• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Аливаа “ашиг” бүхэн амжилтаас бус арга, сүүхээнээс гардаг, түүнд бүү хичээ!

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/04/2026
in Нийгэм
0
Аливаа “ашиг” бүхэн амжилтаас бус арга, сүүхээнээс гардаг, түүнд бүү хичээ!
Д.УРИАНХАЙ “Сэтгэлгээний тусгаар тогтнол – Улс үндэстний хөгжлийн анхдагч үндэс” номоос
Амгаланг олох сэтгэлзүйн төлөвшүүлэл
1. Завтай цаг уруу таталт! Унтах, ажилд ядарсан биеэ амраах хоёроос бусад цагт завгүй амьдар! Завгүй амьдралын “зовлон” л жаргал! Өөр жаргал бол хайр нь батгүй “амраг”!
2. Амьдралдаа “Амьдралын бус” үл биелэх /утопи/ зорилго тавьж зүүдлээд бүтээж бай! Хүн төрөлхтний бодит амьдрал, үнэндээ, зөвхөн “материйн оршихуй” – н түвшин дэх л аминцар ухамсартай, хөдөлгөөнтэй, зөрчилтэй, өөрчлөлт шинэчлэлтэй ч хөгжилгүй амьдралын хэлбэр! Хүний ахуй амьдралын ямар ч шинэчлэл, дэвшил, хувьсгал хүнийг хөгжүүлэхгүй!
3. Хүн төрөлхтний “агуу цөөнх” – ийн мацаж хүрсэн хамгийн өндөр сэтгэлгээний оргил бол зөвхөн үл биелэх бодол! Үл биелэх бодол л хүн төрөлхтнийг хамгийн зөв, хамгийн ариун гэгээн үнэнд хүргэх хамгийн агуу бодол! Агуу учраас хүн төрөлхтөн амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй, гэхдээ, уг чанараараа хэрэгждэггүй бус, хүн хэрэгжүүлж чаддаггүйгээс хэрэгждэггүй! Хүн төрөлхтөнд агуу зорилго биелүүлсэн туршлага байхгүй! Ер нь амьдралд жижигхэн, өчүүхэн, газарлаг дорд зорилго л биелэгдэж хэрэгждэг. Биелүүлсэн туршлагагүй зорилго л хамгийн зөв зорилго! Биелүүлж чадахааргүй асар хэцүү, даван туулшгүй, ялж дийлшгүй хүчирхэг эсэргүүцэлтэй зорилго өөртөө тавиад ялахын төлөө үхэх өдрийнхөө өмнөх өдрийг хүртэл тэвчээртэй тэмцэж амьдар!
Цөөхөн цагаар л бусадтай адил амьдар, цагийн ихэнхэд бусдаас өөр амьдар!
Босоод алхах алхам бүр чинь Бодьсадүвагийн мөрд орох алхам байх ёстой! Авсан амьсгаа бүр чинь ард олондоо буян үйлдэх хүч болж, цээжнээс чинь гарч байх ёстой!
4. Уур хүрлээ ч бүү уурла! Уурыг чинь хүргэсэн шалтгааныг уур чинь алга болгож чадахгүй, уурыг чинь хүргэсэн үйлдлийн алдаа буруу уураар чинь засагдахгүй, уурыг чинь хүргэсэн шалтгаан болсон тэр зүйлийн чинь орон, цаг ч чамайг уурлах үед аль хэдийн өнгөрөөд байхгүй болчихсон байгаа!
Нэгэнт өнгөрөөд алга болчихсон юманд уурлана гэдэг өөрөө өөртөө шоолуулах л инээдтэй юм хийж байгаатай адил хэрэг.
5. Уйлах гээд байгаа бол нулимсаа битгий барь! Нулимс хацрыг бус сэтгэлийг норгож зөөллөдөг. Голын ус урсаж өөрийгөө цэвэрлэдэг шиг хүн уйлж өөрийнхөө далд цэвэрлэдэг.
Хүн өвчнөөр үхэхээсээ түрүүнд сэтгэлийн хуурайшлаар үхдэг.
6. Өөрийн оюун санааны хөгжил, сэтгэлийнхээ ариусал, ажил, бүтээлийн шинэ тэсрэлт, соёл, “дотоод ертөнц” – ийнхөө гэгээрлийн түвшнийг ганц ч бол үе ахиулах хүнийг ч бай, Будда, Есүс, Магомед, Лаоз, Сократ, Толстой, Ницше, Эйнштейн мэт шүтэж нөхөрлө! Бусдаас нь цагаа харамла!
7. Бодлоо гүнд нь тунгалагшуул! Булингартай бодол ихэнхдээ буруу үйл чирдэг! Буруу үйл их хар сүүдэр унагадаг, их олон хүний урагшаа яваа замын гэрлийг бөгийлгөдөг.
Бодол, Сэтгэл хоёртоо л Бурхан, Номын гэрэл нэвчүүлж дүүргэ! Энэ хоёр чинь л ахуйн хашааны гадна эрх чөлөөтэй, өөрийнхөө хүссэн үйлд зүдэрч хүн амьтад бүтээх тусаа бүтээг! Бодол, сэтгэл хоёроос чинь бусад нь шоронд түгжигдсэн ч гарахгүй!
8. Энэ мөнх ертөнцийн (Харьцангуй!) мөнх цаг хугацааны (Харьцангуй!) өнө үргэлжлэл дэх хамгийн агуу ганц юм бол зөвхөн өөртөө байгаа юу сайн бүгдээ бусадтай харамгүй хуваалцах үнэн сэтгэл! Өөр агуу юм энэ ертөнцөд ч, бусад ертөнцөд ч байхгүй!
9. Амьдралд завсаргүй тохиодог алив өрсөлдөөн, тэмцэлд ялагдал хүлээсэн ч, ялалт байгуулсан ч хүн төрхөө алдтал бүү хорсож жижгэр, бүү томорч огш! Ялалт, ялагдлын аль алины нь үр дүн эцэс холдоо тэнцүү тустай үлддэг.
Ялж үлдвэл, яаваас зөвддөгийг, ялагдаж үлдвэл, яавал бурууддагийг ойлгож, дахиад үл давтах арга ухааныг эзэмшдэг.
Аль аль нь амьдралд хор хөнөөлтэй өрсөлдөөн, тэмцлээс татгалзуулдаг.
10. Хүн өөрөө утга эрж олохгүй бол амьдрал утгагүй! Хайраас бусад нь бүгд “Хоосон чанар” – тай! Хайрлах хүн амьдралаас эрж ол! Хайрлах юм ахуй орчноосоо эрж ол! Ухаангүй хайрла! Ухаангүй хайрлаад зүрхээ шархлуулсан ч жаргалтай амьдарна.
Ухаантай, үүрэг хариуцлагатай, прагматик “соёл” – той хайр бол ердөө л гэр ахуйн орлого, зарлагын “математик тооцоо”!
Амьдрал гэдэг, ердөө л, хүн өдөр бүрийнхээ харилцаанаас шархтай үлддэг сэтгэлийн хөндүүрлэл л юм. Өөр юу ч биш!
11. Олон дахин тогтвортой төвлөрөлд бясалгаад бодвол, хүний амьдрал, бодит үнэндээ, аав ээжийн хайр, ханийн хайр, үр хүүхдийн хайр, анд нөхдийн хайр, өөртэй чинь хамт хөдөлмөрлөж буй бусдын хайрын нэгдэл дээр тогтдог.
Хүн ганц өөрийгөө хайрласнаар жаргалыг бүтээж чаддаггүй, хэрэв хэн нэгэн зөвхөн
өөрийгөө хайрласнаар жаргаж чадаж байгаа бол тэр жаргал өөрийн нь хүч, оюунаар
бүтээгдээгүй, өөрийг нь хорлосон “үнэ цэнэгүй” тусламж, бэлэг дурсгал, “хүү, барьцаа”
– гүй зээлдүүлсэн “зээлийн өр” – ийн жаргал!
Хайр бол хүмүүс өөрсдийнхөө харилцаан дахь зөрчлийг даван туулж чадсан амьд
харилцааны үр дүн, бас, хүний сэтгэл, оюуны эерэг, идэвхтэй үйл ажиллагааны
солилцоогоор бүтээгдэж буй гайхамшигтай бат эвлэрэл, нэгдэл юм.
Хүний амьдрал бүхэлдээ харилцаа! Энэ харилцааны эерэг, сөрөг мөн чанар хүмүүсийн
хийгээд юмс, үзэгдлийн хоорондын шүтэн барилдлагаар үүсч, тэдний хамтын ахуй,
нөхцлийн байх, эс байх өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн хөдөлгөгч болж үйлчилдэг.
Хүмүүсийн харилцааны шинж чанарын бурханлаг, төгс энэрэнгүй хөгжлийн дээд хэлбэр
нь хүмүүс бие биеэ хайрлах халуун хайр, инээмсэглэл юм.
12. Оюун санаа, сэтгэлгээнийхээ хөгжилд хэрэгцээт бүгдээс бусад бүгдийнхээ хэрэглээг жилээс жилд тана! Хүнээс дор амьдрахгүй, үхчихгүй, амархаан сурчихна. Хүйтэнд даарахааргүй энгийн, даруу, дулаан хувцасла! Их өлсөх хэрэггүй, яль яльхан өлсөх нь биеийн эрүүлийг сахихад тустай! Биенийхээ доторх эс эдүүдээ энхрийл, гаднах эрхтнүүдээ бүү эрхлүүл! Эрүүл бие урт насална, урт нас ихийг бүтээх үндэс нөхцөл!
13. Амьдралдаа ямар нэг хатуу зарчимд битгий хүлэгд! Зарчим бол эрхэлж буй ажлын л ойлголт! Зөрчиж, хазайж үл болох үүрэг, хариуцлага, сахилга батын шаардлага! Шаардлагыг зүгээр л ухамсартай биелүүл! Харин амьдрал бол өөр систем! Зөрчилтэй, идэвхтэй, эрчтэй хувьсал өөрчлөлттэй, үйл явцын асар хүчтэй өрнөл!
Амьдрал санаандгүй, санаандгүй олон хүчин нөлөөллийн нэгдэл учраас ихэнхдээ хаос мөн чанар нууцалдаг. Юмс, үзэгдлийн үнэн нь мөн чанартаа оршдог.
Амьдралд зарчим бус зүй тогтол гололдог.
14. Хүний нэг муухай нь, хүнээ гомдоодог төрөлх чанар нь юм. Гомдол их хортой! Гэвч хүн чамайг гомдоолоо ч чи гомдохгүй өнгөрөх найдвартай сайн ерөндөг чамд бий! Энэ нь чамайг гомдоосон хүн яагаад гомдоосны шалтгааныг тэр хүнийхээ амьдралаас олж ойлгох чиний ухаан юм.
Хүнийг хамгийн хүчтэй дарамталдаг “дарангуйлагч” бол хүнээр алив үйлдэл заавал тулган хийлгэдэг ахуй амьдралын нь бодит хэрэгцээнээс үүдэлтэй шалтгаан л байдаг.
Чамайг гомдоосон хүн яагаад гомдоосны шалтгааныг ахуй амьдралаас нь олж чадвал тэр хүнийг чи өөрөөсөө өмөөрөх сэтгэл аяндаа чамд төрнө.
Гомдоосон хүндээ гомдохгүй байх “ерөндөг” хүний өөрийн нь сэтгэлийн гэгээрэл!
15. Энэрэнгүй эр зоригтой бай! Үнэнийг шууд хэл! Хулчгар хүн л худлаа ярьдаг, үнэнийг өөрөө дуулахаас ч, хүнд дуулгахаас ч айдаг!
16. Магтаалын хагаст нь үнэмш, хагаст нь бүү үнэмш! Шүүмжлэлд бүрэн үнэмш!
Сана: Шүүмжлэл бол муулалт биш, эсэргүүцэл, нулималт, жөтөө биш, шүүмжлэлийн үг бүр хайрын үг, хүндэтгэлийн үг, итгэлийн элч үг байдаг.
Бүү эргэлз, мэдээллийн “дайн” – аас түдгэлз!
17. Аль ч түүхэн үед ард олонхийн амьдрал зүтгүү байдаг. Өөрчлөгдөхгүй! Зүтгүү амьдралын гачлан хүний оюун, сэтгэлгээний хөгжил заавал зүдрэнэ, хоцрогдонго байх шалтгаан биш! Шалтгаан шалтгаанаа үгүйсгэдэг.
Оюун санаагаа, сэтгэлгээгээ, сэтгэлээ хөгжлийн гайхам өндөрт аваачих шалтгааныг өөрөөсөө, мөнх тэнгэрээсээ, төрсөн газрынхаа шорооноос, хамт урагш алхаж яваа нөхдийнхөө хөдөлмөрийн халуун аагаас ол! Бидэнд байгаа бүгдэд тэр шалтгаан байгаа!
18. Хэмжээгүй юм дэлхийд оршигсдоос олдохгүй тул хэмжээг алдаагүй мэд! Өөрчлөх гэж, хязгаарыг нь давах гэж тэвчээртэй оролдоод үз! Эс чадвал, уг хэмжээг нь алдалгүй дага! Бүү гаж! Хохирно!
19. “Цаг хожих” – оос бусад үйл дээр хожоонд бүү шамд! Бүх тохиолд хожоо чинь хохирлоор эргэнэ. Гагц, эрдэм, арвис хоёрт шамдахад л хожоо, ашгийн ойлголт ч, зорилго ч эс байх тул чадлынхаа туйлаар зүтгэ!
Аливаа “ашиг” бүхэн амжилтаас бус арга, сүүхээнээс гардаг, түүнд бүү хичээ!
20. Хүний амьдрал дахь ичмээр олон явдал дотроос хамгийн ичмээр нь бусдын хуулбар байх!
Мэлхий мэлхийн вааглаа хоорондоо төстэй ч, чухамдаа, энэ мэлхий тэр мэлхийтэй ав адил вааглахгүй, өөр өөр! Орь бай!
Хүний амьдрал хүн төрөлхтнийхээ л хэрэглэдэг эд агуурсын хэрэглээний ижилсэл, дуураймал хувь байдаг. Дуурайгч бол хуулбарлагч! Өөрөө хүн төрөлхтөн дотроо биеэ даасан “Хүн төрөлхтөн” бай! “Хийх” – д тэргүүл! “Хэрэглэх” – д сүүл! Энэ бол жинхэнэ хөгжил! Хэрэглээ хүнийг гоёдоггүй, гутаадаг!
21. “Эх орон” гэдэг үг хүний элэг сэтгэлийг хамгийн их халуу оргиулдаг хоёр үг байдаг. Чи гэрийнхээ хойдтой уулын өвөрт бөртийж харагдах бууц, бас, гэрийнхээ гадаах жалгад сүүхийн харагдах хайлаасны дүр барааг хэчнээн их санах тусам энэ хоёр үгний “халуун оргиулах” хэм нарны халууны хэм рүү төчнөөн их ойртоно.
Хүйтэн ахуй орон газарт элэг сэтгэлээ цаг ямагт “халуун оргиулах” хамгийн сайн ганц арга зөвхөн энэ!
22. Хүний амьдрал сайхан ч сайхан нь их хүчирхэг эсэргүүцэлтэй тул их хэцүү!
Нэг газар, нэг цагт тогтмол ирж удаахан суугаад аль нэг модонд, эсвэл, аль нэг чулуунд сэтгэл дас! Үргэлж цуг амьдар! Тэгээд чи амьдралын сайханд эргэлзэхгүй итгэнэ, хэцүүг нь ч цагаатгана.
23. Хүнийг хүн биш болгодог аюул ганц л бий:
Төрөлх ард түмэндээ элэг буруу сэтгэл үүсгэх!
Хүн өөртөө тавих хориг ердөө л энэ!
Хүний элгэнд үүсэх буруу сэтгэл аав, ээжээс нь үүсдэггүй, хүнээс өөрөөс нь үүсдэг, хүний элэг буруу сэтгэлийн аав, ээж нь хүн өөрөө л байдаг.
24. Хүний насны хугацаанд хөл доорх юмсаас толгой дээрх тэнгэр илүү найдвартай!
Үдэш, шөнийн тэнгэрийн оддоос нэгийг нь сонгож сэтгэлдээ тэвэрч үлд! Тэр од чамд бүгдээс үнэнч, чамтай бүгдээс өнө удаан хамт амьдрах хань болно! Үдэш бүр, шөнө бүр тэр одоо удтал ширтээд, сэтгэлдээ тэвэрч, аль ч насанд чинь чамтай ямагт хамт байдаг нь, чамаас ганц ч удаа урваагүйд нь баярлаад, амьдралаа, санаа бодлоо, баяр гунигаа ярьж, инээх үедээ инээж, уйлах үедээ уйлж зогс! Одны чинь хэлсэн үгийг сэтгэл чинь чамд үг гээлгүй шивэгчилнэ.
25. Хүн сэтгэлийн халуунаа байнга өндөр хэмд тогтмол барьж байх хэрэгтэй!
Энэ хэм л хүний ил, далд амьдралын жинхэнэ үнэн!
Хүний “сэтгэлийн халуу” – ны хэм хэдхэн хувь буурч хөрөхөд л хүн шууд өөр амьтан болно. Хүн өөрийгөө ХҮН гэдгээ хэзээ ч мэдэж чадахаа болино.
Энэ нь дэлхий гарагийн амьдралаар жишиж бодвол, нар унтарсантай адил үзэгдэл юм.
Previous Post

Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо

Next Post

ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН СҮҮЛИЙН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГТЭЙ ТАНИЛЦАВ

Next Post
ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН СҮҮЛИЙН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГТЭЙ ТАНИЛЦАВ

ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН СҮҮЛИЙН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГТЭЙ ТАНИЛЦАВ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Түвдэндорж аварга орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, Монгол Улсын анхны гавьяат тамирчин
  • ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН СҮҮЛИЙН ХУУЛЬ ЦААЗЫН БИЧИГТЭЙ ТАНИЛЦАВ
  • Аливаа “ашиг” бүхэн амжилтаас бус арга, сүүхээнээс гардаг, түүнд бүү хичээ!
  • Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.