19-р зууны босгон дээр мэндэлсэн Жулаи Гэйлийг Жек гэж хочилдаг байсан агаад түүний хүү Неро хочит Израйлийг хүмүүс ихэвчлэн Жекийн хүү гэж дууддаг байсан тул Неро овгоо Жек+Сон хэмээн сольсон бөгөөд Нерогийн 21 хүүхдийн нэг болох Самуэл Жексоны ууган хүү Жозеф Жексон нь Индианагийн жижигхэн хот Гэрид амьдран суух цаг дор эхнэр Кэтринээс төрсөн 8 дахь хүүхдээ МАЙКЛ хэмээн нэрийдэв гэнээ…
Үлгэр цаашаа их ээдрээтэй үргэлжилсэн юм. Африк-Америк гаралтай Жозеф Жексон нь мэргэжлийн бокст хүч үзэхээр төлөвлөөд байсан ч боксын карьераа хаяж төмөрлөгийн үйлдвэрт ажиллан гэр бүлээ тэтгэх болсон тэрээр хүүхдүүдийнхээ ирээдүйд ихээхэн анхаарал тавьж чадсан нэгэн гэдгийг сүүлд “Жексоны 5” гэж нэрлэх болсон “Жексоны ах дүүс” хамтлаг эцэг Жексоны шууд удирдлаган дор байгуулагдсан түүхээс бэлхнээ харж болно. Жог боксчин эсвэл үйлдвэрийн ажилчин байснаар нь өнгөцхөн дүгнэхээс тань өмнө амжиж хэлэхэд Жо Жексон 1950-аад онд “Шонхорууд” нэртэй блюз хамтлаг байгуулж өөрөө гитар хөгжим тоглодог байсан гэдэг. Энэ бүхнээс харвал Майклын эцэг анхнаасаа л спорт, урлагийн салбарт хөл тавих эрмэлзэлтэй байсан нь магадгүй тухайн үед хар арьст хүн Америк оронд тайван амьдарч болох цорын ганц арга зам нь тэр байсан биз ээ. Харамсалтай нь Жо Жексон өөрийн хүрч чадаагүй мөрөөдлөө хүүхдүүддээ хүчээр өвлүүлээд зогсохгүй хатуухан гараар үзэж эхлэхэд тэр үед ердөө 5 настай байсан Майкл хүртэл эцгийнхээ суран бүсний буулга дороос мултарч чадсангүй. Хожим Майклыг нас барсны дараа Жо Жексон хүүхдүүддээ гар хүрдэг байсандаа огтхон ч харамсдаггүй гэдгээ Опра Уинфритай ярилцах үеэрээ хэлсэн бол түүний эхнэр Кэтрин Жексон тухайн үед ихэнх хар арьст хүмүүс хөвгүүдээ ингэж л хүмүүжүүлдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүрийн таван жингээр эхлэх хөгжмийн сургуулилт болгоны үеэр сандал дээр суран бүс атган өмнө нь суух эцэг нь Майклыг дэлхийн хөгжмийн оргилд гарахад шууд нөлөөлсөн ч гэлээ сүүдэр нь дэндүү том байсан билээ.
Дөнгөж 19 нас хүрээд байхдаа Майкл Жексон хэдийнэ амжилт, алдар нэрийн эзэн болоод байлаа. Харин алдрын оргилд нь гарахад түүнд ганц л зүйл саад болох юм шиг санагдсан нь түүний том хамар нь байсан гэдэг. Майклыг хүүхэд байхаас эцэг нь “том хамарт” гэж гоочилж дууддаг байсанд тэр хамраа үзэн ядаж өсчээ. Ердөө л ийм шалтгааны улмаас тэр мэс заслын ширээн дээр хэвтлээ гэж үү?! Майкл үзэн яддаг аавтайгаа төстэй харагдах вий гэхээс үхтлээ айдаг байсан гэдгийг түүний дотны найзуудын нэг Дайана Росс баталдаг. Майкл хүүхэд насандаа ердийн хүүхэд шиг амьдарч чадаагүйдээ зэрлэг хэрцгий эцгээ шууд буруутган зүхдэг байжээ. Хичээл, бэлтгэл сургуулилт, дуу бичлэгийн студийн хооронд бор хоног нь дуусдаг байсан Майклын хувьд бусад хүүхдүүдийн хийдэг наад захын дэггүйтэлийг хийж үзэх нь бүү хэл түүнд найз нөхөр ч гэж байсангүй. Түүний хувьд хэдэн ах нар нь л найз хэмээх тэрхүү хоосон орон зайг нь бөглөх аяддаг байв. Ердөө 7 настайдаа шөнийн клүбт дуулах болсон Майклын өмнө тайчигч бүсгүйчүүд чармай нүцгэлэх нь өдөр тутмын хэвийн үзэгдэл болон хувирч томчуудын архи тамхи, зодоон цохион, цагдаагийн машины хангинах дохио энэ бүхэн түүний зүүд мөрөөдөлдөө умбанхан байх ёстой тэр л цаг хормыг нь нэгэнт эзэгнэжээ. Майклын зүглэхийг ч хүсдэггүй тэр газар Жо Жексоны гэр бүлийнхнийг өлхөн тэжээж байсан ч дан насанд хүрэгчдийн хүрээлэл дунд өсөж буй отгон хүүгээ эцэг нь огтхон ч хайхраагүй юм. Студи гэр хоёрын дунд явах замдаа гадаа тоглож буй хүүхдүүдийг машины цонхоор атаархан харах бяцхан Майклд үеийнхэнтэйгээ хамт тоглож, мөсөн гулгуурын талбай зүглэх боломж хэзээ ч гараагүй шиг түүний хүүхэд насанд ямар ч шинэ жилийн баяр бас ямар ч төрсөн өдрийн баяр байсангүй…
Эрийн цээнд хүртлээ өдөр бүр аймшигтай ганцаардлыг мэдрэхдээ чимээгүйхэн уйлан суудаг байсан Майкл өөрөөс нь хүчээр авч одсон хүүхэд насаа тэмтчин тэмтчин шаралхахдаа ирээдүйнхээ дүр төрхийг өөрөө бүтээхээр шийдэж хорвоогийн жамыг “зохицуулахаар” бурханы өмнүүр ингэж орсон юм. Харамсалтай нь анх зөвхөн хамрынхаа хэлбэрийг засуулахаар шийдсэн Майкл түүнээс хойш төгс санаандаа хүрэхийн тулд амьдралынхаа 30 жилийг зарцуулаад зогсохгүй эцэст нь ботокс, чигжээс, хацрын суулгац, эрүү суулгах болон эрүү сэтлэх, уруул өргөсгөх, арчилгаа, нөхөн сэргээлт, бүтэлгүй мэс ажилбар, согог засал гээд хэдэн арван удаагийн хүнд хөнгөн хагалгаанаас үүдэх бие сэтгэлийн асар их шаналалыг амиараа гэтэлгэх болно гэдгээ тааварлаа нь үгүй нь лавтай.
1979 онд 20 нас хүрсэн Майкл нөгөө “гайтай” хамраасаа салж шинэ хамраа танилцууллаа. Өмнөхөөсөө хавьгүй жижигхэн хамартай болж чадсан тэрээр гоо сайхны мэс засалд орсон гэж хэлэхээс ичихдээ бүжгийн сургуулилтын үеэр хамраа гэмтээсэн гэж мэдэгдсэн ч хачирхалтай нь Майкл өөрөө энэ үр дүнд сэтгэл хангалуун байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлсэн гэдэг. Майкл бүжгийн бэлтгэл хийхдээ ихэвчлэн өрөөгөө түгжээд ганцаараа сургуулилт хийдэг байсан тул олон нийт түүний хамрын өөрчлөлтийг гоо сайхны мэс засал уу эсвэл үнэхээр гэмтэл байв уу гэдгийг яв цав мэдэлгүй хоцров. Тэгвэл түүний хамгийн ихээр борлуулагдсан Триллер цомгийг хэвлэлтэнд гарсны дараа жил буюу 1983 онд Майкл өөрийн унаган африк имижийн мод мэт сагсайсан шигүү өтгөн хар үсээ түүлгэсэн байсан бол хамгийн жигтэй нь нүүрний арьс нь будаг шунх түрхчихсэн мэт цайран харагдаж байлаа. Хамар нь дахин нарийсч хацрандаа юм суулгуулсан болов уу гэмээр нааш түмбийсэн харагдах агаад зовхио татуулсан байв. 1990-ээд онд Майкл Жексоны эмчээр ажиллаж байсан мэс засалч Уоллос Гүүдстэйн 2 жилийн хугацаанд үйлчлүүлэгчийнхээ захиалгаар 10-12 удаагийн мэс ажилбар хийснээ баталсан гэхээр Майкл энэ үед л зогсох ёстой байсныг нь төвөггүй илтгэнэ. 1991 онд 33 настай Майкл хамрандаа хэд хэдэн удаагийн хагалгаа хийлгэсний үр дүнд бидний сайн мэдэх түүний гурвалжин шөнтгөр хамар бий боллоо. Тэрээр эрүүний ясандаа суулгац хийлгүүлснээр илүү том эрүүтэй харагдаж байсан бол хамгийн гол нь түүний нүүрний арьс нь бараг л цагаан болчихоод байсныг анзаарахад төвөггүй байлаа. Майклын “Thriller”, “Billie Jean”, “We Are the World”, “Bad” гээд харавтар арьстай байх үеийн клипүүдийг үзэж байсан хүмүүс 1988 онд дэлгэцийн хувилбар нь гарсан “Smooth Criminal” бүтээл дээр Майклын арьс илэрхий цайрсан байсныг нь юу эс андах. 1990-ээд онд “Smooth Criminal” хэмээх энэ гайхамшигтай клиптэй байрныхаа подвальд анх танилцаж билээ. Кино гаргахын өмнө үзэгчдийг дүүртэл журнал маягаар тоглуулдаг байсан видео клипүүд дунд багтах энэ клипийг өдөр бүр үздэг байсан тул хэсэг бүрээр нь цээжилсэн дээ. “Smooth Criminal” бол кино гэж хэлж болохоор бүтээл байсан юм. Анх “Chicago 1945″ гэдэг нэртэй байсан энэ дууны видео зохиомжийг Майкл вестерн жанраар хийх хүсэлтэй байсан ч эцэст нь өөрчлөгдөж 1930-аад оны Америк гангстеруудын амьдралаар сэдэвлэн бүтээсэн байдаг. “Bad” цомгийн хамгийн сүүлд эгшиглэдэг энэ дууны клипээс “Сарны алхаа” хэмээх гайхамшигт бүжгийн хөдөлгөөнийг харж болохоос гадна Майкл энэ клипээрээ анх удаа таталцлын хүчийг “доош нь хийсэн” алдарт “Anti-Gravity” хазайлтын элементээ толилуулж дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэсэн билээ. Шаланд бэхлэгдсэн тусгай гутлын ачаар урагш 45 хэм хүртэл налуу байдал үүсгэх боломжтой болсон Майкл Жексон болон түүний хамтран зохион бүтээгчид тэрхүү гутландаа АНУ-ын Патентын Товчоонд №5255452 дугаартай патент эзэмшдэг ажгуу. “Энни, чи зүгээр үү?” хэмээн олонтаа давтдаг энэ дуунд өгүүлэх Энни гэдэг бүсгүй нь… Энэ дуутай холбоотой олон зүйлийг ярьж болох ч үндсэн сэдвээсээ баахан хазайсан болох тул эргээд 1991 он луу зорчиход Майкл Жексоны тухайн онд гарсан “Black or White” болон дараа жил нь олны хүртээл болсон “Jam”, “Remember the Time” дууны клип дээр гэхэд тэр унаган төрхөө бүрэн гээсэн байсан юм. Харин 1995 он гэхэд арьсны эмч нар түүний бүх биеийн арьсыг 100% цайруулж чадсаныг “Earth Song” клип баталсан. Чухам энэ үеэс л Майклын уналтын үе эхэлсэн гэж хэлж болох бөгөөд ПОПЫН ХААНЫ жинхэнэ мөн чанар нь түүний хар арьстай нь цуг замхран алга болсон гэж боддог. Хамгийн харамсмаар нь цагаан Майкл улам л эмэгтэйлэг харагдах болов. Ялангуяа тэр египетийн фараоныг (Эдди Мёрфи) уурлуулчихаад зугатаад явдаг “Remember the Time” клип дээр зохиомжтой нь уялдуулаад Майклд банзал шиг юм өмсгөсөн нь түүний эмэгтэйлэг шинжийг нь бүр дөвийлгөж орхисоноос Майклын төгс болох дон хэтдээ сайн зүйлд хүргэхгүй гэдэг нь илэрхий болсон билээ. 2000 оны эхээр Майкл хамраа гадна талаас нь наалддаг туузаар наан фэнүүдээ шоконд оруулсныгаа бүтэлгүй мэс ажилбарын улмаас аманд нь шингэн ирэхгүй байсан гэж тайлбарлалаа. Хиймэл хамрын нь шовх үзүүр арьсаа цоолж гарч ирэх гэж сандаргахын хажуугаар нарнаас харшил авахад ямагт бэлэн байх хэт мэдрэмтгий арьс нь түүнийг гадагш гарахдаа үргэлж шүхэртэй явахаас өөр аргагүйд хүргэв. Амны хаалт, нарны халхавч, хиймэл үс, цавуутай тууз, ойр зуурын эм, нүдний хар шил, бээлий энэ бүхэн Майклын байнгын хэрэглээ болж ирлээ. Ричард Флеминг хэмээх мэс заслын эмч дэндүү эрсдэлтэй тул Майкл Жексоны хамар дээр дахиж хэзээ ч ажиллахгүй хэмээн андгай тангараг өргөж байсан удаатай бол хожмоо задлангийн орон дээр хэвтэх Майклын цогцсыг харсан гэрчүүдийн хэлснээр түүний хамар байх ёстой газар нь ердөө хоёр хар нүх л байсан гэлцдэг билээ. Гэвч төрүүлсэн эх нь ч танихааргүй болтол өөрчлөгдсөн Майкл 2003 онд Британийн телевизийн бүтээл болох “Living with Michael Jackson” баримтат кинонд сэтгүүлч Мартин Баширтай ярилцахдаа зөвхөн хамраа л янзлуулсан болохоос нүүрэндээ ямар ч мэс хүргүүлээгүй хэмээн мэлзсээр байсан юм. Энэ баримтат кино телевизээр гарсныхаа маргаашнаас нь л маргаан дагуулсан түүхтэй. Хувийн амьдралд нь олон таагүй зүйлс тохиолдоод байсан Майкл Жексон нийтэд эерэг ойлголт төрүүлэх үүднээс Мартин Баширт онцгой эрх олгон хэл ам таталсан Неверлэнддээ урьж илэн далангүй ярилцаад зогсохгүй гайхамшигт “Сарны алхаа” элементээ ч эв хавгүй Пакистан эрд өөрийн биеэр зааж өгдөг билээ л. Гэвч тэр сэтгүүлч Майклаас урваж ITV телевизийн 15 сая гаруй үзэгчдэд тэс буруу ойлголт өгсөн юм. Майкл анхнаасаа Америкийн бус Британийн телевизтэй хамтарч нэвтрүүлэг хийхээр тохиролцсон нь хамгийн том алдаа нь байсан ч магадгүй өмнө нь түүний “Heal The World” буяны байгууллагын үйл ажиллагааг нь Британичууд зогсоогоод байсан болохоор Майкл юун түрүүн тэдэнд зөв ойлголт өгөхийг зорьсон байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Мартин Башир гэгч нь Жексоны шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн “харшилтай” хүмүүсийн нэг тул энэ хүргээд шалавхан цэг товшсу.
Эцэст нь тэр ер нь яаж цагаарав гэсэн асуулт үлдэнэ. Хүүхэд ахуйн ойлголтоор бол Майклын нүүрнийх нь хар арьсыг өвчөөд оронд нь цагаан арьс өмсүүлээд оёсон гэх бодол (биеийн хэсэг дээр нь ерөөсөө ач холбогдол өгдөггүй байв). Гэвч аймшгийн кино бүтээгчдийн ч ой тойнд багтахааргүй тэр хэрцгий төсөөлөл маань дэндүү гэнэн байсан нь ойлгомжтой. Шинжлэх ухаан тэр хэмжээнд хүртлээ хөгжөөгүй тул Майкл арьсаа солиулаагүй. Тэгээд яаж? Үнэндээ Майкл арьсны пигмент эсийн алдагдалтай холбоотой витилиго өвчтэй байсан гэдэг. Витилигог махчилвал арьс цайрах өвчин гэж хэлж болно. Түүн дээр нь арьсны эмч нар урт хугацааны турш ажилласаар бүрэн цайруулсан нь тэр аж. Майкл зөвхөн баруун гартаа цагаан бээлий хийчихээд тоглодог байсныг нь санаж байна уу. Түүний 1985 онд Лайонел Ричигийн (энэ дуучны талаар хожим хүүрнэх болно) хамтаар зохиосон “USA for Africa” буюу “We Are The World” клипэн дээр тодорхой харагддаг гялтаганасан цагаан сваровски маягийн бээлий. Энэ өрөөсөн бээлийний учир нь Майклын баруун гарын сарвууны хэсгийн арьсан дээр витилиго өвчний шинж тэмдэг болох цагаан толбо гарч эхэлсэн тул түүнийгээ нуухын тулд бээлий хийдэг болсон гэж ярилцдаг бол Майклын шүтэн бишрэгчдийн дунд тэр арьс цайрах өвчнөөр шаналж байсны илэрхийлэл болгон өрөөсөн гартаа цагаан бээлий өмсдөг байсан гэх яриа ч бас байдаг билээ. Үнэхээр сайхан жишээ. Гэвч Майкл 1983 онд “Motown Records” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан баярын нэвтрүүлгийн үеэр “Billie Jean” дуугаа дуулахаар анх өрөөсөн бээлийтэй тайзан дээр гарч ирэхдээ зүүн гартаа бээлийгээ угласан байсан юм. Нөгөө алдарт “Moonwalk” буюу “Сарны алхаагаа” Майкл анх толилуулдаг шоу. Уг нь хосоор нь өмсөх ёстой байсан ч тухайн урласан бээлий нь дэндүү бартаг байсан агаад түүний бүжгийн санаанд сам гаргаж ирэн үсээ самнаад буцаагаад халааслах гэх мэт нарийн төвөгтэй хөдөлгөөнүүд багтсан байсан тул зөвхөн зүүн гартаа бээлийтэй гарч ирсэн гэдэг яриа байдаг нь түүний анти-фэнүүдэд том олз болж Майклын өрөөсөн цагаан бээлийний түүхийг өөртөө зохиосон үлгэр хэмээн огт ойшоодоггүй билээ. Гэхдээ Майклын арьсны эмч Арни Клайн өвчтөнөө дэлхийн нийт хүн амын ердөө ганц хувьд нь л тохиолддог ховор өвчин болох витилиготой байсныг нь баталдаг бол сүүлд Майкл Жексоны цогцсонд задлан шинжилгээ хийсэн доктор Кристофер Рожерс түүний нүүрний эргэн тойронд болон цээж, хэвлий, гарын хэсгүүдэд үнэхээр арьс цайрах өвчний шинж тэмдгүүд байсныг нь дурссан байдаг. Аанай л Опра Уинфри ярилцлагадаа Майклыг урихдаа – Та арьс цайруулагч тос түрхдэг үү? гэж асуухад Майкл хэдийгээр үгүйсгэсэн ч арьс гууждаг өвчтэй болохоо хэлж байсан юм. Попын хаан цагаан залуу болон хувирсан түүх ердөө л энэ. Итгэхгүй бол цаана чинь хар арьстай Камерун дуучин бүсгүй цайруулагч тос түрхсээр байгаад цасан цагаан болчихоод байгааг олж хараарай даа.
Асуудлын гол нь Майкл цагаан болсон нь үнэхээрийн витилиго өвчнөөс болж арьсаа цайруулахаас аргагүйд хүрсэн үү эсвэл тэр анхнаасаа л цагаан янк болохыг хүсэхдээ эрдэмтдийг өндөр үнээр хөлсөлсөн үү гэдэг асуулт мөнхөд маргаан дагуулсаар үлдсэн. Жексоны шүтэн бишрэгчид түүний “Би бол ХАР Америк хүн. Би арьсны өнгөөрөө үргэлж бахархах болно” гэж хэлсэн үгэнд нь итгэдэг бол Майклыг үзэн ядагчид түүнийг ямар ч өвчтэй байгаагүй, арьсны өнгөнөөсөө ичиж хар арьст хүмүүсийг гутаан доромжилж гарал үүслээ нулимасан ичгүүргүй амьтан хэмээн тодорхойлж энэ бүхнийхээ араас Татум О’Нил, Брук Шилдс, Лиза Мари Пресли гээд дан цагаан бүсгүйчүүлтэй үерхэж байсан явдлыг нь сануулахаа мартдаггүй агаад Майклыг “углуургаараа” хар арьстан байж хэрхэн 3 цагаан хүүхдийн эцэг болсныг нь талбайрласугай хэмээн ам асуудаг билээ. Тийм ээ, Майкл олон олон үнэнийг дэлгэж амжилгүй өөртөө аваад одсон нь үнэн ч ПОПЫН ХААНЫ домог ийм л учраас мөнхөд ам дамжин яригдах нь бас үнэн юм шүү.
Олон удаагийн мэс ажилбараас үүдсэн өвчин зовлон, шаналгаа зовиур, мэдээ алдуулах хүчтэй эм тариа, мансууруулах бодис, нойргүйдэл түүнийг өдрөөс өдөрт мэрсээр эцэст нь дэлхийн сая сая хүмүүсийн шүтээн болсон ПОПЫН ХААН орь ганцаар энэлсээр хувийн эмчийнхээ гар дээр (гар доор) таалал төгссөн билээ. Дэлхийн хөгжмийн шилдгээр 16 удаа шалгарч, Америкийн хөгжмийн шилдгээр 26 удаа нэрлэгдэн, Биллбоард шагналыг 40 удаа хүртэж, Грэмми шагналын эзнээр 13 удаа тодорсон дэлхийн хамгийн алдартай энтертейнер, поп хөгжмийн хаан Майкл Жексон эртний ромын мэсчин боол ч зүрх халирам жимээр төгс төгөлдөрийн эрэлд бэдэрсээр ердөө 50 насандаа бурханы өмнө дэлгэсэн өрөгтөө ялагдал хүлээсэн гашуун түүх энэ буюу.
58 насны төрсөн өдөр нь Майкл Жексоныг мэхийн дурссан Tamir Adilbish
2016.08.29
Discussion about this post