нь харахад өндөр өндөр барилга байшин нэмэгдээд, шинэ шинэ хорооллууд босоод ярайгаад байдаг, “зовлонгийн далай” яг хэвээрээ.
Аж үйлдвэрийн парк хот, төмөр замын бүтээн байгуулалт, удахгүй ашиглалтад орох нефтийн үйлдвэр… нийслэлээс нэг ч хүн, нэг ч өрхийг хөдөө орон нутаг руу татан дагуулсангүй. Нийслэлийн нэг ч ядуу иргэний амьдралыг сайжруулсангүй.
Хуралдаад л, уриалаад л, гуйж гувшаад л, ятгаад л, зөгнөж мөрөөдөөд л, хааяа мөнгө тараачихаад л, болж бүтэхгүй зарим зээл, торгуулийг нь тэглэчихээд л…!? Толгойг нь илээд л. Танхай дураараа иргэдийнхээ өмнө буугаад өгчихсөн аятай. Ингээд л мөнхөд байгаад байх уу?
Ардчиллын жилүүдэд УБ-ыг удирдсан Засаг дарга нарыг буруутгах санаа миний нийтлэлд огтхон ч байхгүй. Бүгд л дор бүрнээ сайн ажилласан, ажлаа сайн дүгнүүлсэн, хотын ажлыг унагаад хөөгдлөө гэж дуулаагүй. Сайн ажиллаад байсан хэрнээ нийслэлийн зовлонгийн далай дундардаггүй ээ. Яагаад гэдгийг дээр хэллээ. Гэхдээ яагаад, яагаад…
Ухаалаг шийдлийг онож нэрлээч?
Discussion about this post