Б.ДАМДИН-ОЧИР
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш чимээ сураггүй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд “айлчлал” хийв.
Учир нь энэ боомт нь Монголын эдийн засгийн урсгалын гол “хаалга” бөгөөд түүгээр манайхаас гарахгүй, урдаас орж ирэхгүй болоод байсан юм. Монголд орж ирэх ачаа Хятадын Эрээнд овоорч, Монголоос гарах ачаа хилийн наана гацчихаад байв. Хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн хөлс өдрөөр, бараг цагаар өсөөд сүйд болж байлаа. Ерөнхий сайд гэнэт Замын-Үүдийг зорьсон шалтгаан нь энэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүдэд ажиллах үед тус боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг ариутгадаг хаалга “олны танил” болсон. Тэр нь дориухан малчны хонь “угаах” хэмжээний төхөөрөмж байв. Ариутгалын хаалгын “бүтээн байгуулалт”-ын зардлын нүд бүлтийлгэсэн тоо сэлт нь хэвлэлээр гарлаа. Арай үгүй байлгүй гэмээр өндөр өртгөөр бүтжээ.
Харин Ерөнхий сайд тэр ариутгалын хаалгыг харчихаад “…Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэчихээд л яваад өгсөн. Хэн нэгнийг загнасангүй, заамдсангүй.
Тэгээд Замын-Үүд дэх төрийн хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцчихаад буцсан тухай Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн.
Гэхдээ эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайд буцахдаа “…Та хэд албаар нугалаа үүсгэж, энэ бөөгнөрөлийг бий болгосон бол надад битгий гомдоорой. Ерөнхий сайд энд ирж байгаа нь арга барсан хэрэг шүү” гэж Замын- Үүд дэх хууль хяналтын байгууллагынханд хэлчихээд хөдөлжээ.
Тэгж ирээд даваа гаригт нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, Зам-Үүдийг цэгцлэх ажлын хэсэг томилов. Хуулийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж, долоон албан тушаалтныг саатуулан шалгаж эхэлсэн.
Ингээд Замын-Үүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэргийн дарга нарыг солив. Одоо шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Олон нийт шалгалтын дүнг анхааралтай ажиглаж байна. Үнэхээр ч Замын-Үүд зэрэг боомтууд авлигагүй нээгдэж, монгол хүн бүр чөлөөтэй нэвтэрч байх нь өнөөдөр нэн чухал болоод байгаа юм.
Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийн ар дахь авлигын асуудлыг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг албан ёсоор шалгаад эхэлжээ.
Үүнээс гадна Засгийн газрын энэ хуралдааны өмнөх өдөр, бүтэн сайны өглөө С.Ганбат генералыг саатуулсан нь Замын-Үүдийн асуудалтай холбоотой гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг дунд, доод шатны авлигатай хийх тэмцэл хэмээсэн агуулгатай мэдэгдлүүдийг удаа дараа хийв.
Тэгэхээр цаашдаа төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал шахагдаж гарах бололтой.
Замын-Үүд эхлэл нь бөгөөд цаашлаад Гашуунсухайт, тэдгээр дэх гааль, мэргэжлийн хяналтынхны булхайнууд дэлгэгдэж мэдэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо “…Авлигын индексийг бууруулна” гээд маш энгийн зүйл яриад эхэллээ. Авлигын индекс гэж дэлхийн улс орнуудын төрийн албан тушаалтан, улстөрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаарх авсан судалгааны дүнгээр байр эзлүүлдэг үзүүлэлтийг хэлдэг. Засгийн газар авлигын индексийг нэгтгэн тооцоолдог “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтарч ажиллаад эхэлжээ.
Одоогоор манай улс авлигын индексээрээ дэлхийд 111 дүгээрт бичигдчихээд байгаа. Үүнийг урагшлуулах учиртай. Тэгж байж авлигын индекс сайжирна. Тэгэхийн тулд одоо эхлүүлээд байгаа дунд, доод шатны албан тушаалтнуудын авлига авдаг явдлыг таслах нь авлигын индексийг сайжруулахад нэг л салаа ажил нь болдог аж. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд, тэдгээрийн худалдан авалт, төрийн томилгоо, хүнд суртал, улс төрийн намын санхүүжилт зэргийг хатуу хянаж, тэндэх авлигыг байхгүй болгох тал дээр анхаарна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Авлигатай тэмцэж, индексийг бууруулахад тэгдэг ёстой юм байна.
Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг 60-аас дээш хувиар хийчихсэн. ДЭМБ-ын дүнгээр бол сайн үнэлэгдээд яваад байдаг. Гэхдээ Монгол дотроо янз бүрээр дүгнэнэ. Муулах нь олонтаа. Гэтэл вакцины ачаар хэчнээн монгол хүний амь аврагдаж, хэдэн монгол хүн халдвараас ангид явж байгааг тоолбол сонин л тоо гарах байх.
Discussion about this post