МҮОНРТ-ийн удирдлага, ажилтан ажилчдын хооронд хэдэн өдөр тэмцэл өрнөж, Ерөнхий захирал Л.Нинжжамц ажлаа өглөө. Л.Нинжжамц “Ы Бямба гариг”, “Дөрөв дэх засаглал” гэх зэрэг сонин эрхлэн гаргаж байсан ч төдийлөн амжилт олоогүй. Сүүлд нэг үе менежмент, хэвлэл захиалгын дүнгээр хөдөө орон нутагт манлайлж явсан өдөр тутмын “Өглөөний сонин”-г худалдаж авсан ч мөн л амжилт олоогүй, адаг сүүлд нь зарсан. МАН-ын “манлай” хүүхнүүдийн нэг тэрбээр МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар очсон. Саарал байшинг будаж, засвар сайн хийсэн. Харин угийн сайн менежер тэрээр ажилтан албан хаагчдаа “амрааж”, сайн хуваагч өөртөө гэгчээр өөртөө илүү цалин авсан нь илэрч, энэ нь олон нийтийн телевизийн ажиллагсад, олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Юутай ч сайн ч, муу ч ажилласан бай Л.Нинжжамц ажлаа өглөө. Одоо оронд нь очих хүмүүсийн нэр дуулдав. Засаг төр солигдонгуут МҮОНРТ-ийн захирлаар Нинжийн Дэмбэрэл очих нь гэсэн яриа гардаг. Нинжийн Дэмбэрэл Эрхүүд хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн ч, PR чиглэлээр мэргэшсэн, сэтгүүлчидтэй ойр нэгэн. Харин нөгөө хоёр нь нэг зоосны хоёр тал гэж болох МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, олноо “Дарваан хар”, “Шилэн Цогоо” гэж алдаршсан Б.Цогтгэрэл хоёрын нэр дуулдаж байна. Энэ хоёрын нэгийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар тавьсанд орвол, эргээд Л.Нинжжамцыгаа гуйж залсан нь дээр биз. МҮОНРТ гэж том айл юм. Энэ хэрээр олон нийтийн эрх ашгаас илүү эрх баригчдын нүд орсон, гар хөлөө шургуулсан хэцүү газар юм. МҮОНРТ-ийн даргад Шилэн Цогоо, Х.Мандахбаяр хоёрын нэр явна гэдэг манай нийгмийн өнөөгийн нүүр царай юм. Нэгмөсөн Х.Мандахбаяр, Б.Цогтгэрэл хоёрын нэгийг тавьчихаад МАН ёроолдоо хүртэл унасан нь ч дээр юм уу.
Discussion about this post